Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2015/00491/И

 

**** аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ** дүгээр баг, **дүгээр хороолол,  **  дүгээр байрны ** тоотод оршин суух *** овогт ***ын *** /регистрийн дугаар ****, утас ****/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: **** ХК /утас ***/-д холбогдох

“Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “...Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Үндэслэлгүйгээр халагдсан болохыг минь гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг нь нотолдог. Дээд шүүхийн тогтоолоо 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гардан авч, 2015.05.05-нд Сум дундын 7 дугаар шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөн гаргуулахаар (НДШ нөхөн тооцуулах) 2000000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж өгсөн. Би ажилдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2015 оны 06 дугаар сарын 02-нд эргэн орсон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа 400,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2,400,000 (хоёр сая дөрвөн зуу) мянган төгрөгийг нэхэмжлэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т****ыг Сум дундын 7-р шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1125 дугаар шийдвэрээр Усан хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистийн албан тушаалд эгүүлэн тогтоогдсон бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор анхан, давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч “*****” ХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, **** аймгийн “*****” ХК-ний гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын  02-ны өдрийн 86 дугаартай тушаалаар “...Ч.Т****ыг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Ус хангамжийн албаны 2 дугаар өргөгчийн машинистаар авч ажиллуулахаар” шийдвэрлэжээ./хх-32 тал/

 

Нэхэмжлэгч Ч.Т**** нь ***** ХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарсан өдрөөс албан тушаалд томилогдох хүртэл буюу  2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх 6 сарын хугацааны ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,400,000 төгрөгийг гаргуулах, цалингийн нөхөн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч  ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй ба хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ажилтан ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг авах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Т**** нь 400,000 төгрөгийн дундаж цалинтай болох нь ***** ХК-ний тодорхойлолт /хх-18 тал/, Ч.Т****ын 2015 оны 01 дүгээр сараас 5 сар хүртэлх цалин бодсон жагсаалт /хх-35/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ***** ХК нь Ч.Т****ын ажилгүй байсан хугацаа, цалингийн дундаж хэмжээ болон шаардлагын үндэслэлийн талаар маргаагүй, **** ХК-ний  2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт “ шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Т****ын 2014 оны 12 дугаар сарын 04-нөөс 2015 оны 05 дугаар сарыг дуустал нийт 6 сарын цалинг олгохоор тооцоолж, цалингийн тооцоог хавсралтаар хүргүүлэв” гэсэн боловч цалингийн тооцооны талаарх хавсралтыг ирүүлээгүй, шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхой тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шатгаангүйгээр ирээгүй учир нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ч.Т**** нь ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 2,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Т**** нь цалингийн нөхөн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаагүй боловч дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулж буй 2,400,000 төгрөг нь  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар цалин түүнтэй адитгах бусад орлогод хамаарч байх тул уг хуулийн  17.1.1-д заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр тооцож хүн амын орлогын албан татварыг тооцож суутгах, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан цалингийн дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т****ын ажилгүй байсан хугацаа /2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх/-ны цалин 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга / төгрөгийг хариуцагч “*****” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ч.Т****д  олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ***** ХК-нд  даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т****аас улсын тэмдэгтийн хураамж 53,349 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч ***** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 53,349 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА