| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/2462/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2755 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2755
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Халиунаа,
хохирогч Х.У***,
шүүгдэгч Д.Ш***, түүний өмгөөлөгч А.Г*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ш***ад холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, *** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *** өмчлөгчийн холбоонд үйлчлэгч ажилтай, ам бүл 3, Сэлэнгэ аймгийн *** сумын 5 дугаар баг, *** 2 дугаар гудамжны 35 тоотод оршин суух хаягтай боловч хамтран амьдрагч, хүүхдийн хамт одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ***ы 5-59 тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
Б*** овогт Д***ийн Ш*** (РД: ***).
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.Ш*** нь Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар ***ы 05 дугаар гудамжны 59 тоотод 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.У***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгой тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ш***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Д.Ш***, түүний өмгөөлөгч А.Г***оос “...шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, түүний эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх..., ... Мэдүүлэг өгөхгүй. Гэр бүлийнхээ хүнийг зодсон нь миний буруу...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл), хавтаст хэргээс хэргийн 57, 61-63, 66, 67, 78, 82 талуудыг шинжлэн судалж,
Хохирогч Х.У*** хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй тус тус шүүх хуралдаанд оролцоцгоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Ш*** нь Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар ***ы 05 дугаар гудамжны 59 тоотод 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөрт шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Х.У***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгой тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...СХД, 6-р хороо, ***ы 5-59 тоотод нөхөртөө зодуулсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),
2. Хохирогч Х.У***ийн 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
түүний 2025 оны 10 дугаар сарын 12-ны дахин өгсөн “...2025 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө би хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн *** зоог хоолны газарт ажиллаж байхад толгойгоороо юм мөргөсөн чинь хавдчихсан юм. Орой гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Ш*** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь чи яагаад архи уугаад байгаа юм гэж асуухад юм дугараагүй. Гэтэл над руу үнсний сав шидсэн чинь миний толгой дээгүүр гараад явчихсан. Тэгээд хүрч ирээд миний хавдчихсан байсан толгой руу гараараа цохисон чинь цус гараад эхэлсэн тэгээд цагдаа нар ирсэн...Бид хоёр хамт амьдраад 2 жил болж байна дундаасаа хүүхэдгүй...Архи уудаггүй юм. Тэр өдөр найз нь ирсэн гээд архи уусан байсан юм...Надад эмчилгээний баримт байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
3. Шүүгдэгч Д.Ш***ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө гэртээ байж байгаад эхнэр болох У***ийн дугаар луу олон удаа залгахад утас нь авахгүй 2-3 цаг алга болчихсон. Тэгээд шөнө ирэхээр нь хаана явсан талаар нь асуухад хэлэхгүй байсан. Тэгэхээр нь үнсний сав аваад шидчихсэн. Гэхдээ оноогүй. Тэгэхээр нь хажууд нь очоод гараараа толгой тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон чинь толгой хэсгээс нь цус гараад ирсэн...Бид 2-оос өөр хүн байгаагүй...Бид хоёр хамт амьдраад 2 жил болж байна. Дундаасаа хүүхэд байхгүй. Эхнэрийн дагавар хүүхэд байгаа...Намайг цохиж зодсон зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),
түүний яллагдагчаар өгсөн “...Намайг 2025 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, *** 5-59 тоотод байхдаа хохирогч Х.У***тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой хэсэг рүү 1 удаа гараа атгаж байгаад цохисны улмаас түүний биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мэдүүлэг авах гэж байгааг ойлгож мэдлээ. Уг прокурорын тогтоолыг болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн сэжигтний мэдүүлэг дээр тодорхой ярьсан, мөн уг мэдүүлэг дээрээ нэмж ярихад миний бие хамтран амьдрагч Х.У***ийн толгой хэсэг рүү 1 удаа гараараа цохисон нь үнэн би энэ үйлдэл дээрээ буруугаа хүлээж харамсан гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
4. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.У*** нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 392,000 төгрөгийн тусламж үйлчилгээг авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээд Д.Ш***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэсэн нэхэмжлэл (хавтаст хэргийн 18 дахь тал),
5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай “...1. Х.У***ийн биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
6. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ж.Баттулгын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн үнсний сав шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн үнсний савнаас гарын мөр илэрсэн. 3. Илэрсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Цаашид адилтгалын шинжилгээ хийх боломжгүй байна...” гэх дүгнэлт болон итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн (хавтаст хэргийн 31-36 дахь тал),
7. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Бямбадоржийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн үнсний саван дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-39 дэх тал),
8. Аюулын зэргийн “...бага /0-3/...” гэх үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 68, 71-74 дэх тал),
9. Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны хамтарсан багийн хурлын “...Хамтарсан багийн хуралд оролцсон нийт гишүүдийн 100%-ийн саналаар Д.Ш***ад хуулийн дагуу арга хэмжээ авах шаардлагатай гэж шийдвэрлэв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),
10. Хэргийн газарт үзлэг хийсэн “...урд хэсэгт хохирогчийн толгойг цохисон гэх үнсний сав байх ба уг савыг шинжээч 1 гэх дугаарлан хураан авав...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 05-07 дахь тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний[1] эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг ойлгоно.
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтын амьдралтай хүмүүс буюу гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс харилцаатай, шүүгдэгч нь хохирогчийг оройтож гэртээ ирлээ гэж үл ялих зүйлээр маргалдсаны улмаас хохирогчийг цохиж биед нь халдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Улмаар прокуророос шүүгдэгчийн хохирогчийн бие махбодод халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн авах нь зөв байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Ш***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж хуульчилсан.
Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.У*** нь хохирол хор уршигтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн хохирогч нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...гомдол, саналгүй...” (хавтаст хэргийн 75, 78 дахь тал) тухайгаа илэрхийлсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгч Д.Ш***ыг хохирогч Х.У***т төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.2. Харин дээрх гэмт хэргийн улмаас Х.У*** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 392,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[2] тогтоогдсон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Ш***аас 392,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Ш*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Д.Ш***ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан төлбөр болох 392,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Ш***ын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон үнсний савыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Д.Ш***ын өмгөөлөгч А.Г***оос “...Гэм буруугийн асуудлыг улсын яллагч тодорхой ярилаа. Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүгээс хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлээгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 392,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Ш***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж,
харин шүүгдэгч Д.Ш*** болон хохирогч Х.У*** нараас тусгайлан санал, тайлбар гаргаагүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Ш***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш***ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 (нэг) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ш***ад сануулж шүүх шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үнсний сав 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ш*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Д.Ш***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*** овогт Д***ийн Ш***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ш***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш***ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 (нэг) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ш***ад сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үсний сав 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ш*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Ш***аас 392,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ш***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
[1] Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамраана.
[2] Хавтаст хэргийн 20 дахь тал