Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/03095

 

                            

 

 

 

 

 

 

 

                                             2022         10            13

                             

 

 

 

 

 

 

 

         184/ШШ2022/03095

              

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *************** тоот хаягт оршин суух, Хотгойд овогт ************ ************/РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************** тоот хаягт байрлах, “************” ХХК /РД:************/-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 3,398,300 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.************нэхэмжлэлдээ:

“...Миний бие “************” ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, өөрийн нэр дээрх 3 хүний өмчлөлийн хашаа байшин, газрыг тухайн компаний барих орон сууцны 2 өрөө орон сууцыг захиалахад зөрүү төлбөрт 100,000,000 төгрөгөөр тооцон өгч авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдрөө эхний 50,000,000 төгрөгийг хүлээн авсан. Миний бие гэрээнд заасан хугацаанд газраа чөлөөлж өгсөн боловч “************” ХХК-ийн зүгээс тохиролцсон хугацаа болох 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлж дуусах ёстой байсан боловч  тохирсон хугацаагаа удаа дараа хойшлуулсаар сүүлд 2022 оны 03 сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн.

Үлдэх 30,000,000 төгрөгийг гаргуулна. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний үүрэг болон хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  биелүүлээгүй тохиолдолд гэрээ зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө гэж заасны дагуу 50,000,000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй үндэслэлээр 5,000,000 төгрөг нэмж, нийт 35,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

2. Хариуцагч “************” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбартаа:

“...35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. “************” ХХК нь ************ Ганчимэгтэй 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээнд Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, чингэлтэй 1 гудамж, 14 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 364 м.кв талбай бүхий газрыг, тус хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2202007117 дугаартай 144 м.кв талбайтай орон сууцыг буулгаж, газрыг нь чөлөөлж, барилга барихад ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхаар харилцан тохиролцож, тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 178,280,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Манай компанийн хэрэгжүүлж буй төсөл болох шинэчлэл хороолол, 801 байр, 12 тоот 41.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 78,280,000 төгрөгөөр худалдан авч, гэрээний төлбөрөөс хасаж тооцсон. Үлдэгдэл төлбөр болох 100,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр олгосон. Үлдэгдэл төлбөрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн ба одоогоор 30,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо нь 2019 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн жишиг гудамж төслийн хүрээнд 12 өрхийн гадна хашаа, хаалгыг хийж гүйцэтгэсний нэг нь ************ийнх бөгөөд хашааны хаалганы үнэ 1,598,300 төгрөгийн төлбөрийг төлөх шаардлагатай байна. Манай байгууллага өөрсдийн ажлаа түргэн хугацаанд явуулахын тулд нэхэмжлэгчийн ах н.Ганхөлөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Өөрсдийн хамтран ажиллагч байгууллага болох ************ХХК-тай тохиролцон, өөрийн хашаа, байшинг нураалгаж, хог хаягдлыг зөөвөрлүүлсэн хэдий ч ажлын хөлс болох 1,800,000 төгрөгийг төлөөгүй учир манай компаниас ажлын хөлсийг гаргуулах шаардлагыг тавьсан. 3,398,300 төгрөгийг манайд төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг төлөхөд манайхаас татгалзах зүйлгүй.

Гэрээний 8.1-д талууд гэрээний үүрэг болон хугацаа тогтоох үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг нэг талын санаачилагаар цуцалж болох бөгөөд гэрээ зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасан. Гэрээг цуцалсан тохиолдолд 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр заасан болохоос хэн аль нь гэрээнээс татгалзаагүй тохиолдолд буюу гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд 10 хувийн торгууль төлнө гэсэн заалт биш юм. Гэрээний заалтыг буруу ойлгосон учраас 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэжээ.

 

3. Хариуцагч “************” ХХК сөрөг нэхэмжлэлдээ:

“...Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.11.4-д газрыг гэрээнд заасан хугацаанд чөлөөлж, газар дээрх барилга байгууламж, суурийг авч, хогийг бүрэн цэвэрлэж, газрыг тэгшилж, хүлээлгэн өгөхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу манай компани хүлээж авахаар шаардахад Ц.************нь манай хамтарч ажилладаг “************” ХХК-тай бид нараар дамжуулж, хогоо зөөвөрлүүлсэн. Тухайн ажлын хөлс 1,800,000 төгрөгийг төлөөгүй, төлсөн баримт байхгүй. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо нь 2019 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн жишиг гудамж төслийн хүрээнд 12 өрхийн гадна хашаа, хаалгыг хийж гүйцэтгэсний нэг нь ************ийнх бөгөөд тус хаалгыг манай компани Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байдаг. Манайх төсөл хэрэгжүүлж байгаа учраас хаалгыг бүрэн бүтэн буцаагаад улсад тушаах ёстой. Хашааны хаалгаа бид нарт хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн бол акт үйлдэж, хүлээж авах ёстой. Хашааны хаалгыг хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүйн улмаас манай компанид 1,598,300 төгрөгийн хохирол учирсан.

Иймд ************ээс ажлын хөлсөнд 1,800,000 төгрөг, хаалганы үнэ 1,598,300 төгрөг, нийт 3,398,300 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Хашааны хаалгыг авч явсан гэж байна. Харуул хамгаалалттай, камертай газраас гүйдэг төмөр хаалга авч явна гэж байхгүй. Хариуцагч байгууллагын захиралтай 7 дугаар сарын 8-ны өдөр уулзахад манай туслан гүйцэтгэх компанийн нэг ажилтан авсан гэж ярьсан байтал яагаад надаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Энэ яриа нь гэрчийн хажууд яригдсан яриа юм. Намайг гүйдэг хаалга авсан гэж гүтгэж байна.

Хог тээвэрлэсэн гэж байна. 7 дугаар сарын 30-ны өдөр хашаа, байшинг манайх өөрсдөө нураасан. 1 экскаватор, 4 ковш, 1 крантай маяти хөлслөөд, 1 зөөлтийг 150,000 төгрөгөөр тохироод, гаднаас хөлсөлж авчирсан. Тэр компани нь манай байшингийн суурь байсан ухсан шороог хүртэл тээвэрлүүлсэн, 23 хово машинаар зөөсөн. Тэр компаниас зөвхөн экскаватор ажиллуулсан. Өөрсдөө манайх буулгаад өгье, танайх хогоо тээвэрлэчих гэж тохирсон байж, надаас мөнгө нэхэмжилж байна. 23 хово хог, краны мөнгийг манайхаас гаргасан. Тухайн үедээ 4, 5 жолооч хөлсөлсөн учраас бэлнээр хөлсийг нь тарааж өгсөн. Хогоо өөрсдөө тээвэрлэсэн байхад үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна, сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар.

 

5.2. Хариуцагчаас ирүүлсэн нотлох баримт – ************ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ, гарын үсэг гэрчилсэн нотариатчийн баримтын хуулбар, Голомт банк ХХК-ийн 50,000,000 төгрөгийн цахим гүйлгээний баримтын хуулбар, Хаан банк ХХК-ийн 20,000,000 төгрөгийн орлогын баримтын хуулбар, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны Засаг даргын албан бичгийн хуулбар, “Гранд интерьер проперти” ХХК-ийн мэдэгдэл, “Сүлдэт Эмпайр” ХХК-ийн албан бичгийн хуулбар, 3 ширхэг гэрэл зураг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ээс хариуцагч “************” ХХК-нд холбогдуулан гаргасан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 5,000,000 төгрөгийг болон 3,398,300 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Орон сууц захиалахдаа өөрийн газар, хувийн сууцыг үнэлж өгсний зөрүү 100 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй тул үүнийг торгуулийн хамт нэхэмжилнэ, сөрөг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгүүлсэн төлбөр, хаалганы төлбөр нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзсан тайлбартаа болон сөрөг шаардлагадаа “...Торгууль нь гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан тохиолдолд үүсэх бөгөөд энэ тохиолдолд гэрээ цуцлагдаагүй тул үндэслэлгүй, 30 сая төгрөгийг зөвшөөрдөг. Гэхдээ хаалганы болон ажил гүйцэтгүүлсний төлбөрийг суутгах учиртай тул энэ талаар сөрөг шаардлага гаргасан, холбогдох газрууд нь манайхаас нэхэж байгаа” гэж мэдүүлдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2021 оны 09 сарын 24-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан байх ба энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т “...хэлцлийг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

4.1. Түүний орон сууц захиалах гэрээний дагуу хариуцагч 30,000,000 төгрөг төлөх үүрэгтэй гэх тайлбарыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй бөгөөд “...Орон сууцны худалдах нийт үнэ 78,280,000 төгрөг байна, газар болон хувийн сууцны үнэ 178,280,000 төгрөг байна, зөрүү төлбөр болох 100,000,000 төгрөгийг гүйцэтгэгч тал олгоно” гэх Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 50 сая, 20 сая төгрөг төлсөн Хаан банк, Голомт банкны баримтаар тус тус гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа үйл баримт тогтоогддог.

            Энэ үйл баримт болон гэрээний үүргийн дагуу хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг төлөх, хариуцах үүрэгтэй болно.

 

4.2. Харин үлдэх 5,000,000 төгрөгийн шаардлагын хувьд хохирол учирсан, торгуульд тооцох нь үндэслэлгүй гэх талуудын тайлбараас үзэхэд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 8.1-д “Талууд гэрээний үүрэг болон хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцалж болох бөгөөд гэрээ зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө” гэсэн заалтыг үндэслэсэн шаардах эрх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх “...нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдаагүй тул торгууль яригдахгүй” гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй байна.

 

Үйл баримтаас үзэхэд гэрээний дагуу нэхэмжлэгч тал өөрийн хувийн сууцыг буулгаж газрыг чөлөөлсөн, хариуцагч тал зөрүү төлбөрийг ихэнхийг төлсөн, үлдэгдэл төлбөр төлөх гэрээний үүргийг шаардаж нь гэрээ цуцлагдаагүйг илэрхийлэх ба шүүх хуралдаан дээр гаргасан тохирсон хугацаанд төлбөр төлөөгүйгээс учирсан хохирлыг гаргуулна гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул 5,000,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. Хариуцагч “************” ХХК нь нэхэмжлэгч ************т холбогдуулан гаргасан газар чөлөөлөхдөө хүлээлгэн өгөх байсан хашааны хаалгыг өгөөгүй, үрэгдүүлсэн тул түүний үнэ 1,598,300 төгрөгийг гаргуулах, барилга буулгаж, зөөвөрлөсөн ажлын хөлсөнд 1,800,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд тухайн шаардлагуудыг гаргах эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

 

5.1. Тодруулбал, хариуцагч тал сөрөг шаардлагын үндэслэлээ нотолно гэж

- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 31 дугаартай “Тус хорооны нутаг дэвгэрт 2019 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн жишиг гудамж төслийн хүрээнд 12 өрхийн гадна хашаа болон хаалгыг шинээр хийж гүйцэтгэсэн. Жишиг гудамж төсөлд хамрагдсан Чингэлтэйн 1-14 тоот айл танай байгууллагад газраа чөлөөлж өгөхдөө гадна хашааны хаалгыг авч явсан ба одоог хүртэл буцааж өгөөгүй байгаа тул уг хаалгыг яаралтай буцаах буюу түүнтэй тэнцэх төлбөрийг барагдуулна уу” гэсэн албан бичиг,

- Сүлдэт Эмпайр ХХК-ийн 2022 оны 7 сарын 29-ний өдрийн 23 дугаартай “...Жишиг төсөлд хамрагдсан 1-14 тоот айлын хаалга нь 6 м урттай бөгөөд материал, ажлын хөлс нийт 1,598,300 төгрөг болно” гэсэн тодорхойлолт, гэрэл зураг,

- Гранд интерьер проперти ХХК-ийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 13/01 тоот “...Чингэлтэй дүүргийн 10-р хороо, 1-14 тоот хаалганд байх айлын байшингийн суурь болон үлдэгдэл хог хаягдлыг 1,800,000 төгрөгийн төлбөртэй буулгахаар тус хашаа байшингийн эзэдтэй тохирсон. Гэвч дээрх дугаарт амьдарч байсан өрх нь манай төлбөрийг одоог хүртэл барагдуулаагүй байна. Иймээс манай төлбөрийг барагдуулан авч өгөх, эсвэл танай байгууллагаас байрны үнийн дүнгээс суутган тооцохыг мэдэгдэж байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

5.2. Дээр дурдсан үйл баримт, албан бичгийн агуулгаас үзэхэд хариуцагч “************” ХХК-д төсвийн хөрөнгөөр баригдсан хашааны үнийг, барилгын хог хаягдал буулгаж, ачиж тээвэрлэсэн ажлын хөлсийг нэхэмжлэх, шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу олгоогүй, олгосон болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Мөн энэхүү 3,398,300 төгрөгийг гуравдагч этгээдэд төлсөн, хохирол учирсан болохоо хариуцагч тал нотлоогүй бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдаан дээр ...хаалганы үнэ 1,598,300 төгрөгийг, ажлын хөлсөнд 1,800,000 төгрөгийг төлөөгүй гэх тайлбарыг гаргадаг.

 

Хариуцагч талд зардал гарсан, хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдож байж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрх үүсэх учиртай.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “************” ХХК-иас 30,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 5,000,000 төгрөгийг, мөн хариуцагчаас гаргасан 3,398,300 төгрөгийн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************ ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************т олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 5,000,000 төгрөгийг, 3,398,300 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 332,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 69,322.80 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ************ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.АМИН-ЭРДЭНЭ