| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04301/И |
| Дугаар | 184/ШШ2022/03322 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2022/03322
| 2022 10 27 | 184/ШШ2022/03322 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************** хаягт оршин суух, ****** овогт *****н ************ /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************************* тоот хаягт оршин суух, ************** ************ /РД: **********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 32,880,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн А.************ болон иргэн Д.************ нарын хооронд байгуулагдсан 2018 оны зээлийн гэрээний 2.2, 2.3, Орон сууц хөлслөх гэрээний 2.1, 2.2-д заасны дагуу 20,000,000 төгрөгийн хүүнд ************тоотод байрлах 2 өрөө орон сууцанд 1 жил амьдрахаар тохиролцсон байна. Гэхдээ иргэн Д.************гийн хүсэлтийн дагуу А.************ зээлийн гэрээнд заасан байранд биш Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, нарны хороолол 1-40 тоот байрыг түрээслэн амьдарч, байрны түрээсийн эхний 6 сарын төлбөрийг Д.************ нь төлж өгсөн байдаг.
Үүнээс хойшхи гэрээ дуусгавар болох хүртэлх 6 сарын байрны түрээсийг төлөөгүй учраас иргэн А.************ нь 2019 оны 05 сард 2 удаа гүйлгээ хийж нийт 7,100,000 төгрөгийг байрны түрээсэнд төлсөн. Харин Д.************ нь 2019 оны 06-08 сарын хооронд нийт 4,220,000 төгрөгийг байрны түрээсийн мөнгөнд шилжүүлсэн. Ингээд зээлийн гэрээний дагуу зээлийн хүүнд тооцогдох байрны түрээсийн төлбөрийн зөрүү 2,880,000 төгрөг үлдсэн болно. Иргэн Д.************ нь үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг болон зээлийн хүүнд тооцогдох 2,880,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.
Мөн зээлийн гэрээний 3.5-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг зээлдүүлэгчид төлөх ба нийт алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” гэж заасан. Зээлдэгч Д.************ нь зээлсэн 20,000,000 төгрөгөө 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах ёстой байсан хэдий ч одоог хүртэл төлөөгүй байгаа тул зээлийн гэрээний 3.5-д заасны дагуу алданги 10,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Иймд иргэн А.************ болон Д.************ нарын хоорондох зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, хүү 2,880,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг нийт 32,880,000 төгрөгийг Д.************гаас гаргуулж А.************т олгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Зээлийн гэрээ, Орон сууц хөлслөх гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анханы шатны шүүхийн шийдвэр, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.************ээс хариуцагч Д.************д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 32,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч Д.************ нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна
3. Хариуцагч Д.************ хуульд заасан хугацаанд шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, хуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэснийг тус тус баримтлан шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч А.************ нь хариуцагч Д.************д 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 2019.08.31-ний өдөр нэхэмжлэгчид буцаан төлөхөөр, зээлийн хүүнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Төмөр замын ус-15 гудамж, 3 байр, 50 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хөлсөлөхөөр зээлийн гэрээ, Орон сууц хөлслөх гэрээг тус тус байгуулсан болох нь тогтоогдож байна.
5. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийн зарчимд нийцнэ.
7 Нэхэмжлэгч зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу хариуцагчийн Хаан банкны 5031698773 дугаар дансаар 2018 оны 08 дугаар 31-ний өдөр 8,000,000 төгрөг, 9,500,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогддог.
8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан.
Талууд зээлийн гэрээний 2.2 Зээлийн хүү “000615149, Ү-**************** улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд сууна.” гэж зээлийн хүү төлөх нөхцөлийг өөр төрлийн буюу орон сууц хөлслөх гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх агуулгаар тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018.08.31-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ”, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр талууд зээлийн хүү төлөх нөхцөлийг өөр төрлийн буюу орон сууц хөлслөх гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх агуулгаар тохиролцсон нь хүү шаардах эрхгүй боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт бусдад төлсөн 2,880,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
9. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний дагуу авсан 20,000,000 төгрөгийг зохих ёсоор, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, гэрээний 3.5-д “зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Д.************гаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангид 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Д.************гаас 32,880,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.************т олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 322,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.************гаас 32,880,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.************т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.************гаас улсын тэмдэгтийн хураамжид 322,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.************т олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 322,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ