Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Эын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01511 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгах газарт холбогдох

           

          Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар  оролцов.

 

          Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 176 дугаар шийдвэрт нэхэмжлэгч “ЦМК” ХХК-д нэхэмжлэлийн шаардлагаас 588 633 000 төгрөг, арбитрын зардалд 8 054 800 төгрөг нийт 596 687 800 төгрөгийг хариуцагч Т.Э, Н.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 102/Ш32018/13205 тоот арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж болон 1038 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно.

Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь Т.Э, Н.Б нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар үндэслэлээр явуулах болсон талаар урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон арбитрын шүүхийн шийдвэрийг баталгаажуулах тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг танилцуулаагүй. Гэтэл арбитрын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр 596 687 800 төгрөгийг Т.Э, Н.Б нар хэрхэн, яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй, агуулгын хүрээнд тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу уг тодорхойгүй байдлыг залруулахаар шүүх болон арбитрын байгууллагад буцаах ёстой байтал уг үйлдлийг хийлгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гарган хууль зөрчсөн. Шийдвэр гүйцэтгэгч Ч.Э нь хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчдөөс ямар нэгэн тайлбар авалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд он, сар өдөр бичигдээгүй бланк дээр эд хөрөнгийн талаар мэдүүлэг бөглүүлж гарын үсэг зуруулсан, гүйцэтгэх ажиллагааны эрх, үүргийг тайлбарлаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6-д заасныг  ноцтой зөрчиж байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд уг тодорхойгүй байдлыг шийдвэр гүйцэтгэгч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тодруулах ёстой байсан.

Нэхэмжлэгчээс арбитрын шийдвэрийг тайлбарлуулахаар хүсэлт гаргахад хувь хүртсэн хэмжээгээр хоорондоо харилцан тохиролцож арбитрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж тайлбарласан. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргын баталсан төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоолд Т.Э, Н.Б нарын дансны зарлагын гүйлгээг шийдвэрт заасан 596 687 800 төгрөгийн үнийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгаж дансыг битүүмжилсэн нь төлбөр авагч дахин төлбөр авах нөхцөлийг бүрдүүлж энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Т.Э, Н.Б нараас 588 633 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 8 054 800 төгрөгийг гаргуулж “ЦМК” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Н.Бт 99885888 дугаарын утсаар, төлбөр төлөгч Т.Эын 99149900 дугаарын утсаар шүүхийн шийдвэр танилцуулан төлбөр төлөхийг мэдэгдэж зарлан дуудаж Н.Баас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тайлбар, төлбөр төлөгч Т.Эоос 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тайлбар, эд хөрөнгийн мэдүүлэг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйли 9.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

Төлбөр төлөгч Т.Э, Н.Б нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, үүргээ биелүүлээгүй төлбөрөө сайн дураар төлж барагдуулахгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг 596 887 800 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх талаар 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18251388/01 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн. Арбитрийн шүүхийн шийдвэрт хариуцагч нарын төлөх төлбөрийн хэмжээ, хүлээх үүргийг тодорхой заагаагүй, хамтран үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэсэн тул төлбөр болох 588 633 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8 054 800 төгрөг нийт 596 687 800 төгрөгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Төлбөр төлөгч нарыг хамтран үүрэг гүйцэтгэхийг заасан хүчин төгөлдөр шийдвэр байгаа учраас төлбөр төлөгч нарын дансыг битүүмжилсэн. Төлбөр төлөгч Т.Э арбитрын шийдвэр биелүүлэхгүй, үүргээ ухамсарлахгүй удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүртгэлийн 18251388 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдолдоо: Хууль хэрэглээний тухайд: Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр 596 687 800 төгрөгийг Т.Э, Н Болдбаатар нар хэрхэн, яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй, агуулгын хүрээнд тодорхойгүй байдлаар шийдвэрлэсэн байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасны дагуу уг тодорхойгүй байдлыг залруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дах хэсэгт заасны дагуу арбитрын шүүхэд буцаах байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тогтоол гаргасан нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл шүүхээс дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль бус шийдвэр юм.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хууль зүйн үндэслэлийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дэх хэсэг бус 20 дугаар зүйлийн 20.1, 20.3 дах хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6-д тус тус заасныг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэглэх ёсгүй заалтыг баримталж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж, хууль бус шийдвэр гаргасан.

          Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт заасны дагуу “Цотэ менежмент” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл болно. Мөн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Хариуцагчаас 18251388 тоот гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд нь хэрэгт хавсаргах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Т.Эын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гагуулах” хүсэлтүүд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн, талуудын эрхтэгш байдлыг алдагдуулсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн итгэмжлэл олгох тухай албан бичигт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, шийдвэр гүйцэтгэгч Ч.Э нарыг томилсон байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Ч.Э дангаараа оролцож байгаа нь хариуцагчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн оролцох нь тодорхойгүй нөхцлийг бүрдүүлж байна. Иймд итгэмжпэгдсэн төлөөлөгч Х.Саруул хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эсэх талаар хариуцагчаас тодруулж өгнө үү. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Х.Саруул, шийдвэр гүйцэтгэгч Ч.Э нар итгэмжлэлээр олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Гэтэл итгэмжлэлд хоёр төлөөлөгчийг томилсон байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс нэг төлөөлөгчийг оролцуулж, нөгөө төлөөлөгч хэрхэх талаар хариуцагч талаас тодруулаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан бүртгэлийн 18251388 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа” гэж маргажээ.

 

Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр Т.Э, Н.Б нараас 588 633 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 8 054 800 төгрөгийг тус тус гаргуулж, “ЦМК” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “ЦМК” ХХК-иас 69 650 149 төгрөгийг гаргуулж, Т.Эод олгож шийдвэрлэсэн бөгөөд уг арбитын шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хэргийн 9-18 дугаар тал/

 

Дээрх арбитрын шийдвэрийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн 19250178 дугаартай хэрэг нээж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажилагааг үүсгэх тогтоолоор Т.Э, Н.Б нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хэргийн 33, 46 дугаар/ Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, арбитрийн хүчин төгөлдөр шийдвэрт, гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдсэн байна. 

 

Нэхэмжлэгч Т.Э нь арбитрын шийдвэрийг тайлбарлуулах хүсэлтийг арбитрийн шүүхэд гаргасан боловч “Т.Э, Н.Б нар барилгаас хувь хүртсэн хэмжээгээр хоорондоо харилцан тохиролцож арбитрийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж хариу ирүүлсэн байна. /хэргийн 8 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагаас арбитрийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Т.Эын хөрөнгийн талаар мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдсэн, түүний банкин дах хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тогтоол үйлдсэн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 46 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хүчин төгөлдөр арбитрийн шүүхийн шийдвэр, түүнийг баталгаажуулсан гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгч Т.Эын нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Т.Э нь “шийдвэрт хоёр хариуцагч төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар нарийвчлан заагаагүй, агуулгын хүрээнд тодорхойгүй байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн тогтоол гаргасан нь хууль зөрчсөн” гэж гомдол гаргасан боловч арбитрийн шүүхийн шийдвэрийг буцаах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “төлбөр авагч “ЦМК” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, 18251388 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд нь татуулах, Т.Эын өмчлөлийн эд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг Оюуны Өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авч, шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдол гаргасан бөгөөд дээрх хүсэлтүүдийг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01511 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Д.ЦОГТСАЙХАН