Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/964

 

   2021            11              11                                         2021/ДШМ/964                               

 

 

     Б.Зд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/622 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Зд холбогдох эрүүгийн 2009008840425 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б.З,

 

          Шүүгдэгч Б.З нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 405 тоот өрөөнөөс хохирогч С.Агийн “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 429,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зээс нийт 220,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Л.Дд олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөгч болон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй бөгөөд “утсыг хонгилд цонхны тавцан дээрээс олж авсан” эсхүл “утсаа хонгилд авч гараагүй, харин тасаг дотроос алдсан” гэж шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс өөр баримт хэрэгт авагдаагүй, энэ мэдүүлгүүдэд дурдагдсан нөхцөл байдал бусад баримтуудаар нотлогдоогүй байна. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь утас алдагдсан нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шүүх Б.Зийг бусдын гар утсыг хулгайлсан гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг “хохирогчийн мэдүүлгийг илүү бодитой гэж үзлээ” гэж оролцогчдод тайлбарласан нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлэгт үндэслэн гарсан шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүйг илтгэнэ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан нь, шүүхээс гарсан шийдвэр нь, хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нотлох баримтад тулгуурласан байхыг шаардаж байна. Хэрэгт авагдсан баримтууд нь шүүгдэгч Б.Зийг гэм буруутайг бүрэн нотолж чадаагүйг тухайлан авч үзвэл, Б.З нь хохирогч С.Агийн гар утсыг олж авч бусдад зарсан нь буруу хэдий ч, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нь нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогчийн гар утас тухайн үед ямар нөхцөл байдалд шүүгдэгчид очсон нь бүрэн тогтоогдоогүй байна. Тухайлбал, хохирогч гар утсаа алдсан нөхцөл байдлын талаар, “... өөрийн гар утсыг ээжийнхээ дэрний хажууд үлдээсэн байсан. Ойролцоогоор 5 орчим минут болоод орж ирээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тухайн үед ээж маань унтаж байсан ба тэнд хэвтэж байсан хүмүүс болон сахиуруудаас асуухад бүгдээрээ над руу уурлаад “аваагүй” гэж хэлж байсан. ...”, шүүгдэгч энэ гар утсыг олсон талаараа “... 7 давхар руу гарч хувцсаа сольчихоод ганцаараа шатаар бууж байтал 4 давхрын шатны хажуу талын цонхны тавцан дээр “Самсунг Жи-6 плас” загварын гар утас асаалттай байхаар нь тухайн гар утсыг аваад ... маргааш нь зар тавиад ... худалдсан ...” гэж тус тус мэдүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч нь гар утсыг бусдад зарсан нь тогтоогдсон байх хэдий ч уг гар утсыг алдсан, олж авсан талаар хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг илт зөрүүтэй байна. Аль аль нь хувийн ашиг сонирхолтой гэж үзэж болох хэргийн оролцогч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тухайн эмнэлгийн цусны болон цөсний тасгийн байршил, 7 давхарт ямар тасаг байдаг, тэнд оюутнуудын хувцас солих өрөө байдаг эсэх, тухайн үед тасаг руу орох хаалга цоожтой байсан эсэх, эргэлтийн хаалганд очоод тасагт ирэхэд ямар хугацаа орох эсэх зэргийг тогтоох зорилгоор хэрэг болсон гэх газрын байршлыг тодруулах, хохирогчийн байсан гэх тасгийн камерын бичлэгийг шалгах, хэрэг болох үед хохирогчтой нэг тасагт хамт байсан хүмүүсийг олж тогтоон байцаах, улмаар хэн юу гэж асуусан, ямар хариулт өгсөн зэргийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Хохирогчийн мэдүүлгийг илүү бодитой гэсэн дүгнэлтийг хийгээгүй. Харин хохирогч хэзээ, хаана, ямар байдлаар гар утсаа алдсан, хохирогч гар утсаа гээгдүүлсэн нөхцөл байдал үүсээгүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эргэлзээгүйгээр бодиттой мэдүүлсэн. Шүүгдэгч Б.З хэдийгээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хүлээхгүй ч гэсэн эд зүйлийг эзэнд нь буцааж өгөх ямар ч арга хэмжээ аваагүй. Шүүгдэгч нь гар утсыг олж авсан гэж мэдүүлдэг. Гэтэл гар утсыг олж аваад эзэнд буцааж өгөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Маргааш нь гар утсыг худалдаж борлуулсан байдаг. Гар утсыг худалдан борлуулахдаа Мобикомоос гар утсыг худалдаж авч байсан гэж худал мэдүүлж гар утсыг зарсан. Шүүгдэгч Б.Зийн мэдүүлэг нь итгэл үнэмшил төрүүлэхгүй эргэлзээ бүхий байдаг. Камерын бичлэг байсан гэдгийг үгүйсгэж байна. Хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...камерын бичлэгт огт юм харагдахгүй байсан. Камерын бичлэг нь үүд хэсэг рүү хараагүй, өрөөнд байсан камерын бичлэг байдаг. Эд зүйл байсан газар луу камерын бичлэг хараагүй байсан. ...” гэж мэдүүлдэг. Энэ талаар хавтас хэрэгт мөрдөгчийн тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. Цаг хугацааны хувьд хохирогч “...5 минут болоод буцаад ороод ирж ирсэн. ...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч “...6 давхраас 17 цагийн үед буусан. ...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс байршлыг тогтоогоогүй гэж тайлбар хэлж байна. Шүүгдэгч “... гар утсыг шатан дээрээс олсон. ...”, дараа нь мэдүүлэг өгөхдөө “...гар утсыг цонхны давцан дээрээс олсон. ...”  гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.З нь зөрүүтэй мэдүүлгүүд өгдөг. Шүүгдэгч Б.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.З нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 405 тоот өрөөнөөс хохирогч С.Агийн “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 429,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Агийн “... 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цөсний тасгийн 405 тоотод өөрийн төрсөн эх Цэрэнбалжидыг сахиж байсан. Тэгээд 17 цагийн үед өрөөнөөс гарч эргэлтийн хаалганд ах, эгч хоёртоо халуун сав өгсөн. Би ингэхдээ өөрийн “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг ээжийнхээ дэрний хажууд үлдээсэн байсан. Ойролцоогоор 5 орчим минут болоод буцаж орж ирээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй. Тухайн үед ээж маань унтаж байсан ба ээжийг сэрээж гар утсаа асуухад “мэдэхгүй” гэж хэлсэн. ...” /хх 44/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Дгийн “... Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкээс “Б.З” гэсэн нэртэй хүнтэй чаталж “Самсунг Жи-6 плас” загварын хар өнгөтэй, 355418104212605/01/, 355419104212603/01/ имэй дугаартай гар утсыг 220,000 төгрөгийг бэлнээр өгч худалдаж авсан. Тухайн хүн уг гар утсыг “Мобикомоос аваад удаагүй” гэж байсан ба 88187832 гэсэн дугаараар холбогдож “Пийс молл” худалдааны төвийн нэг давхарт уулзаж авсан байдаг. Миний харснаар тухайн хүн нь фэйсбүүк хаягтайгаа тохирч байсан. ...” /хх 67/,

 

Б.Зийн яллагдагчаар өгсөн “... тухайн үед 17 цагийн үед 7 давхар луу гарч хувцасаа солиод ганцаараа доош шатаар бууж байсан чинь 4 давхарын шатны хажуу талын цонхны тавцан дээр “Самсанг Жи-6 плас” загварын гар утас асаалттай байхаар нь тухайн гар утсыг аваад, ойр хавьд хүн байхгүй болохоор нь авч гараад, тухайн гар утсыг формат хийгээд сим картыг нь хаяад фэйсүүкд маргааш нь зар тавиад 220,000 төгрөгөөр худалдсан. ...” /хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн СБ1-20-087 дугаартай “...Самсунг Жи-6 плас загварын гар утсыг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 429,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 13-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Зийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Мөн Б.Зийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 405 тоот өрөөнөөс хохирогч С.Агийн “Самсунг Жи-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 429,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Зийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан “... хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүй, хэн нэгний гар утсыг хулгайлаагүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

 

Учир нь, хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Зд холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан байх бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон хохирогчийн гар утсаа хаяж гээгдүүлэх нөхцөл байдал үүсээгүй, энэ талаар эргэлзээ төрүүлэхгүйгээр тодорхой мэдүүлсэн, хохирогчийн гар утсаа хулгайд алдсан цаг хугацаа Б.Зийн гар утсыг эзэмшилдээ шилжүүлж авсан цаг хугацаатай давхцаж байгаа, шүүгдэгч нь гар утсыг эзэнд нь буцааж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүйгээр худалдан борлуулсан зэрэг нөхцөл байдлуудыг няцааж үгүйсгэсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

            Иймд хэргийг дахин шалгах шаардлагагүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул Б.Зийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 7ы өдрийн 2021/ШЦТ/622 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч Л.Мөнхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                        

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                   М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ