Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/850

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч З.Бат-Амгалан

Шүүгдэгч Б.Баттулга түүний өмгөөлөгч М.Сэмжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “ 4”-р” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мундаг овогт *******ын Баттулгад холбогдох эрүүгийн 2510000001256 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр, дүү, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сэвен стар хотхоны 5 дугаар блокийн ******* тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын зарим болох 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэмж нэгтгэн 4 жил 1 сарын хорих ялаар,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 19 хоногийг бүгдийг нь нэмж нэгтгэн нийт 4 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Мундаг овогт *******ын /РД:*******/ Бутталга,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Баттулга нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жапан Таун” хотхоны гэх нэршилтэй автобусны буудал дээр Э.*******д хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ оруулан Тоёота Ланд Крузер  маркийн ******* УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч явж хүн хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь 2025 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 15 минутын орчимд Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жапан Таун” хотхоны гэх нэршилтэй автобусны буудал дээр Э.*******д хүч хэрэглэж, өөрийн эрхшээлдээ оруулан Тоёота Ланд Крузер  маркийн ******* УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч явж хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар тал/,

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 дугаар тал/,

3. Хохирогч Э.*******гийн: “…Би 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү-2222 хотхоны хамгийн баруун талын буланд байрладаг Жи Эс-25 шөнийн дэлгүүрт ажиллаж байгаад 08 цаг 10 минутын орчимд ажлаас гараад тухайн хотхоны хойд талд байрладаг Жапан таун гэх нэршилтэй автобусны буудал автобус хүлээгээд зогсож байхад үл таних эрэгтэй хүн намайг ард талаас тэврээд өөрийн хар өнгийн машиндаа суулгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэвен стар хотхоны зоорийн давхарт орон автомашинаа зогсоолд байрлуулах зуурт нь би зугтаасан. Би тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй, анх удаа л харж байна. Тухайн залуу нь машинаа автобусны буудал дээр байрлуулсан байсан. Намайг тухайн автобусны буудал дээр очиход тэр машин байсан. Тэгээд миний суух автобус ирээд би автобусандаа суух гээд алхаж байхад намайг хөөе гэж дуудаад эргэж харж амжаагүй байхад намайг миний ард талаас тэврээд цээж хэсгээрээ намайг түрэн алхаж автобусны ард талд байсан өөрийн хар өнгийн урд талын суудалд суулгасан. Би тухайн хүнд өөрийгөө буумаар байна, гэр рүүгээ явах хэрэгтэй би одоо ажилтай гэдэг зүйлийг маш олон удаа хэлсэн. Харин тэр хүн намайг өөртэй нь хамт цуг байгаач гээд байсан. Тэгж явсаар байгаад намайг дагуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэвен стар хотхонд аваачин машинаа зогсоолд байршуулах хооронд би зугтсан. Тэр хүн машинд явах замдаа миний гар утсыг булаах гэж оролдоод би өгөхгүй гэж байх үед миний баруун гар талын хөхөнд хүрсэн. Тухайн үед бүх зүйл маш хурдан болсон болохоор базалж илээд байсан талаар санахгүй байна. Тухайн үед би өөрийн ажилладаг ажлын шөнийн ээлжээс дөнгөж тараад явж байсан учир маш их ядарсан ам зуурсан байсан. Замд явж байхдаа миний гар утсыг булаах гэж оролдох үед би утсаа өгөөгүй өөртэй байлгасан. Тэгээд би өөрийгөө явж болох уу гээд хэлээд явж байх хооронд Сэвен стар барилгын зоорийн давхарт байрлах зогсоолын хэсэгт очсон даруй би машинаас нь буун зугтаасан. Зугтаах явцад би бүдэрч унаад босох хооронд миний хойноос ирж миний үснээс зулгаасан. Тэгээд би өөрийн үсийг гараараа барин татах үед түүний гар миний үснээс мултарч би зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 22, 25-26, 28 дугаар тал/,

4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Н.Наранчимэгийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 9847 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,

5. 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-66 дугаар тал/,

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 68-71 дүгээр тал/,

7. 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 89-98 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч З.Бат-Амгалан гэм буруугийн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Баттулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т  заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзсэн тул шүүгдэгч Б.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Сэмжидмаа гэм буруугийн дүгнэлт саналдаа: Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч Б.Баттулгад холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Баттулгыг хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,

 

Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.

 

Улсын яллагч З.Бат-Амгалан эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Баттулга нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3-т  заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийн хүлээлгэх тус тус саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Сэмжидмаа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Прокурорын саналыг дэмжиж байна гэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Шүүгдэгч Б.Баттулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Баттулгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Баттулга нь  хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирүүлсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг флашыг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мундаг овогт *******ын Баттулгыг “хүн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 заасныг журамлан тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттулгад хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Б.Баттулга нь  хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн  6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Баттулгад мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад ирүүлсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг флашыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж хадгалахыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар   шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баттулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА