| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/04369/И |
| Дугаар | 184/ШШ2022/03440 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2022/03440
| 2022 11 01 | 184/ШШ2022/03440 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************************** давхарт байрлах, ************ХХК /РД:6099955/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********************тоот хаягт байрлах, ************ХХК /РД:6047157/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 798,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************ХХК нэхэмжлэлдээ:
...************ХХК, түүний захирал ************нь Сонгинохайрхан дүүрэг, Содон хороололд 100 мини маркет нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагатай хамтран ажилладаг билээ. Уг дэлгүүр нь манай байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 531,240 төгрөгийн үнийн дүнтэй шар айраг захиалан авсан бөгөөд худалдан авсан барааны төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй байна.
2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №22/25 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч тал худалдан авсан барааны төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг болтол төлбөр төлөлт хийгээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан алдангийг тооцон шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг хүсч байна.
Уг харилцагч нь 531,240 төгрөгийн үнийн дүнтэй барааг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээж авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа ба нийт 104 хоног хэтэрсэн алданги нь мөнгөн дүнгээр тооцвол 276,244 төгрөг болж байна. Энэхүү алдангийг 232 дугаар зүйлийн 232.4-т заасан Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэх заалтыг баримтлан 260,620 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 31-ний өдөр 350,000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн алдангийг буруу тооцсон байх тул 84,998 төгрөг болгон багасгаж байна гэжээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1. Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж 23,710 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөр барагдуулах гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, бараа материалын зарлагын баримт, дэлгүүрийн нэрсийн жагсаалт бүхий хүснэгт.
2.2. Хариуцагч талаас Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуралдаан хойшлуулах хүсэлт, эмнэлгийн магадалгаа.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************ХХК нь хариуцагч ************ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 798,360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасган 272,738 төгрөгийг хариуцагчаас шаардсан шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч худалдан авсан барааны үнийг буюу төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс төлбөр барагдуулах гэрээ байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрөө, алдангийн хамт шаардана гэж тайлбарладаг.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагчийн төлөөлөгч ************ нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан, хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч тэрээр татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг шүүхээс хязгаарлаагүй болно.
4. Хариуцагчийн төлөөлөгч ************хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, хуулийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн тайлбар, төлбөр барагдуулах гэрээний агуулга, нөхцөлөөс үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Худалдан авагч төлбөрөө төлөөгүй бол худалдагч худалдсан барааны үнийг шаардах эрхтэй.
6. Хавтаст хэрэгт авагдсан баримт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрийн шаардлага хангасан төлбөр барагдуулах гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, бараа материалын зарлагын баримт, дэлгүүрийн нэрсийн жагсаалт бүхий хүснэгт, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бодит үнэнд нийцсэн байх шаардлага бүхий нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч буюу худалдагч нь 531,240 төгрөгийн үнэ бүхий шар айргийг худалдан авагч буюу хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч худалдан авсан зүйлийн үнийг буюу 531,240 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдох ба ...2022 оны 8 сарын 1-нд төлбөрөө төлж дуусгах үүрэгтэй, тохиролцсон хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алдангийг төлнө гэж 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №22/25 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ндээ тусган талууд тохиролцсон тул хариуцагч ************ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 531,240 төгрөгийг, алдангийн хамт хариуцуулах нь зүйтэй.
7. Нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн төлбөр 350,000 төгрөгийг, буруу тооцсон алданги 175,622 төгрөгийг тус тус хасч шаардлагаа багасгасан нь хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийн хүрээнд байх ба 2022 оны 8 сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 32 хоногийн алдангийн тооцоо нь 84,998 төгрөг болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж үзэв.
Харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирол гэх нотариатын зардлын баримт нь хуулбар баримт байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага ханаагүй үндэслэлээр 6,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
8. Хариуцагчийн төлөөлөгч Ч.Отгонцэцэгт шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцнэ.
9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ************ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 181,240 төгрөг, алданги 84,998 төгрөг, нийт 266,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 23,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ************ХХК-иас 266,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ