Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 280

 

 

 

 

 

 

 

    2017           07            17                                         280     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Чинбилэг,

насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч У.Нямбаяр, насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатарын хууль ёсны төлөөлөгч Б.Төгсбаяр,

насанд хүрээгүй хохирогч нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0894/,

шүүгдэгч Ц.Манлайбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харганыхан овгийн Цэцэнбаатарын Манлайбаатарт холбогдох эрүүгийн 2017 2601 0647 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Харганыхан овгийн Цэцэнбаатарын Манлайбаатар Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-р хороолол 14-27 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй. (РД:УК88090238).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ц.Манлайбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар сургуулийн 202 тоот өрөөнд өөрийн хүү А.Ганхүүг өмнө нь зодож байсан гэх хүүхдүүдээс өмөөрч, насанд хүрээгүй Н.Хүсэлбаатар болон Т.Ууганбаяр нарын бие махбодид нь давтан үйлдлээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Манлайбаатар мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр мэдүүлэхдээ:

Тэр өдрийн өглөө сургууль дээрээ очсон чинь Манлайбаатар ах “чи Ууганбаяр уу” гэхээр нь тийм гэсэн чинь миний хамар руу цохисон. Тэгээд байж байтал Баянсайхан орж ирэхэд түүний толгой руу нь бас цохисон. Намайг бол нэг удаа цохисон гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Нямбаяр мэдүүлэхдээ: Манай хүү эмээгийндээ амьдардаг. Манай ээжийнд Ганхүү, Хүсэлбаатар гэх хүүхдүүд өдөр бүр л ирж тоглож байдаг юм. Ганхүү гэх хүүг цусны өвчтэй гэдгийг нь сая л сонсож мэдэж байна. Тухайн өдөр хүүгийн биед хамрын няцрал гэсэн гэмтэл тогтоогдсон. Одоо үе үе хамраас нь цус гардаг. Хохирлын төлбөрт 212,000 төгрөг хүлээн авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатарын хууль ёсны төлөөлөгч Б.Төгсбаяр мэдүүлэхдээ: Урьд нь Ганхүүгийн ээж утсаар яриад “танай хүү манай хүүг дээрэмдээд байна гэхээр нь хүүгээсээ асуухад үгүй гэж хэлсэн. Тэгээд би эргэж утсаар яриад манай хүү үгүй л гэж байна даа гэхэд Ганхүүгийн ээж нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд дараа нь танай хүүг Ганхүүгийн аав нь зодсон байна гэхээр нь очиход хүүгийн нүд рүү нь цохьсон байсан. Хохирлын төлбөрт нь 117,000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2017 2601 0647 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох   /Гэмт хэргийг нотолсон баримтууд/.

5.Насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн орчимд гэрээсээ гараад сургууль руугаа очсон. Эрдэнэзориг, Батнасан хоёр ангид ирчихсэн байсан. Ангидаа байж байхад манай ангийн Ганхүүгийн ээж, нэг ахтай хамт ирээд ангийн үүднээс намайг нааш ир гээд дуудсан. Би ангиасаа гараад очтол тэр ах миний толгойн дагз хэсэгт шууд цохисон. Тухайн үед би газар унаад босоод иртэл дахин миний зүүн талын нүдний орчимд гараараа алгадсан. Тэгээд би анги руугаа орох гэтэл нааш ир гээд гараа зангидаж байгаад миний  зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би уйлаад ангийнхаа үүдэнд зогсож байхад Ганхүүгийн ээж нааш ир, би Баянсайхан та нарыг сургуулийн захиргаанд хэлнэ гэж хэлээд гарнаас татсан. Тэгтэл манай ангийн Ууганбаяр тэр үед ирсэн. Нөгөө ах Ууганбаярыг хараад гараа зангидаж байгаад Ууганбаярын хамар руу гараараа цохисон. Тэгээд байж байтал Баянсайхан ирсэн. Тэр ах Баянсайханы толгой руу шууд цохисон. Тэгээд ангийн гадаа байдаг сандал дээр тэр ах Ууганбаяр, Баянсайхан бид нарыг суулгаад байж байхад ангийн багш ирсэн. Хүсэлбаатарын нүдийг та нар ийм болгоо юу гэж асуухад хэн юу ч дуугараагүй. Тэр үед манай ангийн хэн нь мэдэхгүй нэг хүүхэд нөгөө хүүхэд чинь энэ шүү дээ гэж хэлтэл нөгөө ах багшийн хажууд Ууганбаярыг цохиод авсан. Тэгээд байж байтал Баянсайханы аав ирсэн. Бид нарт үнэнээ хэлэхгүй бол цагдаад өгнө шүү гэж хэлэхээр нь би үнэн болох Ганхүүг яагаад Баянсайхан алгадаж авсан талаар хэлсэн. Миний толгойн дагз хэсэгт гараараа хоёр удаа цохиод, нааш ир гэж дуудаж байгаад зүүн талын нүд рүү бөгжтэй гараараа цохисон. Өмнө нь Ууганбаяр бид нар явж байгаад Ганхүүгийн мөнгийг авсан асуудал байгаа. Мөн Ганхүүгийн аав нь намайг зодохоос өмнөх өдөр хичээлээ тараад явж байхад Ганхүү хэдэн хүүхдийг хөөгөөд явж байхаар нь Баянсайхан бид хоёр очоод яах гээд байгаа юм бэ, болиоч гэхэд Ганхүү юм дуугарахгүй автобусны буудал руу явсан. Тэгээд Баянсайхан Ганхүүд чи яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэхэд Ганхүү гөлөг минь гэж хэлтэл Баянсайхан Ганхүүг алгадсан. Тэгтэл Ганхүүгийн эгч нь ирж байгааг Ганхүү хараад шууд нөгөө хацраа бариад уйлсан. Ганхүүгийн эгч нь ирээд Баянсайхан бид хоёрыг одоо явахгүй бол цагдаад хэлнэ шүү гээд байхаар нь бид хоёр явчихсан. Ганхүүг зодсон гээд тэр ах миний хүүхдэд хүрэх төдийд хөхөрдөг гэж хэлээд загнаж байгаад намайг цохисон. Ууганбаярын хамар руу нэг удаа цохисон. Баянсайханы дагз руу нэг удаа цохисон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Эмчилгээний зардалд 117,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг [1],

-түүний 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн:

“...Би өмнө нь Ганхүүг зодож, дээрэлхэж байгаагүй. Намайг Ганхүүг зодсон, мөн мөнгийг нь авсан гээд Ганхүүгийн аав миний дагз руу гурван удаа алгадаад, гараа атгаж байгаад нүд рүү нэг удаа цохисон. Өмнө нь намайг Ганхүүгийн аав зодож байгаагүй. Одоо миний толгой хааяа өвддөг, өөр ямар нэгэн зовиур байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],

6.Насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаярын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн орчим би гэрээсээ гараад сургууль дээрээ ирсэн. Намайг очиход ангийн үүдэнд Ганхүүгийн аав, ээжтэй нь хамт Хүсэлбаатар уйлчихсан, нүд нь хөхөрчихсөн зогсож байсан. Намайг анги руу ороод зогсож байхад “чи Ууганбаяр билүү” гээд Ганхүүгийн ээж асуусан. Би тийм гэж хэлтэл “нааш ир” гээд аав нь миний хамар руу гараа зангидаж байгаад шууд цохисон. Намайг цохиулж байхад ангид Баянсайхан ирсэн байсан. Ганхүүгийн аав Баянсайханыг дуудаад бас гараа зангидаж байгаад цохисон. Тэгтэл ангийн багш ирээд аав, ээж рүү утсаар ярьж дуудсан. Удалгүй Баянсайханы аав ирээд, дараа нь Хүсэлбаатарын ээж ирээд манай ээж бас ирсэн. Тэгээд Хүсэлбаатарын ээж Хүсэлбаатарын нүдийг хараад Ганхүүгийн аавыг цохиод автал Баянсайханы аав боль гээд болиулсан. Тэгээд ээж, аав нар хэрэлдэж маргалдаж байгаад явцгаасан. Миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Өөрөөр дахин цохиогүй. Ганхүүгийн 500 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард авч байсан. Малгайг нь газар унагааж шээсэн дээр тавьсан асуудал байхгүй. Тухайн үед Ганхүү өөрөө мөнгө байна, хамт хархорин зах орьё гээд хамт яваад Хүсэлбаатар бид хоёр тоглоод малгайг нь худлаагаасаа газар барьж тоглож байгаад автобусны буудал дээр байж байтал Хүсэлбаатар бид хоёр Ганхүүгийн 500 төгрөгийг авч яваад дэлгүүр орж зайрмаг авч идсэн. Өмнөх өдөр нь Хүсэлбаатар бид хоёр гараад явж байхад Ганхүү 2-р ангийн хүүхдүүдийг дээрэлхээд байсан. Тэгэхээр нь яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм гэхэд Ганхүү юм дуугарахгүй байсан. Манай ангийн Төгстөгөлдөр Ганхүүгийн хацар руу алгадаад зогсож байтал Ганхүүгийн эгч нь ирсэн. Тэгтэл Ганхүү алгадуулсан хацраа биш нөгөө хацраа бариад уйлаад байсан. Тэгээд бид нар зугатаад явсан. Би Хүсэлбаатар, Баянсайхан хоёрыг цохиж байхыг хараагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, эмчилгээний зардалд 212,000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг [3],

-түүний 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мэдүүлсэн:

“...Намайг Ганхүүг зодсон, мөн мөнгийг нь авсан гээд Ганхүүгийн аав гарынхаа алгаар хамар руу нэг удаа цохиж миний хамарнаас цус гарсан. Үе үе нүд бүрэлзэж хааяа хамараас цус гардаг, өөр зовиур байхгүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

7.Гэрч Ц.Энхтуяагийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тухайн өдөр 07 цаг 40 минутын орчимд сургууль дээрээ ангидаа очиход Хүсэлбаатарын нүд нь хөхөрчихсөн, Ууганбаярын хамраас цус гарчихсан, Баянсайхан тэр гурав уйлчихсан ангийн хаалганы хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм гэхэд Ганхүүгийн аав манай хүүхдийг өчигдөр зодсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдийг яаж байгаа юм гэхэд миний хүүхдийг зодчихсон байсан учир зодсон юм гэхээр нь би яахаараа хүүхдүүдийн дунд болсон асуудалд та нар ингэж цохиж зоддог юм. Ангийн багшид нь хэлж мэдэгдээгүй байж ангид орж ирдэг юм гэж хэлээд хүүхдүүдийн эцэг, эхийг дуудсан. Тэгээд сургуулийн коридорт зогсож байхад Хүсэлбаатарын ээж ирээд Ууганбаярын ээж, Баянсайханы аав ирэхээр нь би хоорондоо учраа ол гэхэд тэд маргалдаад хэрүүл болоод байсан учир та нар асуудлаа дараа шийд гээд явуулаад хичээлдээ орсон. Миний хажууд цохиж зодсон асуудал болоогүй, хүүхдэд дахин гар хүрсэн байвал гэж загнаж байсан.

Өмнө нь 12 дугаар сард Ганхүүгийн аав хэлж байсан. Би цохисон гэх хүүхдийг уулзуулаад ярилцаж тохиролцуулаад салгаж байсан. Мөн өмнө нь Ганхүүд 500 төгрөгийг аваад, малгайг нь шээсэнд арчсан байсан гэж Ганхүүгийн ээж над руу утсаар ярьж байсан. Тэр үед би Ганхүүгийн ээжид Ууганбаяр, Хүсэлбаатар нарын ээжүүдийн утсыг өгч байсан. Саяхан Ганхүүгийн хөл нь доголчихсон явж байсан. Би хөлийг нь асуухад Ганхүү хаалгаа онгойлгож байгаад том монгол цоожоор хөлөн дээрээ унагаагаад хөлөө гэмтээсэн гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

8.Насанд хүрээгүй гэрч Ө.Баянсайханы 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 03 дугаар сарын 17-ны өглөө би гэрээсээ гараад сургууль дээрээ очсон. Сургууль дээр ангийнхаа Амарболд, Нямгэрэл хоёртой таарсан. Тэр хоёр чи яагаад Ганхүүг зодсон юм бэ гэхээр нь би алгадсан юм гэж хэлсэн. Тэгтэл тэгж болохгүй, дээр ангид Ганхүүгийн аав, ээж нь ирчихсэн загнаад байна, чи хувцасаа солиод оч гэж хэлсэн. Тэгээд би анги руу орсон чинь Ууганбаярын хамарнаас цус гарчихсан, Хүсэлбаатарын нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд ангийн багш ирээд эцэг, эхчүүд маргаан үүсгэж хэрүүл болоход ангийн багш та нар гадаа гар, би хичээлээ орлоо гээд хичээл орсон. Уг асуудал болохын өмнөх өдөр бид нар хичээлээ тараад явж байгаад Алтай захын орчимд байх гүүрний хажууд Ганхүү Хүсэлбаатартай зууралдаад байхаар нь би зүгээр бай гэтэл намайг гөлөг, гичий гэж хараагаад байхаар нь би нэг алгадсан. Тэгтэл эгч нь ирж байгааг хараад миний алгадсан хацраа биш нөгөө хацраа бариад уйлаад байсан. Ганхүүгийн аав миний баруун хацарт нэг удаа алгадсан. Би мөнгийг нь аваагүй, малгайг нь тэгээгүй. Ууганбаяр, Хүсэлбаатар хоёр асуудлыг гаргасан. ...” гэх мэдүүлэг [6],

 

9.Насанд хүрээгүй гэрч Ш.Амин-Эрдэний 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тэр өдөр 07 цаг 15 минутын үед ангидаа орж ирсэн. Намайг орж ирэхэд ангийн үүдэнд Ганхүүгийн аав, ээж нь зогсож байсан. Анги дотор хаалганы хажууд Хүсэлбаатарын баруун нүд нь хавдчихсан уйлчихсан зогсож байсан. Тэгээд байж байтал Ууганбаяр орж ирсэн. Хүсэлбаатар Ганхүүгийн аавд Ууганбаярыг зааж өгсөн. Тэгтэл Ганхүүгийн аав нь Ууганбаярыг миний дүү нааш ир ах нь яах ч үгүй гэж дуудаад ирсэний дараа нь гараараа хацар руу нь цохиход хамраас нь цус гарсан. Удахгүй Баянсайхан орж ирсэн. Тэгээд багш орж ирээд Ууганбаяр, Хүсэлбаатар нарын аав ээжийг дуудаад Ганхүүгийн ээж манай хүүхэд Ганхүүг Ууганбаяр, Хүсэлбаатар нар зодсон, малгай руу нь шээсэн гэсэн. Манай хүүхэд одоо гар хөл нь хөхөрчихсөн эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Тэгээд аав, ээжүүд хоорондоо хэрэлдэж байгаад явцгаасан. Би Ганхүүг Ууганбаяр, Хүсэлбаатар нар зодож байхыг хараагүй. ...” гэх мэдүүлэг [7],

 

10.Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжаргалын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 07 цаг 20 минутын үед ангидаа орж ирэхэд Ганхүүгийн аав, ээж хоёр ангийн үүдэн дээр зогсож байсан. Тэгээд би ангидаа орсон чинь Хүсэлбаатарын баруун нүд нь улайгаад хавдчихсан уйлаад зогсож байсан. Тэгээд байж байтал Ууганбаяр гаднаас ангидаа орж ирсэн чинь Ганхүүгийн аав нь Ууганбаяр нааш ир гэж дуудаад гараараа Ууганбаярын хамар руу нэг удаа цохисон чинь хамарнаас нь цус гарсан. Тэгээд Баянсайхан орж ирэхэд Ууганбаяр Баянсайхан гэж энэ хүүхэд гэсэн чинь Ганхүүгийн аав загнаад байсан. Тэгээд байж байтал багш Энхтуяа 07 цаг 40 минутын үед орж ирээд Хүсэлбаатар, Ууганбаяр нарын аав, ээжийг дуудахад удалгүй ирээд Ганхүүгийн аавтай хэрэлдээд байсан. Ганхүүгийн аав өмнө нь манай ангийн хүүхдүүдийг зодож байгаагүй. ...” гэх мэдүүлэг [8],

 

11.Насанд хүрээгүй гэрч Ц.Эрдэнэзоригийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тэр өдөр ангидаа 06 цаг 40 минутын үед ирэхэд Батнасан ирчихсэн байсан. Удалгүй Хүсэлбаатар орж ирсэн. Тэгээд бид гурав ангидаа сууж байсан чинь Ганхүүгийн аав, ээж нь ирээд хаалга тогшоод би онгойлгож өгсөн чинь Хүсэлбаатар байна уу гэхээр нь би зааж өгсөн. Тэгтэл Ганхүүгийн аав нь Хүсэлбаатарыг нааш ир гэж дуудаад чи яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гээд нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд Хүсэлбаатар уйлаад зогсож байтал манай ангийн багш Энхтуяа орж ирсэн. Удалгүй Ууганбаяр орж ирсэн. Ганхүүгийн аав нь Ууганбаярыг дуудаад бөгжтэй гараараа хамар руу нь нэг удаа цохиход цус гарсан. Тэгээд байж байтал Баянсайхан орж ирэхэд Баянсайханг Ганхүүгийн аав нь нэг удаа алгадсан. Тэгээд Ууганбаяр, Хүсэлбаатар, Баянсайхан нарын аав ээж нь ирээд хоорондоо хэрэлдэж байгаад явсан. Би Ганхүүг Ууганбаяр, Хүсэлбаатар, Баянсайхан нар зодож байгааг хараагүй. ...” гэх мэдүүлэг [9],

 

12.Насанд хүрээгүй гэрч Б.Батнасангийн 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тэр өдөр ангидаа 06 цаг 30 минутын үед ирсэн. Ангидаа Эрдэнэзориг, Хүсэлбаатар хоёртой байж байтал 07 цагийн үед Ганхүүгийн аав ээж хоёр ирээд ангиар шагайгаад Хүсэлбаатар гэдэг хүүхэд байна уу гэсэн. Тэгтэл Эрдэнэзориг Хүсэлбаатарыг зааж өгсөн чинь Ганхүүгийн аав Хүсэлбаатарыг нааш ир, чи яагаад манай хүүхдийг зоддог юм бэ гэсэн. Тэгэхээр нь би багшийн ширээн доогуур ороод нуугдсан. Яг юу болсоныг би хараагүй. Ямар ч байсан юм түг таг гэсэн чимээ гараад Ганхүүгийн аав нь Хүсэлбаатарыг загнаад зодоод байх шиг байсан. Тэгээд ангийн багшийг ирэхээр нь би ширээн доороос гарч харсан чинь Хүсэлбаатарын нүд нь хавдчихсан байсан. Тэгээд байж байтал Ууганбаяр орж ирсэн. Ганхүүгийн аав нь Ууганбаярыг чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм бэ гээд гараа атгаж байгаад Ууганбаярын хамар руу цохиход хамарнаас нь цус гарсан. Тэгээд Ганхүүгийн аав нь Хүсэлбаатар, Ууганбаяр, Баянсайхан нарыг загнаад байсан. Мөн Ганхүүгийн аав нь Баянсайхан руу гараа далайгаад больчихсон. Би Ууганбаяр, Хүсэлбаатар, Баянсайхан нар Ганхүүг зодож, мөнгийг нь авч байхыг хараагүй. ...” гэх мэдүүлэг [10],

 

13.Ц.Манлайбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Би Ганхүүгийн аав нь байгаа юм. Манай хүүг өмнө нь ангийнх нь хүүхдүүд 2 удаа зодсон байсан. Би тухайн үед юм хэлээгүй. Гэтэл сая 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний хүү хичээлээ тараад гэртээ ирэхдээ баруун хөл нь доголоод чулуу шиг хавдчихсан, зүүн талын гарны булчин хөхөрчихсөн байхаар нь би юу болсон талаар асуухад ангийн Хүсэлбаатар, Ууганбаяр хоёр зодсон гэж хэлсэн. Тэгээд хүүгийнхээ хөл дээр гангаар жин тавьж хоносон. Маргааш өглөө нь би эхнэр Ариунжаргалтай хамт сургууль дээр нь очоод Хүсэлбаатар, Ууганбаяр гэх хоёр хүүхдийг загнасан. Тэгтэл цохиогүй, тэгээгүй, ингээгүй, танай хүүхэд өөрөө болдоггүй гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь би тэсэлгүй тэр хоёр хүүхдийн хацранд нь нэг, нэг удаа гараараа алгадсан. Тухайн үед бид нар 106-р сургуулийн 2 давхарт ангийнх нь үүдэнд байсан. Удалгүй ангийн багш нь ирээд эцэг, эхийг нь дуудаад маргаан үүсэж эхэлсэн. Миний хүү бие муутай, цусны өвчтэй, биеийг нь хүчтэй барихад хөхөрдөг. Ийм өвчтэй хүүхэд учир би тэсэлгүй очоод юм хэлтэл өөдөөс юм хэлээд байхаар нь би алгадсан. Багшид нь олон удаа хэлж байсан боловч багш нь арга хэмжээ аваагүй. ...” гэх мэдүүлэг [11],

-яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...би эхнэр Ариунжаргалтай хамт сургууль дээр нь очоод Хүсэлбаатар, Ууганбаяр гэх хоёр хүүхдийг загнасан. Тэгтэл цохиогүй, тэгээгүй, ингээгүй, танай хүүхэд өөрөө болдоггүй гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь би тэсэлгүй тэр хоёр хүүхдийн хацранд нь нэг нэг удаа гараараа алгадсан. Тухайн үед бид нар 106-р сургуулийн 2 давхарт ангийнх нь үүдэнд байсан. Удалгүй ангийн багш нь ирээд эцэг, эхийг нь дуудаад маргаан үүсэж эхэлсэн. Миний хүү бие муутай, цусны өвчтэй, биеийг нь хүчтэй барихад хөхөрдөг. Ийм өвчтэй хүүхэд учир би тэсэлгүй очоод юм хэлтэл өөдөөс юм хэлээд байхаар нь би алгадсан. Багшид нь олон удаа хэлж байсан боловч багш нь арга хэмжээ аваагүй. ...” гэх мэдүүлэг [12],

- урьд сонсгосон ялыг өөрчлөн яллагдагчаар байцаахад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Т.Ууганбаяр, Н.Хүсэлбаатар нар өмнө нь хоёр удаа Ганхүүг зодож байсан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эдгээр хүүхдүүд манай хүүгийн малгайг шээсэн дээр дэвсэлж арчаад, автобусны мөнгө болох 500 төгрөгийг нь аваад явуулсан байсан. Манай хүү Ганхүү цусны өвчтэй учир хамраас нь цус гарахаараа тогтдоггүй, заавал эмнэлэгт хэвтэж тогтоодог. Гар хөлийг нь жаахан хөхөрчихсөн байхад эмч нар дотуур цус алдалт явагдаж байна, яаралтай хэвт гээд хэвтүүлдэг. Манай хүү Эх нялхасын эмчийн хяналтад байдаг. Тийм болохоор хүүхдээ өмөөрч би Т.Ууганбаяр, Н.Хүсэлбаатар нарыг алгадах болсон. 2017 оны өвөл манай хүүхдийг зодсон байсан. ...” гэх мэдүүлэг [13],

 

14.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4000 тоот:

“...Хүсэлбаатарын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, алимын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Ариунзул/...” гэсэн дүгнэлт [14],

 

15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4175 тоот:

“...1.Ууганбаярын биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Д.Мөнхбат/...” гэсэн дүгнэлт [15],

 

16.Шаргал өнгийн 1 ширхэг Си Ди-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [16], Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [17], насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаярын хохирлын баримтууд [18],  насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаярын онош [19], хэвлийн хэт авиан оношилгооны баримт [20], компьютер томографийн шинжилгээний баримт [21], насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатарын хохирлын баримтууд [22],  компьютер томографийн шинжилгээний баримт [23], хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт [24], хохирлын мөнгө хүлээн авсан гэх баримтууд [25], Ц.Манлайбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа [26], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [27] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

Нэг: Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Манлайбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 106 дугаар сургуулийн 202 тоот өрөөнд өөрийн хүү А.Ганхүүг өмнө нь зодож байсан гэх хүүхдүүдээс өмөөрч, насанд хүрээгүй Н.Хүсэлбаатар болон Т.Ууганбаяр нарыг зодож тэдний бие махбодид нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатарын мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...ангидаа байж байхад манай ангийн Ганхүүгийн ээж, нэг ахтай хамт ирээд ангийн үүднээс намайг нааш ир гээд дуудсан. Тэгээд би ангиасаа гараад очтол тэр ах миний толгойн дагз хэсэгт шууд цохисон. Тухайн үед би газар унаад босоод иртэл дахин миний зүүн талын нүдний орчимд гараараа алгадсан. Тэгээд би анги руугаа орох гэтэл нааш ир гээд гараа зангидаж байгаад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...Тэгтэл манай ангийн Ууганбаяр тэр үед ирсэн. Нөгөө ах Ууганбаярыг хараад гараа зангидаж байгаад Ууганбаярын хамар руу гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг [28], түүний 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [29],

2. Насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаярын мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг очиход ангийн үүдэнд Ганхүүгийн аав ээжтэй нь хамт, Хүсэлбаатар уйлчихсан, нүд нь хөхөрчихсөн зогсож байсан. Намайг анги руу ороод зогсож байхад чи Ууганбаяр билүү гээд Ганхүүгийн ээж асуусан. Би тийм гэж хэлтэл нааш ир гээд аав нь миний хамар руу гараа зангидаж байгаад шууд цохисон. ...Тэгтэл ангийн багш ирээд аав, ээж рүү утсаар ярьж дуудсан. ...” гэх мэдүүлэг [30], түүний 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [31],

3. Гэрч Ц.Энхтуяагийн мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн өдөр 07 цаг 40 минутын орчимд сургууль дээрээ ангидаа очиход Хүсэлбаатарын нүд нь хөхөрчихсөн, Ууганбаярын хамраас цус гарчихсан, Баянсайхан тэр гурав уйлчихсан ангийн хаалганы хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм гэхэд Ганхүүгийн аав манай хүүхдийг өчигдөр зодсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдүүдийг яаж байгаа юм гэхэд миний хүүхдийг зодчихсон байсан учир зодсон юм гэхээр нь би яахаараа хүүхдүүдийн дунд болсон асуудалд та нар ингэж цохиж зоддог юм. Ангийн багшид нь хэлж мэдэгдээгүй байж ангид орж ирдэг юм гэж хэлээд хүүхдүүдийн эцэг, эхийг дуудсан. ...” гэх мэдүүлэг [32],

4. Насанд хүрээгүй гэрч Ө.Баянсайханы мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Сургууль дээр ангийнхаа Амарболд, Нямгэрэл хоёртой таарсан. Тэр хоёр чи яагаад Ганхүүг зодсон юм бэ гэхээр нь би алгадсан юм гэж хэлсэн. Тэгтэл тэгж болохгүй, дээр ангид Ганхүүгийн аав, ээж нь ирчихсэн загнаад байна, чи хувцасаа солиод оч гэж хэлсэн. Тэгээд би анги руу орсон чинь Ууганбаярын хамарнаас цус гарчихсан, Хүсэлбаатарын нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд ангийн багш ирээд эцэг, эхчүүд маргаан үүсгэж хэрүүл болоход ангийн багш та нар гадаа гар, би хичээлээ орлоо гээд хичээл орсон. ...” гэх мэдүүлэг [33],

5. Насанд хүрээгүй гэрч Ш.Амин-Эрдэний мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...Анги дотор хаалганы хажууд Хүсэлбаатарын баруун нүд нь хавдчихсан уйлчихсан зогсож байсан. Тэгээд байж байтал Ууганбаяр орж ирсэн. Хүсэлбаатар Ганхүүгийн аавд Ууганбаярыг зааж өгсөн. Тэгтэл Ганхүүгийн аав нь Ууганбаярыг миний дүү нааш ир ах нь яах ч үгүй гэж дуудаад ирсэний дараа нь гараараа хацар руу нь цохиход хамраас нь цус гарсан. Тэгээд багш орж ирээд Ууганбаяр, Хүсэлбаатар нарын аав ээжийг дуудаад Ганхүүгийн ээж манай хүүхэд Ганхүүг Ууганбаяр, Хүсэлбаатар нар зодсон, малгай руу нь шээсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг [34],

6. Насанд хүрээгүй гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...би ангидаа орсон чинь Хүсэлбаатарын баруун нүд нь улайгаад хавдчихсан уйлаад зогсож байсан. Тэгээд байж байтал Ууганбаяр гаднаас ангидаа орж ирсэн чинь Ганхүүгийн аав нь Ууганбаяр нааш ир гэж дуудаад гараараа Ууганбаярын хамар руу нэг удаа цохисон чинь хамарнаас нь цус гарсан. ...” гэх мэдүүлэг [35],

7.Насанд хүрээгүй гэрч Ц.Эрдэнэзоригийн мөрдөн байцаалтад 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Ганхүүгийн аав нь Хүсэлбаатарыг нааш ир гэж дуудаад чи яагаад хүүхэд зодож байгаа юм бэ гээд нүүр рүү нь хоёр удаа цохисон. Тэгээд Хүсэлбаатар уйлаад зогсож байтал манай ангийн багш Энхтуяа орж ирсэн. Удалгүй Ууганбаяр орж ирсэн. Ганхүүгийн аав нь Ууганбаярыг дуудаад бөгжтэй гараараа хамар руу нь нэг удаа цохиход цус гарсан. ...” гэх мэдүүлэг [36],

8.Насанд хүрээгүй гэрч Б.Батнасангийн мөрдөн байцаалтад  2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...ангийн багшийг ирэхээр нь би ширээн доороос гарч харсан чинь Хүсэлбаатарын нүд нь хавдчихсан байсан. Тэгээд байж байтал Ууганбаяр орж ирсэн. Ганхүүгийн аав нь Ууганбаярыг чи яагаад манай хүүхдийг зодож байгаа юм бэ гээд гараа атгаж байгаад Ууганбаярын хамар руу цохиход хамарнаас нь цус гарсан. Тэгээд Ганхүүгийн аав нь Хүсэлбаатар, Ууганбаяр, Баянсайхан нарыг загнаад байсан. ...” гэх мэдүүлэг [37],

9.Ц.Манлайбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн: “...би эхнэр Ариунжаргалтай хамт сургууль дээр нь очоод Хүсэлбаатар, Ууганбаяр гэх хоёр хүүхдийг загнасан. Тэгтэл цохиогүй, тэгээгүй, ингээгүй, танай хүүхэд өөрөө болдоггүй гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь би тэсэлгүй тэр хоёр хүүхдийн хацранд нь нэг нэг удаа гараараа алгадсан. ...” гэх мэдүүлэг [38], яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [39], урьд сонсгосон ялыг өөрчлөн яллагдагчаар байцаахад 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [40], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4000 тоот дүгнэлт [41], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4175 тоот дүгнэлт [42], Шаргал өнгийн 1 ширхэг Си Ди-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [43], Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [44] болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ц.Манлайбаатар нь өөрийн төрсөн хүү М.Ганхүүг зодлоо гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч нарыг зодож тэдний биед тус тус хөнгөн хохирол учруулсан байна.

Нөгөө талаас шүүгдэгч Ц.Манлайбаатарын төрсөн хүү М.Ганхүүгийн ангийн хүүхдүүд болох насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр, Н.Хүсэлбаатар нар нь М.Ганхүүгийн мөнгийг нь авах, малгай дээр нь гишгэх, зодох зэрэг зүй бус үйлдэл гаргаснаас шүүгдэгч Ц.Манлайбаатар хүүхэдээ өмөөрч дээрх гэмт хэргийг үйлджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Манлайбаатар нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Манлайбаатарт холбогдох хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг түүнд хэрэглэж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.  

Харин шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хэргээс нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтын талаар санал хэн аль нь гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Манлайбаатарт холбогдох хэргийг хүлээн авч, хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч Ц.Манлайбаатарын давтан үйлдлээр (2 хүнд) бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн  99.2 дахь хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /12,240,000-24,000,000/ төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял  шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад хоёр, түүнээс олон хүнийг/ заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ял нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /450.000-2.700.000 төгрөг/ торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийтгэхээр хуульчилсан байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Манлайбаатарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Манлайбаатар нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад хамаарч байх тул 2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч Ц.Манлайбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Манлайбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, хөнгөрүүлэх, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар ял шийтгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Ц.Манлайбаатар нь насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр, Н.Хүсэлбаатар нарын бие махбодид тус тус хөнгөн гэмтэл учруулснаас хохирогч Т.Ууганбаяр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн 120,000 төгрөгийн баримт, эм тариа худалдан авсан  50,000, 14,000, 16,500, 12,850 төгрөгийн баримт зэргийг,

-насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн 95,000 төгрөгийн баримт зэргийг тус тус хэрэгт ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Манлайбаатар нь мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч У.Нямбаяр нарт 212,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатар болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Төгсбаяр нарт 117,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн талаар баримт хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан, мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нар нь мэдүүлсэн ба, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. 

Иймд шүүгдэгч Ц.Манлайбаатарыг насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр, Н.Хүсэлбаатар, тэдний хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.Манлайбаатарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Манлайбаатар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгч Ц.Манлайбаатарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн 10 жилийн 106 дугаар сургуульд шүүгдэгч Ц.Манлайбаатарыг 2 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан ба, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.гэж заасан тул улсын яллагчийн санал гаргасан “зорчих эрхийг хязгаарлах” ялыг шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Гурав. Бусад асуудлаар.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нийслэлийн 106 дугаар сургуулийн хяналтын камерийн бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Ц.Манлайбаатарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Манлайбаатарт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.   

2.Шүүгдэгч Харганыхан овгийн Цэцэнбаатарын Манлайбаатарыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Ц.Манлайбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Манлайбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Нийслэлийн 106 дугаар сургуулийн хяналтын камерийн бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Манлайбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Н.Хүсэлбаатар, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Төгсбаяр, насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч У.Нямбаяр нарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Ц.Манлайбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Манлайбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 106-107 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 93-94 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 97-98 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 99-100 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 102-103 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 66, 77, 71 дугаар тал

[19] Хавтаст хэргийн 67-69 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 70 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 73 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 74 дүгээр тал

[23] Хавтаст хэргийн 77 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 81-82 дугаар тал.

[26] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.

[27] Хавтаст хэргийн 52 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 106-107 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 93-94 дүгээр тал.

[35] Хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 97-98 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 99-100 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал.

[39] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[40] Хавтаст хэргийн 102-103 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[42] Хавтаст хэргийн 35 дугаар тал.

[43] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[44] Хавтаст хэргийн 16 дугаар тал.