Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2023/0027

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ш,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд “С.Ш өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, С.Ш 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч С.Ш  нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан боловч тус байгууллагаас түүнд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.

3. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн С.Ш өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан асуудлаар нэхэмжлэгч тус байгууллагын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч  тус зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор “Боловсролын салбарт галчаар ажилласныг хүнд нөхцөлөөр ажилласан жилд оруулан тооцох боломжгүй” гэх үндэслэлээр гомдлыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж маргасан. Үүнд:

4.1. Би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ерөнхий боловсролын дунд сургуульд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Сагсай сумын “К” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний хүртэл галчаар тус тус ажилласан.

Би 57 настай, улсад нийт 31 жил, хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан байхад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж нийгмийн даатгалын байгууллагаас хариу өгснийг хууль бус гэж үзэж байна гэжээ.

 5. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа:

5.1. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хортой халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоодог.

 Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хортой халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлэгт баталсан ажил мэргэжлийн салбарт С.Ш галчаар ажилласан салбар болон ажил мэргэжил нь хамаарахгүй учраас С.Ш хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “С.Шайзандад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, С.Ш 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгах тухай” нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Сагсай  сумын 11 жилийн ахлах  сургуульд  2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний  өдөр хүртэл нийт 12 жил 12 өдөр галчаар,  тус суманд үйл ажиллагаа явуулдаг ”К” ХХК-д 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний  өдрөөс  2021 оны  4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 4 жил 5 сар  машинист /качегар/-аар тус тус ажилласан болох нь тогтоогдсон.

 Мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 1990-2000 он дуустал нийт 11 жил, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2001-2004 оны 10 дугаар сар хүртэл 3 жил 9 сар, нийт 14 жил 9 сарын   шимтгэл нөхөн төлж,  2022 оны 1-4 сард нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, Нийгмийн  даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, 16 дугаар зүйлийн 7-д “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч С.Ш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь 31 жил 6 сар 12 хоног байна.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэж тус тус заасан.

5. Нэхэмжлэгч С.Ш нь 57 настай байх ба хариуцагчаас  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлж нийт ажилласан хугацаа болон насны шаардлагыг нэхэмжлэгч  хангаж байгаа талаар маргаагүй, харин “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж,  С.Ш өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

6. Энэ талаарх  үндэслэлээ хариуцагчаас  “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2004 оны  77 дугаар  тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй  тогтоох  газрын дор болон  хөдөлмөрийн хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д С.Ш галчаар ажилласан  салбар болон ажил мэргэжил нь хамаарахгүй учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж тайлбарлажээ. 

7. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-д “Эрчим хүч үйлдвэрлэлийн ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэж  заасан.

8. Нэхэмжлэгч С.Ш дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн Сагсай  сумын 11 жилийн ахлах  сургууль болон  тус суманд үйл ажиллагаа явуулдаг ”К” ХХК-д тус тус галчаар ажилласан нийт хугацаа нь 16 жил 5 сар 12 өдөр байна.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба Баян-Өлгий аймаг дахь              Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 110/ШШ2022/0015 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн галчаар ажилласан хугацаанд Сагсай  сумын 10 жилийн дунд сургууль  /11 жилийн ахлах сургууль/ болон  К” ХХК  нь зуухны  хувьд  Түлш, эрчим хүчний яамны сайдын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан "0,07 мПа-аас бага даралттай уурын ба 388 К/115С/-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийг үйл ажиллагаандаа мөрддөг, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах зориулалттай байнгын ажиллагаатай нам  даралтын зуух бөгөөд Сагсай сумын 10 жилийн дунд сургуулийн галч буюу машинист /качегар/ болон Сагсай сумд дулаан үйлдвэрлэх, түгээх,  дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үндсэн  дээр  үйл ажиллагаа явуулж байгаа “К” ХХК-ийн  машинист /качегар/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил, амралтын цаг, нэг хүнд оногдох ээлжийн ажлын ачаалал, ажлын байранд үйлдвэрлэлийн явцад үүсэх физик, химийн  сөрөг нөлөөлөл ижил түвшинд байгаа нь, халаалтын улирлын хугацаанд дулаанаар хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан үйл баримт тогтоогдсон.

10. Иймээс нэхэмжлэгчийг  Сагсай сумын 10 жилийн дунд сургууль болон “К” ХХК-д  байнгын ажиллагаатай уурын зуухны галчаар ажилласан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүний галчаар ажилласан 16 жил 5 сар 12 хоногийн хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарна гэж дүгнэлээ.

11. Дээрх байдлаар  нэхэмжлэгч С.Ш нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтооход тавигдах болзлыг хангаж байгаа болох нь тогтоогдсон, мөн  “нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” гэх  бусад болзлыг хангасан байх ба энэ талаар хариуцагч маргаагүй болно.

12. Иймд  нэхэмжлэгчээс гаргасан  өндөр насны тэтгэвэр тогтоох хүсэлтийг “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  үндэслэлгүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3-т  заасантай нийцээгүй, хууль бус байх ба  уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж зааснаар С.Ш 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  С.Ш өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.РИЗА