Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1385

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Аын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01249 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт  хийлгэхийг  даалгах тухай иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдааид гаргасан тайлбартаа: Г.А нь 2012 оны 5 сарын 16-ны өдрөөс М ХК-д Агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөр ажлаас үидэслэлгүйгээр халагдсан. Компани ажлаас халсан үндэслэлээ албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ажлаас халах тушаалаа 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөр гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 22-иы өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Нэхэмжлэгч Г.Аын хувьд сургалтанд суугаагүй нь үнэн бөгөөд биеэ эмчлүүлэхээр өөрийн хувийн визээр БНСУ-ын Бусан хотруу явсан. Буцаж ирээд эмнэлэгт хэвтсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, энэ талаараа компанидаа мэдэгдсэн. Мөн Иргэний нисэхийн дүрмийн 121.611-т заасан "...агаарын хөлөгийн үйлчлэгчийн ур чадвар гэсэн хэсэгт заасан сүүлийн 12 сарын хугацаанд аихан болон давтан сургалтанд хамрагдсан байх шаардлага нь агаарын хөлгийн үйлчлэгчээр анх томилоход хамааралтай. Гэтэл бодит байдал дээр 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн “М” ХК-ийн зүгээс нислэгт огт гаргадаггүй. Компанийн удирдлагууд нислэгт очиход нэхэмжлэгчийг өөр газарт хүмүүстээ уулзуулах зэрэг ажил үүрэгт байхгүй шаардлага тавьсан бөгөөд түүнийг зөвшөөрөөгүй учраас ажил хийлгэдэггүй байсан. Ажилдаа оръё гээд очихоор "Чамайг авахгүй, чи өргөдлөө өг" гэх байдлаар тайлбар хэлдэг. Гэхдээ 3 сарын 22-ны өдрөөс өмнө ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг байсан байдаг. Г.Аын цалин хөлс нислэгээс хамаарч илүү цаг янз бүр бодогддог учраас дундаж цалин хөлс тооцох журмаар цалингийн дундажаа тооцоод 3, 4, 5, 6 сараас шүүхийн шийдвэр гаргах өдөр хүртэлх хугацааны цалинг тооцоход 48 034 184 төгрөг болж байна. Иймд Г.Аыг ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинд нийт 48 034 184 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Мөн энэ хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд хариуцагч тал өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан ч юм шиг, аль эсвэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан юм шиг тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Рэнчинболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/457 тоот тушаалаар Г.Аыг бүхээгийн үйл ажиллагааны хэлтэст Агаарын хөлгийн үйлчлэгчээр түр томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нислэгийн ачааллын үеийг даван туулах болон компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, мөн ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байсан. "М" ХК-ийн бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа гэрээт сургалтын төв /одоогоор БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төв/ авран хамгаалах сургалтанд хамрагдах сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. "М" ХК-ийн нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарын 2018 оны /сертификат авах/ давтан сургалтыг 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-н Корейн Эйр компанийн сургалтын төвд зохион байгуулахаар хуваарь гарган төлөвлөж, "Корейн Эйр" компаниас урилга авсан байсан. Тус сургалтанд хамрагдахаар Г.А нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэстээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу зорчихдоо ашигласан байсан нь нотлогдсон. Г.А нь хувийн визээрээ явсан гэж байгаа боловч албаны болон хувийн виз гэж байхгүй. Хэрэв энэ хүн визтэй байсан бол дахин виз авахаар нэрийг нь өгөх шаардлага байхгүй. Компаниас тогтоосон хуваарийн дагуу 2018 оны 2 дугаар сарын 7-ноос 10-ны хооронд сургалтанд хамрагдах ёстой байсан боловч энэ хугацаанд хамрагдах боломжгүй талаараа мэдэгдсэн бөгөөд 3 дугаар сарын 8-наас 11-ний хооронд хамрагдах талаар хойшлуулсан боловч сургалтанд суугаагүй. Нэгэнт 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болсон тул бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Агаарын хөлгийн үйлчлэгч нь жил бүр уг сургалтанд хамрагдаж байж, цаашид ажиллах эрхээ авдаг, иймд энэ үүргээ биелүүлээгүй. Иймд Г.Аыг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан явдал нь хуулинд нийцэж буй тул Г.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аын М ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.А давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 5 сарын 16-ны өдрөөс М ХК-д Агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Компани ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтад хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарладаг. Энэ хэрэг маргаан өмнө нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэг байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Агаарын хөлгийн үйлчлэгчийн давтан сургалт хамрагдаагүй байдал нь зөрчил мөн үү гэдгийг тогтоосон байдлыг үзэхэд, хэрвээ ноцтой зөрчил мөн бол хөдөлмөрийн гэрээнд туссан байх ёстой. Хариуцагч тал нотлох баримтаар ирүүлэхдээ 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр сургалтад хамрагдах  ёстой гэдэг. Бодит байдал дээр нэхэмжлэгчид ажлын байрны дарамт байнга ирдэг байсан учраас шууд удирдлагад нөлөөлж, ажлаас гаргахын тулд 2-3 сардаа ажлыг нь хийлгэхгүй явуулж байгаад 2 сараас дарамталж байгаад, 5 сараас халагдах тушаал гаргасан байдаг. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сургалтад хамрагдаагүй гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 04-ний өдрөөс 07-ны өдөр хүртэл хамрагдах ёстой гэж хэлдэг. Хариуцагчийн зүгээс сургалтад хамрагдах ёстой талаар нэг ч удаа мэдэгдээгүй бөгөөд хэрэгт нэг ч баримт байхгүй. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн сургалтыг мэдэгдсэн байдаг. Энэ үед нэхэмжлэгчийн бөөрний өвчлөлөөс болоод суугаагүй. Сургалтад суулгаад ажил мэргэжил дээшлүүлэх зорилготой гэдэг боловч тухайн үедээ ажлыг нь хийлгэж байгаагүй. Давтан сургалтад хамрагдаагүй асуудал нь зөрчил биш. Анхан шатны шүүхээс зөрчил гээд үзсэн байна. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд сургалтад хамрагдах ёстой бол 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр арга хэмжээ авах ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яагаад 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр арга хэмжээ авч байгаа вэ. Нэхэмжлэгч сургалтад хамрагдаагүй биш, хамруулаагүй асуудал байгаа. Давтан сургалтад суугаагүй нь ноцтой зөрчил биш юм. Мөн албаны визийг хувьдаа ашигласан гэж тайлбарладаг. Сургалтад хамрагдах юм бол бүгд виз нь автоматаар гарсан байх ёстой. Нэхэмжлэгч нь өвчтэй байсан учраас байнгын виз авсан байсан. Нэхэмжлэгчийн хувийнх байна уу, ажлынх байна уу гэдгийг харгалзаж үзэхгүйгээр шууд албаны виз ашигласан гэж мэдүүлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХК-д холбогдуулан агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 48 134 186 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч “М” ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчээр 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/357 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дахь хэсэг, Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн даргын саналыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь дээрх тушаал, хөдөлмөрийн 043/125 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 17, 18, 24-28, 65-67/

 

Нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "...албаны визийг хувийн зорилгоор ашигласан, сургалтанд хамрагдаагүй ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан, миний бие сургалтанд хамрагдах хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ямар нэгэн ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй бөгөөд сургалтанд суугаагүйн улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан компанийн дүрэм журам байхгүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласныг зөвшөөрөхгүй" гэж,

хариуцагч “М” ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ "...бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн агаарын хөлгийн үйлчлэгч нь жилд 1 удаа авран хамгаалах сургалтанд хамрагдаж сертификат авдаг бөгөөд сертификат нь тухайн жилдээ агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллах эрх болдог. Тус сургалтанд хамрагдахаар Г.А нь визний материалаа бүрдүүлэн БНСУ-ын виз авсан бөгөөд сургалтанд хамрагдалгүй, хэлтэстээ мэдэгдэлгүй хувийн журмаар БНСУ-ын Бусан хот руу албаны визээр зорчсон нь тогтоогддог. Нэхэмжлэгч 2018 оны холбогдох сургалтандаа хамрагдаагүй, ажиллах боломжгүй болж ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан” тус тус тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх ажилтны гаргасан гэх зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл байгаа эсэхэд бодитой дүгнэлт өгч чадаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч Г.А нь “М” ХК-иас зохион байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийн хооронд БНСУ-ын Корейн эйр компанийн сургалтын төвд нийт агаарын хөлгийн үйлчлэгч нарт сертификат олгох давтан сургалтанд оролцоогүй, албаны визийг хувийн зорилгоор ашигласан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, хариуцагч “М” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх 24-28, 30-34/ зэргээс үзвэл хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцох талаар тохиролцсон байдал тогтоодсонгүй.

 

Иймээс давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аыг “М” ХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан хариуцагч байгууллагаас ирүүлсэн цалингийн тодорхойлолт /хх 64/-ыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 14 сар 15 хоногийн цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээг 1 809 672 төгрөгөөс нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 82 258 төгрөгийг ажилгүй байсан 14 сарын 15 хоногт тооцон 26 569 278 төгрөг /1 809 672 төгрөг : 22 хоног = 82 258 төгрөг х 14 сар 15 хоног/-ийг хариуцагч “М” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 564 908 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

 

Нэхэжмлэгчийг ажилд нь эгүүлэн томилсонтой холбоотойгоор түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Түүнчлэн, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/357 дугаартай “Хөдөлмөрийн түр гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Компанийн зохих заалтууд, Хөдөлмөрийн журам зэрийг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь ажилтныг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг баримтлаагүй байгаа нь уг тушаал хуулийн шаардлага хангасан гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аыг “М” ТӨХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26 569 278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 21 564 908 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “М” ХК-иас 166 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгож, хариуцагчаас 290 796 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                      Д.ЦОГТСАЙХАН