Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/965

 

   2021              11              11                                              2021/ДШМ/965                          

 

     П.Шт холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нарангэрэл,

шүүгдэгч П.Шын өмгөөлөгч Б.Төмөрчөдөр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Ш, түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.Шт холбогдох эрүүгийн 2110000000556 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

            П.Ш,

            Орхон аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

            Шүүгдэгч П.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23 дугаар гудамжны 23 тоотод байрлах иргэн Ч.Мийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч молдок буюу цохилттой дрилл, шар өнгийн цахилгааны уртасгагч залгуур, сангийн шугам наадаг тень буюу халаадаг алх зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Ч.Мт нийт 248,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

               Хан-Уул дүүргийн прокурорын газраас: П.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар П.Шыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийг 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Ш болон түүний өмгөөлөгч Б.Төмөрчөдөр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Төмөрчөдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч П.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан 248,000 төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байна. П.Шын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ 248,000 төгрөг байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан хохирлын бага хэмжээнд хүрэхгүй байна. Шүүгдэгч П.Шын үйлдсэн гэмт хэргийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч П.Ш нь гэмт хэрэг үйлдэх үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Хивсний 24 тоотод оршин сууж байсан, эгч Пүрэвхүүгийн Зынд хамт амьдарч байсан нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга З.Намжилмаагийн гаргасан тодорхойлолтоор батлагджээ. Иймд П.Ш нь тодорхой оршин суух хаягтай байх тул түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд гарган өгч байна. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Хивсний 24 тоотод хаягт оршин суудаг нь үнэн болно гэсэн тодорхойлолт шүүхэд ирүүлсэн байгаа.” гэв.

 

Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “... Шүүгдэгч П.Шын хувьд хэргийн үйл баримт нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гарсан буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө болсноороо Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт зааснаар ялтан нь байнга оршин суух хаягтай байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч П.Ш нь хавтас хэрэгт авагдсанаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд түр оршин суугч болох нь албан бичгээр тогтоогдсон. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад түүнээс “...байнгын оршин суух хаяг байна уу, хаана амьдарч байна бэ. ...” гэж асуухад “...би эхнэр хүүхдээсээ салсан. Ганцаараа амьдардаг. Ах дүүсээрээ дамжин амьдардаг. П.Зынд түр амьдарч байгаа. Яг тогтсон хаяг байхгүй. ...” гэсэн тайлбар хэлдэг. Албан ёсны лавлагаагаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд түр оршин суугч болох нь тогтоогдсон байдаг. Шүүгдэгч П.Ш нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй учраас өршөөлд хамруулаагүй. Мөн шүүгдэгчийг өмгөөлөгч авах эрхийг хязгаарлаж зөрчсөн гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Шүүгдэгч П.Шын үйлдсэн гэмт хэргийн хувьд заавал өмгөөлөгч оролцуулах гэмт хэрэг биш. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй байгаа. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “...өмгөөлөгч авах уу. ...” гэж шүүгдэгчээс асуухад өөрөө “...үгүй...” гэж хэлж өмгөөлөгчөөс татгалзсан байдаг. Шүүгдэгч П.Шын өмгөөлөгч авах эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 248,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. П.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй гэж заасан. Хэдийгээр 248,000 төгрөгийн хохирол учирсан ч хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдлийн тохиолдолд хамаарахгүй гэсэн хуулийн заалт байгаа. Иймд шүүгдэгч П.Ш болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Ш нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 23 дугаар гудамжны 23 тоотод байрлах иргэн Ч.Мийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч молдок буюу цохилттой дрилл, шар өнгийн цахилгааны уртасгагч залгуур, сангийн шугам наадаг тень буюу халаадаг алх зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч Ч.Мт нийт 248,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ч.Мийн “... Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-23 тоот хашаанд үсчин хийдэг бөгөөд төвийн цэвэр бохир холбохоор бэлтгэл ажил хийж бохирын шугам сольж байсан хүмүүс ажлаа дуусаад явсан. 09 цагт хаалгыг нь онгорхой орхиод гэр лүүгээ ороод орой нь хаалгаа цоожилсон. ... тухайн үед би барилгын цахилгаан багажаа алдсаныг мэдээгүй. Маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хаалгаа онгойлгож сангийн ажил хийж байгаа хүмүүсээ ажилд нь оруулахад хонгилд байсан молдок, шар өнгийн цахилгааны уртасгагч залгуур, сангийн шугам наадаг тень гэх мэт багаж алдагдсан байсныг мэдсэн. ... алдагдсан багажаа буцаагаад авсан тул гомдол санал байхгүй. ...” /хх 11/,

 

гэрч П.Зын “... 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд архи уучихсан оройд ирж хонож байсан. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтуу ажил хийсэн гэж хэлээд гартаа “кен” гэсэн бичигтэй улаан өнгийн молдок барьчихсан, гар нь шалбарчихсан байдалтай орж ирсэн. Би “ямар учиртай багаж юм бэ” гэж асуухад “цуг ажил хийж байгаа хүний багаж, зараад өг гэсэн юм” гэж хэлсэн. ... Маргааш нь манай гэрт Д.Хос-Эрдэнэ гэдэг хүн ирсэн байх үед Шинээ ах молдокыг 50,000 төгрөг гэж хэлэхэд Д.Хос-Эрдэнэ гэдэг хүн 20,000 төгрөг өгөөд явсан. Тэгээд Шинээ авсан мөнгөөрөө архи уусан. ...” /хх 20-21/,

 

гэрч Д.Хос-Эрдэнийн “... 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дүү болон Д.Цогтбаярын гэрт эхнэрийн хамт хүүхдийн барын бэлэг өгөх гээд хүүхдийн баярын урд өдөр очсон. ...П.Ш манай дүүгийн гэрт орж ирсэн. Тухайн үед П.Ш гартаа улаан өнгийн газар хагалдаг молдок барьчихсан энэ багажийг ажил хийгээд цалиндаа бодуулж авсан юм. “Энэ багажийг зарна, авах уу нэг бол би энэ багажийг дэлгүүрт тавилаа, авбал аваарай” гэж хэлсэн. Би тухайн багажийг барьцаанд авч Шт бэлнээр 20,000 төгрөг өгсөн. Өөр асуудалгүй.” /хх 22-23/,

 

П.Шын яллагдагчаар өгсөн “... гэрт ороход хүн байхгүй байсан тул би хаалганы хажууд байсан шар өнгийн дамартай дамжуулдаг залгуур 1 ширхэг, сангийн халаадаг багаж 1 ширхэг, молдок 1 ширхэг гэх мэт эд зүйлийг аваад явсан. Тухайн багажнуудыг хаана тавьсан, зарсан талаар согтуу байсан тул мэдэхгүй байна. Харин молдок нэртэй багажийг тэврээд гэртээ харьсан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэртээ авч ирсэн танил дүү Хос-Эрдэнэд 20,000 төгрөгөөр зарсан. Мөнгөөр нь архи авч уусан. ...” /хх 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн ХУ2-21-215 дугаартай “... цохилттой дрилл, уртасгагч, тень зэргийг 248,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26-27/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч П.Шын дээрх үйлдэл нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирчээ.

 

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч П.Шын үйлдсэн хэргийн зүйлчлэлд тохирч байна.

 

Дээрх байдлаар өршөөлд хамруулах тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагын хангасан байх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Ш нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг тэр даруй хохирогчид буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Хивсний 24 тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд П.Шыг байнгын оршин суух хаягтай гэж дүгнэхээр байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил хорих ялаас өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг хасч, үлдэх 286 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн солих нь зүйтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Шын албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24ий өдрийн 2021/ШЦТ/452 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 286 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч П.Шыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан П.Шт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.     

 

  1. Шийтгэх тогтоолын 3 болон 5 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Шыг нэн даруй сулласугай.  

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                   ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ