Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0344/з |
Дугаар | 134 |
Огноо | 2018-03-26 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 134
Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Налайх дүүргийн Засаг дарга, Оюуны өмч,
улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Л.Атарцэцэг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжийн Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004374 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0902 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0056 дугаар магадлал,
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг,
Гуравдагч этгээд Н.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0902 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн “Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжийн Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг газар эзэмших шийдвэр, гэрчилгээг үндэслэн гарсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004374 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0056 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0902 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0056 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Шүүх нэхэмжлэгч Б.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй талаар: Монгол улсын иргэн Б.Э- нь 2004 оноос хойш тухайн маргаан бүхий газар буюу Налайх дүүрэг 5 хороо Гялаан мөс 4-4а тоотод амьдарсаар өдийг хүрсэн билээ. Тус газарт дээрээ эхлээд нэг дүнзэн байшин, бүрэн сийлбэр бүхий 10 ханатай гэр барьж, 2006 онд “Ариун буяныг дэлгэрүүлэх” бясалгалын төвийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Энэ нь газар дээр бүтээн бий болгосон бясалгалын төв, түүний хажуу дахь суварга, урд талд нь байрлах уулын орой дээрх суварга, шүтээн бүхий 10 ханатай гэр зэрэг зүйлээр бодитоор харагдах бөгөөд хавтаст хэрэгт гэрэл зургаар хавсаргаж өгснөөс гадна, бурхан шашны чиглэлээр “Ариун буяныг дэлгэрүүлэх төв” ТББ-ыг үүсгэн байгуулж төвийн үйл ажиллагаагаа энэ газарт байрлах байрандаа явуулдаг зэргийг баталсан нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Мөн Налайх дүүргийн Засаг дарга н.Талсболорын “2004 оноос тухайн газарт амьдарч байгаад 2014 онд албан ёсоор бүртгүүлсэн тухай” албан ёсны тодорхойлолт, гэрч Ц.Мөнхдэлгэр, Ш.Даваасүрэн, Б.Амарзаяа, 5 хорооны хэсгийн ахлах Наранцэцэг нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр “Б.Э- тухайн газарт 2004 оноос эд зүйл барьж, амьдарч байсан болох нь, гуравдагч этгээд Н.У- нь Б.Э-ийн эзэмшлийн хашаа, бясалгалын төв, 10 ханатай гэр, шашны зориулалт бүхий суварга байдаг зэргээр, түүний зүй ёсны ашиг сонирхол хөндөгдөхийг мэдсээр атлаа уг газрыг эзэмших хүсэлт гаргасныг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын алба нь шалгаж тогтоолгүйгээр гуравдагч этгээд Н.У-, Э.Ариунзаяа нарт эзэмшүүлэх шийдвэр гаргасан үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5-д зааныг зөрчсөн байна.
5. Б.Э- нь энэ газрын эзэмшил, газар дээрх барилгын өмчлөлийн асуудлаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн зохицуулалтаар хамгаалагдсан эрх юм. Мөн нэхэмжлэгч Б.Э-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байгааг олон нотлох баримтуудаар нотлогдож байхад хөндөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “...“нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар ...гаргасан өргөдлийг” гэж томьёолсон. Үүгээр Б.Э-ийн 2004 оноос хойш оршин суусан, одоо ч мөн адил оршин суусаар байгаа, өмч хөрөнгөө барьсан, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн газрыг түүнд мэдэгдэлгүй өөр хүн эзэмшиж, өмчилсөн нь Б.Э- газраа эзэмших, өмчлөх хүсэлт гаргах хууль ёсны эрх зөрчигдсөн болох нь цаашлаад тухайн газар, байрнаасаа албадан гаргагдах, хөөгдөх нөхцөл байдал үүсэх болзошгүй нөхцөл байдал байна. Энэ л үүднээс Б.Э- зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Эдгээр нотолгооны зүйлүүдийг шүүхийн шийдвэрт огтоос үгүйсгэж дурдаагүй илт хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтай гэх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаад гомдолтой байна.
6. Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжаар Н.У-т газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй талаар: Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга, Газрын алба нь Монгол Улсад дагаж мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомж зөрчсөн. Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан байхад Налайх дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Г.Ганбаяр дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нягтлан шалгаагүй, Засаг дарга нь шууд гэрчилгээ олго гэж цохсон тул даргын үүргийг биелүүлсэн гэдгээ мэдүүлснээр тус хуулийн заалтыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэжээ. Гэтэл энэ хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэлгүйгээр шууд 0,1 га-гаас илүү газар эзэмших хүсэлт гаргаагүй байхад Н.У-т 0,1-гаас илүү газрыг эзэмшүүлсэн. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 “...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ...газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэжээ. Гэтэл тухайн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байхад газар эзэмшүүлсэн.
7. Анхан шатны шүүх хариуцагч болох Налайх дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтуудыг зөрчсөн байна гэдгийг үндэслэх хэсэгтээ дурдсан мөртлөө эцэстээ хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамжаар Н.У-т газар эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Үүнээс гадна Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 203/127 тоот тушаалын 3.9.12 дахь заалтыг тус тус зөрчиж байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
8. Эдгээр хууль, журмууд гуравдагч этгээд Н.У-т огт үйлчлэхгүй, бусад иргэдэд үйлчилнэ гэж өөрөөр хэлбэл Н.У-т эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон ч Б.Э-т маргаан бүхий газар эзэмших эрх үүсэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс “хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, хууль хэн нэгэнд ялгаварлалгүйгээр үйлчилнэ” гэсэн Үндсэн хуульд заасан тулгуур зарчмуудыг зөрчсөн дүгнэлт өгсөнд туйлын гомдолтой байна.
9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг “...тухайн газарт бүртгэлтэй иргэн нь тухайн газрыг эзэмших эрхтэй гэж...” маргадаг гэж буруу ташаа дүгнэсэн. Миний зүгээс Б.Э-ийг тухайн газарт 2004 оноос хойш амьдарч байгаа гэдгийг нотолсон нэг гол баримт нь бол хорооны бүртгэл юм гэдгийг хэлсэн болохоос зөвхөн тус хороонд бүртгүүлсэн ганцхан үндэслэлээр уг газрыг эзэмших эрхийг олж авна гэж огтоос маргаагүй, үүнээс гадна олон үндэслэл байгаад шүүхэд гаргаж өгсөн байдаг. Маргаан бүхий газар шүүгч очиж үзлэг хийсэн бөгөөд хүн огтоос амьдраагүй, хүн амьдрах боломжгүй мэтээр дүгнэж, тухайн газарт дурын иргэн хүсэлтээ гаргаж эзэмших эрх баталгаажуулж болно гэсэн зарчмын дагуу Н.У- газар эзэмшжээ гэж дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр харуул хамгаалалт бүхий, бүх түлхүүр, цоож нь Б.Э-т байдаг бөгөөд хүйтний улиралдаа биеийн байдлаас болоод хотод өвөлжиж байгааг илтэд буруугаар дүгнэн хүн огтоос оршин суудаггүй газар гэж дүгнэсэнд гомдолтой байна.
10. Шүүгчийн нотлох баримт гаргуулах тухай захирамжийн биелэлтийг хангуулаагүй оролцогчийн эрхийг зөрчсөн талаар: Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбарт “тухайн газар Н.У амьдарч байсан болохыг нотолсон баримт байсан тул бид газар эзэмших эрх олгосон“ гэж дурдсан. Үүний дагуу холбогдох баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байдаг хэдий ч газар эзэмших эрх олгох гол үндэслэл болох Н.У тухайн газарт амьдарч байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг нотолсон баримтыг хариуцагч Налайх дүүргийн Засаг даргаас гаргуулах хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаснаар хүсэлтийг хангаж 4674 дугаартай шүүгчийн захирамж гаргасан. Гэтэл уг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, энэ баримт нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал үүсгэх чухал баримт гэж үзэж байгаа бөгөөд үүгээрээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нэг шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
11. Б.Э нь тухайн газар эзэмших гэрчилгээг Н.У гаргуулан авсныг, дараа нь түүний амьдарч байсан байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсныг огт мэдээгүй бөгөөд Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.У-ээс “өөрийн өмч, эзэмшиж буй газраас албадан чөлөөлүүлэх" нэхэмжлэл гаргаснаар мэдсэн. Тухайн барилгыг өмчлөгчөөр бүртгүүлэхэд гол нөхцөл болох газар эзэмших эрх нь өөрөө хуулийн дагуу олгогдоогүй, илтэд хууль зөрчсөн тул үүнээс улбаалан гарсан дараагийн бүртгэл бүхэлдээ хүчингүй гэж үзэж байгаа, энэ нь Монгол улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” заалтыг зөрчсөн байгаа юм.
12. Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд хангаж өгөх, эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
14. Иргэн Н.У-т Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гялаан мөс 201 тоот хаягт байрлах газарт 10000 га талбайг жимс жимсгэнэ тариалах зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/476 дугаар захирамж болон уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Н.У, түүний охин Э.Ариунзаяа нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 21, 31 дүгээр зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4, 13 дугаар зүйлд заасантай тус тус нийцжээ.
15. Нэхэмжлэгч нь 2004 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байгаа гэх боловч, газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшээгүй, эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй байна.
16. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “...хүсэлт гаргасан газар нь ...” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хууль ёсоор газар эзэмшигч биш, мөн түүнийг хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргаж байсан гэж үзэхээргүй байна.
17. Иймд, “...2014 он хүртэл уг газар нь бүртгэл хаягжилтад ороогүй байснаас газрыг бүртгүүлж амжаагүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүнийг тухайн газарт амьдарч байсан гэж үзэж, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/476 дугаар захирамжийн Н.У- холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
18. Нэхэмжлэгч Б.Э, гуравдагч этгээд Н.У нар нь хамтын амьдралтай байсан үеийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухайд маргаж байх тул захиргааны байгууллага газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газарт бусдын хөрөнгө байгааг шалгаагүй гэж буруутгах үндэслэлгүй.
19. Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны А/476 дугаар захирамжаар гуравдагч этгээд Н.У-т хуульд заасан хэмжээнээс илүү газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй буруу боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
20. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тул Нийслэлийн улсын бүртгэлийн газар Налайх дүүргийн 5 дугаар хороо Гялаан мөс гудамж, 201 тоот хаягт байрлалтай, 226,47 м.кв талбайтай хувийн орон сууцны зориулалттай, мансардтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Э.Ариунзаяа, Н.У нарыг бүртгэсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.
21. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хоорондох эд хөрөнгийн маргаан нь ердийн харъяллын шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дээрх бүртгэлийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэлгүй.
22. Захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны байгууллагын газар эзэмшүүлсэн болон үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэх, эдгээр шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэсэн болно.
23. Б.Э, Н.У нарын хоорондох өмчлөлийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэнээр маргаан бүхий актад хуульд заасан журмын дагуу өөрчлөлт оруулахад хяналтын шатны шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
24. Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Газрын тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0902 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2018/0056 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ