Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/00680

 

М.Мандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01208 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 712 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч М.Мандахын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Швейцарийн Холбооны Улсын санхүүжилттэй BPN буюу Мэргэжлийн бизнесийн Сүлжээ ТББ-ын төсөл хөтөлбөрийг Монгол Улсад 2012 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхлэх үеэс орчуулагч, туслах албан тушаал, Сургалт хариуцсан зохицуулагчаар томилогдон ажилласан. Энэхүү төрийн бус байгууллагыг байгуулалцаж, хувь нэмрээ оруулж үр дүнтэй ажилласныг үнэлэн бизнес менежмент, сургалт хариуцсан дарга, хөтөлбөрийн орлогчийн албан тушаалд дэвшүүлэн томилсон.Гэвч удирдлага солигдсон өдрөөс эхлэн ажлын байрны дарамт шахалт ихсэж, тодорхой үүрэг даалгавар өгч, нэмэлт шаардлага тавиагүй, урьдчилан сануулаагүй атлаа өмнө нь хийж байсан ажил үүргийг үгүйсгэж, өө сэв эрж, ажлын хэрэгсэл номын шүүгээ, тавиур, компьютер, сандал баримт бичиг зэргийг өөр өрөөнд шилжүүлэх зэргээр цаашид ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгож, 2015 оны 5 дугаар гарын 01-ний өдөр ажлаас халсан тушаал үзүүлсэн. Уг тушаалд сахилга батын давтан зөрчилтэй гэсэн шалтгаан зааж ажлаас халсан ба 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр огноологдсон байсан.Өмнө нь би сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байхад давтан гаргасан гэж бичсэн нь үндэслэлгүй. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажлаа хийгээд ээлжийн амралтаа авсан, амарч байх хугацаанд ажлаас халсан тушаалыг дахин гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын шийтгэл нь сануулах, цалингийн 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэсэн шатлалтай боловч миний бие нэг ч удаа сануулга авч байгаагүй. Мөн 2015 оны 7 дугаар сард дахин тушаал гаргасныг гуйж гаргуулаагүй. Ингэж шалтгаангүй халагдсан миний бие нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирсон тул гомдолтой. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж байна. Би уг байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: М.Мандах нь манай байгууллагад 2012 оноос орчуулагчаар ажиллаж байсан бөгөөд Удирдах зөвлөлөөс сургалт хариуцсан зохицуулагчаар ажиллуулан итгэл хүлээлгэсэн боловч шалтгаангүйгээр ажил таслах, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандах, өөрийн ажлыг бусдаар гүйцэтгүүлэх, удирдлагатай зүй бусаар харьцах зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон.Тус байгууллага нь Швейцарийн Холбооны улсын санхүүжилттэй, мэргэжлийн бизнесийн сүлжээ төсөл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэгч хариуцлагатай, өндөр шаардлагатай, байгууллагын төв дэх олон улсын стандарт дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд М.Мандахад гаргасан зөрчлийн талаар сануулж, ярилцаж байсан. Тэрээр өөрийн хариуцлагыг ухамсарлаж, 2015 оны 4 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон болно.М.Мандахын нэхэмжлэлд ажлын байранд дарамт шахалт байсан мэт бичсэн нь огт үндэслэлгүй, энэ талаар байгууллагад хандан ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй. Мөн ажлаас халагдсанаас хойш 2 сарын дараа ээж нь ирж түүнийг хөдөө ажиллаж байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа хэтрүүлсэн туслаач гэж гуйж, байгууллагын Монгол салбарын захирал С.Өнөрцэцэгээр тушаал үйлдүүлэн тэтгэмжээ авсан бөгөөд 4 сарын хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаа цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, цалин нэхэмжлэх эрхгүй бөгөөд ажилгүйдлийн гурван сарын цалинг бүтнээр олгож нийгмийн даатгалыг манай байгууллага тохиролцон төлсөн нь нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээр тодорхойлогдоно. Цаашид М.Мандахтай хамтарч нэг баг болон ажиллах итгэл найдвараа алдсан.“Титус Монголиа” ББСБ-ын мөнгийг гэрээ хэлцэлгүй хувьдаа авч ашиглан, төлбөрийг барагдуулахгүй хохирол учруулж, мэргэжлийн сургалтыг дур мэдэн гадуур явуулж байгаа хууль бус үйлдлийн хариуцлагыг зохих байгууллагаар тооцуулах болно. М.Мандах нь 2012 оны 9 дүгээр сараас эхлэн ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж эхэлсэн, гадаадад ажилтантай зөрчилтэй байсан ба 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болон 17-ны өдрүүдэд ажлаа тасалсан. Мөн 2015 оны 3 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Азжаргал гэдэг хүнээр ажлаа гүйцэтгүүлсэн. Кассын баримтын шалгалтаар 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 15 700 000 төгрөгийн зөрчил гарсан. Түүнийг хавчиж боосон зүйл байхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас халахдаа ажил тасалсантай холбогдуулсан. М.Мандах хөдөлмөрийн гэрээгээр бус ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01208 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Мандахыг “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ-ын Сургалт хариуцсан зохицуулагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10 173 540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч М.Мандахад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мандахаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 247 926 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 712 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 926 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:М.Мандах нь “Мэргэжлийн Бизнесийн Сүлжээ” ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01\12 тоот шийдвэрээр энэ байгууллагын Удирдах Зөвлөлийн 5 гишүүний нэг болсон юм.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11-р зүйлд Төрийн бус байгууллагын удирдах байгууллагын бүрэн эрхийг тодорхойлсон ба 11-р зүйлийн 11.4-т “Удирдах Зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй” гэжээ. Удирдах зөвлөлийн гишүүн Ханс Вильхэлм ажил олгогч биш бөгөөд Удирдах зөвлөлийн нэг гишүүнтэй гэрээ байгуулан ажиллуулж байгаа нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.Иргэн М.Мандахтай байгуулсан гэрээний агуулга, гүйцэтгэж байсан ажил, ажлын цаг, гэрээний хугацаа зэргээс зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн эс эх, тэдний маргаан нь Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад хамаарах эсэх талаар анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн гомдолтой байна.Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг гэрээний гол нөхцлүүдийн талаар тохиролцсон байх шаардлага тавигдах ба аль нэгийг нь орхигдуулан гэрээ байгуулсан бол талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулах” тухай заасан байдаг.Иргэн М.Мандахтай 2015 оны 04 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцлахаар тохиролцсон, гэрээнд заасан ёсоор 3 сарын хугацааны өмнө мэдэгдэж, 2014 оны 07 сарыг дуусталх хугацааны тэтгэмж болгон 5 сая гаруй төгрөгийг олгосон юм.Гэтэл 2 сарын дараа ээж нь ирж, ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа хэтрүүлсэн тул туслаач гэж гуйж, байгууллагын Монгол салбарын захирал С.Өнөрцэцэгээр 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр огноолон тушаал үйлдүүлэн тэтгэмжээ хөөцөлдсөн гэх бөгөөд 4 сарын хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа нь хууль бус юм.Энэ нь нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 08 дугаар сараас эхлэн сайн дурын даатгал төлж эхэлсэн бичилтээс нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаагаас гадна гэрээ цуцлагдсаныг мэдээгүй, тушаалыг хүлээн аваагүй гэх нь үндэслэлгүй болох нь нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтээс тодорхой харагдана.Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчигдсөн боловч М.Мандах ажил үүрэг гүйцэтгэснийг харгалзсан, түүнтэй байгуулсан гэрээнд “3 сарын хугацаанд аль нэг тал нь бичгээр мэдэгдсэнээр гэрээ дуусгавар болно”, “3 сарын хугацаанд гаргасан хүсэлтийн дагуу гэрээг cap бүрийн эцэст цуцалж болно” гэсэн заалтын дагуу ажил үүрэг гүйцэтгүүлэлгүй нэмж 3 сарын хугацааны цалин хөлс олгосноо нэхэмжлэхгүй гэж шийдвэрлэсэн болно.Мөн М.Мандах нь ажлын 4 өдөр буюу гэрээнд зааснаар 60-80 хувийн цагаар ажилладаг байсан. Давж заалдах шатны шүүх М.Мандахтай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Энэ хэрэгт хариуцагч “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ нотлох баримт болгож төрийн бус байгууллагын талаар холбогдох лавлагаа баримтыг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авч хэрэгт хавсаргасан болно. Хэрэгт хавсаргасан баримтаар М.Мандах нь “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд байгууллагын дүрэм, ТББ-ын тухай хуульд зааснаар уг байгууллагад хөдөлмөрийн эрх зүйн харилцааны дагуу ажиллах эрх бүхий биш юм. Иймд М.Мандах ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авсан нь хууль бус боловч түүнтэй байгуулсан гэрээг хөлсөөр гүйцэтгүүлсэн ажил гэж үзэхдээ татгалзахгүй байгаа бөгөөд шүүх ажилд нь эгүүлэн тогтоож, 10 сая гаруй төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус  хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ. Шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М.Мандах нь BPN байгууллагын сургалт хариуцсан зохицуулагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ нь нэхэмжлэгч М.Мандахыг сахилгын зөрчил гаргасан, ажилтантай хөдөлмөрийн бус харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Ажил олгогч хариуцагч “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 42 дугаар зүйлийн 42.1., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т  заасныг үндэслэн М.Мандахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2015 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 006 дугаар тушаалуудыг \хх-ийн 7, 8 дугаар тал\ гаргасан байх тул нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй гэх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй байна.

Нөгөө талаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ \хх-ийн 11-13 дугаар тал\.

Уг хөдөлмөрийн гэрээний нөхцөл дутагдалтай байх, төрийн бус байгууллага өөрийн удирдах зөвлөлийн гишүүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан зэрэг нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохгүй ба энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т “удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй” гэсэн зохицуулалт удирдах зөвлөлийн гишүүн гишүүнийхээ үүргээ гүйцэтгэх явдалд хамааралтай болохоос хөдөлмөрийн гэрээний дагуу өөр ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд хамаарахгүй юм. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн нь уг байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ямар нэгэн ажил гүйцэтгэхийг хориглосон зохицуулалт хуульд байхгүй байна.

Хариуцагч “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” ТББ нь нэхэмжлэгч М.Мандахыг сахилгын зөрчил гаргасан гэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг ажилтанд гардуулж өгсөн гэх баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлаа нотлоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар үгүйсгэх, улмаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2016/01208 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 712 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247 926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН