Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00584

 

   **** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, **** ХХК /утас ****/,

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **** ХХК /утас ****/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дугаар баг Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтэс /утас ****/,

Хариуцагч: **** аймгийн Засаг дарга,

Хариуцагч **** аймгийн **** сумын Засаг дарга нарт холбогдох

 

“1,567,170 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч **** ХХК-ийг төлөөлж Д.С****, нэхэмжлэгч **** ХХК-ийг төлөөлж Н.Г****, хариуцагч **** аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А****, хариуцагч **** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М****, хариуцагч Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Х****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...2012 оны 06 дугаар сард **** сумын ** дугаар багийн иргэн **** ХХК-ий малчин Д****гийн тэмээн сүрэгт хүн, мал амьтны галзуу өвчин гарсан нь УМЭАЦТЛабораторын шинжилгээгээр батлагдан оношлогдсон. Өвчний голомтын бүс болох *** дугаар багийн нутаг дэсвгэрт байрлах адуу 16 толгой, үхэр 618 толгой, хонь 1953 толгой, ямаа 1357 толгой, нохой 26 толгой мал амьтанд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр малд тарилга хийсний хөлс 760,800 төгрөгийг одоо болтол гаргуулж чадаагүй байна. Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г**** нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...**** сумын Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн **** тоот албан бичгээр **** аймгийн **** сумын нутаг **** гэдэг газар мал амьтны галзуу өвчин гарсантай холбогдуулан хязгаарлалтын бүсэд байгаа бүх эрүүл мал амьтадыг урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажлыг хийж гүйцэтгэхийг үүрэг болгосны дагуу 31 өрхийн 1329 толгой бод мал, үүнээс тэмээ 87 толгой, адуу 196 толгой, үхэр  1047 толгой, 25 өрхийн 35 толгой нохой,  7 өрхийн 2634 толгой хонь ямаа, нэгдсэн дүнгээр бүгд 3998 толгой мал амьтадыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх амьд вакцин тарьсан. Вакцин тарьсны үйлчилгээний хөлс 806,370 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Х.Х**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“…ХААГазар нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлөвлөгөөт арга хэмжээний санхүүжилтийг ч бүрэн олгосон тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч санхүүжилт олгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Харин хариуцагч нь **** сумын Засаг дарга болно. **** сумын ** дугаар багт галзуу өвчин гарсантай холбогдуулан тухайн үед уг өвчнөөс сэргийлэх зорилгоор **** сумын Засаг даргын шийдвэрээр голомт бүхий бүсийн мал сүрэгт галзуу өвчнөөс сэргийлэх тарилга хийсэн нь үнэн. Энэ нь хүн малын халдварт өвчин гарсан үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь тухайн сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал учраас санхүүжилтийг ч **** сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй. Уг өвчин нь зөвхөн **** сумын хэмжээнд гарсан болохоос бусад суманд гараагүй тул аймгийн хэмжээний асуудал биш учир аймгийн Засаг даргын нөөцөөс сахүүжил олгох үндэслэлгүй болно. Хэрэв сумын чанартай асуудлыг сумаас нь биш аймгийн Засаг даргын нөөц төсвөөс гаргуулах юм бол цаашид буруу жишиг тогтохыг анхаарна уу” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

...**** аймгийн **** сумын нутаг дэвсгэрт уг өвчин гарсан учир **** сум нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-д зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх үндэслэлгүй юм.  **** сум нь **** аймгийн **** сумын нутаг голомтын бүс буюу ****д байгаа **** сумын иргэдийн мэдрэмтгий мал амьтанд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хийсэн ажлын тайланг аймгийн ОБГ, МХГ, ХХААГазарт хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв

.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“…Гамшигаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1-т “Сум дүүргийн нутаг дэвсгэх буюу түүний зарим хэсэгт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухай сум, дүүргийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” гэж хуульчилсаны дагуу **** аймгийн нутаг дэвсгэр болох ****д амьдарч байсан **** сумын ** дугаар багийн иргэн Д****гийн тэмээн сүрэгт галзуу өвчин гарахад холбогдох мэргэжилтнүүд нь очиж ажиллан тодорхой арга хэмжээ авсан байна. Энэ нь зөвхөн нэг суманд гарсан гэдэг нь үүгээр нотлогдож байна.

Малын Удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т ...өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс гэж хуульчилсан. Энэ нь ганцхан **** аймагт биш **** суманд ч орон нутгийн төсөв хуваарилагдсан байдаг.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд дээрх үйлчилгээний хөлсийг аймгийн Засаг дарга хариуцах үндэслэлгүй, сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК нь 760,800 төгрөгийг, нэхэмжлэгч **** ХХК нь 806,370 төгрөгийг тус тус гаргуулахаар хариуцагч Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, **** аймгийн Засаг дарга, **** сумын Засаг дарга нарт холбогдуулан шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч **** ХХК нь шаардлагаа багасгаж 754,550 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч **** ХХК болон **** ХХК нь **** сумын Засаг дарга, **** аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран “Сумын мал сүргийг халдварт, паразит өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлох зориулалтаар улсын хөрөнгө оруулалтаар олгож буй эм био бэлдмэлийн хадгалалт, ашиглалт, зарцуулалтанд тавих хяналт, мал сүргийг мал эмнэлэгийн арга хэмжээнд бүрэн хамруулах, малын эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх зорилгоор” 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гурвалсан гэрээ байгуулан ажиллаж гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн, хариуцагч нь гэрээнд заасны дагуу санхүүжилтийг олгосон гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 6 сард малчин Д****гийн тэмээн сүрэгт галзуу өвчин гарсан тул голомтын бүс болох 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах бод мал 634 толгой, бог мал 3310 толгой  малд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсний хөлс 754,550 төгрөгийг **** ХХК-иас, тэмээ 87 толгой, адуу 196 толгой, үхэр 1047 толгой, нохой 35 толгой, хонь ямаа нийт 3998 толгой малд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсний хөлс 806,370 төгрөгийг **** ХХК-иас тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Х.Х**** ... ХХААГ нь 2012 онд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төлөвлөгөөт арга хэмжээний санхүүжилтийг ч бүрэн олгосон тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч аймгийн Засаг дарга нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх хэсэгт “сум, дүүргийн нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт үүссэн, үүсч болзошгүй гамшгийн үед тухайн сум, дүүргийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.2 дахь хэсэгт “хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн буюу үүсч болзошгүй гамшгийн үед тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх гэж хуульчилсан тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2012 оны 06 сард **** аймгийн **** сумын нутаг ****д **** сумын 3-р багийн иргэн малчин Д****гийн тэмээн сүрэгт хүн, мал, амьтны галзуу өвчин гарч байрлах **** ХХК нь бод мал 634 толгой, бог мал 3310 толгой, **** ХХК нь тэмээ 87 толгой, адуу 196 толгой, үхэр 1047 толгой, нохой 35 толгой, хонь ямаа нийт 3998 толгой малд галзуу өвчний тарилгыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож талууд маргаагүй байна.

 

Хариуцагч аймгийн Засаг дарга нь бид Гамшгийн тухай хуульд заасны дагуу гамшиг болсон гэж үзвэл Онцгой байдал хуралдуулж гарах зардлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэтэл энэ нь зөвхөн нэг аймгийн нэг суманд гарсан асуудал тул гамшиг гэж үзэхгүй сумын Засаг дарга хуулиараа хариуцах ёстой тул зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Хүнс Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлэгийн хэлтэс нь бид 2012 онд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсийг төлсөн гэтэл энэ 2012 оны 06 сард гарсан галзуу өвчний тарилгын асуудал гэрээнд тусгагдаагүй, төлөвлөгөөт бус ажил тул бид хариуцахгүй сумын Засаг дарга хариуцана гэж байгаа боловч Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон дараах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ”, мөн хуулийн 15.2.1-д энэ хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс” гэж заасан бөгөөд аймгийн Хөдөө аж ахуй мал эмнэлэгийн хэлтэс нь аймгийн Засаг даргын харъяа агентлаг байх тул маргаж буй үйлчилгээний хөлсийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 754,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****  ХХК-нд, 806,370 төгрөгийг гаргуулан **** ХХК-нд тус тус олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22,810 төгрөгийг, **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,902 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** аймгийн Засаг даргаас 23,902 төгрөгийг гагуулан нэхэмжлэгч **** ХХК-нд, 22,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** ХХК-нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  З.ТУНГАЛАГМАА