Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/шш2023/03706

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/03706

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, М Таун *** дүгээр байр, *** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой Чу-ын Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах, регистрийн ********* дугаартай, И газарт холбогдох,

Тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч И газарт холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Ч.Н нь И газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс СЭЗХ, СХОГ-ын даргаар 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан болно. Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ***********, ************* тоот сахилын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ************, ************ тоот сахилгын шийтгэл тооцуулах тухай албан шаардлага ирүүлсэнийг үндэслэн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль, тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх, батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журмын зааврын дагуу үйл ажиллагаа явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах, санхүүгийн нэгтгэсэн тайлан дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч ажиллах үүргээ биелүүлээгүй хэмээн И газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ****** тушаалаар Ч.Н-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулсан, албан тушаал бууруулсан юм. Ч.Н-д ноогдуулсан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл нь үндэслэлгүй хууль бус юм. Ч.Н миний бие ажиллах хугацаандаа өөрийн чиг үүргийн ажлыг хангалттай сайн биелүүлж төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй төсөвлөх, зарцуулах, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэхэд бүх хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн ба батлагдсан төсвийн хүрээнд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд бүртгэж, холбогдох хууль, дүрэм журмын дагуу ажиллаж ирсэн билээ. Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын **********, ************ тоот албан шаардлагад Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн Ү ХХК-д хамаарах 15.388.247.055 төгрөгийн албан шаардлага хэрэгжилт хангалтгүй, Улсын комисст хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үүргийн биелэлтийн алданги 664.161.009 төгрөг, мөн сүүлийн 3 жилд 958.636.292,40 төгрөгийн ашиглалтын зардал төлж улсын төсөв үр ашиггүй зарцуулсан тул Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7. Төсвийн тухай хуулийн 6.4.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-г үндэслэн Үндэсний аудитын газраас холбогдох албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулах талаар И газрын дарга С.М-д даалгасан байна. Гэтэл И дарга С.М нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ****** дугаар тушаал гарган Ч.Н-д сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль бус юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. "Агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ үүнд "агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах" өөрөөр хэлбэл агентлагын даргын бүрэн эрх хүрээнд төсвийг тогтоосон журмын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т "Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна", 46.1.1-т энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах 46.1.2-т үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах 46.1.4-т худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах 46.1.6-т гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавих... өөрөөр хэлбэл захиалагч үнэлгээний хороо байгуулж, гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэнд хяналт тавих үүрэгтэй байхад дээрх үндэслэлээр И даргын тушаалаар батлагдсан төсвийг гаргах үүрэг бүхий Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Н-д сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ************, ************ албан шаардлагад Өмнөх албан шаардлагын сурагчийн 7.003.939,74 төгрөгийн авлагыг шүүх, хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн Канад улсанд нягтлан бодогчоор сурагчийн 121.951.949.18 төгрөг, АНУ болон Авсрали улсад суралцуулахаар нэр бүхий оюутны төлбөрт 410.455.057,80 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, үр ашиггүй зардал гаргасан тул холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ноогдуулахыг Үндэсний аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Сурагчийн 7.003.939,74 төгрөгийн авлагыг шүүх хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй гэдэгт миний бие гэрээ цуцалсантай холбоотой үүссэн санхүүгийн авлагыг буцаан гаргуулахаар хууль, эрх зүйн дүрмийн боловсролын газарт мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Сургалтын төлбөр олгох асуудал болон Сургалтын гэрээний хугацаа сунгахад И газрын даргын тушаалаар сунгах, Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах үүргийг И газрын Сургалтын асуудал хариуцсан байнгын зөвлөл хариуцах, И газрын зардлаар гадаадад суралцагчтай байгуулах сургалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Захиргаа удирдлагын газар хариуцдаг. Сургалтын төлбөр олгох асуудлыг И газрын даргын тушаалаар Ч.Н нь сургалтын төлбөрийг олгодог байсан бөгөөд Ч.Н нь дээрх төлбөрийг зохих дүрэм журмын дагуу Ерөнхий газрын даргын зөвшөөрлөөр санхүүжүүлсэн, бие даасан шийдвэр гаргаагүй болно. Ч.Н нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр И газрын маргаан таслах комисст гомдол гаргасныг маргаан таслах комиссоор 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцээд талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тул арга хэмжээг дуусгавар болгосон тул 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр комиссын хуралдааны тэмдэглэлийг хүлээн аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч харилцан тохиролцоогүй учир ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болгосны тэмдэглэлийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд И газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаартай Ч.Н-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар эргүүлэн томилж, цалингийн зөрүү 20.576.666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч И газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Үндэсний аудитын газрын дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй тул энэхүү актыг үндэслэн И газрын даргын гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байна. Санхүүгийн тайлан, балансаа бүрэн хөтлөөд түүндээ өр авлагаа зөв бүртгэж, үүний дагуу авлагаа барагдуулахаар ажиллаж байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Санхүүгийн аль ч нэгж нь өр, авлагаа барагдуулахаар санал, санаачилга гаргаж байгаагүй. Төсвөө хэмнэх, үр ашигтай зарцуулах талаар бодож байгаагүй. Үүнээс болж акт тавигдсан. Ү ХХК-ийн 2019 оноос хойш үүссэн өр төлбөрийн асуудал нэхэмжлэгчийн ажиллаж байсан үетэй мөн л хамааралтай. Бид Ч.Н-ийн албан тушаалыг бууруулсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг энд ярихгүй ба ажил хөдөлмөрөө эрхэлж байгаа тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох гэсэн ойлголт мөн байж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Б.С-д олгосон итгэмжлэл, ****** дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Зам тээвэр хөгжлийн яамны сайд Л.Х-т бичсэн гомдлын хуулбар, И газрын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, зэргийг ирүүлсэн.

4. Хариуцагч талаас Б.Х-д олгосон итгэмжлэл, И газраас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн гомдол, мэдээллийн хуулбар, тус газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаар тушаалын хуулбар, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний загвар зэргийг ирүүлсэн.

5. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах баримт бүрдсэн. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тусгай архиваас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ****** дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ************ дүгээр тогтоол, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ************ дугаар захирамж, хариуцагч И газраас ирүүлсэн тус газрын ****** дугаартай сургалтын гэрээ, ***** дугаартай барьцааны гэрээ, *****дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, ***** дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, ******* дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Б.А-тай байгуулсан гурван талт гэрээ, Э.М-тэй байгуулсан барьцааны гэрээ,****** дугаартай сургалтын гэрээ, С.О-той байгуулсан сургалтын гэрээ болон барьцааны гэрээ, албан тушаалын тодорхойлолт, И газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаал, мөн даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаар тушаал, Нисэх буудлын удирдах газар болон М А ХХК-ийн хооронд байгуулагдсан байр талбайн түрээсийн гэрээ, тухайн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн хуулбарууд, И газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар, мөн даргын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаар, мөн даргын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар, мөн даргын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр, мөн даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тушаалын хуулбарууд, Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ************, *********** дугаар бүхий албан шаардлагууд, И газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газраас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хууль, эрх зүйн дүрмийн боловсруулалтын газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, хавсралтын хамт, И газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ***** дугаар тушаалын хуулбар, суралцагч Б.А-той байгуулсан сургалтын гэрээний хуулбар, төлбөрийн даалгавар, хөдөлмөрийн дотоод журам зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч И газарт холбогдох сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ба цалин хөлсний зөрүүд нэхэмжилсэн 20.576.666 төгрөгөөс 7.987.410 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэгч Ч.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч И газарт Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан байх ба 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Үндэсний аудитын газрын *******, ******** дугаар бүхий албан шаардлагуудыг үндэслэн хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулжээ.

Тодруулбал, Үндэсний аудитын газрын ******** тоот албан шаардлагад И газрыг өмнөх оны аудитаар өгсөн албан шаардлагын дагуу нэг суралцагчийн 7.003.939,7 төгрөгийн авлагыг шүүх, хяналтын байгууллагад дахин хандаж шийдвэрлүүлээгүй, мөн оны албан шаардлагаас хэрэгжээгүй Канад улсад нягтлан бодогчоор суралцагчийн 121.951.949,18 төгрөг, АНУ болон Австрали улсад суралцуулахаар нэр бүхий хоёр оюутны төлбөрт 410.455.057,8 төгрөг төлсөн боловч 3 удаагийн сунгалт хийж, гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй, үр ашиггүй зардал зарцуулсан. ...Үүний дагуу гадаад сургалтын авлагыг барагдуулж ажиллах, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох журамд сунгалтын талаар нэмэлт өөрчлөлт оруулах, зөрчил гаргасан буруутай албан тушаалтанд хуульд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж, албан шаардлагын биелэлтийг ирүүлэхийг даргад даалгасан.

Түүнчлэн тус газрын *********** тоот албан шаардлагад Ү  ХХК-тай холбоотой ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүйтэй холбоотой байх бөгөөд энэхүү гэрээний үүргийн биелэлтийг хангуулаагүй зөрчил гаргасан буруутай албан тушаалтад хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж албан шаардлагын биелэлтийг ирүүлэхийг И газрын даргад даалгажээ.

Дээрх албан шаардлагын агуулгаас үзэхэд И газрын яг ямар албан тушаалтанд, ямар сахилгын арга авахыг тусгайлан заагаагүй, харин дотооддоо энэ асуудлыг шийдвэрлээд хариугаа ирүүлэхийг шаардсан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Н-д уг албан шаардлагыг үндэслэн И газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа хэтэрхий ерөнхийлсөн, үндэслэл муутай, үндэслэл бүрээ нотлоогүй, мөн сахилгын шийтгэл хүлээлгэх гэж буйгаа урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй зэрэг зөрчил гаргасан байх тул тухайн тушаалыг шүүх хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Жишээлбэл, тушаалд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, журам, зааврыг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, ажил гүйлгээг цаг тухай бүрт нь санхүүгийн тайланд үнэн зөв тусгах үүргээ биелүүлээгүй гэх бөгөөд хэрэгт энэ талаарх баримт ирээгүй буюу нэхэмжлэгч нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн ямар хууль, тогтоомжийн, ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, хариуцагч үүнийгээ нотлоогүй.

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй гэх боловч үүнийг зөвхөн нэхэмжлэгч дангаар шийдвэрлэх асуудал биш бөгөөд хэрэв төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол эрүүгийн, зөрчлийн шинжтэй эсэхийг холбогдох хууль, журмын дагуу шалгуулах шаардлагатай.

Батлагдсан төсвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу үйл ажиллагааг явуулж, өр авлагыг үүсгэхгүй ажиллах үүргээ биелүүлээгүй гэх боловч хэрэгт И газрын батлагдсан төсөв гэх баримт ирээгүй, тухайн төсвийг яаж дүрэм, зааврын бусаар зарцуулсан гэдгээ хариуцагч нотлоогүй, өр авлага үүсгэхгүй ажиллах үүрэг нь И газрын үүрэг бөгөөд дан ганц нэхэмжлэгчийн үүрэг биш байна.

Санхүүгийн нэгтгэсэн тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон, сайжруулах арга хэмжээ авч, ажиллах үүргээ биелүүлээгүйгээс Үндэсний аудитын газрын шалгалтаар зөрчил илэрч, албан шаардлага ирсэн гэх боловч мөн тодорхой биш, хэтэрхий ерөнхийлсөн агуулгатай, нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, түүнийгээ хариуцагч нотлоогүй, нөгөө талаар, аудитаас шаардлага ирүүлсэн нь зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй болох нь тухайн албан шаардлагаас тодорхой харагдана.

4. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд түүнийн хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана.

Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гээд, мөн зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэжээ.

Мөн И газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.5-д Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэн тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ журмын 4.1-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл оногдуулахад ажилтны гэм буруутай үйлдэл байх, тухайн шийтгэлийг оногдуулахаас өмнө ажил олгогч нь ажилтанд заавал мэдэгдэх ажиллагаа хийх, түүнээс тайлбар мэдүүлэг авах, улмаар түүнд тохирсон сахилгын шийтгэлийг хүлээлгэх ёстой байна.

Гэтэл Ч.Н-д 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээлгэх гэж буйгаа мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.

5. Хариуцагч И газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Нэхэмжлэгчийг ажлаас халаагүй, харин өөр ажилд шилжүүлсэн тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох гэх ойлголт байхгүй хэмээн маргасан.

Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарах бөгөөд тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Ч.Н-г урьд эрхэлж байсан И газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын ажил тушаалд эгүүлэн тогтооно.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Гэхдээ үүнд нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан тул цалингийн зөрүү буюу дутуу авсан цалин, хөлсний хэмжээ тооцогдох бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үеэр 20.576.666 төгрөгийн дутуу цалин авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар тооцоход нэхэмжлэгч Ч.Н нь И газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 1 дүгээр сард 3.353.970 төгрөг, 2022 оны 2 дугаар сард 4.260.915 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 4.335.915 төгрөг, нийт 11.950.800 төгрөгийг авсан уг дүнг 3 сард хуваахад нэг сард дунджаар 3.983.600 төгрөгөөр цалинжиж байсан.

Харин И төвд бүтэн ажиллаж авсан 3 сар буюу 2023 оны 7 дугаар сард 3.479.500 төгрөг, 2023 оны 8 дугаар сард 3.665.522 төгрөг, 2023 оны 9 дүгээр сард 3.544.608 төгрөг, нийт 10.689.630 төгрөгийг авсан байх ба уг дүнг 3 сард хуваахад нэг сард дунджаар 3.563.210 төгрөгөөр цалинжсан.

3.983.600 төгрөг болон 3.563.210 төгрөгийг зөрүү 420.390 төгрөгөөр Ч.Н-ийн хөдөлмөрийн хөлс буурсан байх ба түүний ажлаа гүйцэтгэж чадаагүй 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны 19 сараар тооцоход 7.987.410 төгрөгийг хариуцагч И газраас гаргуулж нэхэмжлэгч Ч.Н д олгож, харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.589.256 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

7. Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Ч.Н-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ.

8. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч И н газарт даалгаж шийдвэрлэлээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч И газраас урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.987.410 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 142.749 төгрөг, нийт 212.949 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Т сангийн ********* тоот дансанд оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар И газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ***** дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Н-г тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч И н газраас дутуу авсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.987.410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.589.256 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд дахь 7.987.410 төгрөгийн хэмжээнд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч И газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Н улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч И н газраас 212.949 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Т сангийн ********** тоот дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА