Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/04037

 

 

 

 

 

 

 

 

 

                               2022         12            13

                               184/ШШ2022/04037

              

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ********************** ХХК-ийн байр хаягт байрлах, “************” ХХК /РД:***************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************************** тоот хаягт оршин суух, ************** овогт ************* ************ /РД:****************/-д холбогдох,

 

Байгууллагад учруулсан хохиролд 2,671,148 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагч Э.************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлдээ:

“...Хариуцагч нь манай байгууллагатай 2017 оны 11 дүгээр сараас хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгч албан тушаалтай ажиллаж байх явцдаа ажлын хариуцлага алдаж манай байгууллагад 2019 оны  03 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 3,791,629 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс хойш 1,120,481 төгрөгийг төлсөн боловч одоог хүртэл үлдэгдэл 2,671,148 төгрөгийг төлөөгүй байна. Тухайн төлбөрийг 2019 ондоо багтаан төлж барагдуулна гэсэн бөгөөд тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй байна. Манай зүгээс тухайн төлбөрийг яаралтай төлж барагдуулах асуудлаар Э.************тай холбогдон шаардаж байсан боловч төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас 2,671,148 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тэрээр хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ жолооч хариуцдаг байсан, санхүүд шууд тушаадаг гэх хэдий ч ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд худалдааны менежерийн хийх ажил үүрэгт орлогыг шууд хариуцах ажилтан болно. Санхүүгийн анхан шатны баримтуудыг шүүхээс шаардсан боловч манайх гаргаж өгөх боломжгүй, тухайн баримтууд олдохгүй байгаа. Өөрийнх нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт байгаа. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх талаар гэрээндээ ч тодорхой заасан” гэжээ.  

 

2. Хариуцагч Э.************ас тайлбартаа:

“...Хувьдаа завшсан асуудал байхгүй. Өглөг авлага ажиллах явцад гардаг байсан нь үнэн, ажлаасаа чөлөөлөгдөхдөө хаанаас авлагатай, хэн өглөгтэй болохыг бүгдийг хэлээд тайлбарлаад явсан. Тухайн үед 3,700,000 төгрөгийн авлага үүссэн гэдэг ч надад баримтыг танилцуулаагүй. Тооцоо нийлсэн баримтад миний мэдэхээр 2,000,000  гаруй төгрөг байсан. Дараагийн хүнд ажил хүлээлгэж өгсөн баримтад миний гарын үсэг огт зурагдаагүй. “************” ХХК-ийн зүгээс хэдэн залуу миний шинэ ажлын байрны гадаа ирж 2, 3 өдөр дарамтлах маягтай болсон. Гарын үсэг зурж бичиг хийж өгөхгүй бол шинэ даргатай чинь уулзана гэх зэргээр сүрдүүлээд байсан. Би тухайн үед уг төлбөрийг төлж барагдуулна гэж бичсэн болохоос өөрөө төлнө гэж бичсэн зүйл байхгүй.

Уг нь санхүүгийн анхан шатны баримтууд буюу падаанууд байсан бол миний татгалзлыг батлах байсан, тэр баримтууд дээр нь бүгдийг би тэмдэглэдэг байсан юм. Өглөгтэй дэлгүүрүүд нь өглөгөө өгсөн харагдаж байна, үнийн дүнгээс хасагдсан байна, миний зүгээс ямарваа төлбөр мөнгө төлсөн удаа байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1 Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхийн хуулбар, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээнүүд, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Чиглэл-11 2019.03.31-ний тооцоо нийлэлтээр худалдааны төлөөлөгч, түгээгч жолоочруу үүсгэх авлага, ******** өргөдөл, Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, Ажил, албан тушаалын тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээ, Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан.

 

3.2 Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт. Үүнд: “************” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22/201 дугаар албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч Э.************д холбогдуулан гаргасан 2,671,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Талуудаас  нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ:

2.1. Хариуцагч Э.************ нь хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгч албан тушаалтай ажиллах явцдаа ажлын хариуцлага алдаж тооцоо нийлсэн баримтаар 3,791,629 төгрөгийн хохирол учруулсан, ажил үүргийн хуваарийн дагуу бараа нийлүүлэлт, төлбөр тооцоог хянаж ажиллах ёстой, энэ үүргээ биелүүлээгүй, хувьдаа завшсан гэж үздэг. Одоо үлдэгдэл 2,671,148 төгрөгийг гаргуулна гэж,

 

2.2. Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, ажлаас чөлөөлөгдөхдөө тооцоо нийлсэн, 2 сая гаруй төгрөгийн тооцоо байсан, хаанаас хэнээс авах авлага, өглөгийг хэлээд явсан, би хариуцах учиргүй, мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй. Жолооч нар шууд санхүүтэй тооцоо хийдэг байсан, сүүлд компаниас 2 хүн ирж дарамталж байгаад баримтад гарын үсэг зуруулсан гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

3. Хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан талуудаас гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, мэдүүлгийг судлахад

 

3.1. Нэхэмжлэгч талаас ...Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу байгууллагад учруулсан хохирлыг шаардаж байгаа, өөрөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн гэх шаардлага, үндэслэлээ:

 

3.1.1. “...Тайлант үе 2019/04/01-2019/05/31, Харилцагч ************* ************, 1202-00-000-008 ажилчин албан хаагчдаас авах авлага, дебет 3,625,981, кредит 472,375, үлдэгдэл 3,132,476, танилцсан санхүү эрхэлсэн дэд захирал *************, борлуулалтын менежер *************, тооцооны нягтлан бодогч ************* /гарын үсэг зурагдсан/, худалдааны төлөөлөгч Э.************ /гарын үсэг зурагдаагүй/” гэх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримт,

 

3.1.2. “...1-26 дугаар бүхий харилцагч, сүү тараг, зайрмагийн үлдэгдэл, үүссэн огноо, дүн, зөвшөөрөөгүй, алга болсон, түрээслэгч солигдсон, тооцоогүй, хаагдсан гэх тайлбарууд, ************ нийт сүү тарагны үлдэгдэл 3,695,029, зайрмагийн үлдэгдэл 96,600, дүн 3,791,629, хүлээн зөвшөөрсөн Э.************ худалдааны төлөөлөгч, ************** түгээгч жолооч, *************** борлуулалтын менежер /гарын үсэг зурагдсан/” гэх чиглэл-11 2019.03.31-ний тооцоо нийлэлтээр худалдааны төлөөлөгч түгээгч жолооч руу үүсгэх авлагын баримт,

 

3.1.3. “...************ миний бие 2019 оны 3 сарын 30-нд ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Энэхүү хугацаанд харилцагч нарын найдваргүй болсон тооцоо буюу 3,791,629 төгрөг болох үлдэгдлийг хүлээн зөвшөөрч 2018 онд багтааж барагдуулж дуусгана, өргөдөл гаргасан Э.************, 2019.06.05” гэх ************ ХХК-ийн захиргаа, санхүү, хүний нөөцийн албанд гаргасан өргөдөл,

 

3.1.4. “...Нэг талаас захиргаа, хүний нөөцийн албаны дарга ************, нөгөө талаас *************** ************ нар гэрээ байгуулав, энэхүү гэрээгээр ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулна. 2017 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Албан тушаалын нэр-худалдааны төлөөлөгч, ажиллах хэсэг нэгж-борлуулалтын алба” гэх хөдөлмөрийн гэрээ,

 

3.1.5. “...нэгжийн нэр борлуулалтын алба, албан тушаалын нэр худалдааны төлөөлөгч, албан тушаалыг шууд харьяалан удирдах албан тушаалтан борлуулалтын менежер, албаны дарга, албан тушаалын шууд харьяалан удирдах албан тушаал мерчиндайзер, жолооч, ачигч” гэх ажил, албан тушаалын тодорхойлолт,

 

3.1.6. “...ажилтан нь өөрийн хариуцаж байгаа эд хөрөнгийг бүрэн хариуцахаас гадна дараах тохиолдлуудад компанид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж зохих хариуцлагыг хүлээнэ” гэх гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт /эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай/ гэрээ,

 

3.1.7. Цалин хөлс, урамшуулалд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүд зэрэг баримтуудаар нотолно гэдэг.

 

3.2. Хариуцагч талаас татгалзлын үндэслэлээ ...ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үедээ тооцоо нийлж байхад 2 сая гаран төгрөг байсан, хэнээс хаанаас өглөг, авлагатайг тайлбарлаад ажлаа хүлээлгэж өгсөн, 3 сая төгрөгийн тооцоо байхгүй, татгалзлаа нотлох санхүүгийн баримтууд байгууллагад байгаа, шүүхэд гаргаж өгсөнгүй гэж тайлбарладаг.

 

4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, ажил олгогч, ажилтан нар хуульд заасны дагуу эд хөрөнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч буюу ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу байгууллагад хохирол учруулсан бол ажил олгогч буюу нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт/ тухайн хохирлыг шаардах эрхтэй. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч талаас ...хариуцагч худалдааны төлөөлөгч албан тушаалд ажиллаж байхдаа манай байгууллагад 3,791,629 төгрөгийн хохирол учруулсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг ба хариуцагч талаас ...албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заасан эд хөрөнгө хариуцах үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгдөг.

 

Энэ нь дээр дурдсан хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, тооцоо нийлсэн авлагын баримт, авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр нотлогдох ба мөн тооцоо нийлсэн авлагын баримтад хүлээн зөвшөөрч баримтад гарын үсэг зурсан байдал, ************ ХХК-ийн захиргаа, санхүү, хүний нөөцийн албанд өргөдөл гаргасан үйл баримтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй болох нь тогтоогддог.

 

6. Хэдийгээр хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд мөн ч гэсэн тэрээр ...3,791,629 төгрөгийн хохирол учруулаагүй, тухайн үед 2 сая гаран төгрөгийн тооцоо нийлж байсан, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг. Нэхэмжлэгч талаас ...3,791,629 төгрөгийн хохирлоос 1,120,481 төгрөгийн хохирол төлөгдсөн, одоо 2,671,148 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тул үүнийг нэхэмжилнэ гэдэг.

 

Нэхэмжлэгч буюу ажил олгогч хөдөлмөрийн харилцаан дах гэрээний үүрэг хохирол шаарддаг, хариуцагч буюу ажилтан татгалзлаа нотлох холбогдох баримтууд байгууллагад байгаа тул нотлох боломжгүй гэдэг. Нотлох үүргийн дарааллын хувьд нэхэмжлэгч тал шаардлага нотолно, түүнийг хариуцагч тал үгүйсгэх учиртай. Энэ зарчмын хүрээнд нэхэмжлэгч тал 2,671,148 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг нотолно.

 

Дээрх нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэгч талаас ...сүүлд өгсөн баримт болох “Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан”-г манай байгууллагын санхүүгээс тамга тэмдэгтэй, тухайн үед үйлдэгдсэн эх баримт гэж гаргаж өгсөн, үүгээр 2,671,148 төгрөгийн үлдэгдэл тогтоогдоно гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр өгдөг.

 

7. Хэрэгт авагдсан “Өглөг, авлагын тайлан” /хх 48-50/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан эх хувь байх нотлох баримтын хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Мөн тайланд улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүн шивэгдсэн байгаа нь тухайн үед үйлдэгдсэн гэх тайлбарт нийцээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн санхүүгийн эх баримтад үндэслэгдсэн эсэхийг нотлоогүй болно.

 

Түүнчлэн санхүүгийн эх баримтыг шүүхэд ирүүлэх тухай шүүгчийн захирамж биелэгдээгүй буюу нэхэмжлэгч тал тухайн баримтуудыг архивт байхгүй үндэслэлээр гаргаж өгөх боломжгүй гэж 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 22/201 дугаартай албан бичгээр хариу өгсөн байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 11 дгээр зүйлийн 11.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална” гэж зааснаас үзэхэд хуулийн этгээд нь архивын нэгж үүсгэн бичиг баримтуудаа хадгалах үүрэгтэй байна.  

 

8. Дээрх үүргийн хүрээнд нэхэмжлэгч нь санхүүгийн анхан шатны баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй үндэслэлээр, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эсэхэд эргэлзээ үүссэн үндэслэлээр шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т  заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжилж буй төлбөр тооцоо буюу үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч А.************д холбогдуулан гаргасан хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэж байхдаа байгууллагад учруулсан хохирол 2,671,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн /хуучин/ 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “************” ХХК-иас хариуцагч Э.************д холбогдуулан гаргасан 2,671,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 57,689 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ