Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/960

 

 

 

 

 

 

   2021            11              11                                       2021/ДШМ/960

                                                       

О.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

цагаатгагдсан этгээд О.М-ын өмгөөлөгч Д.Цэнгэлмаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/584 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ганхөлөгийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.М-т холбогдох 1911014421305 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М-,  

            О.М- нь “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл хугацаанд зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн Б.Б-гийн /1 нас 8 сартай/ эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа мэс заслын дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-гийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр олон эрхтний дутагдлаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-т Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.М-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

            Прокурор Г.Ганхөлөг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “... “эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг...” ойлгохоор хуульчилсан бөгөөд амь хохирогч Б.Б-гийн хувьд мэс заслын дараах эмчлэх үйл ажиллагааг түлэнхийн тасгийн их эмч, шүүгдэгч О.М- хариуцаж байсан байх бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үзлэг, оношилгоо, хүүхдийн биеийн байдалд үнэлэлт дүгнэлт хийгдэх шаардлагатай байсан боловч 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс үзлэг хийгдэж “ ...боолт солих...” эмчилгээ хийгдэж үзлэгийн тэмдэглэл хөтлөгдөж эхэлсэн байдаг.

Дээрх “...боолт солих...” эмчилгээ болон өвчтөний өдөр тутмын үзлэгийн тэмдэглэлийг “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д ажиллах эрхгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, сайн дураар дадлага хийж байсан гэх Б.М-оор хийлгэдэг байсан бөгөөд түүний үйл ажиллагаанд амь хохирогчийн эмчлэгч эмч О.М- нь хяналт тавьж ажиллаагүй, мөн Б.Б-гийн биеийн байдал 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр муудаж, халуурч эхэлсэн байхад дадлагажигч Б.М- нь үзлэг хийгээд өвчний түүхэнд /2 х.х-ийн 125-167/ “...хүүхдийн биеийн байдал хэвийн...” гэж тэмдэглэл хийсэн байхад тэмдэглэлтэй танилцаж үнэлгээ хийгээгүй. 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр өвчтөн мэс заслын дараа хэвтэн эмчлүүлсэн байхад 5 дугаар сарын 10-ны өдөр бактериологийн шинжилгээг өвчтөнд хийлгэсэн нь өвчтөнийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажиллагаа хугацаа алдаж авагдсан, мөн 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр жижүүр эмч болох Ч.У- нь хүүхдийн биед үнэлэлт хийж, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хордлого тайлах, антибиотикийн эмчилгээ хийсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч О.М- нь мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг, үнэлгээ оношилгоо хийж, амь хохирогчид шаардлагатай эмчилгээг яаралтай эхлүүлээгүй буюу түүний дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-д заасан “...Эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-д зааснаас бусад тохиолдолд тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй...” гэх заалтыг ноцтой зөрчсөн буюу Б.Б-гийн мэс заслын дараах шарх идээлж үрэвсэхэд бүрэн нөлөөлж амь нас нь хохирсон гэж үзэхээр байна. Шүүхээс хэрэгт авагдсан бичиг баримтуудаар Б.Б-д 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 14-ний хооронд мэс заслын дараах эмчилгээ, үйлчилгээ хийгдэж байсан гэж дүгнэсэн байх боловч дээрх эмчилгээ, үйлчилгээг Б.Б-г хариуцсан эмчлэгч эмч бус тус эмнэлгийн бусад эмнэлгийн мэргэжилтнүүд хүүхдийн биеийн байдал хүндэрснээс хойш үзүүлж байсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Б.Б-гийн мэс заслын дараах эмчилгээг би хариуцаж байгаагүй, өвчний түүхэнд бичилт хийгээгүй, эмч Б.М- эмчилж байсан. Б.Б-гийн өвчний түүх дээр санаандгүй гарын үсгээ зурсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            гэрч Д.Ц-гийн: “...О.М- эмч гурван удаа л хүүхдийг маань үзсэн. Хүүхдийг халуурахаас 2 хоногийн өмнө, мөн халуурсан өдөр нь, сэхээн амьдруулах тасагт шилжихийн урд өдөр нь гээд гурван удаа үзлэг хийж байсан. Талийгаачийн биеийн байдал нас барахаас 4 хоногийн өмнө боолт хийгдсэний дараа сонин болчихсон, бие нь сульдчихсан гарч ирсэн ба тэр өдрөө хоол идэхгүй, халуураад эхэлсэн юм. Тэр халуурсан өдөр л шинжилгээ авснаас урьд нь шинжилгээ авч байгаагүй...”,

            гэрч О.М-ын “...Надад өвчтөний түүх дээр бичилт хийх эрх байхгүй. О.М- эмч бичилт хий гэсэн болохоор бичилт хийгээд явдаг байсан. Би 2019 оны 5 дугаар сарын 8, 10-ны өдрийн үзлэгийг би ганцаараа хийсэн тухайн үед хагалгаанд орсон байсан байх завгүй болоод би үзлэг хийсэн...”,

            гэрч Ч.У-ын “...2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө хүүхдийн биед халдвар, нян бактери устгах болон урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээ хийгдээгүй байсан...”,

            шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Мэс заслаас хойш үзлэг шинжилгээг тухайн хүүхдийн биеийн байдлаас хамааран үнэлэлт дүгнэлт өгч, тухай бүрт нь үзлэг шинжилгээ хийж байх байсан. Хагалгаа хийснээс хойш тухайн өвчтөнийг өвчин болон биеийн байдлыг үнэлээгүй..." гэх мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байхад шүүгдэгч О.М-ыг эмнэлгийн тусламж, үйлчилгээг хууль, дүрэм журам, стандартын дагуу үзүүлсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ...” гэж заасныг баримтлаагүй байна.

            2. Шүүхийн цагаатгах тогтоолд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-ийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай дүгнэлтээс үзэхэд “Б.Б-гийн биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. Мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг хийж, хяналт тавьж, эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. Мэс заслын дараа үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна. Мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна.” /1хх 112-116/ гэсэн дүгнэлт гаргасан нь эмч О.М-ыг яллах үндэслэл болсон боловч эмчлэгч эмчийг шууд буруутгах үндэслэл болохгүй гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлохын тулд хохирогч нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээр хангагдсан эсэх, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоох нь мөрдөн шалгах ажиллагааны нотолбол зохих байдалд зайлшгүй хамаарах бөгөөд дээрх байдлыг тусгай мэдлэг бүхий шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулж, улмаар шинжээчийн дүгнэлт хэргийн голлох нотлох баримтаар үнэлэгддэг ач холбогдолтой ба энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ...” гэж хуульчилсан. Шинжээчийн дүгнэлтээр “...Мэс заслын дараа өвчтөнд байнгын бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан...” гэж амь хохирогчийн үхлийн шалтгаан болон шүүгдэгч О.М-ын гэм буруугийн нөхцөл байдлыг үндэслэл бүхий дүгнэсэн байхад шүүхийн тогтоолд “...дүгнэлтэд мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой гэсэн нь эмчлэгч эмчийг шууд буруутгах үндэслэл болохгүй...” гэж товчхон тусгаад шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлээгүй нь шүүхээс шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр баримтлаагүй талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй гэж үзэхээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шинжээчийн  дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасантай тус тус нийцээгүй байна.

            3. Шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болгосон “...мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэл, тариураар дамжин үүссэн байх боломжтой...” гэх заалт нь Б.Б-д мэс заслын дараах эмчилгээний явцад эмнэлгийн орчинд биед нь халдвар тархсанаас шарх нь идээлж үрэвсэл үүсгэж, уг халдвар нь багаж хэрэгсэл, тариураар дамжин амь хохирогчийн биед халдсан болохыг тогтоосон заалт юм. Хэргийн материалыг хянахад, бага насны Б.Б-д мэс заслын дараа 2021 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл хугацаанд буюу Б.Б-гийн биеийн байдал хүндрэх хүртэл эмчилгээг их эмч О.М- хариуцан ажиллаж, амь хохирогчид “...боолт солих...”-с өөр эмчилгээ хийгдээгүй болох нь өвчтөний үзлэгийн тэмдэглэл /2хх 125-167/ болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн “...О.М- эмч эхлээд боолтод авч ороод дараа нь Б.М- эмч ганцаараа боолтыг нь сольсон...”,

            гэрч Д.Ц-гийн “...талийгаачийн биеийн байдал нас барахаас 4 хоногийн өмнө боолт хийгдсэний дараа сонин болчихсон, бие нь сульдчихсан гарч ирсэн ба тэр өдрөө хоол идэхгүй, халуураад эхэлсэн юм. ...”,

            шинжээч эмч С.Одончимэгийн “...халдвараас үүдэлтэйгээр үзлэг шинжилгээ хийгдээгүй, хугацаа алдсан учир үжил халдвараар нас барсан юм... Халдвар авахад эмнэлгийн орчин болон эмч үзлэгээ бүрэн дүүрэн хийгээгүйгээс халдвар жигдэрч нас барсан. ...” гэх мэдүүлгүүдээр нотлогддог.

            Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д “...“эмнэлгийн багаж” гэж хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сувилах, сэргээн засах, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэх зүйл...” гэж заасан байх бөгөөд Б.Б-д хийгдэж байсан “...боолт солих...” эмчилгээ нь эмнэлгийн багаж хэрэгсэлд хамаарах буюу уг багаж хэрэгслээр өвчтөнд халдвар дамжин тархсан байх бүрэн боломжтой юм. Мөн шүүгдэгч О.М- нь амь хохирогчийн эмчлэгч эмчээр томилогдох үеэс эхлэн өвчтөний өвчнийг оношлох, эдгэрүүлэх, сэргээн засахаас гадна аливаа халдвар тархах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг бүрэн мөрдөж, биеийн байдалд нь тогтмол үнэлэлт дүгнэлт өгч, тухай бүрт нь үзлэг шинжилгээ хийн, эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх үүргийг Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн эмнэлгийн мэргэжилтэн байх боловч дээрх стандарт дүрэм журмыг үйл ажиллагаандаа зохих ёсоор мөрдөн ажиллаагүйгээс Б.Б-гийн мэс заслын дараах шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж олон эрхтний дутагдлаар нас барсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Гэм буруугүйд тооцох” зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, О.М-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд О.М-ын өмгөөлөгч Д.Цэнгэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Шүүгчийн захирамжид гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шалгаж тодруулах ажиллагаа байгааг зааж өгсөн байдаг. Гэтэл одоо болтол шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа огт хийгдээгүй. Уг асуудал тогтоогдоогүй байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох ёстой. Энэ хэрэгт 3 эмчийн асуудал яригддаг. Мэс заслын тэмдэглэлээс харахад Галбадрах эмч мэс заслыг ахалж хийсэн байдаг. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүл мэндийн байгууллагын стандартын дагуу мэс засал хийсэн эмч нь өвчтөнийг хаалгаар  орж ирэхээс эхлээд хаалгаар гарах хүртэл эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, хариуцлагыг хүлээх ёстой. Өвчний түүхэнд зарим өдөр Галбадрах, зарим өдөр М- эмч үзлэг хийсэн мэтээр бичсэн байгаа. Тухайн үзлэгийн тэмдэглэлийг М- гэх дадлагажигч эмч бичсэн гэдгээ хэлсэн. Хүний амь нас эрсдэх шалтгаан нь эдгээр 3 эмчийн үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой. О.М- холбоотой эсэхийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр ял халдаах ёстой. Түүний гэм бурууг нотолж байгаа баримтууд эргэлзээтэй учраас цагаатгах тогтоол гарсан нь үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхээс гаргасан цагаатгах тогтоол гаргах журам, заавартай тохируулан үндэслэлийг зөв бичсэн. Хагалгаа хийсэн эмч нь Галбадрах байхад мэс заслын тасагт ажилладаггүй, Сэхээний тасагт ажилладаг М- эмчийг гэм буруутай гэж яллаж байгааг ойлгохгүй байна. М- энэ хэрэгт ямар хамааралтай вэ гэдгийг тогтоох ёстой. Хэн нь эмчилгээний стандарт, дүрэм, журмыг зөрчсөн, хэн нь эмчлэх ёстой байсан бэ гэдгийг тогтоох ёстой. О.М-ыг 3 жилийн хугацаанд шалгасан. Прокурорын хариуцлагагүй үйл ажиллагаа их байгаа. Шинжээчийн дүгнэлтэд “эмчийн хариуцлагагүй үйл ажиллагаа нөлөөлсөн” гэсэн атлаа дараа нь “эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөс болж өвчин үүссэн байх боломжтой гэсэн байдаг. Үүнийг шалгаж, зөрүүтэй байдлыг мухарлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг нарийн тогтоож, вирусээс болсон эсэх, сувилагч нар уян зүүгээр тариа хийхдээ ариутгалын журмыг баримталсан эсэх, эмч нарын үйлдлээс болсон эсэхийг нарийн тогтоогоогүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд О.М-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос О.М-ыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэл хугацаанд “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”-д зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн Б.Б-гийн /1 нас 8 сар/ эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа мэс заслын дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Б.Б-гийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж, олон эрхтний дутагдлаар нас барсан гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна” гэснээс үзэхэд эмчлэгч эмчийг шууд буруутгах үндэслэл болохгүй...” хэмээн дүгнэж шүүгдэгч О.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас “...мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна. ...” гэх агуулга бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан О.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ

“...Б.Б-гийн биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. Б.Б-гийн биед зүүн гарын сорвижилтыг засах мэс заслын заалт байсан бөгөөд төлөвлөгөөт хагалгаа байна. Мэс заслын дараа өвчтөнд бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг хийж хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. ...Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт /1хх 112-116/,

шинжээч эмч С.Одончимэгийн “...уг халдвараас үүдэлтэйгээр үзлэг шинжилгээг бүрэн хийгдээгүй, хугацаа алдсан учир үжил халдвараар нас барсан. ...” /2хх 43/,

гэрчээр Д.Ц-гийн “...талийгаач хүүгийн маань эмчлэгч эмчээр М- эмч ажиллаж байсан. Гэхдээ хагалгаа хийгдсэний дараа Б.М- гэдэг эмч, танай эмч хагалгаатай, жижүүртэй намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үздэг байсан. М- эмч гурван удаа л хүүхдийг маань үзсэн. Яг хэдний өдрүүдэд үзсэн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хүүхдийг халуурахаас хоёр хоногийн өмнө, мөн халуурсан өдөр нь, сэхээн амьдруулах тасагт шилжихийн урд өдөр нь гээд гурван удаа үзлэг хийж байсан. ...Б.М- эмч өглөө болгон орж ирээд хүүхдийн биеийг чагнаж үзчихээд л гараад явдаг байсан. Би манай эмчлэгч эмч хаачсан юм бэ гэж асуухад хагалгаанд орчихсон, жижүүртэй байгаа намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үзээд явдаг байсан. ...” /1хх 81/, гэрчээр Б.М-ын “...Би ГССҮТ-ийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр суралцах гэж байгаа болохоор уг тасагт дадлагажигч эмчээр ажиллаж байсан. Б.Б- гэх 01 нас 08 сартай хүүхэд сорви суллаж бүрэн давхраат арьс шилжүүлэн суулгах хагалгаанд ороод тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Би энэ хүүхдэд М- эмчийн заавраар эмчилгээ хийхэд нь тусалж байсан. М- эмч өөрөө боолт хийх, өвчний түүх бичихэд туслаарай гэдэг байсан. ...Би талийгаачид бие дааж гардан эмчилгээ хийж байгаагүй. Харин талийгаачийн өвчний түүхэнд бичилт хийдэг байсан. М- эмчийн бич гэснийг бичдэг байсан. ...” /1хх 42-43/, гэрчээр Э.Галбадрахын “...би талийгаачид арьс нөхөх мэс засал хийсэн. Эмчлэгч эмч нь М- болохоор би мэс заслаас хагалгаанаас өөрөөр, үзлэг эмчилгээ хийгээгүй. Би Б.Б-д үзлэг эмчилгээ хийгээгүй болохоор энэ өвчний түүхэнд ямар нэгэн гарын үсэг зурж, тэмдэглэл бичлэг хийгээгүй. ...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ирэхэд урд өдөр нь түлэнхийн тасгийн ээлжид хоносон эмч У-, Б.Б-г халуураад биеийн байдал нь хүндэрч байна гэж танилцуулахаар нь би очиж үзэхэд хүүхэд халуурсан, зовуурь ихтэй, бие хавагнасан, биеийн байдал хүнд байхаар нь би У- эмчид, М- эмчдээ хэлээд сэхээний тасаг руугаа шилжүүлж аваад, эрчимт эмчилгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь хүүхэд эрчимт эмчилгээний тасагт шилжээд маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний орой нас барсан байсан. ...” /1хх 46-48, 82-83/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, О.М-т холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/584 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, О.М-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН