Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зукарын Гүлбарша |
Хэргийн индекс | 110/2023/0019/З |
Дугаар | 110/ШШ2023/0028/ |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 110/ШШ2023/0028/
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хаманы Зулхаш,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ж нарын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Т.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах“-аар маргасан байна.
2. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан ба тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгчээ.
3. Улмаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “ ... 1995-1996 онд ажилласан жилд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учир тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
4.1. Нэхэмжлэгч миний бие 1962 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, одоогийн байдлаар 60 нас 9 сартай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй даатгуулагч, өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж заасны дагуу 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 60 нас хүрсэн учраас өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн, өндөр насны тэтгэврийн насны болзлыг бүрэн хангаж байна.
4.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй байгаа билээ. Гэтэл миний хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2022/01017 дугаартай шийдвэрээр 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нийт 13 жил 3 сар уурын зуухны машинстээр ажилласан хугацаа, 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 3 жил цэргийн алба хаасан хугацааг ажилласан хугацаанд дүйцүүлэн шилжүүлбэл, 4 жил 6 сар, нийгмийн даатгалын баталгаажилтын хуудсаар 1997 оны 01 дүгээр сарын 01-ээс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 4 жилийн хугацааг нөхөн тооцуулсан тул миний ажилласан хугацаа 21 жил 9 сар болж байгаа тул ажилласан хугацааны болзлыг бүрэн хангасан болно.
4.3. Т.Х би, нэгэнт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг бүрэн хангаж байгаа тул 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг бүх баримт бичгийн хамт Алтанцөгц сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох комисст хандаж гаргасан юм. Гэтэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргасан боловч уг зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн байгаа.
4.4. 18 дугаартай тогтоолыг 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр суутгаж, тухайн сард багтаан нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлнэ” гэж заажээ. Хуулийн энэхүү зохицуулалт нь Т.Х надад хамааралгүй.
4.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хяналт тавих, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах эрхийг тус тус нийгмийн даатгалын байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтанд олгосон байна.
4.6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2022/01017 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд 1995, 1996 онуудад Т.Х миний ажилласан байдлыг шүүх тогтоосон байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар
5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээс дараах асуудлыг тогтоож өгөхийг хүсэж байгаа. Үүнд, өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөхийг хүсэж байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн шалтгаан нь нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол хангасан байдаг. Мөн нэхэмжлэгч нь амьдралын туршид галчаар хүнд нөхцөлд ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт гарах боломж нь нээлттэй байсан. Гэхдээ уг хугацаагаа хэтрүүлж хүсэлтээ гаргаж явж байгаа.
Иймд нэхэмжлэгч нэгэнт болзлыг 2022 хангасан, асуудал шийдэгдэхгүй 2023 он гарсан тул “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” тооцож, тогтоож өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
5.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийдвэрээр 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 13 жил 3 сарын хугацаанд уурын зуухны галчаар ажилласан байдлыг тогтоолгосон. Уг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хариуцагч байгууллага 1995, 1996 онуудад “нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх үндэслэлээр ажилласан жилээс нь хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилласан байдлыг тогтоосон байтал уг хугацааг улсад ажилласан хугацаанд тооцохгүйгээр хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй юм.
5.3. Нэхэмжлэгч нь 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 жил хугацаат цэргийн алба хаасан. Үүнийг одоогийн жишиг тогтолцоогоор 4 жил 6 сараар тооцож байна. Мөн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 4 жилийн хугацааг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгчийн ажилласан нийт хугацаа нь 21 жил 9 сар болж байгаа нь нотлогдон тогтоогдсон. Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан 19 жил 9 сар ажилласан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгөхийг даалгах гэж тодорхойлсон.
Гэтэл хариуцагчийн тайлбарласнаар болон 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 1962 оны 7 дугаар сард төрсөн болох нь тогтоогдож байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар 61 нас, 3 сар хүрч байж тэтгэвэр тогтоолгох болзлыг хангах юм байна.
5.4. Одоогийн байдлаар нэхэмжлэгч нь 60 нас 11 сартай. Нийгмийн даатгалын байгууллагын татгалзал болгож байгаа шүүхийн шийдвэрээр тогтоосон 1996, 1997 онуудын ажилласан байдлыг тогтоосон байхад дахин нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сарын хугацаагаар төлж байж тэтгэвэрт гарна гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн ажилласан жил нь бүрэн гүйцэт тогтоогдсон гэв.
6. Хариуцагчийн шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1. Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн Т.Х нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд, Т.Х 1983 оны 09 дүгээр сараас, 1996 оны 12 дугаар сарын 20-нийг дуусталх ажилласан хугацааг шүүхээр тогтоолгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ/ заасны дагуу энэ жил 21 жил 6 сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн төлсөн тохиолдолд өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас хүрээд тэтгэвэр тогтоолгохоор байна. Гэтэл иргэн Т.Хосылбайн 1995, 1996 онд нийгмийн даатгалын /тэтгэврийн даатгалын/ шимтгэл төлөөгүй.
6.2. Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж заасан.
Уг хуулийн заалтаар Т.Х 1983 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно. Харин 1995, 1996 оныг зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжтой. Иргэн Т.Х нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 61 нас 3 сар буюу 2023 оны 10 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр байна.
6.3. Нэхэмжлэгчийн ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, үүнд маргахгүй.
Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “1995 оноос ажилласан байхыг шаарддаггүй, харин шимтгэл төлсөн” байхыг шаарддаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалтаас “Даатгуулагч нийт 20-оос доогүй жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд нь маргаагүй, харин шимтгэл төлсөн хугацаанд нь маргаж байна. Нэхэмжлэгч нь шимтгэл төлсөн хугацаагаар 2023 оны 10 дугаар сард тэтгэвэр тогтоолгохоор байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан ““Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах“ шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 130/ШШ2022/01017 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Х 1983 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Социализмын зам” нэгдэлд уурын зуухны машинист /кочегарь/-аар, 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд уурын зуухны машинист /качегарь/-аар, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алтанцөгц сумын салбарт уурын зуухны машинстээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосон, энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3. Мөн нэхэмжлэгч нь хугацаат цэргийн албыг 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хаасан нь хэрэгт авагдсан Монгол Улсын батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5434 дүгээр “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-аар, 1997 оноос 2000 он дуустал “Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай” тэмдэглэлээр баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудсаар тус тус тогтоогдсон.
4. Дээрх тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн ажилласан болон тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцвол, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хугацаа 13 жил 3 сар 4 хоног, цэргийн алба хаасан 3 жилийн хугацааг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно” гэж заасны дагуу 4 жил 6 сар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан тул 1997-2000 оныг дуустал нэхэмжлэгчийн ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 4 жил, нийт 21 жил 9 сар 4 хоног байна гэж үзлээ.
5. Хариуцагчаас “... нэхэмжлэгчийн 1995, 1996 онуудад ажилласан байдлыг шүүхээс тогтоосон боловч эдгээр онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байхгүй, 1995 оноос хойш ажилласан жилийг шаардахгүй, харин шимтгэл төлсөн жилийг шаардах бөгөөд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т заасан 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангахгүй” үндэслэлээр нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.
6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “ Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 1-т “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тус тус заасан.
7. Хариуцагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж маргаж буй 1995, 1996 онуудад нэхэмжлэгч нь улсын төсвийн байгууллагад буюу Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алтанцөгц сумын салбарт уурын зуухны машинистээр ажилласан байсныг шүүхээс тогтоосон, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ ажил олгогч болох Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алтанцөгц сумын салбар биелүүлээгүй байх ба үүнд нэхэмжлэгчийг тухайн ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 1962 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 60 нас хүрсэн, түүний нийт ажилласан болон тэтгэврийн шимтгэл төлсөн хугацаа нь 21 жил 9 сар 4 хоног болох нь тогтоогдсон, энэ нь хуульд заасан “... 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй” гэх шаардлагыг хангаж байна.
8. Иймээс хариуцагчийн нэхэмжлэгчээс гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг “20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасантай тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
9. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж заасан ба нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг даатгагчид 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр зүйлийн 1, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Х өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША