Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1386

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01132 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдох

           

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 634 925 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Э” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 233 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүгүй зээлүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч зээлийн төлбөр төлж барагдуулаагүй бол 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс зээл эргэн төлөх хүртэл хугацаанд сар бүр 3.5 хувийн хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр талууд тохиролцсон. “Э” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр “ГТ” ХХК-д 200 000 000 төгрөг, “Э” ХХК-д 33 000 000 төгрөг шилжүүлэх хүсэлт гаргасан. Манай компани Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас авах буудайн төлбөрөөс суутгуулахаар Тариалан Эрхлэлтийг дэмжих санд 2012 оны 6 дугаар сарын 5, 10-ны өдрүүдэд албан бичигт дурдагдсан мөнгийг шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн. “Э” ХХК өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрт нэг ч төлбөр төлөөгүй.

Иймд үндсэн зээл 233 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 35 сарын зээлийн хүүгийн төлбөр 285 425 000 төгрөг, алдангид 116 500 000 төгрөг, нийт 634 925 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгэр сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш шүүхэд хандсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т хугацаа, 1.3-т зээлийн гэрээний хугацаанд төлбөр төлж барагдуулбал хүү тооцохгүй байхаар, гэрээний 1.4-д 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлбөр бүрэн төлж барагдуулаагүй бол хүү тооцохоор тус тус заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээ хугацаатай болохыг гэрээний 4.1, 4.1.1, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан 17 дугаартай албан бичиг зэргээр нотлогдоно.

Нэхэмжлэгч талд 2012 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөс зээлийн төлбөр шаардах эрх үүссэн, нэхэмжлэгч тал 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй болно. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн тогтоолд “талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна. “Э” ХХК зээл авч, захиран зарцуулсан эсэх, зээлийг өглөгтэй этгээд рүү шилжүүлэхийг хүссэн Л.Дүйнхэржав нь “Э” ХХК-ийн захирал мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хийж чадаагүй. Уг ажиллагааг хяналтын шатны шүүх хэрэгжүүлэх боломжгүй” тул хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. “Г” ХХК 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Э” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр 233 000 000 төгрөгийг зээлдүүлэх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө, эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан. Хэргийн 21 дүгээр талд авагдсан 17 дугаартай албан бичигт “Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржав нь “Э” ХХК-ийн бланк дээр зээлийн гэрээ байгуулагдахаас нэг өдрийн өмнө “Г" ХХК-ийн захирал Л.Чинбатад Тариалан Эрхлэлтийн дэмжих сан, “Г" ХХК-ийн хоорондын тооцооноос зээлийн 200 000 000 төгрөгийг “ГТ” ХХК-д 33 000 000 төгрөгийг “Э” ХХК-д шилжүүлж өгнө үү. Энэхүү зээлийн мөнгийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлнө, төлөөгүй бол өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ” гэж бичсэн нь Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирал асан Л.Дүйнхэржав сангаас мөнгө гаргаж, бусдад өр төлсөн нь нотлогдож байна. Уг мөнгийг “Э” ХХК авч, захиран зарцуулсан нь тогтоогддоггүй.

Нэхэмжлэгч тал “Э" ХХК-ийн дансанд 33 000 000 төгрөг орсон гэж маргадаг ч уг мөнгө компанийн дансанд ороод маргааш нь гарсан болох нь хэрэгт авагдсан банкны гүйлгээгээр нотлогдоно. Мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн “Г” ХХК-иас мөнгө гараагүй. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн К2 данснаас “ГТ” ХХК-д 200 000 000 төгрөг, “Э” ХХК-д нэг удаа 30 000 000 төгрөг, нэг удаа 3 000 000 төгрөгийг төлбөрийн даалгаврын үндсэн дээр шилжүүлсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 91, 92, 93 дугаар хуудсанд тус тус авагдсан. “Г” ХХК зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас “Э” ХХК-д төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна.

17 тоот албан бичигт гарын үсэг зурсан Л.Дүйнхэржав нь “Э” ХХК-ийг төлөөлөх эрхтэй, компанийн нэрийн өмнөөс эрх зүйн үр дагавар үүсгэж, үйл ажиллагаанд оролцох этгээд биш юм. “Э” ХХК 3 хувь нийлүүлэгчтэй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Энхбат болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдсан. Л.Дүйнхэржавыг “Э” ХХК-ийн захирлаар томилсон хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол байхгүй. Улсын бүртгэлд түүнийг захирлаар бүртгэсэн бүртгэл байхгүй учраас Л.Дүйнхэржав иргэний эрх зүйн харилцаанд “Э” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Талуудыг гэрээ байгуулах үед Л.Дүйнхэржав ХХААЯ-ны Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан. 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Л.Дүйнхэржав Тариалан Эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар томилогдож, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн болохыг Төрийн нарийн бичгийн дарга н.Баяртулга тодорхойлсныг нотариатаар гэрчлүүлж, хэрэгт авагдсан. “ГТ” ХХК-ийн захирал П.Ганпүрэв шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “уг мөнгийг “Э” ХХК-иас аваагүй, Л.Дүйнхэржаваас авлагатай байсан. Л.Дүйнхэржавыг дансаа өг гэхээр өгч, 200 000 000 төгрөг авсан. “Э” ХХК-д хамааралгүй, тус компанийг мэдэхгүй” гэжээ. “Э” ХХК, “Г” ХХК-иудын хооронд байгуулсан зээлийн гэрээг “Г” ХХК-ийг төлөөлж хэн, “Э” ХХК-ийг төлөөлж хэн гэрээ байгуулсан нь тогтоогддоггүй.

Зээлийн гэрээний эхний хуудсанд “Г” ХХК-ийг төлөөлж Н.Наранчимэг, нөгөө талаас “Э” ХХК-ийг төлөөлж захирал Г.Бат-Эрдэнэ гэх хүмүүс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасныг үндэслэж зээлийн гэрээ байгуулав. Гэрээний 3 дугаар хуудсанд зээлдүүлэгчийг төлөөлж Л.Чинбат, зээлдэгчийг төлөөлж Г.Бат-Эрдэнэ гэжээ. 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Бат-Эрдэнэ “Э” ХХК-ийн захирлаар бүртгэгдсэн. Компанийн дүрэмд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар шүүх улсын бүртгэлийн газраас Г.Бат-Эрдэнийг 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эсэхийг тодруулахад түүнийг өмнө компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг нотолсон баримт ирээгүй. Иймд Г.Бат-Эрдэнэ компанийг төлөөлөх эрхгүй этгээд байна. Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл хуульд заасан шаардлага хангаагүй тул итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Хуульд зааснаар итгэмжлэлд нягтлан бодогч гарын үсэг зурах ёстой. 2012 оны гэрээний нэг тал компанийг төлөөлөх эрхгүй этгээд байх тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч “Г” ХХК 233 000 000 төгрөгийг “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж үзвэл уг мөнгийг шилжүүлээгүй. “Г” ХХК-ийн данснаас хэзээ, хэдэн төгрөг “Э" ХХК-ийн дансанд орсон талаар ямар ч баримт байхгүй. Зээлийн гэрээ бодит байдлаар биелэгдээгүй. “Г” ХХК-иас зээл хүссэн 17 дугаартай албан бичигт “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Л.Дүйнхэржав гарын зурж, тамга дарсан нь гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох шалтгаан болно. Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас орж ирсэн 233 000 000 төгрөг “Г” ХХК-ийн мөнгө гэдгийг нотолсон баримт байхгүй нь зээлийн гэрээ биелэгдээгүйг нотолно.“Г” ХХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй болох нь хуулийн этгээдийн гэрчилгээгээр нотлогдоно.

“ГТ” ХХК-ийн захирал П.Ганпүрэв “Э” ХХК-тай төлбөрийн тооцоогүй, тус компанийг мэдэхгүй, анх удаа сонсож байна гэх шүүхэд өгсөн мэдүүлэг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан нь бодит үйлдлээр хийгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дах хэсэгт зааснаар 233 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд бодит үйлдлээ илэрхийлсэн ямар ч үйлдэл байхгүй, үйлдлээ нотолсон санхүүгийн баримтгүй. Талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүд гэрээ байгуулахад оролцсон.

Иймд талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хавтаст хэргийн 89, 90, 91 дүгээр талд ХХААЯ-аас “Э” ХХК руу 33 000 000 төгрөг “Г ан-Очир трейд” ХХК руу 200 000 000 төгрөг шилжүүлсэн баримт, 94, 95 дугаар хуудсанд “Г” ХХК-ийн Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө шилжүүлэхийг хүссэн хүсэлт, 103 дугаар талд “Э” ХХК-ийн Худалдаа хөгжпийн банкны 452561482 дугаартай дансанд Тариалан Эрхлэлтийг дэмжих сангаас 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, 178 дугаар талд “ГТ” ХХК-ийн дансанд 200 000 000 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр “Г” ХХК-иас “Э” ХХК руу мөнгө шилжүүлсэнийг нотолно. Хариуцагч тал Л.Дүйнхэржавыг “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байж. албан бичигт гарын үсэг зурсан гэжээ. Л.Дүйнхэржавын гарын үсэг зурсан албан бичгээр “Г” ХХК мөнгө шилжүүлээгүй. “Э” ХХК-ийн бланк бүхий цаасан дээр “Э” ХХК-ийн тамга дарагдсан албан бичиг ирсэн. Уг албан бичгийг үндэслэж “Г" ХХК зээлийн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлсэн. Компанийн албан бланк, тамга тэмдэг нууцын зэрэгт байдаг. Иймд “Э" ХХК-ийн “Г" ХХК-д явуулсан албан бичгийг хүчин төгөлдөр гэж үзээд зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн. Хэргийн 107 дугаар хуудсанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон ч Л.Дүйнхэржав “Э” ХХК-ийг удирдан зохион байгуулж байсан гэх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хариуцагч тал “Г” ХХК-ийг зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлалаа. “Г” ХХК-ийг зээлийн гэрээ байгуулж, хүү, алданги авч болохгүй гэх хуульд заасан хориг байхгүй. “Г” ХХК хуулиар олгосон эрхийнхээ дагуу зээлийн гэрээ байгуулж, гэрээний төлбөр шаардсан. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн албан ёсны хүсэлтийн дагуу бусдаар үүрэг гүйцэтгүүлсэн учраас зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардах эрхтэй, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 49 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585 425 000 төгрөг гаргуулахыг хэсгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Г” ХХК-д холбогдох 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн хариуцагч “Э" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 490 525 төгрөгийн 3 332 575 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 332 464 төгрөгийн 1 322 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 009 514 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид тус тус олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 405 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзол, П.У нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2012 оны 6 дугаар сарын 5-ны өөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг “Э” ХХК-ийн заасан этгээд болох “ГТ” ХХК руу шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Энэ нь 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Э” ХХК-ийн тамгатай 17 дугаар албан бичиг, “Э” ХХК-иас Г.Бат-Эрдэнэд 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр олгосон А-12 тоот итгэмжлэл, компанийн буудайн төлбөрөөс “Э” ХХК-ийн өмнөөс “ГТ” ХХК-д 200 000 000 төгрөг шилжүүлүүлэх тухай Тариалан эрхлэлтийг дэмжих санд “Г” ХХК-иас өгсөн 15 тоот албан бичиг, Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансны гүйлгээний хуулгууд зэрэг баримтаар тогтоогдож байгаа.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дах хэсэгт заасны дагуу “Э” ХХК-ийн тамга дарагдсан “Э” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаартай албан бичигт заасан үүргийн гүйцэтгэлийг “Г” ХХК биелүүлж “ГТ” ХХК-д шилжүүлсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан “Гачуурт” ХХК нь 200 000 000 төгрөгийг шилжүүлж буй “ГТ” ХХК-тай гэрээ болон хуулийн үүргийн харилцаа байхгүй. “Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх төлбөрийг шилжүүлсэн болохоос гуравдагч этгээдэд 200 000 000 төгрөг шилжүүлэх шаардлагагүй. Шүүх уг албан бичигт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, “ГТ” ХХК-д шилжүүлсэн 200 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.

“Г” ХХК болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээний 1.1-д “Зээлдэгч нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний дотор зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаанд сар бүр 3.5 хувийн хүү тооцно” гэж талууд хүүгийн талаар тохиролцсон, энэ талаар маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүг хасч тооцсон үйлдэл нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох гэрээний агуулга, нөхцлийг гэрээнд оролцогч талууд сайн дурын үндсэн дээр өөрсдөө чөлөөтэй тохиролцох гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн зээл 233 000 000 төгрөг, хүү 285 425 000 төгрөг, алданги 116 500 000 төгрөг, нийт 634 925 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.        

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан үндсэн зээл 233 000 000 төгрөг, зээлийн хүүнд 285 425 000 төгрөг, алдангид 116 500 000 төгрөг нийт 634 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 3-12/06/05 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 233 000 000 төгрөгийг 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөс эхлэн зээлийг төлж дуустал сарын 3.5 хувийн хүүтэй, гэрээний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1 х.х-ийн 6-8 дугаар тал/

 

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал гэх Л.Дүйнхэржавын гарын үсэгтэй “2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаартай “Г” ХХК-ийн захирал Л.Чинбатад гаргасан хүсэлтэд “Тус компани нь танай байгууллагаас 2012 оны 6 дугаар сард 233 000 000 төгрөгийг ТЭДСан, “Гачуурт” ХХК хоорондын тооцооноос “Э” ХХК-д 33 000 000 төгрөг, “ГТ” ХХК-д 200 000 000 төгрөгийг “Э” ХХК-ийн нэрийн өмнөөс шилжүүлж өгнө үү...” гэжээ. /1 х.х-ийн 21 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК-ийн 17 дугаартай албан бичгийг үндэслэн  Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авах буудайн төлбөрийг “Э” ХХК-д 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг, нийт 33 000 000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “ГТ” ХХК-д 200 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, “Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны харилцагчийн дансны хуулга, “ГТ” ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар тус тус тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /1 х.х-ийн 21, 24-26, 179 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Э” ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 17 дугаартай албан бичгийг үндэслэн зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн гэж тайлбарласан байна. /1 х.х-ийн 21 дүгээр тал/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн гэрээг хариуцагч талыг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 233 000 000 төгрөгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээний дагуу үүрэг үүсэхгүй гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд, хариуцагч “Э” ХХК-ийн хувь нийлүүлэгч Т.Энхбат, Г.Отгонцэцэг, Л.Хосбаяр нараас 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Г.Бат-Эрдэнэд “Э” ХХК-ийг төлөөлж, “Г” ХХК-иас 233 000 000 төгрөгийн зээлийн мөнгийг хүлээн авах, зээлийн гэрээнд гарын үсэг зурах, зээлийн төлбөрийг тухай бүр төлж, холбогдох бусд ажиллагаанд компанийг бүрэн төлөөлж оролцох эрхийг” олгосон итгэмжлэл авагдсан боловч /1 х.х-ийн 29 дүгээр тал/ хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.Бат-Эрдэнэ болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээнд хариуцагч талыг төлөөлж Г.Бат-Эрдэнэ гарын үсэг зурсныг итгэмжлэх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэхгүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т тус тус заасны дагуу зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч хариуцагч “Э” ХХК-д зээлийн гэрээний дагуу 33 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийг тодорхойлогдоно.

 

Зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг “ГТ” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрч, ашиг олсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дах хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгөх, үүргийг гүйцэтгэсэнд тооцох тухай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулахаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан бөгөөд талууудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүү төлөх нөхцлийг тодорхойлсон нь дээрх хуулийн зохицуулалтанд нийцэхгүй байна. Тодруулбал, зээлийн гэрээний 1.1-д “2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, зээлийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөс эхлэн зээлийг төлж дуустал сарын 3.5 хувийн хүүтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу зээл төлж дуусах хүртэл хугацааны хүү шаардах эрх үүсэхгүй юм. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасны дагуу анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу алданги шаардсан нь зөв боловч зээлийн гэрээний зүйлийн хэмжээгээр буюу 33 000 000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Э” ХХК-иас үндсэн зээл 33 000 000 төгрөг, алдангид 16 500 000 төгрөг нийт 49 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 585 425 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд дээрх зээлийн гэрээ нь хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж, гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 085 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Д.ЦОГТСАЙХАН