| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00646/И |
| Дугаар | 863 |
| Огноо | 2015-09-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00646/И
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймгийн **** сумын ** дугаар баг, **** тоотод оршин суух, Б**** овогт Т****ийн Н**** /регистрийн дугаар ***** утас ****/,
Хариуцагч: **** аймгийн **** сумын ** дугаар баг, **** дугаар байрны ** давхрын ** тоотод оршин суух, Б**** овогт Г.****ийн О**** /регистрийн дугаар ****, утас ****/-д холбогдох
12,156,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О****, гэрч Х.С***, нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Г.О****тай орон сууц захилан бариулах гэрээг нотариатаар батлуулан түүний **** банкны **** дансанд 22,250,000 төгрөг буюу 35 хувиар урьдчилгаа мөнгийг 2014 оны 07 дугаар сард багтаан байршуулсан. Түүнээс нэхэмжилэн 10,750,000 төгрөгийг авсан ч үлдэгдэл 7,800,000 төгрөгийг эргүүлэн төлж чадахгүй цагдаа шүүхээрээ яваад аваа гэж доромжилон намайг шүүхийн байгууллагад хандахад хүргэлээ. Орон сууц худалдан авах гэрээний бэлтгэн нийлүүлэгчид эрх үүргийн 3.1-д заасны дагуу 2014 оны 07 сард багтаан байр олгох байсан. Гэвч уг барилга босоо ч үгүй зогссон байсан. Би 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр цуцлах саналаа хэд хэдэн удаа санал болгосон ч 9 сард 10 сард гэж явсаар 2015 оны 03 сард ашиглалтанд ороход миний захиалсан 1 өрөө байранд оруулах байтугай та нартай тохирч чадахгүй гэдгээ хэлсэн. Уг нь түүнд маш хурдан 1 жилийн дотор үлдэгдэл 65 хувийн төлбөрийг гүйцээн төлөхөд бэлэн байна гэж хэлсэн ч бидний 22,250,000 төгрөгөөр хувийн гоо сайхны салон, 3 өрөө байр, эд хөрөнгө, унаатай болж байсан.
...Иймд Г.О****тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу буцаан төлөх мөнгөний үлдэгдэл 7,800,000 төгрөг, О****тай хийсэн гэрээнээс үүссэн бодит хохирол 4,356,200 төгрөг нийт 12,156,200 төгрөгийг гаргуулж өгнө үү .” гэв.
Хариуцагч Г.О**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Д.Н****ийн хүсэлтийн дагуу түүнтэй захиалан бариулах гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийж уг гэрээг баталгаажуулан хоёр талын гарын үсэг зурсан. Уг гэрээгээр *** хотхоны 5 давхарын 50 мкв талбайтай 1 өрөө байрыг Д.Н**** нь 67,500,000 төгрөгөөр захиалан бэлтгэн нийлүүлэгч тал болох миний бие орон сууцыг 2014 оны 07 дугаар сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
Ингээд захиалагч 5,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. Гэрээний 2.3-д заасны дагуу төлвөл зохих төлбөрөө хугацаа хэтрүүлсний /2 сарын/ алдангид 279,000 төгрөгийг буцаан олгох төгрөгнөөс суутгаж авсан.
Д.Н**** нь урьдчилгаанд увуулж цувуулан нийт 22,250,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрөө банкнаас зээл авч төлнө гэж надад хэлж байсан. Гэтэл түүнд ****, ****, ****, **** банкиуд зээл олгоогүй. Би өөрөө цуг зээл хөөцөлдөхөд хамт явсан. Зээл бүтэхээ болиод ирэхлээр манай хүүхэд Солонгос улсад ажиллаж байгаа, сар бүр хүүхдээс мөнгө ирээд байна гэсэн. Гэтэл хүүхэд нь харласан байсан учраас баригдаад ирсэн. Ингээд Д.Н**** нь захиалсан байрныхаа үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болж гэрээгээ цуцалж мөнгөө авъя гэсэн шаардлагыг надад тавьсан. Ингээд би Д.Н****ийн урьдчилгаанд төлсөн төгрөгийг 5 удаагийн буцаалтаар өөрийнх нь данс болон хүүхэд С****ийн дансаар нийт 14,800,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэгдэл төгрөгнөөс нь бид гэрээний 2.3, 3.4 дэх заалтын дагуу 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2 сарын алдангид 279,000 төгрөг, гэрээ цуцалсны төлбөр 0,5 хувийн 111,250төгрөг, нийт 390,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 7,059,000 төгрөгийг орон сууц борлогдсны дараа буцаан төлнө гэсэн байр суурьтай байгаа.
...Иймд орон сууц борлогдсны дараа үлдэгдэл мөнгийг өгнө. Өөр төлбөр төлөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н**** нь хариуцагч Г.О****аас “12,156,200 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** нь шүүх хуралдааны явцад “...хариуцагч О****т орон сууцны урьдчилгаа төлбөрт 22,250,000 төгрөгийг өгсөн. Үүнээс 14,500,000 төгрөгийг өгсөн.
...хариуцагч Г.О****тай байгуулсан орон сууц захиалан бариулан гэрээний дагуу буцаан төлөх мөнгөний үлдэгдэл 7,750,000 төгрөг, гэрээг байгуулахад гарсан зардал нотариатын хөлс 50,000 төгрөг,
Г.О****т өгсөн мөнгийг 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд сарын хүү Монгол банкны 9,8 хувийн хүүгээр тооцоход 1,746,033 төгрөг,
Байрны түрээсийн төлбөр сарын 250,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын төлбөр 2,500,000 төгрөг,
Г.О****тай уулзах, холбоо барихад гарсан унааны зардал 100,000 төгрөг, утасны зардал 150,000 төгрөг, нийт 12,296,033 төгрөг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийнхээ шаардлагыг 139,833 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.
Хариуцагч Г.О**** шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О**** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа : “...гэрээний үнийн дүнгийн 35 хувийг захиалагч урьдчилан тодорхой үе шаттайгаар төлөхөөр хугацаа тохирсон ч Д.Н**** нь тогтоосон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлэн төлж байсан. Ингэж төлөхдөө урьдчилгаа 32 хувийг л төлсөн.
Гэрээний 2.3-д заасны дагуу төлвөл зохих төлбөрөө хугацаа хэтрүүлсний 2 сарын алдангид 279,000 төгрөг,
Мөн гэрээний 3.4-т “захиалагч тал гэрээний 2.2-д заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд бэлтгэн нийлүүлэгч гэрээг дангаараа цуцлах эрхтэй ба төлсөн нийт төлбөрийн 0.5 хувийг суутгаж, үлдсэн хэсгийг буцаан олгоно” гэж заасны дагуу гэрээ цуцалсаны төлбөр 111,250 төгрөг, нийт 390,250 төгрөгийг буцаан олгох төгрөгнөөс суутган авсан.
Д.Н**** нь урьдчилгаанд увуулж цувуулан нийт 22,250,000 төгрөгийг төлсөн. Хариуцагч Г.О**** нь Д.Н****ийн урьдчилгаанд төлсөн төгрөгийг 5 удаагийн буцаалтаар өөрийнх нь данс болон хүүхэд С****ийн дансаар нийт 14,800,000 төгрөгийг буцаан өгсөн. Ингээд Д.Н****т үлдэгдэл 7,059,000 төгрөгийг /22,250,000-14,800,000-390,000/ орон сууц борлуулсны дараа буцаан төлнө. Өөр өр төлбөр төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Зохигчид нь 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр “...Захиалагч нь **** аймгийн 5 дугаар хороолол 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгын Элит байрны 5 давхарын 1 өрөө 50 мкв талбай бүхий орон сууцны байрыг 67,500,000 төгрөгөөр захиалан бариулахаар,
... Бэлтгэн нийлүүлэгч нь дээрх орон сууцыг 2014 оны 07 дугаар сад багтаан олгохоор” тус тус тохиролцож, гэрээнд гүйцэтгэгчээр иргэн Г.О****, захиалагчаар Т.Н**** нар гарын үсэг зурж баталгаажуулан гэрээ байгуулсан байна. /хх-8-9/
Дээрх гэрээг байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгч Т.Н**** нь орон сууцны урьдчилгаа төлбөрт нийт 22,250,000 төгрөгийг хариуцагч Т.О****т өгсөн болох нь хэрэгт авагдсан **** банкны мөнгөн шилжүүлэгийн баримтууд /хх-11-16/, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2-т “Үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** шүүх хуралдаан дээр “...гэрээнд заасан хугацаанд орон сууц ашиглалтанд ороогүй, дээрх орон сууц нь Г.О****ынх биш А.Д**** гэдэг хүний мэдлийнх гэж орон сууцны талаар маргаан гарсан учир бид гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан...” гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээнд дээрх орон сууцыг 2014 оны 07 дугаар сард захиалагч Т.Н****т олгохоор заасан боловч уг орон сууцыг ашиглалтанд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр оруулахаар шийдвэрлэсэн болох нь Барилга байгууламжыг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***** тоот актаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Г.О**** нь гэрээнд заасан үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч Т.Н**** нь гэрээнээс татгалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Н**** нь шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч Г.О**** нь “нэхэмжлэгч Т.Н**** нь гэрээний үүргээ зөрчсөн учир гэрээг цуцлах үндэслэл болсон” гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Г.О**** нь “...гэрээний үнийн дүнгийн 35 хувийг захиалагч урьдчилан тодорхой үе шаттайгаар төлөхөөр хугацаа тохирсон ч Д.Н**** нь тогтоосон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлэн төлж байсан. Ингэж төлөхдөө урьдчилгаа 32 хувийг л төлсөн. ...нэхэмжлэгч Т.Н**** нь захиалсан байрныхаа үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болж, гэрээг цуцлаж, мөнгөө авъя гэсэн шаардлага тавьсан...” гэсэн тайлбарыг гаргасан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Нэхэмжлэгч Т.Н**** нь “хариуцагч Г.О****аас 14,500,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан. С****т өгсөн 300,000 төгрөг нь энэ мөнгөтэй холбоогүй” гэсэн тайлбарыг,
хариуцагч Г.О**** нь “нэхэмжлэгч Т.Н****ийн дансанд 14,500,000 төгрөгийг хийсэн, Т.Н****ийн бэр С****ийн 5029069408 тоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 300,000 төгрөгийг өгсөн, нийт 14,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, зохигчид нь С****т өгсөн 300,000 төгрөгийг авсан, аваагүй талаар маргадаг болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О***ы хүсэлтээр тус шүүх хуралдаанд гэрчээр Х.С*** оролцсон бөгөөд гэрч Х.С*** шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: “...тэр Г.О****ын өгсөн 300,000 төгрөг нь Т.Н****т өгөх мөнгөтэй ямар ч холбогдолгүй. Энэ талаар Г.О**** надад бичиж өгсөн. Би Г.О**** ахад амьдрал хэцүү байна гэхэд надад 300,000 төгрөг өгсөн. Энэ мөнгө байрны тооцоотой холбогдолгүй гэж хэлж өгсөн. Би энэ 300,000 төгрөгийг Т.Н****т өгөөгүй...” гэж мэдүүлсэн байх тул хариуцагч Г.О**** нь маргаж буй 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Н****т өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Т.Н**** нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд “...гэрээг байгуулахад гарсан зардал нотариатын хөлс 50,000 төгрөг, Г.О****т өгсөн мөнгийг 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд сарын хүү Монгол банкны 9,8 хувийн хүүгээр тооцоход 1,746,033 төгрөг,
Байрны түрээсийн төлбөр сарын 250,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын төлбөр 2,500,000 төгрөг,
Г.О****тай уулзах, холбоо барихад гарсан унааны зардал 100,000 төгрөг, утасны зардал 150,000 төгрөг...” нийт 4,546,033 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нотариатын зардал 50,000 төгрөгийг хариуцагч Г.О****аас гаргуулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Н**** нь шүүхэд банкны хадгаламжийн хүү, утас, унааны зардалтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй, мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Г.О**** нь нэхэмжлэгч Т.Н****ийг орон сууцаар хангах үүрэг хүлээхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан учирсан хохиролд нэхэмжилсэн 4,496,033 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Г.О****аас орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийн үлдэгдэл 7,750,000 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Т.Н****ийн нэхэмжилсэн 4,496,033 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О*** нь шүүх хуралдаан дээр гэрчээр Т.Н****ийг асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Г.О****аас орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийн үлдэгдэл 7,750,000 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, нийт 7,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Т.Н****ийн нэхэмжилсэн 4,496,033 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 12,713 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139,750 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Т.Н****т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА