| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2023/00326/И |
| Дугаар | 184/ШШ2023/00970 |
| Огноо | 2023-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2023/00970
2023 03 07
184/ШШ2023/00970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************** хаягт байрлах, ************ХХК /РД:*****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************ тоот хаягт оршин суух *********** овогт ********************* ************/РД:**********************/,
Хариуцагч: ********************* тоот хаягт оршин суух ******************овогт ************** /РД:**************/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26,641,793.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, ***********, хариуцагч ********, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэл болон тайлбартаа:
...Хариуцагч ************, ************нар нь тус банкнаас 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 18/78 тоот зээлийн гэрээгээр 22 сая төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй 50 сарын хугацаатай зээлж авсан. 2022 оны 12 сарын 27-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй зээл 16,177,179.04, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 10,447,719.99 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатчаар гэрчлүүлсэн зардал 16,900 төгрөг, нийт 26,641,793.03 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч нараас эвлэрэх санал ирүүлсэн. Манай зүгээс удирдлагууддаа танилцуулсан боловч эвлэрэх хугацаа олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Бидэнд олгосон итгэмжлэл дээр мөн эвлэрэхээс бусад эрх олгогдсон байгаа.
Барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд хэдий фидуцийн гэрээгээр Төрийн банкны нэр дээр машин байдаг боловч уг машин нь бичиг баримттайгаа зээлдэгч нарын эзэмшилд байсан, хариуцагч талтай холбоогүй байсан учраас машин хаана байгааг мэдэх боломжгүй байсан, хариуцагч Д.************нь нөхрийнхөө ахад өгсөн гэдэг зүйл ярьж байсан. Тиймээс одоо барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн гэжээ.
2. Хариуцагч ************, ************нараас тайлбартаа:
...Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Бидэнд үнийн дүнг төлөхөд тодорхой хугацаа олгож, график гаргаж эвлэрэх саналтай байна. Нэхэмжлэгч талаас олгож болох хамгийн урт боломжит хугацаанд хувааж төлөх хүсэлтэй байна гэсэн эвлэрэх санал тавьсан хүлээж аваагүй юм байна. Ковидын 2 жилийн хугацаанд зээл төлөх ямар ч боломж байгаагүй. Манай альфард машиныг Оросын холбооны улсаас бараа материалаа татах зорилгоор авч байсан машин байгаа. Ковидын үед үйл ажиллагаа зогсож дампуурсан. Би нэхэмжлэгч талд зээлийн хүү бодогдоод яваад байгаа учраас намайг эртхэн шүүхэд өгөөд хүүг зогсоо гэдэг байдлаар ахлах эдийн засагч О.Ганчимэгт 2 жилийн өмнө олон удаа хэлж байсан. Хэрэв миний хэлсэн саналыг хүлээж авсан бол одоо энэ их төлбөр тооцогдохгүй байх байсан. Машин байгаа талаар ч байнга хэлж байсан гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, хөрөнгийн жагсаалтын хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгтийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************ХХК-иас хариуцагч ************, ************нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 26,641,793.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн 26,641,793.03 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлд хариуцагч нараас ...төлөгдөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байгаа, тооцоон дээр маргаан байхгүй гэх тайлбарыг гаргадаг.
Харин барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгүүлэх шаардлагын хувьд хариуцагч нараас ...зээл төлөх боломжгүй болсон, дампуурсан тул машин байгаа талаар мэдэгдэж байсан, одоо машины зараад зээлийг төлөх саналтай гэсэн тайлбарыг шүүхэд мэдүүлдэг.
3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ************, ************нар нь 2018 оны 08-р сарын 30-ны өдөр жилийн 21,6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай 22,000,000 төгрөгийг ************ХХК-иас зээлж 18/78 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулсан байна. Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч болох ************ХХК зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
Хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлсөн, төлөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, нэхэмжлэлийн үнийн дүнд маргаан үүсгээгүй, хүлээн зөвшөөрдөг тул зээлийн үүрэг болох 26,641,793.03 төгрөгийг хариуцагч нарт хариуцуулах нь зүйтэй.
5. Хариуцагч нар нь 18/78 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ************ХХК-д зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан удаа дараагийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын ...нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцалж байгаа гэх тайлбар үндэслэлтэй, улмаар барьцаат зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 26,641,793.03 төгрөгийг хариуцагч ************, ************нар хариуцан төлөх нь үндэслэлтэй гэж үзэв.
6. Нэхэмжлэгч талын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд:
6.1. 2018 оны 8 сарын 30-ны өдрийн 18/78 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ гэх фидуцийн гэрээг талууд хоорондоо бичгээр байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэлэлцэн тохиролцсон тухайн хэлцэл хүчин төгөлдөр байгаа, энэ талаар талууд маргаагүй болно.
6.2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235.3-т Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус заасан ба фидуцийн гэрээний зүйл болох 3137УНБ улсын дугаартай Toyota Alfhard маркийн авто машин гуравдагч этгээдэд шилжээгүй, зээлдэгч нарын эзэмшилд байгаа талаар хариуцагч нар мэдүүлдэг, нэхэмжлэгч талаас тухайн машиныг үрэгдүүлсэн талаарх үйл баримтыг нотлоогүй.
6.3. Энэхүү гэрээний мөн чанар нь зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээний зүйлээр хааж дуусгавар болгох зохицуулалт бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан байна.
Нэхэмжлэгч хуульд заасан эрхийн хүрээнд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг буюу үндсэн үүргийг шаардаж байгааг шүүх шийдвэрлэснээр тухайн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тул фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч тал нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзнэ.
7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч ************, ************нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 26,641,793.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 361,274.47 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 291,159 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************, ************нараас 26,641,793.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг ханагуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,274.47 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ************, ************нараас улсын тэмдэгтийн хураамжид 291,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ