| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00754/И |
| Дугаар | 864 |
| Огноо | 2015-09-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00754/И
**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ****, *** дугаар баг, *** дугаар хороолол, *** дугаар байрны *** тоотод оршин суух, **** овогт Ө***гийн Н**** /регистрийн дугаар ****, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, *** овогт Б***ын Ө*** /регистрийн дугаар ТД45050171, утас 99375761/-д холбогдох
14,552,229 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Н****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н***, хариуцагч Б.Ө***, нарийн бичгийн дарга нар Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...миний эцэг Ө*** надад хандаж 25,000,000 төгрөгний зээл авах гэсэн юм. Банк надад тэтгэвэрт гарсан гээд зээл өгөхгүй байна би өөрөө төлчихнө санаа зоволтгүй гэхээр нь 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр **** банкнаас *** тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээл авч бэлнээр аав Ө***д 5,000,000 төгрөг, дансаар **** дугаарын данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлэн дасны гүйлгээний шимтгэл хасагдаад 19,924,700 төгрөг шилжин орсон. Гэтэл аав зээлээ төлөхгүй банк надаас мөнгөө нэхдэг. Аргагүй эрхэнд би 14,552,229 төгрөгийг төлсөн. Аав Ө*** зээл цуг авсан учраас ба зээлнээс төлөлцсөн. Эцэг Ө*** нь уг авсан зээл надад хамаагүй гэсэн санаа зорилготой байгаа учраас би нэхэмжлэл гаргаж учирсан хохирлоо барагдуулмаар байна.” гэв.
Хариуцагч Б.Ө*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлага болох 14,552,219 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би банкны зээлийг хүү, зээл, хүүгийн төлөлт төлж байсан. Би Ө.Н****д төлбөр төлөх өр авлага байхгүй.” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
\\z_tungalagmaa\share doc\2015\шийдвэр\Н**** Ө***.doc
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н**** нь “...өөрийн эцэг Б.Ө***д **** банкнаас 25,000,000 төгрөгийн зээл авч өгсөн. Б.Ө***д 19,924,700 төгрөгийг түүний дансанд, 5000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх мөнгийг нь зээл авахад банкны шимтгэлд суутган авсан. Би зээлийн төлбөрт нийт 14,552,229 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрт төлсөн 14,552,229 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлажээ.
Хариуцагч Б.Ө*** шүүхэд гаргасан тайлбартаа: “зээлийн төлбөрийн хугацаа дуусаагүй, 4000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Зохигчид нь **** банкнаас 25 сая төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг байгуулан, зээлийн гэрээнд үндсэн зээлдэгчээр Ө.Н****, хамтран зээлдэгчээр Б.Ө*** нар гарын үсэг зурж баталгаажуулжээ /хх-10-11/.
Дээрх зээлийн төлбөрт Ө.Н****н 14,552,229 төгрөгийг төлсөн /хх-13-21/ бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, хугацаа 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр, гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Ө.Н****, хариуцагч Б.Ө*** нар нь **** банкинд зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлөхөөр хамтран үүрэг хүлээсэн, хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-т “хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ноогдох хэсгээр шаардах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Ө.Н**** нь хамтран хүлээх үүргээ бүрэн гүйцэтгээгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч /хамтран үүрэг гүйцэтгэгч/ Б.Ө***гөөс зээлийн төлбөрт төлсөн 14,552,229 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасаныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.12-т зааснаар нэхэмжлэгч Ө.Н****гийн гаргасан “ хариуцагч Б.Ө***гөөс 14,552,229 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Н****гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ****, **** аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА