Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1387

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЖДҮС УТҮГ-ын

 нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЖДҮС УТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ХСП” ХХК-д холбогдох

 

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 056 194 749 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй

          2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 250 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн “ХСП” ХХК нь ЖДҮСтай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 43 дугаар байрны 134 тоот хаягт байрлах Ү-2205007820 улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 60 дугаар барилгын 505 тоот хаягт байрлах Ү-2203027840 улсын бүртгэлийн дугаартай 55.9 м.кв талбайтай офиссын барилга, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1 дүгээр хэсэг гудамж 106 тоот хаягт байрлах Ү-2203036465 улсын бүртгэлийн дугаартай 44 м.кв талбайтай хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааганы гудамж 57 дугаар байрны 30 тоот хаягт байрлах Ү-2202017226 улсын бүртгэлийн дугаартай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 18636320313020, 18636320290020, 18636319312994 нэгж талбарын дугаартай тус бүр 400 м.кв талбайтай Зуслангийн газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо 18641325935759, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн газар зэргийг тус тус барьцаалж 750 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хөнгөлөлттэй зээл авсан.

“ХСП” ХХК-иас зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 740 000 000 төгрөг, зээлийн хүү 28 430 889 төгрөг, алдангид 287 743 860 төгрөг, нотариатын зардалд 20 000 төгрөг, нийт 1 056 194 749 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “ХСП” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Уг гэрээний 3 дугаар зүйлд сан нь 1 000 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 3.3 хувийн хүүтэй зээлэх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний хугацааг 5 жилээр тохироод “Энэ хугацаа сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно” гэж харилцан зөвшөөрсөн. Гэтэл сан өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэмжээний зээлийн гүйлгээг хийгээгүй. Тэгэхээр гэрээгээр тохиролцсон хугацаа тоологдож, тооцогдож эхлээгүй гэсэн үг. Иймд манай компаниас үүрэг хүлээх хугацаагаа хэтрүүлэх бус эхлэх хугацаагаа тоолж эхлэх болоогүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Компанийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж орж ирсэн мөнгөний хэмжээгээр төслөө хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөө аваад суурилуулахад бэлэн болчихсон байгаа. Харин сангаас үүргээ биелүүлж үлдэгдэл 250 000 000 төгрөгийн зээлийн гүйлгээгээ хийхгүй, элдэв шалтаг, шалтгаан тоочиж өнөөдрийг хүргэснээс манай төсөл царцах хэмжээнд хүрчихээд, бүрэн хэмжээгээрээ ажиллаж чадахгүй байна. Хэрэв сан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл зээлийн гүйлгээг хийвэл, ямар ч цаг хугацаа шаардахгүйгээр тоног төхөөрөмжийн дутуугаа гүйцээж, төслөө хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ явуулахад бэлэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар сан нь 1 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлэх үүрэг хүлээсэн. Улмаар зээлийн хугацааг 5 жилээр тохироод “энэ хугацаа нь Сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно” гэж харилцан зөвшөөрсөн. Гэтэл сан өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэмжээний зээлийн гүйлгээг хийгээгүй байна. Компаниас гэрээнд заасан үүргээ эхнээс нь биелүүлж, орж ирсэн мөнгөний хэмжээгээр төслөө хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөө аваад суурилуулахад бэлэн болчихсон боловч сангаас үүргээ биелүүлж үлдэгдэл 250 000 000 төгрөгийн зээлийн гүйлгээгээ хийхгүй, өнөөдрийг хүргэсэн. Сан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл зээлийн гүйлгээгээ гүйцээж хийвэл, ямар ч цаг хугацаа шаардахгүй тоног төхөөрөмжийн дутуугаа гүйцээж, төслөө хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ явуулахад бэлэн байна. Иймд ЖДҮСгаас 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж 250 000 000 төгрөгийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ЖДҮС болон “ХСП” ХХК- ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр  сарын 6-ны өдрийн 2014/32 дугаартай зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж дуусгавар болгоно” гэж зааж, “ХСП” ХХК-ийн авсан 750 000 000 төгрөгийн зээлийг эргэн төлөх хуваарийг гаргаж, хариуцагч тус хуваарийн дагуу тодорхой төлөлтүүдийг хийсэн байдаг. Иймд “ХСП” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар  зүйлийн  232.4,  232.6-д  заасныг тус тус баримтлан “ХСП” ХХК-иас 1 056 174 749 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сүхбаатар 19 дүгээр хороо, Шарга морьт /14080/ 1 дүгээр хэсэг гудамж, 106 тоот хаягт байрлах Ү-2203036465 улсын бүртгэлийн дугаартай 44 м.кв талбайтай хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааганы гудамж 57 дугаар байрны 30 тоот хаягт байрлах Ү-2202017226 улсын бүртгэлийн дугаартай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 18636319312994 нэгж талбарын дугааруудтай тус бүр 400 м.кв талбайтай Зуслангын газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 18641325935759 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардал 20 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “ХСП” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 250 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан “ХСП” ХХК нь 1,056,174,749 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд Ү-2203027840 УБ, Сүхбаатард дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол их тойруу, 60 дугаар байр, 505 тоот, 55.9 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү2205007820 УБ, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байр, 134 тоот, 29 м.кв талбайтай орон сууц, 18636320290020 нэгж талбарын УБ. Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, 400 м.кв талбайтай эзэмшлийн газар, 18636320313020 нэгж талбарын УБ, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, 400 м.кв талбайтай эзэмшлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан худалдаж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 5 509 023 /5 438 823.75+ 70 200/ төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Хариуцагчийн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрээ зөвтгөхийн тулд “Энэ гэрээгээр нэхэмжлэгч тохирсон 1 000 000 000 төгрөгийн зээлийг шилжүүлэх, хариуцагч ...мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүү, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх... үүрэгтэй байна” гэж “хариуцагч”, “төлөх” гэсэн үгнүүдийн хойно гурван цэг залгаж хариуцагчийн эрх, үүргийг бүрхэгдүүлж орхисныг зөвтгөх аргагүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд сан 1 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлэх үүрэг хүлээсэн. Улмаар зээлийн хугацааг “5 жил /60 сар/”-ээр тохироод, “Энэ хугацаа нь сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно” гэж харилцан зөвшөөрсөн. Гэтэл сан өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэмжээний зээлийн “гүйлгээ”-г манай компанид шилжүүлээгүй нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан. Иймд манаи компаниас үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа өнөөдрийг хүртэл тоологдож, тооцогдож эхлэх эсэх нь тодорхойгүйгээс болж хариуцагчаас үүрэг хүлээх хугацаагаа биелүүлж эхлэх хугацаагаа тоолж эхлэх боломж бүрдээгүй нөхцөл байдал үүссэнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ЖДҮСгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж 250 000 000 төгрөгийг шилжүүлэхийг ЖДҮСд даалгуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн зээлийн болон барьцааны эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

 

          Нэхэмжлэгч ЖДҮС УТҮГ нь хариуцагч “ХСП” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үндсэн үүрэг 740 000 000 төгрөг, зээлийн хүүнд 28 430 889 төгрөг, алдангид 287 743 860 төгрөг, нотариатын зардалд 20 000 төгрөг, нийт 1 056 194 749 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр гарын 6-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 250 000 000 төгрөг шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг зээлийн гэрээгээр хариуцагч 1 000 000 000 төгрөгийг, жилийн 3.3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн, хариуцагч нь гэрээний дагуу 750 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд зээлийн үндсэн төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр зээлийн хүү, алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хавсралтад тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Иймд анхан шатны шүүх үндсэн зээл 740 000 000 төгрөг, зээлийн хүүнд 28 430 889 төгрөг, алдангид 287 743 860 төгрөг, нийт 1 056 174 749 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн, нотариатын зардалд төлсөн 20 000 төгрөг, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1-т “төслийн зориулалтаар 1 000 000 000 төгрөгийн зээл олгохоос 750 000 000 төгрөгийн зээл олгосон тул үлдэгдэл 250 000 000 төгрөгийг шилжүүлэхийг хүсч сөрөг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдож, талуудын хооронд эрх, үүргийн харилцаа үүсэх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 750 000 000 төгрөгөөс төлөгдөөгүй үндсэн зээл, хүү, алданги шаардсан байгааг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 1 тэрбум төгрөгийг хариуцагчид шилжүүлээгүй, уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэнээр хугацаа тоологдох эхлэх тул зээлийн гэрээний хугацааг тоолж эхлэх болоогүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2019/05371 дугаар захирамжаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 5 438 824 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                          Д.ЦОГТСАЙХАН