| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2008000000905 |
| Дугаар | 2021/ДШМ/918 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., 15.1.3., 21.2.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/918
М.Б, П.А, Б.Э, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд,
шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Э.Ганбат,
шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Л.Амартогос,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Дашдондов, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/874 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Б, П.А, Б.Э, Б.Э нарт холбогдох 2008 00000 0905 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн М-ийн Б, 1985 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, /РД: ... /,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоол, Нийсэлэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 284 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1529 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан;
Б овгийн Б-ийн Э, 1972 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
Б овгийн Б-ийн Э, 1978 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
Д овгийн П-ийн А, 1988 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчээр ажиллаж байсан, одоо Монгол Япон сургалтын эмнэлэгт яаралтай тусламжийн резидент эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод Н.Г-ын хэвлийн тус газар нь өшиглөх, цохих зэргээр эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан,
П.А нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэх үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод Н.Г-ын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл учирсан болохыг сэжиглэн таамагласан боловч өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс Н.Г нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж, улмаар хүнд гэмтлийн улмаас нас барсан,
Б.Э нь М.Б-т холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод Н овогтой Г-ын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх, цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол бүхий хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,
Б.Э нь М.Б-т холбогдох “М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод Н овогтой Г-ын биед халдан түүний хэвлий тус газар нь өшиглөх, цохих зэргээр амь насанд нь аюултай цутгалан мухар гэдэсний урагдал, цоорол бүхий хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, П.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт М-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д овогт П-ийн А-ийг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б-ийн Э, Б овогт Б-ийн Э нарыг гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б-т 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ийн эмчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э тус бүрт 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, М.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, М.Б-ын сэжигтнээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас 5.951.241 төгрөг, шүүгдэгч П.А-ээс 1.487.810 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-д олгохоор,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 4 ширхэг сидийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, П.А-д оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор,
шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор, шүүгдэгч П.А, Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.А-ийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.А-ийн эрх, үүргийн хувьд Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар батлагддаг “Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журам”-д зааснаар яаралтай дуудлагад хамаарах хам шинжид хэвлийн хүчтэй өвдөлтүүд орох бөгөөд тухайн тохиолдолд Г-д ийм хам шинж байгаагүй, бага зэрэг эмзэглэлтэй, толгойн хуйханд ил шарх үүсэж, цус гоожсон тул түргэн тусламж дуудсан болох нь тогтоогдсон. Иймд шууд эмнэлэгт хүргэхгүйгээр хамт байсан хүмүүст болон өөрт нь зөвлөгөө өгч, зовиур ихэсвэл дахин үзүүлэх, ЭХО-д харуулахыг тохирч дараагийн дуудлагад явсан. П.А-ийн ажлын байрны тодорхойлолтод “Өвчтөнд газар дээр нь ба тээвэрлэх үедээ эмнэлгийн тусламж үзүүлэх, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бол тусламж үзүүлж, зөвлөгөө өгөх” гэж заасан нь түргэн тусламжийн эмч дуудлага бүрийг эмнэлэгт хэвтүүлэхээр авч явахгүй байж болох зохицуулалт юм. Тэр тусмаа өөрсдөө эмнэлэгт очиж ЭХО-д харуулах боломжтой, түүнийгээ ойлгосон. П.А-ийн зөвлөгөө өгч, дараагийн дуудлагадаа явснаас болж хохирогч нас бараагүй болохыг шинжээч Даваасүрэнгийн “цутгалан болон мухар гэдэсний урагдал, цоорлын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан” гэсэн мэдүүлэг /1хх 147/, шинжээчийн 128 дугаартай дүгнэлтийн 2, 3 дахь хэсэгт “Эмч нар нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, ЭХО-д харуулах зөвлөгөө өгсөн ба Г хугацаа алдсан байна” гэсэн, шүүх хуралдаанд “Эхний мэс заслын дараа дахин гэдэсний үхжилт хүндрэл үүсээд хоёр дахь мэс засал хийлгэсэн”, “Түргэний эмч шинж тэмдэг илрээгүй тохиолдолд зөвлөгөө өгөөд орхиж болно” гэсэн мэдүүлэг нотлох баримтаар тогтоогдсон.
Өвчтөн Г-ын Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүхийг шүүх судалж, үнэлж чадаагүй. Уг нотлох баримтад Г 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18:55 цагт хэвтсэн. Хэвтэх үед биеийн байдал хүндэвтэр, ухаан саруул, орчиндоо харьцаатай, хэвлийн доод хэсгээр эмзэглэлтэй, хүчтэй өвдөлтгүй байсан. 2020 оны 5 дугаар сарын 16-ны анхны мэс засал хийхэд гэдэс цоорсон байсныг тайрч, цэвэрлэсэн боловч хагалгааны дараа дахин гэдэсний хүндрэлийн шинж гарсан тул 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хоёр дахь мэс засал хийхэд гэдэсний залгаасны орчим гэдэс үхжиж цайрсан, цусан хангамжгүй болсон байсан тул залгаасны дээгүүр тайрч, мухарлаж оёх мэс засал хийсэн болох нь тогтоогдсон. Дээрх байдал нь амь биед аюултай хүнд гэмтэл болох цутгалан, мухар гэдэсний цоортол гэмтлийн ердийн явцаар үүссэн хүндрэлээр хохирогч 4 хоногийн дараа, эхний мэс заслын дараах хүндрэлийг эмчлэх зорилго бүхий хоёр дахь мэс заслын дараа нас барсан гэдэг нь тодорхой байхад дөрөв хоногийн өмнөх зөвлөгөө өгч оношлуулах талаар заавар өгсөн эмчийн үйлдлээс хохирогчид хүнд гэмтлийн үхэлд хүргэсэн хүндрэл үүссэн гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрхийг зөрчсөн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Прокурор 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэргийн материалтай танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр хүсэлт гомдол гаргах эрх зөрчигдсөн.
Шүүх хохирогч Г-ын үхлийг шүүгдэгч М.Б-ын хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлээс, хүнд гэмтлийн хүндрэлээр ч хохирогч нас барсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй бөгөөд ийнхүү Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн атлаа хохирогчид эмнэлгийн тусламжийг зохих ёсоор үзүүлээгүйгээс нас барсан гэж дүгнэж, хохирогчийн амь насыг хоёр удаа, тус тусдаа хохироосон гэж шийдвэрлэсэн нь шалтгаант холбооны онолоор хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд П.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт шүүгдэгч М.Б-ын үйлдлийн улмаас амь хохирогч Н.Г-ын биед үүссэн шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтэл хоёрын үүссэн шалтгаант холбоог нотолсон нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдээгүй үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хохирогч Н.Г хэрэг болсон өдрийн маргааш 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийн хэрэгт хохирогчоор “Нэргүй гэх залуу миний нүүр рүү 5-6 удаа цохисон. Ака гэх залуу юугаар цохисныг мэдэхгүй. Миний биеийн гэдэс рүү цохиод байсан” гэж мэдүүлсэн нь /1хх 8-9/ нотлох баримтаар авагдсан. Анхан шатны шүүх хохирогч Н.Г-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй ч түүнээс тухайн үед мэдүүлэг авсан хэрэг үйл явдлын талаар мэдүүлсэн цагдаагийн ажилтан Я.Балжиннямаас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар үнэлж дүгнэлгүй үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
Хохирогч Н.Г-ын биед үүссэн хүнд хохирол хэдий хугацаанд, хэний, ямар үйлдлийн улмаас үүссэн, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдвал зохих бүх этгээд татагдсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 21:15 цагт амь хохирогч Н.Г шүүгдэгч М.Б-тай зодолдсоны дараа түүнийг түргэний эмч П.Болор-Эрдэнэ үзэхэд түүний хэвлий орчмоор өвдөлт зовиур байхгүй, түүнд архины хордлого онош тавьсан. Гэрч Б.А-тай амь хохирогч зодолдсоны дараа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23:15 цагт ирсэн түргэний эмч П.А амь хохирогчийг үзэхэд түүний хэвлий орчим өвдөлт илэрч байсан.
Анхан шатны шүүх амь хохирогч Н.Г-ын өвдөлт эхний эмчийг ирж үзэх үед нь түүний архи уусан байдлаас шалтгаалан сул илэрч байсан байхыг үгүйсгэхээргүй байна гэж хэргийн бодит байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлагыг хангалгүй хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э, Б.Э нар шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ М.Б амь хохирогч Н.Г-ыг хэвлий орчим өшиглөсөн үйлдэл хийгээгүй гэж мэдүүлсэн нь нотлох баримтаар авагдсан.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдал бий болсон байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/854 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод хоёр өөр цаг хугацаанд маргалдсан хүмүүсийн хамт байсан цаг хугацаа, орж гарсан дараалал, түргэн тусламж, цагдаа ирсэн үйл явдлыг гудамжны камерын бичлэгт буусан цаг хугацаагаар ялган бусад нотлох баримтуудтай харьцуулахад:
17 цаг 50 минутад шүүгдэгч М.Б, Ж, М нар Э-ы гэр рүү орж байгаа бичлэг, 20 цаг 31 минутад амь хохирогч Н.Г хэрэг болсон гэх Б.Э-ы гэр рүү орж байгаа бичлэг, 20 цаг 35 минутад амь хохирогч Н.Г Э-ыхаас гарч ирж байгаа бичлэг, 20 цаг 51 минутад шүүгдэгч М.Б, Ж, А нар Б.Э-ы гэрээс гарч ирж байгаа бичлэг, 21 цаг 37 минутад эхний түргэний машин ирсэн.
21 цаг 37 минутад ирсэн түргэн тусламжийн эмч П.Болд-Эрдэнийн үзлэгийн хуудас: “Дуудлага авсан: 2020.05.15 20:36:25, Дуудлага өгсөн: Ц, Дуудсан шалтгаан: Татаад; Зовиур: Толгой өвдөөд, гар хөл татаад, Бодит үзлэг: Үг яриа хэвийн, нүүр царай хэвийн, амьсгаадалт үгүй, Хэвлийн тэмтрэлтээр: зөөлөн, эмзэглэлгүй, Хэвлийн хөндийн цочмог шинж тэмдэг /-/,
түргэн тусламжийн эмч П.Болор-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Н.Г гэх өвчтөнийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн, биеийн байдал хэвийн, “Хоёр хоног архи уусан, өнөөдөр гар хөл татаад” гэсэн зовиур хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж архины хордлого тайлуулах эмчилгээ хийлгэ гэж зөвлөсөн. Г-ын биед шинэ шарх, гэмтэл байгаагүй. Хөнгөн зэргийн архины хордлого гэж оношилсон. Би Н.Г-ын цамцыг нь тайлуулаад даралтыг нь үзэхэд 120/60 байсан. Г-ын гэдэс, нуруу, хэвлий, толгой хэсгийг нь үзэхэд нүдэнд ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Г “Гар хөл татаж байгаад тавигдчихлаа” гэж хэлж байсан. Г-ыг очиж үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн эмнэлэгт хүргэж эмчлэх яаралтай өвдөлт, зовиур байгаагүй. Г бусдад зодуулсан гэж хэлээгүй “2-3 хоног архи уусан” гэж хэлсэн. ...” /1хх 130/,
Ж-ийн гэрчээр өгсөн “...Жоохон маргалдах юм болоод Б тэр хоёр барилцаад авахаар нь би “Боль боль” гээд татаж суулгаад салгасан. Тэд бие биенээ цохиж өшиглөөгүй, барилцаад авахаар нь салгасан. ...” /1хх 112-113/,
Б.Э-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Үдээс хойш 17 цагийн үед санагдаж байна. Н /Б/ орж ирсэн. Г согтуу орилоод “Пиздануудаа хосыг чинь шувтарна шүү” гээд байсан. Г орон дээр хэвтэж байсан чинь Н Г-ын зүүн гар руу нь “Та цаашаа бай” гээд ор руу түлхсэн. Г Н рүү хэрүүл хийх гээд байгаа бололтой байхаар нь би гараад явчихсан. Би гадуур ажил эмхлүүлж байгаад гэрт орох үед Н, Ж нар гарч байсан. ...” /1хх 92-93/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 6075 дугаартай дүгнэлт: “.. М.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” /1хх 196-197/,
21 цаг 37 минутад амь хохирогч Н.Г хэрэг болсон гэх Б.Э-ы гэр рүү орж байгаа бичлэг, 23 цаг 20 минутад түргэн тусламжийн машин ирсэн бичлэг, 23 цаг 22 минутад амь хохирогч Б.Э-ы гэрээс гарч Г-ы гэр рүү орж байгаа.
Амь хохирогч Н.Г-ын 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “...Ака гэх залуу юугаар цохисон нь мэдэхгүй. Миний гэдэс рүү цохиод байсан...” /1хх 7-9/,
Сонгинохайрхан дүүргийн хороо хариуцсан цагдаа ажилтай Я.Балжиннямын гэрчээр мэдүүлсэн “...Ака гэх залуу нь гэдэс рүү нь цохисон гэж Г хэлж байсан. ...” /2хх 192/,
Б.А 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...Намайг манай гэрийнхэн болон манай ойр орчмын хүмүүс бага байхаас эхлээд Ака гэж дууддаг...” /1хх 101-102/,
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1146 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Н.Г-ын цогцост цутгалан мухар гэдэсний урагдал цоорол гэмтэл тогтоогдлоо, талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ...”,
Б.А болон амь хохирогч Н.Г нарын хооронд маргаан болсны дараа 23 цаг 12 минутад ирж үзсэн түргэн тусламжийн дуудлагын эмч П.А-ийн “...Хэвлийгээр хөндүүрлэж өвдөнө, толгой дүүрч өвдөнө, нүүр царай зовиурлангуй, хэвлийн булчин бага зэрэг чангарсан аюулхай, давсаг орчмоор эмзэглэлтэй...” гэх үзлэгийн тэмдэглэл /2хх 100/,
түргэн тусламжийн дуудлагын эмч П.А-ийн гэрчээр мэдүүлсэн “...Г гэх хүнийг үзэхэд “Толгой өвдөөд байна. Хэвлийгээр хөндүүрлэж өвдөнө” гэж ярьж байсан. Үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, хэвлийг нь үзэхэд хэвлийн булчин бага зэрэг чангарсан, аюулхай давсаг орчмоор эмзэглэлтэй байсан. ...” /1хх 132/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6077 дугаартай дүгнэлт: “Б.А-ын баруун гарын эрхий хуруу, баруун гарын алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” /1хх 199-200/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 6075 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн ханцуйтай цэнхэр өнгийн цамц /Хэрэг болох үед Б.А-ын өмсөж явсан хүрэм/ дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд, хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зулгаралтууд, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолтууд байна. ...” /1хх 208-210/,
Б.А-ын хэрэг болох үед өмсөж явсан хөх өнгийн жинсэн хүрмэнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2981 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Хөх өнгийн жинсэн хүрэм дээр цус илэрсэн... Хөх өнгийн жинсэн хүрэм дээр эрэгтэй хүний цусны ДНХ илэрсэн.”,
гэрч Г.Б-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг: “...Архиа ууж байхдаа Э, Э, Х бид дөрөв хоол хийхээр болж гал тогооны өрөөнд байсан. Энэ үед ард талын өрөөнд тас гээд явчихсан. Г ах “Яаж байгаа юм бэ чи” гэж хэлсэн. Яваад очиход А хутга ирлэдэг точил барьчихсан зогсож байсан. Тэгээд хоол болоод бид нар хоолоо зүгээр идчихээд Г орон дээрээ хэвтсэн. Тэгснээ “Гэнэт гэдэс өвдөөд, энүүгээр хатгуулаад байна” гээд гэдсээ дараад байсан. Г “Цагдаа дуудчих” гэхээр нь “Юу гэж хэлэх юм бэ” гэсэн чинь “4-5 хүүхэд зодчихлоо” гээд хэлчих гэсэн. ...” /1хх 104-105/,
Б.А-ын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн: “...Г ах архи уугаад нэлээн халсан байсан ба намайг хүрээд ир гээд байхаар нь би “Чадахгүй” гэхэд сууж байгаад баруун гараараа цэнхэр өнгийн хавар намрын куртикний ханцуйг татаад ураад хаячихаар нь би уурандаа гал тогооны өрөөний хоолны шүүгээн дээр байсан дөрвөлжин хэлбэртэй хутга ирлэдэг хар өнгийн точил авч ирээд Г-ын толгойн зулай хэсэг рүү нэг удаа цохисон. Г Б-д “Миний хэвлий хэсгээр аймаар өвдөөд байна түргэн дуудаад өгөөч” гэхээр нь Б өөрийнхөө утсаар түргэн дуудна гээд андуураад 102 дугаар руу залгасан. ...Маргааш нь буюу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э, Б бид гурав Э-ы гэрт байж байтал гаднаас Г-ын төрсөн дүү Ц орж ирээд “Г ахын элэг нь бяцарсан гэж байна. Одоо цагдаа ирж уулзах байх” гэж хэлчихээд гараад явсан. /1хх 101-102/,
Г.Б 2020 оны 06 сарын 29-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “...Миний хажууд бол А-аас өөр хүнтэй Г зодоон хийгээгүй. ...” /4хх 107-108/,
Дээрх нотлох баримтуудаар амь хохирогч хэдийд гэмтэл авсан тодорхой байх бөгөөд амь хохирогч Н.Г шүүгдэгч М.Б-тай маргалдах үед хажууд нь Э, Ж нар байсан, Э гадаа байсан нь мэдүүлгүүдээс харагдаж байна. Тус маргааны дараа ирсэн түргэний эмчийн үзлэгээр гэдэс хэвлийд ямар нэгэн гэмтэл өөрчлөлт байхгүй байсан харагдаж байна. Түргэн дуудсан нь 2-3 хоног архи уусан архины хордлого болсон талаар эмчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн байна. Харин Б.А-тай маргалдсаны дараа цагдаа, түргэн дуудсан. Түргэний эмчийн үзлэгээр хэвлий гэдсэнд өөрчлөлт өгсөн байгаа нь харагдаж байна. Н.Г Б.А нар маргалдах үед Э, Б, М нар гал тогооны өрөөнд байсан, Э тасарсан байсан нь гэрчүүдийн мэдүүлгээс харагдаж байхад гэмтэл нь чухам хэний үйлдлээс болж үүссэн болохыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байхад Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.7 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.Э анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бид хоёрын зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. ...” гэв.
Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.А нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон. 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр П.А-ийг яллагдагчаар татсан. Анх 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэг шүүх рүү шилжээгүй байсан. 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан. Дараа нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин яллах дүгнэлт үйлдсэн. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд П.А-тэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Иймд хавтас хэргийн материалтай дахин танилцуулах үндэслэлгүй. Дээрх хугацаанд Б.Э, Б.Э нарт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөн шүүгдэгч П.А-д “Хэргийн материалтай танилц” гэж мөрдөгчөөс удаа дараа мэдэгдэж байсан. Энэ талаар хавтас хэргийн 100, 108 дугаар хуудсанд авагдсан. П.А-ийн хувьд амь хохирогчид учирсан хүнд гэмтлийг тухайн үед үзлэг хийгээд хэвлий хэсгээр эмзэглэлтэй гээд оношилсон байдаг. Тэгээд дараа нь эмнэлэгт хүргэх ёстой байсан. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хохирогч Г нь 17:22 минутад Б.Э-ы гэрт ороод 20:03 минутад гарсан” гэсэн байдаг. Амь хохирогч Б.Э-ы гэрт байхдаа М.Б-тай таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдаж зодолдсон асуудал гаргасан. Тухайн үед байсан гэрч нар буюу Б.Э, Б.Э нар нь “Тухайн үед М.Б гэдэс рүү нь цохисон” гэж мэдүүлдэг. Б.Э хамгийн анхны мэдүүлэгтээ цохисон, зодсон асуудлыг хэлдэг. Сүүлийн 5 мэдүүлэгтээ “цохиогүй” гэж мэдүүлдэг. Амь хохирогч тухайн үед зодуулчихаад хүргэн ах Г-ынд очсон байдаг. Гэрч Г мэдүүлэхдээ “Г “Б миний гэдэс рүү цохичихлоо” гээд унтаад өгсөн” гэсэн байдаг. 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход үзлэг хийсэн тэмдэглэлд “2020 оны 5 дугаар сарын 15-ны орой 19:30 минутад бусдад зодуулсан” гэж бичсэн байдаг. Энэ тэмдэглэлээс харахад М.Б-тай маргалдсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх үндэслэлтэй харагдаж байна. Гэрч Б.Э, Б.Э нар нь “А нь амь хохирогчийн гэдэс рүү цохисон” талаар хэлдэггүй. Гэрч Б-ын мэдүүлэгт “Зөвхөн А-тай зодолсон” гэж хэлдэг. Өмнөх буюу 17 цагаас 20 цагийн хооронд амь хохирогч М.Б-тай маргалдах үед Б гэх гэрч байгаагүй. А-тай маргалдах үед гэрч Б байсан. Амарбаяртай маргалдсан талаар л хэлдэг. А мэдүүлэхдээ “Би толгой руу нь цохисон” гэдэг. ...Анх прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ “зохих ёсоор биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэж хоёр шинжийг хоёуланг нь тусгасан. Үлгэрчилсэн журамдаа “хэвлийд эмзэглэл байвал дараагийн шатанд хүргэж өгнө” гэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн. ...Б.Э, Б.Э нар нь эгч, дүү хоёр. Б.Э нь мэдүүлэг өгөхдөө тодорхой огноо зааж өгөлгүй худал мэдүүлэг өгч байсан. Хэрэгт 6 удаа мэдүүлэг өгсөн. Өгсөн бүх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байсан. Иймд удаа дараа гэх байдлаар нь зүйлчилсэн. Б.Э-ы хувьд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг өгөхдөө үнэн мэдүүлсэн. Бусад бүх мэдүүлгүүд худлаа учраас дээрх бүх мэдүүлгүүдийнх нь огноог зааж дурдсан. ...Тухайн үед гэмтлээс үүсэх шинж тэмдгүүд илрээгүй байсан талаар Болд-Эрдэнэ эмчийн үзлэгийн хуудас, мөн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг. Болд-Эрдэнэ эмч илрүүлэх боломжгүй байсан нөхцөл байдал шууд харагдаж байдаг тул шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Б, П.А, Б.Э, Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:
1. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамж /4хх-131/-ийг шүүгч С.Сэржмядаг гаргасан байх боловч өөрийг нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр эзгүйд орлон ажиллах шүүгчээр томилсон талаарх захирамж, шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгч С.Сэржмядаг нь Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилох эрхтэй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
2. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэлд “шалтгаангүйгээр биелүүлээгүй”, эсхүл “зохих ёсоор биелүүлээгүй” гэх чухам аль үйлдэл байгааг шалган тогтоосон байх хууль зүйн шалгуурыг тавьжээ.
Тухайлбал, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэдэгт эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовиурыг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй эс үйлдлээр илрэх бол “Эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй” гэдэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг ойлгохоор байна.
Гэтэл прокуророос П.А-ийг “... өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс Н.Г нь хугацаа алдан оношлогдон эмчлэгдэж, улмаар хүнд гэмтлийн улмаас нас барсан” гэж буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх уг зүйл ангиар түүнийг гэм буруутайд тооцохдоо “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэж гэм буруутайд тооцсон байна.
Иймд, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал буюу шүүгдэгч П.А-ийн ямар үйлдэл нь эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг зөрчсөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, Яаралтай тусламжийн Үндэсний төвийн ажилтны үйлдэл нь эмнэлгийн холбогдох ямар дүрэм журам зөрчсөн эсэх асуудлыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон асуудлаар хэргийн оролцогч нар маргасан тохиолдолд Эрүүл мэндийн яамны мэргэжлийн салбар зөвлөл, эсхүл Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтний дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлын хүрээнд П.А-ийн үйлдэл нь Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам, заавар, стандартын ямар заалтыг хэрхэн, ямар байдлаар зөрчсөн эсэх талаар тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулсны эцэст түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ... тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх ... шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжлийн салбар зөвлөл, эсхүл Мэргэжлийн хяналтын газраас тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байна.
3. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг яллахдаа шүүгдэгч Б.Э-ыг “... удаа дараа мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж, шүүгдэгч Б.Э-ыг “... 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн” гэж ялгаатай байдлаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлджээ.
Анхан шатны шүүх Б.Э, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцохдоо мөрдөн шалгах ажиллагааны үед хэзээ, юу гэж мэдүүлсэн мэдүүлэг нь худал мэдүүлэг болох, тэдгээрийн үйлдэл нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын хүрээнд нотлогдож байгаа, эсхүл няцаан үгүйсгэгдэж байгаа асуудлын талаар тодорхой дүгнэлт хийх шаардлагатай байна.
Энэхүү магадлалд дурдсан нөхцөл байдлуудтай холбоотойгоор хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүхээр шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүн томилох асуудлыг дахин шийдвэрлэх, мөн шүүгдэгч П.А-ийн үйлдэлтэй холбоотойгоор тусгай мэдлэг бүхий мэргэжлийн байгууллагаас дүгнэлтийг шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулах замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/874 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/874 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б, П.А, Б.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.Б-т урьд авсан цагдан хорих, П.А, Б.Э, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ц. ОЧ