Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2023/0029

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Н.К,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга,

              Гуравдагч этгээд: Ж.Б нарын хоорондын газрын  маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.К, түүний  өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч Бугат сумын Засаг дарга Х.Е, гуравдагч этгээд Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

            1. Нэхэмжлэгч Н.К нь  Бугат сумын Засаг  даргад холбогдуулан, “Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чоно төрөөч” гэх газраас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан  сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож,гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” -аар маргаж байна.

            Нэхэмжлэгч Н.К нь анх “Бугат сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Багийн нутаг дэвсгэрээс газар олгохыг зөвшөөрөх тухай” 05 дугаар тогтоолыг үндэслэн Улаан толгой багийн “Чоно төрөөч” гэх газраас  намаржаа, хаваржааны зориулалтаар бэлчээрийн газар ашиглуулах  шийдвэр гаргахыг  сумын Засаг даргад даалгах тухай”  шаардлагатай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чоно төрөөч” гэх газраас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар захирамжийн хугацааг сунгахаас татгалзсан  сумын Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож,гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн  ба шүүх хуралдаанд “Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чоно төрөөч” гэх газраас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож,гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

            2. Нэхэмжлэгч Н.К “Чоно төрөөч” гэх газрыг олгохгүй байгаа  талаарх гомдолд аймгийн Засаг даргын 2023 оны 02 дугаар  сарын 14-ний өдрийн  2-01/105 албан бичгээр  “хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгснөөр тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

            “Миний бие Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Чоно төрш” гэх газраас 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон 86 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу хаваржаа, намаржааны зориулалтаар газар эзэмшиж, 1996 оноос эхлэн байшин, хашаа хороо зэрэг үл хөдлөх эд хөрөнгө байршуулж, ашиглаж байгаа.

Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дууссан учир олон жилийн турш энэ асуудлыг зохих шатны Засаг даргад тавьсаар ирсэн боловч, одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй, газрын маргаантай хэмээн хариу өгсөөр өдий хүрсэн.

            Тухайлбал, сумын Засаг дарга асан А.Ж 2021-2022 онуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан ба Засаг дарга А.Ж нь багийн иргэдийн Нийтийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх чиглэл өгснөөр 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд дараа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх болж хойшлогдсоор байгаад 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд оруулж, иргэдийн төлөөлөгчдийн олонхийн санал аваагүй гэж шийдвэрлээгүй үлдсэн.

Миний 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийн ..... дугаартай гэрчилгээ ёсоор эзэмшиж буй “Чоно төрш” гэх газар нь Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 17 дугаартай тогтоол ёсоор намаржаа, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр тогтоосон бүс нутагт хамаарч байгаа.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үүрэг нь тухайн шатны Засаг даргад байдаг учраас Засаг даргын сунгахгүй байгаа үндэслэл хууль бус гэж үзэж байна.

Тухайн газрыг урьд надад эзэмшүүлсэн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болоогүй учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн үед нэг мөр шийдвэрлэгдсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дахин тусгах шаардлага байхгүй байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д ”Монгол улсын иргэнд 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэж заасан байгаа тул урьд 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдлыг хуульд нийцүүлэн сунгах шаардлагатай, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан Н.К эзэмшүүлсэн газар бусдын эзэмшил газартай давхцаагүй байгаа зэрэг нөхцөл, хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар “бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж, нийтээр ашиглана” гэж заасныг тус тус үндэслэн надад эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

Иймд шүүхээс Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чоно төрш” гэх газраас өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаартай захирамжийн хугацааг сунгахаас татгалзсан Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг Бугат сумын Засаг даргад даалгах шийдвэр гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч Н.К нь ”Чоно төрөөч” гэх газрыг 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар газар эзэмших гэрчилгээгээр хаваржаа, намаржааны зориулалтаар эзэмшиж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрчилгээгээр нотлогдож байна. Уг гэрчилгээний хугацаа 10 жил бөгөөд 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон. Тухайн үед ажиллаж байсан Бугат сумын Засаг дарга нарт  гэрчилгээний хугацааг сунгуулах талаар удаа дараа хандаж байсан боловч одоо хүртэл сунгагдаагүй.

Газар эзэмших эрх дуусгавар болох асуудлыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол дуусгавар болохоор заасан. Н.Көпжасар гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлт гаргаж байсан. Сунгуулах тухай хүсэлт гаргаж байсан нь багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр болон өөрийн тайлбараар нотлогдож байна.

Гэрээний хугацааг сунгах үүрэг нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Засаг даргын чиг үүрэгт хамаарч байна. Засаг дарга Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.2-д заасны дагуу гэрчилгээний хугацааг сунгах ёстой байсан. Сунгах үүргээ гүйцэтгээгүй учраас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн зохих хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Газрын тухай хуульд зааснаар газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашигладаг. Нэхэмжлэгчийн эрхийн гэрчилгээ нь хүчингүй болоогүй өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байгаагаас гадна газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батална” гэж заасан. Тухайн маргаан бүхий бүс нутгийг өвөлжөө, хаваржааны бүс нутаг болгон тогтоосон болох нь Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 17 дугаар тогтоолоор баталсан хуваариар тогтоогдож байна.

Гуравдагч этгээд болон хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбартаа тухайн газрыг хэдэн малчдад хуваарилан өгч, гэрээгээр ашиглуулж байгаа гэсэн тайлбар гаргаж байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана.Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан учраас нийтээрээ ашиглах ёстой. А гэдэг хүн төсөл хэрэгжүүлэх журмаар Бугат сумын Улаан толгой багт бэлчээр хуваарилж, гэрээ байгуулсан байна. Энэ нь  өөрөө Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийг зөрчсөн. Бэлчээрийг зөвхөн гуравдагч этгээдэд ашиглуулахаар тогтоож байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Багийн нутаг дэвсгэрээс газар олгохыг зөвшөөрөх тухай” 5 дугаар тогтоол гаргаж “Чоно төрөөч” гэх газрыг Н.Көпжасарт намаржаа, хаваржааны зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасан үндэслэлээр Н.Көпжасартай гэрээ байгуулж, ашиглуулах тухай шийдвэр гаргах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

5.Хариуцагч Бугат сумын Засаг дарга нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаас Н.К газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оруулсан боловч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчид дэмжээгүй тул 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс  хасагдсан юм. Иргэн Н.К олгохоор төлөвлөсөн газар нь айлуудын дундын бэлчээр тул маргаан бүхий газар юм.

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хуралд эрх ашиг нь зөрчигдсөн тухайн хэсгийн малчид болох Ж.Б, Ж.Б, Ж.Е зэрэг айлуудаас төлөөлөл оролцоогүй нь ашиг сонирхлын зөрчилтэй  зөрчил үүсэх шалтгаан нөхцөл бий болох боломжтой ба багийн иргэдийн ирц нь бас бүрдээгүй.

1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаартай сумын Засаг даргын захирамжийг аймгийн Архивын тасгийн сөн хөмрөгөөс шүүж үзэхэд  байхгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж сумын Засаг дарга “Чоно төрш” гэх газраас өвөлжөө, хаваржааны газрыг олгох, хугацааг нь сунгах боломжгүй гэж үзсэн.

Иймд иргэн Н.К нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Гуравдагч этгээд  шүүхэд  ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хургат” гэх газар байршилтай өвөлжөөг 2009 онд Н.К төрсөн ахын хүүхэд, тус өвөлжөөний эзэн М.Ж худалдаж авсан. С.Ж тухайн үед Казахстан улсад нүүх болж өвөлжөөг бидэнд худалдаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. Үүний дагуу Бугат сумын Засаг дарга 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 06 тоот захирамж гаргаж, сумын газрын даамал түүнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгсөн. Тухайн үед гэрчилгээ ах Ж.Б нэр дээр гарч дараа нь Бугат сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/162 тоот захирамжаар миний нэр дээр шилжүүлэн эзэмшүүлсэн. Одоо тухайн өвөлжөө миний нэр дээр бүртгэлтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байгаа.

Бугат сумын Улаан толгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/02 тоот тогтоолоор тус багийн малчдын хэсэг, бүлгүүдийн нэр бүхий 36 хот айл, 87 малчин өрхтэй бэлчээр ашиглах гэрээ байгуулахыг дэмжих шийдвэр гаргасан. Дээрх тогтоолыг үндэслэн Бугат сумын Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр бэлчээр ашиглах гэрээ байгуулсан. Бид тухайн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.Миний ашигладаг бэлчээрийн газрын заагийг зургаар тогтоож, 21 дугаараар дугаарлаж өгсөн газрын зураг нь байгаа. Уг 21-ээр дугаарласан хэсэгт ах Ж.Б, Ж.Е, эцэг А.Ж, Ж.Б дүү Б.А, мөн миний бие гээд нэг хот айл буюу 5 малчин өрх орсон байдаг.

 Бугат сумын Улаан толгой багийн иргэн Н.К нь бидний бэлчээрийн хуваарьтай дээрх газарт Бугат сумын Засаг даргын орлогчийн 2019 оны А/30 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулсан байсан. Би энэ асуудлаар аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Бугат сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/104 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгосон.

Гэтэл Н.К нь 2022 оны зун багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулсан болж баримт бүрдүүлээд өмнө нь эзэмшүүлсэн газрыг дахин эзэмших хүсэлтийг Бугат сумын Засаг даргад гаргасныг Засаг дарга хүлээж аваагүй байна.

Бидний бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа газрын ерөнхий нэршил нь “Чоно төрдөг уул” бөгөөд Н.К эзэмшихээр хүсэлт гаргаж байгаа “Чоно төрсөн” гэх газар нь миний бэлчээрийн хуваарьтай газар дотор багтаж байгаа юм.

Н.К “Чоно төрсөн”  буюу “Чоно төрш” гэх газарт 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдөр олгосон 86 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ ёсоор хаваржааны зориулалтаар газар эзэмшиж, 1996 оноос эхлэн байшин, хашаа, хороо зэрэг үл хөдлөх эд хөрөнгө байршуулж ашиглаж байгаа гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Маргаан гаргаад явж байгаа газарт ямар ч хашаа, хороо, байшин байхгүй, олон жилийн өмнөөс бий болсон малын бууц л байгаа. Бид 2009 онд нүүж ирснээс хойш Н.К тэнд хаваржиж, намаржиж байсныг, хашаа, хороо, байшин барьсныг харж байгаагүй. Харин Н.К нь манайхтай ойролцоо “Хүүш” гэх газарт өөрийн гэсэн өвөлжөөтэй” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг яаж зөрчигдөх вэ гэдэг үндэслэлээр тайлбар гаргая.

1.Бугат сумын иргэн Ж.Б, түүний эцэг Ж, ах Б, Е нар 2009 оны 10 дугаар сарын 21-нд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн төрсөн ахын хүүхэд Ж, Р нараас “Хургат”, “Арьст” гэх газар байрлах өвөлжөө, хаваржааны газрыг  худалдаж авсан. Түүний дагуу Бугат сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг эдгээр хүмүүсийн нэр дээр шилжүүлж, шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Тухайн өдрөөс эхэлж, эдгээр хүмүүс тухайн газрыг эзэмшиж, эрх, үүргээ хэрэгжүүлж ирсэн. Дараа нь Бугат сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/162 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн ах Ж.Б, Ж.Б хоёр хоорондоо тохиролцсоны дагуу тухайн газрыг Ж.Б нэр дээр шилжүүлсэн. Эзэмших хугацаа 47 жилийн хугацаатай. Үүний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч, гэрээ байгуулсан. Тухайн газрыг Ж.Б хууль ёсоор эзэмшиж байгаа. Иймээс гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх үндэслэл болж байна.

2.Бугат сумын Улаан толгой багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/02 дугаар тогтоолоор тус багийн малчдын хэсэг бүлгүүдийн 36 хот айл, 87 малчин өрхтэй гэрээ байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслээд Бугат сумын Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 21-нд бэлчээр ашиглах гэрээ байгуулж, тухайн айлууд бүгдээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн үед үйлдсэн Хавсралт зурагт 21 гэдэг дугаараар дугаарласан хэсэгт 531.2 га газар орсон байгаа. Тухайн газрыг 2 хот айл буюу Ж.Б, Ж нар болон А, У гэдэг айлууд ашиглахаар гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу тухайн газрыг ашиглаж ирсэн.

Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Н.К эзэмшихийг хүсээд хүсэлт гаргаж байгаа газар нь Ж.Б өвөлжөөнөөс 1015.6 метрийн  зайтай болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр “Чоно төрөөч” гэх газраас хаваржаа, намаржааны зориулалтаар газар эзэмшиж ирсэн,тэнд миний үл хөдлөх хөрөнгө байгаа гэдэг байдлаар бичсэн байсан. Шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд, тэнд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө хашаа хороо, амбаар байшин байхгүй болох нь тогтоогдсон. Мөн гэрч А, У нарын өгсөн мэдүүлгээр тухайн газарт Н.К 20-оод жилийн өмнө жижиг амбаар, хашаа барьсан,2 жил ашиглаж байгаад дараа нь амбаараа буулгаад явсан,тэрнээс хойш тэнд оршин сууж, ашиглаж байгаагүй гэдгийг гэрчилсэн.

Н.К 86 дугаар гэрчилгээнд Бугат сумын Засаг даргын 1995 оны 05 дугаар сарын 05 дугаар шийдвэр гэж бичигдсэн. Үүний дагуу архиваас захирамжийн хуулбарыг гаргуулахад, газар эзэмшихтэй холбоогүй, өөр захирамж болох нь тогтоогдсон. Тийм учраас тухайн үед газар эзэмших захирамж гарч байсан эсэх нь тодорхой бус байгаа.

1996 оны 5 дугаар сарын 09-ний өдөр олгосон гэрчилгээний хугацаа 10 жил гэж байна. 2006 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2021-2022 онуудад Засаг даргад гэрчилгээний хугацааг сунгуулах талаар хандаж байсан гэсэн. Гэтэл өнөөдөр болохоор 1990 хэдэн оны үед Ө, Б нарт хандаж байсан гэж үндэслэлгүй тайлбар хэлж байна.Хандаж байсан  асуудлын хувьд бол 2019 онд өөрийнх нь хүү Х  сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхад захирамж гаргуулж тухайн газрыг авсан байдаг. Гэхдээ дараа нь шүүхээр асуудал яваад тухайн захирамж нь хүчингүй болсон. Ингээд 2020 онд тухайн захирамж хүчингүй болонгуут 2021 оноос энэ асуудлыг хөндөж байгаа. Тэрнээс өмнө тухайн газрыг эзэмшье, ашиглая гэж ямар нэгэн байдлаар хүсэлт гаргаж байсан талаар нотлох баримт байхгүй.

Гэрчилгээ сунгах тухай асуудлыг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхой зохицуулсан. 30-аас доошгүй хоногийн өмнө, хүсэлтээ холбогдох баримт бичгийг хавсаргаад Засаг даргад гаргана гэж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн газрыг яаж ашигласан, татвар төлж байсан уу гэдгийг нотлох ёстой. Үүнийг  газар эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянасны үндсэн дээр Засаг дарга шийдвэрлэх ёстой. Энэ зохицуулалтын дагуу  тухайн үед хүсэлт гаргаж байсныг нотлох баримт байхгүй.

Мөн Багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэсэн гэсэн асуудал ярьж байгаа. Гэтэл  уг хуралдаанд оролцсон хүний тоо, гарсан шийдвэр зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа.Хуралдааныг хэрхэн зарлах, хэдэн хүн оролцох ёстой,  товыг хэрхэн мэдэгдэх талаарх хуульд заасан шаардлагууд хангагдаагүй.

 Газрын тухай хуульд Багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээг зааж өгсөн.  Багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд газар олгодог этгээд биш, бэлчээр ашиглах талаар маргаан гарвал саналаа Засаг даргад өгөх заалттай байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй,хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.К “Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чоно төрөөч” гэх газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаар гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож,гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” шаардлагатай нэхэмжлэл  үндэслэлгүй  байна.

2. Газрын тухай  хууль /1994 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 60 жил хүртэл хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно. Газар эзэмших гэрээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна” гэж заасан ба нэхэмжлэгч Н.К 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр “Чоно төрш” гэх газраас  400 м.кв газрыг  хаваржаа, өвөлжөөний зориулалтаар, 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

Уг газар эзэмших гэрчилгээнд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 1996 оны 05 дугаар шийдвэрийг үндэслэсэн гэж тусгасан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 36-37 дах тал/ Бугат сумын Засаг даргын 1996 оны 05 дугаар захирамж нь  02 дугаар сарын 05-ны өдөр гэсэн огноотой, “Хөдөлмөрийн аваргуудыг батлах тухай” гэсэн захирамж болох нь тогтоогдсон.

3.Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1-д “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ; 37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заажээ.

4. Нэхэмжлэгчээс “Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д ”Монгол улсын иргэнд 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэж заасан байгаа тул урьд 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдлыг хуульд нийцүүлэн сунгах шаардлагатай” гэсэн, шүүх хуралдаанд “Газар эзэмших гэрчилгээний  хугацааг сунгуулахаар анх 2006 онд  Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Б, дараа нь  Засаг дарга Ж нарт тус тус амаар хандаж байсан” гэсэн тайлбарууд гаргасан ба хуулийн дээрх заалтуудаас үзэхэд газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө  хуульд заасан  баримт бичгүүдийг хавсаргаж, хугацаа сунгуулах тухай хүсэлтээ бичгээр тухайн шатны Засаг даргад гаргахаар зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч Н.К нь “Чоно төрөөч” гэх газраас 400 м.кв газрыг 10 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 86 дугаартай газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулахаар 2006 онд буюу гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусах үед болон үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд,тухайлбал 2003 оны 01 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдсөн Газрын тухай хуульд заасан 15 жилийн хугацаа дуусах  үед ч  тухайн шатны Засаг даргад  Газрын тухай хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж, бичгээр хүсэлт гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар ажилласан Х.С,С.А, тус сумын  Засаг даргаар ажиллаж байсан А.Ж нарын гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 109-113 дах тал, 2 дах хавтаст хэргийн 2,6-7,12-13 дах тал/ тогтоогдсон болно.

Мөн А.Б нь Бугат сумын Засаг даргаар 2006 онд биш, 2011-2012 онд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар /2 дах хавтаст хэргийн 2 дах тал/ тогтоогдож байх тул нэхэмжлэгч Н.К гэрчилгээний хугацааг сунгуулахаар анх 2006 онд хандсан гэх тайлбар нь үгүйсгэгдэж байгаа ба түүний газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулахаар  2020-2021 оны үед амаар гаргасан хүсэлтэд Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаагаа хэтрүүлсэн тул  сунгах боломжгүй” гэж, Засаг дарга А.Ж  “шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу тус тус өгсөн.

Үүний дараа 2022 онд нэхэмжлэгч Н.К нь “Чоно төрөөч” гэх газрыг шинээр эзэмшүүлэх тухай хүсэлт гаргасан байх ба үүнд Бугат сумын Засаг дарга А.Ж багийн иргэдийн Нийтийн Хурлаар  шийдвэрлүүлэх тухай хариу өгснөөр  тус сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаан толгой багийн “Чоно төрөөч” гэх газраас Н.К намаржаа, хаваржааны зориулалтаар  газар олгохыг зөвшөөрсөн  05 дугаар  тогтоол гаргасан боловч тухайн өдрийн хуралдаан нь ирцийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  32 дугаар зүйлийн 32.6-д заасан  хуралдааныг хүчинтэйд тооцох шаардлагыг хангаагүй.

Уг 05 дугаар тогтоолыг 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга И.Г тус сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд танилцуулсан боловч “Ирц бүрдээгүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хийсэн, маргаантай газарт өвөлжиж, хаваржиж байгаа иргэдийг  хуралдаанд оролцуулан шийдвэрлэх ёстой” гэсэн үндэслэлээр  тухайн  “Чоно төрөөч” гэх газрыг иргэнд эзэмшүүлж болохоор сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг төлөөлөгчид дэмжээгүй байх ба эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 1-3,41-63,71-72,76-78,215-221,229-231, 2 дах хавтаст хэргийн 6-7,12-13 дах тал/ тус тус тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Н.К нь дээрх гэрчилгээгээр эзэмшүүлсэн  “Чоно төрөөч” гэх газарт 1996 онд байшин, малын хашаа барьж, 10-аад жил амьдарсан гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 229-231, 2 дах хавтаст хэргийн 6-7,15-17, 28,32 дах тал/ тухайн газарт 2 жил гаруй хугацаанд  амьдарсан ба  2009-2010 оны үед байшингаа өөрөө нураагаад аваад явсан,  одоо тухайн газарт  ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй болох нь тус тус  тогтоогдож байна.

6. Эдгээр  нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч  Н.К нь Бугат сумын Улаан толгой /2 дугаар/ багийн “Чоно төрөөч”  гэх газраас 400 м.кв газрыг 10 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 1996 онд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар эрх бүхий этгээдэд хуульд заасан хугацаанд, журмын дагуу хүсэлтээ гаргаагүй гэх үйл баримт тогтоогдож байгаагаас гадна анх 2006 онд буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусах үед Бугат сумын Засаг даргад гэрчилгээний хугацааг сунгуулахаар амаар хандаж байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.К нь 1996 оны 86 дугаар газар эзэмших гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрыг 2 жил гаруй хугацаанд л эзэмшиж, ашигласан, түүнээс хойших хугацаанд эзэмшиж, ашиглаагүй, одоо  уг газарт ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй  нь тогтоогдсон,өөрөөр хэлбэл   нэхэмжлэгч нь  гэрчилгээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаагүй гэсэн үйл баримт тогтоогдож байгаа гэж дүгнэлээ.

7. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасан ба  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас нэхэмжлэгч Н.К 1996 оны 86 дугаар газар эзэмших гэрчилгээгээр Бугат сумын Улаан толгой /2 дугаар/   багийн “Чоно төрөөч”  гэх газраас эзэмшүүлсэн 400 м.кв газрыг эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байна.  

8. Гуравдагч этгээд Ж.Б нь Ж.Б, Ж.Е нарын хамт  маргаан бүхий “Чоно төрөөч” гэх газраас 1 км гаруй зайтай “Хургат” гэх газраас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг 2010 оноос эхлэн  эзэмшиж, байшин, малын хашаа барьж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / 1 дэх хавтаст хэргийн 229-231,240-246,247-250,2 дах хавтаст хэргийн15-17 дах тал/ тогтоогдсон.

Мөн гуравдагч этгээд Ж.Б нь маргаан бүхий  “Чоно төрөөч” гэх газрыг 2009-2010 оноос эхлэн бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа болох нь дараах нотлох  баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 186,187,188-191,229-231 дэх тал, хавсралт зургууд, 2 дах хавтаст хэргийн 28,32 дах тал/ тогтоогдож байна гэж үзлээ.

Бугат сумын  Улаан толгой /2 дугаар/ багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/02  дугаар тогтоолоор тус багийн  малчидтай бэлчээр ашиглах гэрээ байгуулахыг дэмжиж санал хүргүүлснээр  тус сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар сумын өвөлжөө, хаваржааны бэлчээрийг хот айл болгонд бэлчээр ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээжүүлэх ажлын хэсэг байгуулжээ.

Үүний дагуу Бугат сумын Засаг даргыг төлөөлж ажлын хэсгийн гишүүн  сумын газрын даамал Х.С,мөн 2 дугаар багийн Засаг дарга А.Х нар Улаан толгой багийн малчидтай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 2 дугаар хавсралтын дэс дугаарын 21-т  Ж хүүхдүүд болох Б, Б, Е нарын 3 малчинд 547 га  газар ашиглуулахаар заасан байна.

Уг гэрээний 1 дүгээр хавсралт болох бэлчээрийн газрын зурган мэдээллүүдээс үзэхэд “Чоно төрдөг уул” гэх газрын ойролцоох 22 гэсэн тоогоор тэмдэглэсэн газрыг  Х, Н, 21 гэсэн тоогоор тэмдэглэсэн газрыг Ж хүүхдүүдийн /Б, Е, Б/, 20 гэсэн тоогоор тэмдэглэсэн газрыг  С, 19 гэсэн тоогоор тэмдэглэсэн газрыг А ашиглах бэлчээрийн газар гэж тусгасан байх ба гэрч А.Х,И.У, Б.А  нараас “Чоно төрөөч” гэх газрыг гуравдагч этгээд Ж.Б бэлчээрийн зориулалтаар ашигладаг  гэж мэдүүлсэн.

Мөн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан “Хадлан, бэлчээр ашиглах, хамгаалах журам”-ын  “Дөрөв.Бэлчээр ашиглалтын хуваарь” гэсэн хэсэгт зааснаар “Хургат” гэх газар нь хаваржаа, намаржааны  бэлчээрт хамаарах ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 64-70,87,97-99,229-231 дэх тал/ “Хургат” гэж нэрлэдэг газарт “Их хургат”, “Бага хургат”, “Чоно төрөөч”  гэх газрууд нь хамаардаг болох нь тогтоогдсон.

9. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан.

Дээрх байдлаар гуравдагч этгээд  Ж.Б нь  Бугат сумын Улаан толгой багийн хаваржаа, намаржааны бэлчээр болох “Хургат” нэртэй газарт хамаарах  “Чоно төрөөч” гэх газрыг хуульд заасан журмын дагуу буюу Бугат сумын Засаг даргын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн байгуулсан гэрээний дагуу ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Көпжасарын “Чоно төрөөч” гэх газрыг эзэмших эрх нь дуусгавар болж, тухайн газар нь хэн нэгний эзэмших,ашиглах эрх үүсээгүй, сул чөлөөтэй газар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Газрын  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т тус тус зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд, журмын дагуу гаргаснаар  тухайн шатны Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авснаас хойш эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахаар зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч Н.К нь  “Чоно төрөөч”-өөс 400 м.кв газар эзэмшүүлсэн газар эзэмших гэрчилгээний  хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд, журмын дагуу гаргаагүй бөгөөд эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй 20-оод жил болсон байх  тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байгаа, мөн энэхүү сул чөлөөтэй газрыг гуравдагч этгээд нь хуульд заасан журмын дагуу ашиглаж байгаа нь тогтоогдсон  тул 1996 онд  10 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар нэхэмжлэгчийн 2020-2021 онд амаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан хариуцагч Бугат сумын Засаг даргын  татгалзал үндэслэлтэй,  Газрын  тухай хуулийн  дээрх заалтуудад  нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  “Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Чоно төрөөч” гэх газраас  өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн 1996 оны 5 дугаар сарын  09-ний өдрийн 86 дугаар гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан  сумын Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоож,гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ЕРКЕШ