| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2022/06362/И |
| Дугаар | 184/ШШ2023/01203 |
| Огноо | 2023-03-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2023/01203
| 2023 03 24 | 184/ШШ2023/01203 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, В.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********************** тоот хаягт оршин суух, Их зуутраг овогт Балжиннямын ************ /РД:************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ задгай хаягт оршин суух, ******** овогт ********* ************ /****************/-д холбогдох
Гэм хорын хохиролд 1,783,257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч М.************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай дүүгийн бие хүнд байгаа. Хариуцагчаас нэхэмжилж байгаа энэ мөнгө юу ч биш. Нэг нүд нь 100 хувь хараагүй, хүний асаргаанд байдаг. Бид шөнө хоолойны гуурсыг нь харж хонож байгаа. Бриллиант эмнэлэгт хоолойны гуурсны хагалгаанд орохоор болсон боловч хагалгаа хийх эмч байхгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Одоогоор Япон Монголын хамтарсан эмнэлэгт хандахаар хүлээж байна. Энэ хоолойны гуурсны хагалгаанд маш яаралтай оруулах шаардлагатай. Уг хагалгаанд оруулахгүй бол хоолойны гуурс бөглөрөөд байдаг. Үүнээс болж хоол идэхэд зовуурьтай болсон. Ослоос шалтгаалж биеийн байдал нь муу байна. Энэ төлбөр нь өдөр тутам ашиглагдаж байгаа эм, тарианы зардал. Эмнэлэгт хэвтсэн баримтыг нь авч чадаагүй байна. Хариуцагчаас 1,783,257 төгрөгийг нэхэмжилж байна.
Өмнө эрүүгийн болон иргэний шүүхээр хохирлоо шийдвэрлүүлж байсан, тэр нь тухайн шийдвэрүүд гарахаас өмнөх хохирол байсан, энэ нь иргэний шүүхийн шийдвэр гарснаас хойш эм тариа, эмчилгээнд гарсан зардал тул өмнөх хохиролд хамаарахгүй гэжээ.
2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Өмнө нь шүүх хурлаар ороод 3,600,000 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн 3,600,000 төгрөгийг бүхэлд нь өгсөн. Дараа нь иргэний шүүхээр орж 3,000,000 төгрөгийг шаардахад нь мөн өгсөн. Одоо би ажилгүй өөрийн машиныг зарж нэхэмжилсэн мөнгийг нь өгсөн. Одоо надад нэхэмжлэгчид төлөх мөнгө байхгүй гэжээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/1079 дугаартай шийдвэрийн хуулбар, НӨАТ баримт, Сонгинохайрхан дүүргийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ2022/17116 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, итгэмжлэл.
3.2. Хариуцагчталаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтооолын хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.************аас хариуцагч М.************ад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,783,257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас ...энэ ослоос шалтгаалж баруун тархи нь саажилттай, баруун нүд нь хараагүй, баруун чих нь юм сонсохгүй байгаа. Энэ төлбөр нь өдөр тутам ашиглагдаж байгаа эм, тарианы зардал гэж, хариуцагч талаас ... Осол гарснаас хойш эмнэлэгт хэвтэхэд нь 2019 онд 2,000,000 төгрөгийг өгч байсан. Мөн бөөд үзүүлнэ хонь, ямаа шаардлагатай гэж хэлээд 500,000 төгрөг авсан. Хятадаас 3,000,000 төгрөгийн эм авна тал мөнгийг гаргаж өг гээд 1,500,000 төгрөг өгсөн. Нийт 4,000,000 төгрөг өгсөн, одоо өгөх мөнгө байхгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Шүүх дээрх тайлбарууд дахь үйл явдалд хариуцагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэх, гэм хор учруулагч бүрэн хариуцах эсэхийг тодорхойлох учиртай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ. Эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах гэдгийг хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид мөнгөөр нөхөн төлөхийг ойлгохоор хуульд заасан, зохицуулсан байдаг.
6. Хариуцагч М.************ нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны шөнө 22 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 74-р хороо, Толгойтын замд, Хьюндей Портер маркийн 10-39 УБР дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 ...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.************ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 1079 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогддог.
Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон түүнээс хойш иргэний журмаар нэхэмжилсэн хохирлыг хариуцагч М.************ төлж барагдуулсан болох нь талуудын тайлбараар, 2022 оны 6 сарын 02-ны өдрийн 22-6/471 дугаартай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 3117 дугаар захирамж, 48 тоот гүйцэтгэх баримтын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор нотлогддог, талууд энэ талаар маргадаггүй.
7. Харин хариуцагч М.************аас ...өмнө хохирол төлбөр барагдуулсан, одоо төлөх боломжгүй гэх үндэслэлээр маргадаг хэдий ч бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүргээс хариуцагч чөлөөлөгдөх боломжгүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэл бүхий болно.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хохирогч Б.************ын биеийн байдал муу байгаа, нэг нүд нь 100 хувь хараагүй, хоолойны гуурсыг нь харж хонодог, хүний асаргаанд байнга байдаг. Энэ хоолойны гуурсны хагалгаанд маш яаралтай оруулах шаардлагатай. Уг хагалгаанд оруулахгүй бол хоолойны гуурс бөглөрөөд байдаг. Зардал, төлбөр нь өдөр тутам ашиглагдаж байгаа эм, тарианы зардал. Эмнэлэгт хэвтсэн баримтыг нь авч чадаагүй гэх тайлбарыг гаргадаг. Энэ үйл баримт нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 6 сарын 22-ны өдрийн 556405 дугаартай ...хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоов, шийдвэрийн хүчинтэй хугацаа 2023 оны 07 сарын 08-ны өдөр гэх шийдвэрээр болон эм тариа,эмчилгээ үйлчилгээ авч байсан санхүүгийн баримтаар тогтоогддог ба хариуцагчаас гэм буруу дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг.
Нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 1,783,257 төгрөг нь хавтаст хэргийн 9-14 дүгээр талд авагдсан 2021 оны 11 сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх цаг хугацаанд гарсан эм, тариа, эмчилгээ үйлчилгээний зардлыг нотлох е-баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.
9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч М.************аас гэм хорын хохиролд 1,783,257 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.************т олгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,482 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.************аас 1,783,257 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.************т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,482 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
Ж.ЛХАГВАСҮРЭН