Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 283

 

 

 

 

 

 

   

  

 

   

     2017           07           18                                          283

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатар,  

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч Б.Угталбаяр,

шүүгдэгч Г.Одгэрэл, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938), Ю.Сэвлэгмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0257) 

шүүгдэгч Л.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0433/

гэрч А.Адъяа,

шинжээч Ц.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлтэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овгийн Ганчимэгийн Одгэрэл,

2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн 2016 2601 1641 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Тайжууд овогт Ганчимэгийн Одгэрэл Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 12-1094 тоотод оршин суух бүртгэлтэй,  Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байр, 1-р орцны 7 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

1.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж тогтоосон,

2.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял  шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 сарын нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг нь 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. (РД:УП95042172).

 

2.Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Жаргалсайхан, Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү, 04 насны хүүхэд нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 93 дугаар гудамжны 16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын  хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. (РД:УЗ92112921)

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Одгэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын 32 дугаар гудамжинд байрлах “Өндөр ээж” хүнсний дэлгүүрийн гадна найз Баяржаргалыг өмөөрч хувийн таарамжгүй харьцааны улмаас асвалтын хагархай шидэж, хохирогч Б.Угталбаярын нүүрэн тус газарт нь цохиж, түүний бие махбодид нь “тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал таславчийн муруйлт, духны хөндийн цус хуралдалт, 2 нүдний дээд, доод зовхи, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Л.Жаргалсайхан нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Одгэрэлд холбогдох эрүүгийн 201626011641 дугаартай хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцон “2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг өгөөгүй, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Цэрэгсүрэн согтуу байхад ирж гарын үсэг зуруулсан. Мөн Г.Одгэрэл, хохирогч Б.Угталбаярыг чулуугаар цохиж гэмтэл учруулаагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Одгэрэл мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн Цэргийн хотхоны автобусны буудлын хажууд байдаг “Өрлөг Ээж” нэртэй хүнсний дэлгүүр рүү орох гээд өөрийн найз Баяржаргалтай хамт явж байхад хохирогч Б.Угталбаяр 5-6 залуугийн хамт “Өрлөг Ээж” дэлгүүрийн баруун талд зогсож байсан. Гэтэл манай найз Баяржаргал хохирогч Б.Угталбаяртай хамт явж байсан нэг залууг хараад манай жалганы цаана байдаг ах байна гэж хэлсэн. Гэтэл хохирогч Б.Угталбаяртай хамт явж байсан залуу нь Баяржаргал бид хоёрын ярьж байсныг сонсоод “намайг жалганы бацаан байна” гэж хэллээ гээд “Өрлөг Ээж” дэлгүүрт бид хоёрын хойноос ороод ирсэн. Тэгээд Баяржаргалтай маргалдаж байгаад мангасдаж унагаасан. Баяржаргал бид хоёр дэлгүүрээс гараад би шууд замын нөгөө талд гарчихаад эргээд харахад Баяржаргалыг газар унагаасан хэдэн талаас нь өшиглөж байсан. Тухайн үед Баяржаргалыг зодож байхад хохирогч Б.Угталбаяр байсан. Мөн “Өрлөг Ээж” дэлгүүрийн камерын бичлэг шөнийн цагаар ажилдаггүй гэж байгаа. Гэтэл намайг өдөр ороход дэлгүүрийн камер бичлэг хийж байсан. Тухайн зодоон болох үед камерын бичлэгийг гаргуулж аваагүйгээс болж энэ хэргийг намайг үйлдсэн гэж үзэж байна. Иймд хэргээ цагаатгуулах саналтай байна гэв.

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад Г.Одгэрэл рүү утсаар залгасан. Тухайн үед би Г.Одгэрэлээс 20,000 төгрөг авах ёстой байсан учраас мөнгөө авах гэж залгасан. Гэтэл Г.Одгэрэл намайг такси бариад Толгойтын цэргийн хотхоны “Өрлөг ээж” дэлгүүрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Намайг очих үед хохирогч Б.Угталбаяр 5-6 тооны залуутай Баяржаргал, Г.Одгэрэл хоёрыг жалга руу чирээд үснээс нь зулгайгаад хоолойг нь боосон байсан. Тухайн үед хохирогч Б.Угталбаяр болон түүнтэй хамт явж байсан хүмүүс бүгдээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байсан. Тэгээд бид очоод та нар олуулаа хоёр хүнийг нийлж зодлоо гэж хэлэхэд чи холд гээд түлхсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлэхэд Баяржаргал, Г.Одгэрэл хоёр зугтсан. Мөн хохирогч Б.Угталбаяртай хамт явж байсан хүмүүс бас зугтсан. Тэгээд цагдаад дуудлага өгчихөөд цагдаа ирэхийг хүлээж байгаад дуудлагаар ирсэн цагдаад манай хоёр найзыг зодсон талаар хэлэхэд зодуулсан хоёр найзыгаа цагдаагийн байгууллагад өргөдөл өг гэж хэл гэсэн. Тухайн зодоон болоод намайг байх хугацаанд хохирогч Б.Угталбаярын толгой тархинаас нь цус гарсан зүйл байхгүй байсан. Тэрнээс хойш дахин зодоон хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Би мөрдөн байцаалтад болсон хэргийн талаар болсон бүх зүйлийн талаар мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хохирогч Б.Угталбаярын найз нь ална гээд дайраад байсан. Мөн намайг холд гээд түлхээд байсан. Намайг байх хугацаанд Г.Одгэрэл, Баяржаргал хоёр хохирогчийг чулуугаар цохисон зүйл байхгүй.

Мөрдөн байцаалтад хамгийн анх өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгийг мэдэхгүй. Цэрэгсүрэн утсаар ярихдаа өмнө өгсөн мэдүүлэг дээр чинь гарын үсэг зуруулах гэсэн юм гэж над руу залгасан. Би гэртээ байна гэж хэлчихээд гэртээ унтаж байхад Цэрэгсүрэн байцаагч манай гэрт ирээд юу болсон талаар асууж байсан. Цэрэгсүрэн намайг согтуу байна, архи чинь гарахаар дүүрэг дээр дуудаж байцаалт авна гэж хэлж байсан. Тухайн үед хохирогч гэмтсэн эсэхийг хараагүй гэв.

 

3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Угталбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед найзуудтайгаа Толгойтын 22 дугаар гудамжны “Өрлөг ээж” хүнсний дэлгүүрээс юм авах гээд явж байсан. Тухайн үед бид нар такси барьж ирээд манай найзууд түрүүлж буусан. Би таксины мөнгөө төлчихөөд хойноос нь очиход манай найз Золбаяр Баяржаргал руу заагаад “энэ намайг жалганы бацаан” гэж хэллээ гээд “Өрлөг ээж” дэлгүүр рүү ороод Золбаяр Баяржаргалыг нэг удаа мангасдаж унагаасан. Гэтэл дэлгүүрийн худалдагч нь дэлгүүрээс гар гэж хэлсэн. Гэтэл Баяржаргал дэлгүүрийн гадаа гараад “намайг зодчихоод мөнгө өгөх хүн байна уу” гээд орилоод байсан. Гэтэл Золбаяр “энэ юу гээд байгаа юм” гэж хэлээд Баяржаргалыг түлхээд унагаасан. Тэр үед Г.Одгэрэл замын цаанаас гараад ирсэн. Золбаяр Баяржаргал хоёрыг зодолдож байна гэж ойлгосон юм шиг байсан. Тухайн үед шүүгдэгч Г.Одгэрэл дэлгүүрээс 10 метрийн зайнаас замын асвалт авч шидсэн. Г.Одгэрэлийг асвалт авч шидэх үед би дэлгүүрийн хажууд зогсож байсан. Харин Г.Одгэрэл дэлгүүрийн баруун талд зогсож байгаад замын асвалт авч шидээд намайг оносон. Тэр үед Л.Жаргалсайхан дэлгүүрийн урд зогсож байсан. Тэгээд Г.Одгэрэл, Л.Жаргалсайхан хоёр зугтааж, Баяржаргал нь үлдсэн. Шүүгдэгч Г.Одгэрэлийн шидсэн чулуу миний нүд, хамар хоёрын дунд цохисон. Г.Одгэрэл, Баяржаргал хоёрыг манай найз Золбаяр, Лхагваа хоёр хойноос нь очиж барьж ирсэн. Гэтэл шүүгдэгч Л.Жаргалсайхан нь Г.Одгэрэлийг манай найз залуу байгаа юм. Мөн манай найз залуу 2 жилийн тэнсэнтэй байгаа юм, мэдүүлгээ буцаачих, маргааш хохирлыг чинь барагдуулж өгье гэж байсан. Бид цагдаа, түргэн тусламж дуудсан. Гэтэл Ганзориг, Адъяа хоёр таарсан. Түргэн тусламжийн машин ирээд намайг авч яваад Гэмтэл Согог судлалын үндэсний төв дээр очиж оёдол тавиулчихаад цагдаагийн байгууллага дээр очиж өргөдөл өгсөн. Хэрэг болсны дараа шүүгдэгч Г.Одгэрэл над руу  утсаар ярихдаа Баяржаргал бид хоёр чамд 150,000 төгрөг өгье гэж ярихаар нь би тэгвэл хуулиар нь шийдүүлье гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг Г.Одгэрэл асвалтаар учруулсан. Цаашид хамраа тэгшлүүлэхэд 1,200,000 төгрөг гарна. Компьютер томографийн төлбөр 80,000 төгрөг, 150,000 гаруй төгрөгийн эм авч уусан.  Мөн сорви арилгахад нэг удаа эмчилгээнд ороход 80,000 төгрөг, 6 удаа ороход 480,000 төгрөг болно гэсэн. Иймд  шүүгдэгч Г.Одгэрэлээс эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

4.Гэрч А.Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр орох гэж явж байх замдаа хохирогч Угталбаяртай таарсан. Угталбаяр 7-8 хүмүүсийн хамт байсан ба зодоон болсон байдалтай, Угталбаяр доошоо хараад сууж байсан. Би юу болсон талаар асуухад Одгэрэл, Баяржаргал нарт зодуулсан гэж зааж өгсөн ба чулуугаар цохисон гэж байсан. Угталбаярыг цохисон гэх чулууг харахад асвалтын хагархай байсан. Угталбаярын нүүрнээс цус гараад байсан болохоор түргэн тусламж, цагдаа дуудаж өгсөн. Мөн Баяржаргалын эцэг, эх нар ирсэн байсан. Одгэрэл, Баяржаргал нар болохоор зодоон биднээс болоогүй гээд юм яриад зугтсан. Харин Угталбаяр маргаан болсон, маргаан надаас болоогүй, оролцоогүй байж байхад замын хажуу талаас чулуу авч шидсэн гэж ярьж байсан. Тэнд байсан 7-8 хүн дотор шүүгдэгч Жаргалсайхан хамт байсан. Тэгээд Жаргалсайхан манай найз тэнсэнтэй байгаа, цагдаа битгий дуудаач гээд байсан.

 

5.Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Зай холдсон байдлыг кинетик үйлчлэл гэнэ. Хохирогч Угталбаярт учирсан дүгнэлтэд дурдсан гэмтэл нь хатуу мохоо зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр буюу асвалтны хагархайгаар үүсгэгдсэн байх боломжтой. Дух ясны хугарал буюу сэтэрсэн хугаралтай байсан ба хугарлын харалдаа үүссэн жижиг цусан хураа нь мэс засалгүйгээр эмийн эмчилгээгээр эдгэрэх боломжтой. Хугаралын хэмжээ их, багаас хамаарч цусан хураа үүсэх нөхцөл болно. Хугарал их хэмжээтэй байвал олон судас зэрэг гэмтэж цусан хураа  үүснэ. Цусан хурааг хэвтрийн дэглэм сахиж, тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээгээр эмчлэх боломжтой. Цусан хураа бүхий гэмтэл нь дотор муухайрах шинж илрэх ба, ухаан санаа нь эрүүл байна. Дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Дух ясны хугарал гавлын хөндийд учрах ба амь тэнссэн гэмтэл биш юм. Цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2601 1641 дугаар хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох (Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд)

6.Хохирогч Б.Угталбаярын 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нарангийн голд найзынхаа гэрийг барилцаж өгчихөөд машинаа гэртээ тавьчихаад, гэр барьсан айлдаа буцаж очоод нэг лааз пиво, надтай хамт явсан Золбаяр, Хосбаяр, Лхагваа, Ууганболд нар хоёр, хоёр лааз шар айраг уусан. Тэгээд Золбаярыг гэр рүү нь дөхүүлж өгөх гээд Толгойтын цэргийн хотхоны тэнд байдаг “Содмонгол” шатахуун түгээх станцын замын эсрэг талд байдаг “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр рүү тамхи авахаар машинаасаа буусан. Надаас өмнө манай найзууд болох Золбаяр, Хосбаяр, Лхагваа нар буусан байсан. Би сүүлд нь машинаас буугаад очтол Золбаяр Баяржаргал гэх залуутай маргалдаад дэлгүүр рүү орсон. Тэгтэл дэлгүүрийн худалдагч гарч маргалд гэхээр нь бид нар гарсан. Гадаа гараад Золбаяр, Баяржаргал гэх залуутай маргалдаад байсан. Тэгсэн Баяржаргалтай хамт явсан залуу замын хагархай асвалт аваад бид нар руу шидсэн чинь би оногдсон. Түүнээс өөр хүн байгаагүй. Тэгээд миний толгойг гэмтээчихээд зүүн тийшээ зугтахаар нь араас нь Хосбаяр, Лхагваа хоёр очиж барьж ирсэн. Тэгэхэд цагдаад өгсөн дуудлагаа буцаачих, би тэнсэнтэй байгаа, би гомдлыг чинь маргааш барагдуулна гээд байсан тул тэр хүнээс гарцаа байхгүй гэж бодож байна. Манай найзууд тэр хоёрт гар хүрсэн зүйл байхгүй, өөрсдөө ч зодоогүй гэж байна лээ....” гэх мэдүүлэг [1] ,

-2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин хохирогчоор мэдүүлсэн:

“...2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 32 дугаар гудамжинд байх “Өрлөг Ээж” хүнсний дэлгүүрийн гадна болсон. Тухайн хэрэг болоход би тэр хүнийг танихгүй байсан. Манай найз Золбаярын хажуу талын айлын хашааны залуугийн найз гэсэн. Сүүлд мэдэхэд Золбаярын хажуу талын айлын хашааны залууг Баяржаргал, хамт явсан миний толгойг хагалдаг залууг Одгэрэл гэж мэдсэн. Би тэр залуучуудыг харсан мөн байна лээ. Одгэрэл миний толгойг замын хагархай асвалт авч шидсэнээс болж миний хамар хугарч, духны яс цөмөрч, хөмсөг язарч, хамарны зүүн тал язарсан. Мөн хоёр нүдний ойр орчим тэр чигтээ хавдсан. Би гэмтлийн эмнэлэг дээр үнэгүй оёдол хийлгэсэн. Толгойн компьютер томографийн зургийг “Натур” эмнэлэгт 80,000 төгрөгөөр авахуулсан. Би нийт 150,000-200,000 төгрөгийн эм авч уусан. Одоо баримттай 80,000 төгрөг болон эм авч уусан 150,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ойролцоогоор хүний гарын алганы хэмжээтэй замын хагархай асвалт 8-9 алхамын зайнаас авч шидэж гэмтээсэн. Сүүлд тэр миний толгойг онож гэмтээсэн замын хагархай асвалтыг харахад миний зогсож байсан газраас баруун талд хашааны ёроолд унасан байсан. ...” гэх мэдүүлэг [2],

 

7.Гэрч Б.Золбаярын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...Бид нар Цэргийн хотхоны тэнд “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр рүү орох гэж байгаад дэлгүүрийн үүдэнд хоёр залуутай маргалдсан. Тэр хоёр залуу нэг охин дагуулж  явсан. Тэгсэн намхан залуу нь “намайг жалганы бацаан” гээд ярьж байхаар нь би тэр залуутай маргалдаад зогсож байхад нөгөө намхан залуу “намайг зодчих, би чамаас мөнгө авъя” гээд орилоод байсан. Дэлгүүр рүү намайг орох гэж байхад нөгөө маргалдаад байсан залуу миний урдаас гарч ирж байхдаа “зодуулаад мөнгө авъя” гээд элдэв юм яриад байхаар нь дэлгүүр дотор би нэг удаа гараараа цээж рүү нь түлхсэн чинь тэр залуу дэлгүүрийн шалан дээр унасан. Тэгээд дэлгүүрийн үүдэнд маргалдаад бөөнөөрөө зогсож байсан чинь замын цаанаас нөгөө маргалдаад байсан залуутай цуг явсан залуу замын хагархай асвалт барьсан байсан. Нэг харсан Угталбаярын хөмсөг нь задарч цус гарч байсан. Тэгсэн нөгөө бид нартай маргалддаг хоёр залуу зугтаад явахаар нь манай хоёр найз Хосбаяр, Лхагвасүрэн хоёр араас нь хөөж яваад нөгөө хоёрыг бариад ирсэн. Тэгээд намайг яваад очиход асвалт шидэж Угталбаярын хөмсгийг язалсан залуу “ахаа намайг уучлаач, явуулчихаач, би тэнсэнтэй байгаа” гэх юм яриад байсан. Зодолдсон зүйл байхгүй. Угталбаяр гэмтсэнээс өөр гэмтсэн хүн байхгүй. Надтай маргалдсан залуугийн найз нь асвалтын хагархай бид нар руу шидээд түүнд нь Угталбаяр оногдсон. Айлгах маягаар бид нар руу шидсэн байх гэж бодож байна. Түүнээс биш хэн нэгнийг цохиж гэмтээнэ гэж бодоогүй байх. Учир нь тэнд зодоон болоогүй, зүгээр маргалдаад зогсож байсан. Тэр залууг асвалт гартаа бариад гүйж байхыг би харсан, ...тэр залуугаас өөр чулуу барьсан хүн байгаагүй...” гэх мэдүүлэг [3],

-мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Угталбаярын толгойг замын хагархай асвалтаар хагалдаг залууг Одгэрэл, хамт явсан надтай маргалдаад байдаг залууг Баяржаргал гэх хүмүүс болохыг сүүлд нь мэдэж авсан. Одгэрэл гэх залуу нь найзыгаа өмөөрөөд замын хагархай асвалт шидсэн байх гэж би бодож байна. Дэлгүүрийн үүдэнд Баяржаргалтай маргалдаад зогсож байхад цаанаас Одгэрэл гэх залуу замын асвалтын хагархай авч шидсэн. Одгэрэл гэх залуу нь замын цаанаас гарч ирээд цохичихлоо гээд тэнд байсан хүмүүс хэлж байсан...” гэх мэдүүлэг [4],

-мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:

“...Хамт явсан найз нь манай найз тэнсэнтэй, мэдүүлгээ буцаачих гэж байсан. Мөн Одгэрэл нь би тэнсэнтэй, дуудсан дуудлагаа буцаачихаач гэж гуйж байсан. Насанд хүрсэн эрэгтэй хүний алганы хэмжээтэй замын хагархай асвалт байсан. 88289408 гэсэн миний дугаараас Ганзориг гэх ах цагдаад дуудлага өгсөн. Одгэрэл дөнгөж зам гарч ирээд Дэлгүүрийн үүдний ойролцоо зогсож байсан Угталбаярын ттолгой руу хагархай асвалт шидсэн. Энэ нь ойролцоогоор 9-10 алхам газар байсан байх. ...” гэх мэдүүлэг [5],

 

8.Гэрч Ч.Хосбаярын 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн:

“…Тэр өдөр Угталбаяр нэг машинтай найзыгаа дуудаад бид машинд нь суугаад Цэргийн хотхоны автобусны буудал дээр байдаг дэлгүүр рүү орсон. Золбаяр намхан туранхай бор залуутай маргалдаад дэлгүүрт ороод ирсэн. Бид салгаад дэлгүүрээс гарсан. Тэгсэн чинь Золбаяртай маргалддаг залуутай цуг явсан өндөр залуу нь замын цаанаас гүйж гарч ирээд замын асвалтын хагархай аваад бид нар руу шидсэн чинь Угталбаяр оногдож, нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд нөгөө чулуу шидсэн залуу хашааны булан тойроод зугтаахаар нь араас нь Лхагвасүрэн бид хоёр хөөж бариад авчирсан. Тэр залуу асвалтын хагархай аваад бид нар руу шидэж, Угталбаярыг онож байхыг би харсан ... ” гэх мэдүүлэг [6],

-2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн:

“...Манай найзуудаас нэг нь Баяржаргалыг цааш нь явуулах гээд бид нараас тусдаа зогссон байсныг Одгэрэл Баяржаргалыг зодож байна гэж харсан байж магадгүй. Яг тэр үед Одгэрэл замын цаанаас гүйж гарч ирээд замын хагархай асвалт шидсэн чинь Угталбаярын толгойг оносон. Баяржаргал, Одгэрэл нарт бид нар ямар нэгэн байдлаар гар хүрээгүй, зодоогүй. Золбаяр Баяржаргалыг дэлгүүр дотор нэг удаа түлхэж унагасан ...” гэх мэдүүлэг [7],

-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээр дахин мэдүүлсэн:

“...Энд тэнд орилилдоод байсан болохоор яг юу байсныг би мэдэхгүй байна. Ойролцоогоор тоосгоны тал хэмжээний зүйл байсан. Одгэрэл дөнгөж зам дээр гарч ирээд дэлгүүрийн үүдний ойролцоо зогсож байсан Угталбаярын толгой руу хагархай асвалт шидсэн. Энэ нь ойролцоогоор 7-8 алхам газар байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг [8],

 

9.Гэрч Б.Лхагвасүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн:

“…Би тэр өдөр Угталбаяртай уулзсан. Угталбаяр, Золбаяр, Хосбаяр нар манайд 16-17 цагийн үед ирээд нэг том пиво хувааж уусан. Тэндээсээ гарч, Угталбаярын найзын машинд суугаад Цэргийн хотхоны автобусны буудал дээр байдаг дэлгүүр орж пиво авахаар болоод надаас бусад нь түрүүлээд дэлгүүр рүү орсон. Араас нь ороход манай найзууд хоёр эрэгтэй, нэг эмэгтэйтэй маргалдаж байсан. Тэгээд салгаад маргалдаж байсан 2 залуу, 1 эмэгтэй гараад явсан. Эмэгтэй нь өндөр залуугаа зам гаргаад цааш нь аваад явсан. Намхан залуу нь “та нар намайг зодчих, би та нараас мөнгө авъя” гээд явахгүй байсан. Тэгээд байж байсан чинь нөгөө эмэгтэйгийн дагуулж явдаг өндөр залуу нь замын нөгөө талаас чулуу бариад зам гүйж гарч ирээд бид нар руу шидсэн чинь нөгөө чулуу нь Угталбаярыг оносон. Тэгээд манай найзыг чулуугаар цохичихлоо шүү дээ гээд хэлсэн чинь нөгөө залуу харанхуй гудам руу яваад орсон. Манай найзуудтай маргалддаг хоёр залуугийн арай өндөр нь замын цаанаас чулуу аваад бид нар руу шидэж Угталбаярын нүүрэнд оносон. Би харсан ... ” гэх мэдүүлэг [9],

-2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр дахин мэдүүлсэн:

“...Одгэрэл хамт явсан Баяржаргал гэх залуугаа өмөөрч замын хагархай авч шидсэн байх. Баяржаргал болон Одгэрэл нарыг цохиж, зодох, газар унагаж чирсэн асуудал байхгүй. Золбаяр Баяржаргалыг дэлгүүрийн гадаа гараараа нэг удаа түлхэж байсан. Тэр үед Баяржаргал газар унаагүй. Тэр хавиар шидчихээр чулуу, тоосго гэх зүйл байгаагүй. Тухайн үед засмал зам нь эвдэрсэн байсан тул замын хагархай асвалт байсан байх гэж бодож байна. Сүүлд бид нар юу шидчихсэн юм бол гээд ойр орчмоор нь хайж үзэхэд замын хагархай асвалтаас өөр зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг [10],

 

10эрч А.Адъяагийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“…Би тэр өдөр 23 цагийн үед гэрийнхээ ойролцоо байдаг “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр орох гээд явж байсан. Тэгсэн Угталбаяр нэг залууд замын хагархай асвалтаар толгойндоо цохиулаад цус их гоожиж байсан тул түргэний эмч болон цагдаа дуудсан. Тухайн үед арваад хүн байх шиг байсан. Угталбаяр гурван найзтайгаа явж байсан. Угталбаярын толгойг цохидог залуугийн хажууд бас нэг залуу, хүүхэн, өвгөн, эмгэн гэх зэргийн хүмүүс байсан. Би Угталбаярыг цохиулахыг хараагүй. Цохиулчихлаа гээд хамар, хөмсөг, гар нь баахан цус болсон байсан. Тэнд байсан хүмүүс энэ залуу цохичихлоо гээд өндөр туранхай залууг зааж байсан. Тэр нь одоо байцаалт өгч байгаа Одгэрэл мөн байна ... ” гэх мэдүүлэг [11],

 

11.Гэрч Г.Баяржаргалын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн:

“…Ука гэдэг охинтой ...Цэргийн хотхоны дэлгүүр орох гээд явж байсан. Тэгсэн чинь хажуу талын айлын жалганы цаана байдаг ах зогсож байхаар нь манай хажуу талын хаалганы цаад талын ах байна шүү дээ гэж Одгэрэлд би яриад бид гурав “Өрлөг эх” гэх дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт ороод зогсож байхад нөгөө хажуу талын жалганы цаад талын ах “намайг чи жалганд амьдардаг бацаан гэлүү” гээд гараараа мангасдсан. Тэр ах 4 хүнтэй хамт явж байх шиг байсан. Тэгээд Одгэрэл бид хоёрыг дэлгүүрээс чирч гаргасан. Тэгээд дэлгүүрийн үүдэнд ирээд миний дээрээс дэвсэж унагаасан. Тэгэхээр нь Одгэрэл бид хоёр зугтаагаад манайх руу гүйгээд орсон. Тэгээд гэртээ ороод байж байхад араас Ука орж ирсэн. Тухайн үед Одгэрэлийг ямар нэгэн зүйл авч шидэж байхыг хараагүй. Тэр хүмүүс над руу олуулаа дайраад байсан учир юу болсныг тодорхой харж чадаагүй. Тэнд байхад хэн нэгний толгой хагарсан байхыг хараагүй. ... ” гэх мэдүүлэг [12],

 

12.Гэрч Д.Гэрэлт-Одын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“…Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны 22-23 цагийн үед “Өрлөг Ээж” хүнсний дэлгүүрт сууж байсан. Тэр үед тэр дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг байсан. 2 эрэгтэй, нэг эмэгтэй нийлсэн нэг хэсэг бүлэг хүмүүс, 4-5 эрэгтэй нэг хэсэг бүлэг хүмүүс манай дэлгүүрт бараг зэрэгцээд орж ирсэн. Дэлгүүрт орж ирээд дэлгүүрийн хаалган дээр нэгнийгээ түлхээд бага зэрэг маргалдсан. Тэр хүмүүсийн ихэнх нь согтуу байх шиг байсан. Тэгээд маргалдаад манай дэлгүүрээс гарсан. Дэлгүүр дотор зодоон хийгээгүй. Гараад яасан эсэхийг би мэдэхгүй байна. Гадаа тал тал тийшээ гүйлдээд байгаа юм шиг чимээ сонсогдсон. Гадаа юу болсоныг би мэдэхгүй, би дэлгүүртэй сууж байсан учир гарч харах боломж байгаагүй. Би дэлгүүрээ 23 цаг 20-30 минутын орчим хаасан санагдаж байна. ...Гадаа хүмүүс зодолдоод явлаа гэж дэлгүүрт орж ирж үйлчлүүлж байсан хүмүүс хэлж байсан. Тэр зодоон болсон гэх өдрөөс хойш хэд хоногийн дараа 4-5-лаа явсан залуучуудтай хамт явсан нэг залуу нь зодуулсан гээд камерийн бичлэг шүүх гээд ирсэн. Ирээд бичлэг шүүж үзэхэд шөнө байсан болохоор зодоон харагдахгүй байна гэж байсан. ...Тэр камерын бичлэг шүүх гэж ирсэн залуу толгойгоо боолгосон байсан. ... ” гэх мэдүүлэг [13],

13.Г.Одгэрэлийн сэжигтнээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр найз Баяржаргалтай тамхи авах гээд “Өрлөг ээж” дэлгүүр орсон. Дэлгүүр орох гээд явж байтал нэг залуу өөдөөс хараад бие засаж байхаар нь би “ичдэггүй юм байх даа” гээд Баяржаргалд хэлээд явсан. Тэгсэн Баяржаргал наад залуу чинь манай жалганы нөгөө талын залуу байна гэсэн. Тэгсэн тэрийг сонссон юм шиг байна лээ, бид хоёрыг дэлгүүрт байхад араас нэг залуутай орж ирээд Баяржаргалыг “хэзээ намайг жалганд амьдарч байхыг харж байсан юм” гээд мангасдаад унагаасан. Тэгээд дэлгүүрээс гараад замын нөгөө талд гартал Баяржаргал үлдсэн.  Баяржаргалыг 5-6 залуу газар унагаасан дээрээс нь цохиж байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хөөе гэхэд нэг залуу миний мөрнөөс татахад би нэг хар өнгийн “Приус 20” машин мөргөөд унасан. Тэгээд намайг жалга руу чирээд байхаар нь зугтаах гэхэд зугтаалгахгүй байсан. Жалга руу чирэгдэх явцад миний зүүн гуяны ар хэсэг шилэнд зүсэгдсэн. Дуртай нь намайг цохиод байсан. Тэгээд тэд нар хажууд зогсож байхаар нь би Баяржаргалд хэлээд зугтаад Баяржаргалын гэр рүү явсан. Би тухайн үед замын хагархай, чулуу авч шидсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг [14] ,

- яллагдагчаар 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин мэдүүлсэн:

“...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Толгойгоо хагалуулдаг Угталбаяр гэх хүнийг цаг хугацааны хувьд өмнө нь ч цохиулсан юм билүү, дараа нь цохиулсан эсэхийг би мэдэхгүй байна. Гэрчүүд намайг цохиогүй байхад цохисон гэж хэлээд байгаа. Баяржаргалыг 5-6 залуу газар унагаасан дээрээс нь дэвсэж байхаар нь би гүйгээд очиход намайг нэг залуу түлхэж унагаад Баяржаргал бид хоёрыг жалга руу чирээд аваад явсан. Тэгээд намайг жалга руу чирч байхад миний зүүн талын гуя шилээр зүсэгдсэн байсан. Намайг хэн дуртай нь цохиж аваад байхаар нь “хөлнөөс цус гараад байна шүү дээ” гэж хэлэхэд хоёр залуу цаашаа яваад өгсөн. Тэгээд нөгөө залуучууд жоохон зай аваад явчихаар нь Баяржаргал бид хоёр зугтаад Баяржаргалынд очсон. Би Угталбаяр гэх хүн рүү замын асвалт шийдээгүй. ...” гэх мэдүүлэг [15],

 

14.Л.Жаргалсайханы гэрчээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“…Би Одгэрэлээс зээлсэн мөнгөө авах гээд такси бариад очсон. Би ирчихсэн байна гээд утсаар ярьсан. Одгэрэл над руу тэнд байдаг дэлгүүрийн тэндээс ирж байснаа буцаад гүйчихсэн. Тэгээд би араас нь очтол тэр дэлгүүрийн гадна байсан хүмүүс Баяржаргалыг боогоод унагаасан байсан. Тэгээд Одгэрэл нөгөө хүмүүс дээр гүйгээд очсон. Одгэрэл Баяржаргал хоёрыг тэнд байсан хүмүүс жалга руу чирч аваад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Баяржаргал, Одгэрэл хоёр гүйгээд зугтаасан. Намайг байхад тэнд хүн зодуулж толгойгоо хагалуулсан зүйл харагдаагүй. Намайг очиход Баяржаргал газар унасан харагдсан. Намайг Одгэрэлээс мөнгөө авах гээд очиход Одгэрэл, Баяржаргал хоёр Баяржаргалын гэрт байсан. намайг очиход Баяржаргалын хоолой нь улайсан, үс нь өрвийсөн, хувцас нь шороо болсон байсан. Одгэрэлийн хүзүү бага зэрэг улайсан, гуянаас нь цус гарч байсан.  ... ” гэх мэдүүлэг [16],

- гэрчээр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин мэдүүлсэн:

“…Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Одгэрэлтэй уулзахад намайг таксинаас буухад заамдаж аваад явуулаагүй юм. Тэгж байснаа газраас чулуу юм уу нэг юм аваад “Өрлөг ээж” дэлгүүрийн үүдэнд Баяржаргалтай маргалдаж байсан залуучууд руу шидсэн юм. Тэгсэн тэнд байсан нэг залуугийн нүд, хамраас нь цус гарсан. Тэгсэн Баяржаргал, Одгэрэл хоёр зугтаагаад, би үлдсэн юм. Түргэний эмч ирэхэд би байсан. Толгойгоо хагалуулсан залуу түргэний машинд суугаад гэмтэл явсан. Одгэрэл намайг дарамталсан болохоор би тэгж мэдүүлэг өгсөн. Би Одгэрэлтэй үеэрхэж байгаа юм. Одгэрэл архи уухаар тавьтаргүй зан гаргаад байдаг юм. “Өрлөг ээж” дэлгүүрийн гадаа хүмүүстэй зодолдохдоо Баяржаргал, Одгэрэл хоёр хоёулаа согтуу, нөгөө зодуулдаг хүмүүс ч согтуу байсан. Би ганцараа эрүүл байсан... ” гэх мэдүүлэг [17],

2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ:

“...Сүүлд өгсөн мэдүүлгийг Цэрэгсүрэн байцаагч манай гэрт намайг согтуу байхад орж ирээд унтаж байхад сэрээгээд чамаас Одгэрэлийн талаар асууя гэхэд би согтуу байна, дараа мэдүүлэг өгье гэж хэлсэн. Цэрэгсүрэн байцаагч чи зүгээр гараад ир, чамаар нэг юман дээр гарын үсэг зуруулъя гэж хэлсэн. Би гараад машин дотор нь суухад чиний өмнө ярьсан зүйл бүгд үнэн зөв үү гэж асуусан. Би үнэн зөв гэж хэлсэн. Бичгийн цаасан дээр  гарын үсэг зуруулсан. “Би Одгэрэлтэй уулзах гээд таксинаас буугаад очиход газраас чулуу аваад Баяржаргалтай маргадаж байсан залуучууд руу шидсэн, нэг залуугийн толгойноос цус гарсан” гэж мэдүүлэг өгөөгүй. Согтуу байна, эрүүлдээ мэдүүлэг өгье гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг [18]

-мөн гэрчээр мөрдөн байцаалтад 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин мэдүүлсэн:

“…Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэснийг эгч Болормаа мэднэ. Тэр өдөр өглөө 10 цагийн үед найз Сувдаатай уулзаад 1,5 литрийн 2 сав боргио пиво Сувдаатай уусан. Нилээн согтоод гэртээ орсон чинь эгч орж ирж загнаад би унтсан. Би одоо Сувдааг хаана байгааг мэдэхгүй. Уулзалдаагүй удаж байна. ... ” гэх мэдүүлэг [19],

- яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...хавтаст хэргийн 93-95, 97 дугаар хуудсанд өгсөн мэдүүлэгт яагаад зөрүүтэй мэдүүлэг байгааг би сайн  мэдэхгүй байна. Би согтуу байсан. Өөрийгөө урьд ялтай байгааг мэдсээр байж би тийм зүйл яриагүй гэж бодож байна. Г.Одгэрэл намайг ямар нэгэн байдлаар шан харамж өгөх, айлган сүрдүүлэх, эд хөрөнгө устгахаар заналхийлэх зэргээр надаар худал мэдүүлэг өгүүлээгүй. Г.Одгэрэл бид хоёр зүйгээр найзууд юм. ...Бид хоёр хоорондоо 4-5 жилийн өмнө үерхдэг байсан. Одоо зүгээр найзууд, тааралдвал мэндийн зөрүүтэй өнгөрдөг. Би Одгэрэлээс мөнгө авах гээд толгойтод очсон. ...” гэх мэдүүлэг [20],

 

15.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8226 дугаартай актад:

Хэсэг газрын үзлэгт: “2 нүд нилэнхүйдээ хаван хавдартай, нилэнхүйдээ хөх ягаан өнгийн цус хуралттай, дух хаван хавдар ихтэй, духны баруун дээд хэсэгт 6см урттай язарсан шарханд мэс заслын оёдол тавигдсан, хамрын нуруу хаван хавдартай, 4 см урттай мэс заслын бүхий шархтай.

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн компьютер томографид: гавал ясанд дух ясны баруун хэсэгт сэлтэрсэн хугаралттай, хугарлын харалдаа жижиг эпидураль цусан хураа, хийн бөмбөлөгтэй, зүүн хэсэгт духны урд ялтаст сэлтэрсэн хугаралттай, 2 талын духны урд ялтас сэлтэрсэн хугаралттай, таславч муруй, ховдлууд хэвийн, дух, хамар, хацрын зөөлөн эдэд хаван хавдартай. /эмч С.Чулуунсүх, 2016.6.15/

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографид “дух яс цөмөрсөн олон хугаралттай2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн компьютер томографид: гавал ясанд дух ясны баруун хэсэгт сэлтэрсэн хугаралттай, хугарлын харалдаа жижиг эпидураль цусан хураа, хийн бөмбөлөгтэй, зүүн хэсэгт духны урд ялтаст сэлтэрсэн хугаралттай, 2 талын духны урд ялтас сэлтэрсэн хугаралттай, таславч муруй, ховдлууд хэвийн, дух, хамар, хацрын зөөлөн эдэд хаван хавдартай. /эмч С.Чулуунсүх, 2016.6.15/

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографид, гавлын хөндийд дух, зулй хэсгийн хийн бөмбөлгүүдтэй, баруун дух, хэсэг тархилаг эдийн нягтрал буурсан, хажуугийн ховдлууд цусархаг няцралтай, 3,4-р ховдолууд хэвийн, хажуугийн ховдолуудын эргэн тойронд тархилаг эдийн хавантай, хамар яс хугарсан, таславч мурийсан, баруун нүдний ухархайн дээд ирмэг дээд хана, дотор хана хугарлттай.

Дүгнэлт:

“...1.Угталбаярын биед тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духны хөндийн цус хуралдалт, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн яадварт нөлөөлөхгүй. /Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ/...” гэсэн дүгнэлт [21],

 

16.Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн:

“...Угталбаярын биед учирсан гэмтлүүд нь том мохоо, ирмэгтэй зүйлийн буюу засмал замын хагархай асвалтаар үүсгэгдсэн байх боломжтой. Цохиж буй зүйлийн хэмжээнээс хамаараад том хэмжээтэй зүйл бол нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болсон хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. Дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийг хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг [22],

- 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Механик гэмтэл үүсэх нэг үндсэн нөхцөл бол гэмтэл үүсгэгч зүйл нь тодорхой кинетик энергитэй байх явдал юм. Кинетик энерги хэдий чинээ их байна гэмтэл авах боломж төдий чинээ их байна. Угталбаярын биед учирсан гэмтэл нь гараар цохих аль эсвэл унаж, ойчих үед үүсэх боломжгүй юм. Харин нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бол талбай ихтэй том зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ямар зайнаас шидэж гэмтэл учруулсныг тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг [23],

 

17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14759 дугаартай актын:

“...1.Г.Одгэрэлийн биед зүүн гуянд нөсөө гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн гэмтлийг хэдийд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид еранхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт [24],

 

18.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 404 дугаартай актын:

“...1.2016.06.16-ний өдрийн №8226 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Зарим тохиолдолд тухайн гэмтлийг авсан хүн зовиур шинж тэмдэг бүдэг илрэх тохиолдол байдаг.

3.Тухайн үед хийлгэсэн шинжилгээ болох КТГ зурагт дээрх гэмтэл тогтоогдож байна. Духны ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэлд хамаардаг.

4.Асуултанд тавигдсан шидсэн гэх зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна.

5.Б.Угталбаярын биед тухайн цаг хугацаанд үзүүлсэн дүгнэлтэнд тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээр цусан хураа, хамар ясны хугарал, таславч мурийлт, духны хөндийн цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх зэрэг гэмтлүүд учирсан байна.

6.Үзлэг хийлгэсэн цаг хугацаа гэмтэл авсан цаг хугацаатай тохирч байна.

7.Дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ы 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. /Шинжээч С.Одончимэг, Ш.Цэцэгмаа, Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт [25],

 

19.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2136 дугаартай актын:

“...1.Шинжилгээнд ирүүлсэн 201626011641 дугаартай эрүүгийн хэргийн 93-95 дугаар хуудас, 97 дугаар хуудсанд байх Л.Жаргалсайхан гэсэн гарын үсгүүд, гэрч Л.Жаргалсайханаас хэв, хэлбэр авах тогтоол үйлдэж авсан 3 нүүр гарын үсгүүд, загвар болгон хураан авсан “захиргааны хяналтад авагдсан этгээдийн гаргасан баталгаа”, “гадагш явахгүй байхаар гаргасан баталгаа”-нд зурсан Л.Жаргалсайхан гэсэн гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн 201626011641 дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баруун дээд буландаа “97” гэсэн дугаартай 2016.10.04-ний өдрийн “гэрчийг дахин байцаасан тэмдэглэл” гэсэн баримтын гэрчид хууль сануулсан хэсэгт “Л.Жаргалсайхан” гэсний өмнө, уг баримтын арын нүүрний доор “байцаалт өгсөн:” мөрөнд “Л.Жаргалсайхан” гэсний өмнө тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг Л.Жаргалсайхан зурсан.

3.Л.Жаргалсайхан гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. /Шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч О.Гүнбилэгт/...” гэсэн дүгнэлт [26],

20. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем болон гэрэл зураг [27],

21.Хохирол нэхэмжилсэн баримтууд [28],

 

(Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар нотлох баримтууд)

22.Гэрч Д.Ганчимэгийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“…Г.Одгэрэл 1995 оны 04 дүгээр сарын 21-нд Уланаабаатар хотод төрсөн. Миний ганц хүү байгаа юм. Аав нь Одгэрэлийг гарсаны дараа надаас салсан, одоо холбоогүй байгаа. Эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Нийслэлийн 42 дугаар сургуулийг 4-р анги төгссөн. Тэгээд жолооны курст сурч жолооч болсон. Одоо нагац ахтайгаа экскаватор барьж байгаа. Миний дэргэд архи ууж байгаагүй. Өрөвч сэтгэлтэй, зөөлөн хүүхэд байгаа юм. Хүнтэй нийтэч, эелдэг харилцаатай, ямар ч хүн байсан яриад сууж байдаг. ... ” гэх мэдүүлэг [29],

 

23.Гэрч Л.Даваасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн:

“…Г.Одгэрэл ээжтэйгээ хамт 1-р хороололд амьдардаг. Төрсөн ах дүү гэж байхгүй. Надтай найзлахдаа аавгүй байсан. Байнга архи уугаад байдаггүй, хааяа нэг хэрэглэдэг. Хүнтэй шудрага харилцаатай, эелдэг зөөлөн олон хүнтэй харилцах чадвартай хүн байгаа юм. Зодооны хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж өөрөөс нь сонссон. Яг юу болсоныг би мэдэхгүй. ... ” гэх мэдүүлэг [30],

 

24.Гэрч А.Эрдэнэсувдын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“…Жаргалсайхантай 2016 оны 11 дүгээр сарын 20-д гаргаад уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Би Жаргалсайхантай 2016 оны 09 дүгээр сарын дундуур уулзаагүй. Бид хоёр уулзахаараа согтууруулах ундаа хэрэглэдэг. Бид хоёр байга уулзаад байдаггүй. Заримдаа сар болж байж нэг уулздаг. Би 2016 оны 09 дүгээр сард Жаргалсайхантай уулзахдаа хамгийн сүүлд согтууруулах ундаа хэрэглэсэн. Би Жаргалсайхантай 2016 оны 09 дүгээр сарын дундуур уулзаад жижиг 0,5 литрийн шилтэй хоёр, хоёр пиво уусан. Жаргалсайхантай пиво уухад шөнийн 22-23 цаг болж байсан. Гадаа харанхуй байсаныг би сайн санаж байна. 21-р хорооллолоос хойш байдаг бааранд пиво уусан. Би Жаргалсайхантай найзлаад 6-7 жил болж байна. Архи уучихаараа дахин уух гээд байдаг. Архинд жаахан дуртай, уучихаараа агсам талдаа хүн. Эрүүлдээ гайгүй хөөрхөн ааштай. Жаргалсайхан жирэмсэн байсан, саяхан дутуу төрсөн гэж надад хэлж байсан. Хүүхэд нь дутуу гараад нас барсан гэж байсан. Надтай хамт явахдаа Жаргалсайхан агсам тавиад байдаггүй, гэртээ агсам тавьдаг гэж сонссон. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Одгэрэл гэдэг хүнийг танихгүй. Жаргалсайхан нөхөргүй. ... ” гэх мэдүүлэг [31],

 

25.Гэрч М.Дөлмандахын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Л.Жаргалсайхан бид хоёр багын найзууд, 2008 оноос хойш найзалж байна. Жаргалсайхан зан аашын хувьд гайгүй өөрийнхөөрөө, бодсон санасанаа шууд хэлчихдэг. Аав, ээж, эгч, дүү нартайгаа амьдардаг. Найз залуу нь гээд нэг залуу байдаг. Тэр залуу нь хааяа Жаргалсайханыд очиж байдаг. Жаргалсайхан одоо ажил хийдэггүй, гэртээ байдаг, 5 настай хүүхэдтэй. Жаргалсайханы найз залуугийн нэрийг Одгэрэл гэдэг... ” гэх мэдүүлэг [32],

 

26.Шүүгдэгч Г.Одгэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа [33], ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас [34], урьд ял шийтгэгдсэн тухай шийтгэх тогтоолын хуулбарууд[35],

27.Шүүгдэгч Л.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа [36], ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [37], урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар [38] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.  

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

1.Шүүгдэгч Г.Одгэрэлийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Одгэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбитын 32 дугаар гудамжинд байрлах “Өрлөг ээж” хүнсний дэлгүүрийн гадна найз Г.Баяржаргалыг өмөөрч хувийн таарамжгүй харьцааны улмаас асвалтын хагархай шидэж, хохирогч Б.Угталбаярын нүүрэн тус газарт нь цохиж, түүний бие махбодид нь “тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал таславчийн муруйлт, духны хөндийн цус хуралдалт, 2 нүдний дээд, доод зовхи, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хүнд хохирол  санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Угталбаярын 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “...Золбаяр Баяржаргал гэх залуутай маргалдаад дэлгүүр рүү орсон. Тэгтэл дэлгүүрийн худалдагч гарч маргалд гэхээр нь бид нар гарсан. Гадаа гараад Золбаяр, Баяржаргал гэх залуутай маргалдаад байсан. Тэгсэн Баяржаргалтай хамт явсан залуу замын хагархай унасан асвалт аваад бид нар руу шидсэн чинь би оногдсон. Түүнээс өөр хүн байгаагүй. Тэгээд миний толгойг гэмтээчихээд зүүн тийшээ зугтахаар нь араас нь Хосбаяр, Лхагваа хоёр очиж барьж ирсэн. ...” гэх мэдүүлэг [39] ,

-2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Сүүлд мэдэхэд Золбаярын хажуу талын айлын хашааны залууг Баяржаргал гэдэг, түүнтэй хамт явсан миний толгойг хагалдаг залууг Одгэрэл гэж мэдсэн. Би тэр залуучуудыг харсан, мөн байна лээ. Одгэрэл миний толгойг замын хагархай асвалт авч шидсэнээс болж миний хамар хугарч, духны яс цөмөрч, хөмсөг язарч, хамарны зүүн тал язарсан. Мөн хоёр нүдний ойр орчим тэр чигтээ хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг [40], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-мөрдөн байцаалтад гэрч Б.Золбаярын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлсэн “...Бид нар Цэргийн хотхоны тэнд “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр рүү орох гэж байгаад дэлгүүрийн үүдэнд хоёр залуутай маргалдсан. Тэр хоёр залуу нэг охин дагуулж  явсан. Тэгсэн намхан залуу нь “намайг жалганы бацаан” гээд ярьж байхаар нь би тэр залуутай маргалдаад зогсож байхад нөгөө намхан залуу “намайг зодчих, би чамаас мөнгө авъя” гээд орилоод байсан. Дэлгүүр рүү намайг орох гэж байхад нөгөө маргалдаад байсан залуу миний урдаас гарч ирж байхдаа “зодуулаад мөнгө авъя” гээд элдэв юм яриад байсан. ...тэгээд дэлгүүрийн үүдэнд маргалдаад бөөнөөрөө зогсож байсан чинь замын цаанаас нөгөө маргалдаад байсан залуутай цуг явсан залуу замын хагархай асвалт барьсан байсан. Нэг харсан Угталбаярын хөмсөг нь задарч цус гарч байсан. Тэгсэн нөгөө бид нартай маргалддаг хоёр залуу зугтаад явахаар нь манай хоёр найз Хосбаяр, Лхагвасүрэн хоёр араас нь хөөж яваад нөгөө хоёрыг бариад ирсэн. Тэгээд намайг яваад очиход асвалт шидэж Угталбаярын хөмсгийг язалсан залуу “ахаа намайг уучлаач, явуулчихаач, би тэнсэнтэй байгаа” гэх юм яриад байсан. ...Надтай маргалдсан залуугийн найз нь асвалтын хагархай бид нар руу шидээд түүнд нь Угталбаяр оногдсон. ...” гэх мэдүүлэг [41], мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [42], мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [43],

-мөрдөн байцаалтад гэрч Ч.Хосбаярын 2016 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “…Золбаяртай маргалддаг залуутай цуг явсан өндөр залуу нь замын цаанаас гүйж гарч ирээд замын асвалтын хагархай аваад бид нар руу шидсэн чинь Угтарбаяр оногдож, нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд нөгөө чулуу шидсэн залуу хашааны булан тойроод зугтаахаар нь араас нь Лхагвасүрэн бид хоёр хөөж бариад авчирсан. Тэр залуу асвалтын хагархай аваад бид нар руу шидэж, Угталбаярыг онож байхыг би харсан ... ” гэх мэдүүлэг [44], мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [45], мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [46],

-мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвасүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “…Тэгээд байж байсан чинь нөгөө эмэгтэйгийн дагуулж явдаг өндөр залуу нь замын нөгөө талаас чулуу бариад зам гүйж гарч ирээд бид нар руу шидсэн чинь нөгөө чулуу нь Угталбаярыг оносон. Тэгээд манай найзыг чулуугаар цохичихлоо шүү дээ гээд хэлсэн чинь нөгөө залуу харанхуй гудам руу яваад орсон. Манай найзуудтай маргалддаг хоёр залуугийн арай өндөр нь замын цаанаас чулуу аваад бид нар руу шидэж Угталбаярын нүүрэнд оносон. Би харсан ... ” гэх мэдүүлэг [47], мөн түүний 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [48],

-мөрдөн байцаалтад гэрч Г.Баяржаргалын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “…Ука гэдэг охинтой хамт дэлгүүр орох гээд Цэргийн хотхоны дэлгүүр орох гээд явж байсан. Тэгсэн чинь хажуу талын айлын жалганы цаана байдаг ах зогсож байхаар нь манай хажуу талын хаалганы цаад талын ах байна шүү дээ гэж Одгэрэлд би яриад бид гурав “Өрлөг эх” гэх дэлгүүр рүү орсон. Дэлгүүрт ороод зогсож байхад нөгөө хажуу талын жалганы цаад талын ах намайг чи жалганд амьдардаг бацаан гэлүү гээд гараараа мангасдсан. ... ” гэх мэдүүлэг [49],

-мөрдөн байцаалтад гэрч А.Адъяагийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “…Би тэр өдөр 23 цагийн үед гэрийнхээ ойролцоо байдаг “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр орох гээд явж байсан. Тэгсэн Угталбаяр нэг залууд замын хагархай асвалтаар толгойндоо цохиулаад цус их гоожиж байсан тул түргэний эмч болон цагдаа дуудсан. Тухайн үед арваад хүн байх шиг байсан. Угталбаяр гурван найзтайгаа явж байсан. Угталбаярын толгойг цохидог залуугийн хажууд бас нэг залуу, хүүхэн, өвгөн, эмгэн гэх зэргийн хүмүүс байсан. Цохиулчихлаа гээд хамар, хөмсөг, гар нь баахан цус болсон байсан. Тэнд байсан хүмүүс энэ залуу цохичихлоо гээд өндөр туранхай залууг зааж байсан. Тэр нь одоо байцаалт өгч байгаа Одгэрэл мөн байна ... ” гэх мэдүүлэг [50], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-мөрдөн байцаалтад гэрч Д.Гэрэлт-Одын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “…Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны 22-23 цагийн үед “Өрлөг Ээж” хүнсний дэлгүүрт сууж байсан. ...2 эрэгтэй, нэг эмэгтэй нийлсэн нэг хэсэг бүлэг хүмүүс, 4-5 эрэгтэй нэг хэсэг бүлэг хүмүүс манай дэлгүүрт бараг зэрэгцээд орж ирсэн, ...орж ирээд дэлгүүрийн хаалган дээр нэгнийгээ түлхээд бага зэрэг маргалдсан. Тэр хүмүүсийн ихэнх нь согтуу байх шиг байсан, маргалдаад манай дэлгүүрээс гарсан. ...Гадаа хүмүүс зодолдоод явлаа гэж дэлгүүрт орж ирж үйлчлүүлж байсан хүмүүс хэлж байсан. ... ” гэх мэдүүлэг [51],

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8226 дугаартай дүгнэлт [52], Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [53], мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [54], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 404 дугаартай дүгнэлт [55],  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем болон гэрэл зураг [56] бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь тухайн өдөр шүүгдэгч Г.Одгэрэлтэй хамт байсан түүний найз Г.Баяржаргал нь хохирогч Б.Угталбаяртай хамт явж байсан иргэн Б.Золбаярыг “манай хажуу талын айлын жалганы цаана амьдардаг ах байна” гэж хэлснээс Б.Золбаяр нь “чи намайг жалганд амьдардаг бацаан гэлээ” гэж Г.Баяржаргалтай маргалдаж, уг маргааны улмаас шүүгдэгч Г.Одгэрэл нь өөрийн найз Г.Баяржаргалыг хохирогч Б.Угталбаярын найз Б.Золбаяраас өмөөрч, тухайн нөхцөлд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас “замын асвалт” авч шидэн хохирогч Б.Угталбаярын биед хүнд хохирол учруулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Одгэрэл нь би замын асвалт бариагүй, шидээгүй, хохирогчид гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргасан.

 

Шүүгдэгч Г.Одгэрэлийн сонгон авсан өмгөөлөгч Б.Энхтүвшингээс шүүх хуралдаанд нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, “Өрлөг ээж” хүнсний дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг нотлох баримтаар аваагүй, Г.Одгэрэл нь өөрөө чирүүлсэн гэдэг, үүний улмаас гуянд нь гэмтэл учирсныг тухайн хугацаанд нь гэмтлийн зэргийг тогтоолгоогүй, мөн хохирогчид учирсан хүнд гэмтэл нь эргэлзээтэй байна гэж,

Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хохирогч эмнэлэгт анхан шатны тусламж авсан гэх баримт хэрэгт байхгүй,  эмнэлэгт хэвтээгүй, тухайн амь тэнссэн нөхцөл байдлыг хэрхэн арилгасан гэдэг нь нотлогдохгүй, хохирогчийг асвалтаар цохисон гэх талаар шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг хоёр нь хоорондоо зөрүүтэй, гэм буруутай хүнийг олж тогтоогоогүй гэж тус тус маргаж, шүүгдэгч Г.Одгэрэлийг гэм буруугүй гэж үзэж, цагаатгуулах саналыг гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, хэн түүнд гэмтэл учруулсан талаар зөрүүтэй мэдүүлээгүй, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог, ямар хэмжээний зайнаас замын асвалтын хагархай шидсэн нь чухал ач холбогдолтой биш ба, тухайн асвалтын хагархайгаар хохирогчид гэмтлийг учруулсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Мөн тухайн хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй, гэрчүүдийн мэдүүлэгт “хэргийн газар хохирогч Б.Угталбаяр, түүний найз Б.Золбаяр, Ч.Хосбаяр, Б.Лхагвасүрэн нар, нөгөө талаас шүүгдэгч Г.Одгэрэлтэй Г.Баяржаргал, Л.Жаргалсайхан нар байсан талаар, Г.Баяржаргал, Б.Золбаяр нар маргаж байхад “өндөр залуу нь замын нөгөө талаас замын асвалтын хагархай бариад гүйж ирээд бидэн рүү шидэж, Б.Угталбаярыг цохиж гэмтэл учруулсан, сүүлд цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байхдаа өндөр залуугийн нэрийг нь Одгэрэл гэж мэдсэн юм  гэж тус тус харилцан мэдүүлсэн, энэ мэдүүлэг нь шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нэгтэй хамт яваагүй, хэргийн газар ирсэн гэрч болох А.Адъяагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Угталбаяр 7-8 хүмүүсийн хамт байсан, Угталбаяр доошоо хараад сууж байсан. Би юу болсон талаар асуухад Одгэрэл, Баяржаргал нарт зодуулсан гэж зааж өгсөн ба чулуугаар цохисон гэж байсан. Угталбаярыг цохисон гэх чулууг харахад асвалтын хагархай байсан. ...” гэх мэдүүлгээр давхар нотлогдсон.

Нөгөө талаас гэрч нар Одгэрэл “ахаа намайг уучлаач, явуулчихаач, би тэнсэнтэй байгаа” гэх юм яриад байсан...” гэж, мөн түүнтэй хамт явсан гэх эмэгтэй /Л.Жаргалсайхан/-с манай найз тэнсэнтэй юм, дуудлагаа буцаачих гэж хэлж гуйж байсан талаар тус тус мэдүүлсэн байх бөгөөд гэрч нарын удаа дараа мэдүүлсэн мэдүүлгийг хууль бус гэж үзэх, нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл байхгүй байна.

Мөн хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлгээр хэрэг үйл явдал хангалттай тогтоогдсон байхад зайлшгүй дэлгүүрийн хяналтын камерийн бичлэгийг хэрэгт нотлох баримтаар цуглуулах шаардлагагүй.

Нөгөө талаар шинжээчийн 8226, 404 дугаар дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй, энэ талаар шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь дүгнэлттэйгээ зөрүүтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Б.Угталбаярт шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай мэдлэг бүхий субъект буюу эмч дүгнэлт гаргахдаа 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн компьютер томографикийн шинжилгээ, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Натур” эмнэлгийн толгойн компьютер томографикийн шинжилгээг тус тус үзэж дүгнэлт гаргасан байх ба эдгээр нь нарийвчилсан шинжилгээ бөгөөд өмгөөлөгчөөс эмнэлгийн анхан шатны өөр баримтыг үндэслэж дүгнэлт гаргаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ба мөн компьютер томографийн зургийг зайлшгүй хэрэгт ирүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч Б.Угталбаярт хүнд гэмтэл учирсан болох нь дээрх шинжилгээнүүдийг үндэслэн гаргасан шинжээчдийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон, мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр “тус эмнэлэгт 2016 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрийг хүртэлх өдөр Б.Угталбаяр бүртгэгдээгүй тухай тодорхойлолт хэрэгт ирүүлсэн байна.

Нөгөө талаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчид учирсан амь тэнссэн гэмтлийг арилгасан гэснийг нотлох баримт байхгүй, хүнд гэмтэлд оёдол тавиад эм бичиж өгч явуулахгүй байх” гэж маргах ба шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс мэдүүлэхдээ “хохирогч Б.Угталбаяр “дух ясны хугарал буюу сэлтэрсэн хугаралтай байсан ба хугарлын харалдаа үүссэн жижиг цусан хураа нь мэс засалгүйгээр эмийн эмчилгээгээр эдгэрэх боломжтой. Цусан хурааг хэвтрийн дэглэм сахиж, тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээгээр эмчлэх боломжтой. Дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг нь амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Дух ясны хугарал гавлын хөндийд учрах ба амь тэнссэн гэмтэл биш юм” гэж мэдүүлсэн, хохирогчоос тухайн үед эмчид үзүүлж, эмийн эмчилгээ хийлгэсэн гэж мэдүүлсэн зэргээр өмгөөлөгчийн дээрх санал үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

   Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингээс “Г.Одгэрэлийг хохирогч Б.Угталбаярын найз Б.Золбаяр нар чирч гэмтэл учруулсанд гэмтлийн зэрэг тогтоолгоогүй” гэж маргаж байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14759 дугаартай дүгнэлтээр “Г.Одгэрэлийн биед зүүн гуянд нөсөө гэмтэл тогтоогдсон, тухайн гэмтлийг хэдийд үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн  дүгнэлт гарсан, харин Г.Одгэрэл нь  хэзээ, хаана, хэний үйлдийн улмаас гэмтэл авсан эсэхийг тогтоох боломжгүй, тус хэрэгт зайлшгүй хамтран шалгах шаардлагатай гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.Одгэрэлийн өмгөөлөгч нарын гаргасан санал нь үндэслэлгүй болох нь дээр дурдсан баримт нотолгоогоор үгүйсгэгдэж байгаа тул тэдний саналыг хүлээн авах үндэслэлгүй, шүүгдэгч Г.Одгэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас хавтаст хэргийн 126-136 дугаар талд авагдсан хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг нотлох баримтаас хасуулах саналыг гаргасан ба тус үзлэг хийх ажиллагаанд шүүгдэгч Г.Одгэрэлийг оролцуулаагүй нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.4 дэх заалтыг зөрчсөн гэж тайлбарласан.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлд үзлэг хийх тухай заасан ба уг зүйлийн 127.4-т “үзлэг хийхэд яллагдагч, сэжигтэнг... оролцуулж болно” гэж заасан нь сэжигтэн, яллагдагчийг заавал оролцуулах тухай ойлголт биш бөгөөд оролцуулж болно, оролцуулахгүйгээр ч үзлэгийг хийх боломжтой талаар зохицуулсан зохицуулалт тул “хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг” зэргийг нотлох баримтаас хасах тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч Г.Одгэрэлийн өмгөөлөгч нараас түүнийг цагаатгах байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон тул шүүхээс гэм буруутайд тооцох хууль хэрэглээний талаар мэтгэлцээгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатараас дүгнэлтдээ шүүгдэгч Г.Одгэрэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд гэм буруутай мэт боловч шүүгдэгчийн мэдүүлгээс үзэхэд гэм буруутай болох нь тогтоогдохгүй байна гэсэн байх ба түүний гэм буруугүй гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт болоогүй ба шүүхээс Г.Одгэрэлийн гэм бурууг нотолж дурдсан нотлох баримтуудаар иргэдийн төлөөлөгчийн гаргасан гэм буруугүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж, няцаагдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Одгэрэлд холбогдох хэргийг хүлээн авч, хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч Г.Одгэрэлийн үйлдсэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь буюу хүний эрүүл  мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.

Дээрх хуулиудын холбогдох зүйл, хэсгийн ялыг харьцуулан үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг нь хорих ялтай, хорих ялын доод хязгаар 5 жилээс дээш, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь торгох, хорих ялаас сонгох, хорих ялын доод хязгаар нь 2 жил байна. 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Одгэрэлд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх зохицуулалттай хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч Г.Одгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Одгэрэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, хөнгөрүүлэх, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар ял шийтгэх үндэстэй байна.

2.Шүүгдэгч Г.Одгэрэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Г.Одгэрэлд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Одгэрэлд 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Г.Одгэрэлийн хувийн байдалд хамаарах урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, суллагдсан тухай тодорхойлолт зэргээр  2 удаа ял шийтгэгдэж, 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Иймд шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Одгэрэлийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, Ю.Сэвлэгмаа нараас “шүүгдэгч Г.Одгэрэл нь хохирогчид учирсан хор уршигийг нөхөн төлсөн тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан.

2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” тухай заасан ба Г.Одгэрэл нь анхнаасаа гэм буруугийн талаар маргасан, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй тул түүнд дээрх хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй буюу хуульд зааснаас доогуур ял оногдуулах боломжгүй тул Г.Одгэрэлийн өмгөөлөгч нарын саналыг шүүх хүлээн аваагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Хохирогч Б.Угталбаяр мөрдөн байцаалтад “Натур” гэх газарт толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 80,000 төгрөг, “Сонс” чих хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 20,000 төгрөг, нийт 100,000 төгрөгийг баримтыг хэрэгт ирүүлсэн, гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд 2,000,000 төгрөгийг Г.Одгэрэлээс нэхэмжилсэн.

Шүүхээс шүүгдэгч Г.Одгэрэлийг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг эхлэхээс өмнө шүүгдэгч Г.Одгэрэлийн өмгөөлөгч нараас хохирогчид учирсан хохирол, хор уршигийг арилгах талаар санал, хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан ба 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хариуцлагын асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад шүүгдэгч Г.Одгэрэлээс хохирогч Б.Угталбаярт 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 1,000,000 төгрөгөөсөө хохирогч татгалзаж, хохирогч Б.Угталбаяр нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдүүлсэн.

Иймээс шүүгдэгч Г.Одгэрэлийг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3.Шүүгдэгч Л.Жаргалсайханы гэм буруугийн талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

шүүгдэгч Л.Жаргалсайханыг урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Одгэрэлд холбогдох эрүүгийн 201626011641 дугаартай хэргийн шүүх хуралдаанд гэрчээр оролцон “2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг өгөөгүй, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Цэрэгсүрэн согтуу байхад ирж гарын үсэг зуруулсан. Мөн Г.Одгэрэл, хохирогч Б.Угталбаярыг чулуугаар цохиж гэмтэл учруулаагүй” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба яллах дүгнэлтдээ Л.Жаргалсайханыг ялалж буй нотлох баримтаар гэрч А.Эрдэнэсувдын мэдүүлэг, Л.Жаргалсайханы гарын үсэгт шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр нотолсон гэж дурджээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Жаргалсайханаас “...хохирогч Б.Угталбаярын толгойноос цус гарсан зүйл байхгүй байсан. Мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Намайг байх хугацаанд Г.Одгэрэл, Баяржаргал хоёр хохирогчийг чулуугаар цохисон зүйл байхгүй. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөр огноолсон, хэргийн 97 дугаар талд авагдсан мэдүүлгийг өгөөгүй...” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

Шүүгдэгч Л.Жаргалсайханы өмгөөлөгч Б.Нарандолгороос гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.Жаргалсайханы гэм буруугүйг тогтоож, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Эрүүгийн 2016 2601 1641 дугаар хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 93-95 дугаарт талд авагдсан баримтаар Л.Жаргалсайхан нь мөрдөн байцаалтад гэрчээр тогтоогдож 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “... Би Одгэрэлээс зээлсэн мөнгөө авах гээд такси бариад очсон. ...Одгэрэл над руу тэнд байдаг дэлгүүрийн тэндээс ирж байснаа буцаад гүйчихсэн. Тэгээд би араас нь очтол тэр дэлгүүрийн гадна байсан хүмүүс Баяржаргалыг боогоод унагаасан байсан. Тэгээд Одгэрэл нөгөө хүмүүс дээр гүйгээд очсон. Одгэрэл Баяржаргал хоёрыг тэнд байсан хүмүүс жалга руу чирч аваад явсан. ...Баяржаргал, Одгэрэл хоёр гүйгээд зугтаасан. Намайг байхад тэнд хүн зодуулж толгойгоо хагалуулсан зүйл харагдаагүй.  ... ” гэж мэдүүлжээ.

Дараа нь Л.Жаргалсайхан мөн 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар талд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө“... Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Одгэрэлтэй уулзахад намайг таксинаас буухад заамдаж аваад явуулаагүй юм. Тэгж байснаа газраас чулуу юм уу нэг юм аваад “Өрлөг ээж” дэлгүүрийн үүдэнд Баяржаргалтай маргалдаж байсан залуучууд руу шидсэн юм. Тэгсэн тэнд байсан нэг залуугийн нүд, хамраас нь цус гарсан. ... ” гэж мэдүүлсэн байна.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн прокуророос 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Г.Одгэрэлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Г.Одгэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцэхэд тус шүүх хуралдаанд Л.Жаргалсайхан нь гэрчээр оролцож, мэдүүлэг өгөхдөө “... Сүүлд өгсөн мэдүүлгийг Цэрэгсүрэн байцаагч манай гэрт намайг согтуу байхад орж ирээд унтаж байхад сэрээгээд чамаас Одгэрэлийн талаар асууя гэхэд би согтуу байна, дараа мэдүүлэг өгье гэж хэлсэн. Цэрэгсүрэн байцаагч чи зүгээр гараад ир, чамаар нэг юман дээр гарын үсэг зуруулъя гэж хэлсэн. Би гараад машин дотор нь суухад чиний өмнө ярьсан зүйл бүгд үнэн зөв үү гэж асуусан. Би үнэн зөв гэж хэлсэн. Бичгийн цаасан дээр  гарын үсэг зуруулсан. “Би Одгэрэлтэй уулзах гээд таксинаас буугаад очиход газраас чулуу аваад Баяржаргалтай маргалдаж байсан залуучууд руу шидсэн, нэг залуугийн толгойноос цус гарсан” гэж мэдүүлэг өгөөгүй. Согтуу байна, эрүүлдээ мэдүүлэг өгье гэж хэлсэн ...” гэж мэдүүлж [57] гэрч Л.Жаргалсайханы мэдүүлэг нь мөрдөн байцаалтад 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр өгсөн гэх мэдүүлэгтэйгээ зөрсөн, мөн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөөгүй, тус мэдүүлэгт дурдагдсан асуудлыг би яриагүй гэж мэдүүлжээ.

Иймд шүүхээс Г.Одгэрэлд холбогдох хэргийг хянаад Л.Жаргалсайханы гэрчээр мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн аль нь үнэн зөв болохыг, зориуд худал мэдүүлэг өгсөн эсэх, түүнийг худал мэдүүлэг өгүүлсэн эсэх, эсхүл Г.Одгэрэлд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Цэрэгсүрэн нь нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг тогтоолгохоор 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хэргийг прокурорт хүргүүлсэн байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурор Г.Одгэрэлд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтад буцаасныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлстийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэн хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол гарган ажиллагаа явуулсан. [58] Ингэхдээ:

-2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 14.34 цагаас 15.00 цаг хүртэл, 15.46 цагаас 15.53 цаг хүртэл Л.Жаргалсайханаас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр архи уусан эсэх, хэн согтуу байсныг мэдэх эсэх, хэнтэй уусан эсэх гэх зэрэг асуулт тавьж дахин гэрчийн мэдүүлэг тус тус авсан [59],

-А.Эрдэнэсувдаас 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр, М.Дөлмандахаас 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус тус Л.Жаргалсайхантай 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр архи уусан эсэх болон түүний хувийн байдлын талаар гэрчийн мэдүүлэг авсан [60],

-2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол гаргаж, уг тогтоолоор 2016 2601 1641 дугаар эрүүгийн хэргийн 93-95, 97 дугаар талд авагдсан хуудсанд байх Л.Жаргалсайханы гарын үсгийг бусад баримттай харьцуулан шинжлүүлэхээр, Л.Жаргалсайхан дээрх баримтуудад өөрөө гарын үсэг зурсан эсэхийг тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий этгээдэд даалгасан, мөн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоолыг гаргасан байх ба уг тогтоолдоо Л.Жаргалсайханаас гарын үсгийн хэв хэлбэр авахаар заасан, мөн өдөр мөрдөн байцаагч өөрөө Л.Жаргалсайханаас гарын үсгийн хэв хэлбэр авсан тэмдэглэлтэй [61],  эдгээр тогтоолд заасны дагуу шинжээч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Л.Жаргалсайханы гарын үсгийн шинжилгээний талаар 2136 тоот дүгнэлт гарсан [62] ,

-2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Л.Жаргалсайханд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан, мөн Л.Жаргалсайханыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр, мөн өдрөө яллагдагчаар татах тогтоолыг үйлдэж, байцаасан [63],

-2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Л.Жаргалсайханд хэргийн материал танилцуулж, тэмдэглэл үйлдсэн [64] зэрэг байцаан шийтгэх ажиллагааг бүгдийг мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэн явуулжээ.

 

Гэтэл мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэн нь Г.Одгэрэл, Л.Жаргалсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж байсан тус хугацаанд Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн МБГ-80 дугаартай “гэрч Л.Жаргалсайханаас ...мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэн согтуу байхад гэрт ирчихээд бичгийн цаасан дээр гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зуруулсныг мэдэхгүй” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж байсан байна.

Тус гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэнгээс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тайлбар авсан,  Л.Жаргалсайханаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тайлбар авсан, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.Одгэрэлд холбогдох 2016 26011641 дугаар хэрэгт мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Амаржаргал үзлэг хийсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1714 дугаартай тогтоолоор мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэнд холбогдох “согтуу байхад гэрт ирээд бичгийн цаасан дээр гарын үсэг зуруулсан, юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй гэх мөрдөн байцаагчийг шалгуулах МБГ-80 дугаартай гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоол гарсан байна. [65]

 

Дээрх баримтуудаас нэгтгэн дүгнэвэл Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Цэрэгсүрэн нь 2016 26011641 дугаартай Г.Одгэрэлд холбогдох хэрэгт Л.Жаргалсайханаас 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэрчийн мэдүүлэг авсан гэх баримтыг буюу нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг тогтоолгохоор түүнд холбогдох гомдол Мөрдөн байцаах газрын тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст 2017 оны 3 дугаар сарын 13-наас 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд шалгагдаж байгааг мэдсээр байж, өөрөөр хэлбэл өөрөө тус хэлтэст тайлбар гаргаснаа мэдэж байгаа атлаа мөн хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд 2016 2601 1641 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн байна. Үүнд:

Тухайн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож болохгүй” гэж,

-54.2-т “татгалзан гарах үндэслэл байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч өөрөө татгалзан гарах үүрэгтэй ...” гэж

-мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4-т “өөрөө шууд буюу шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” мөрдөн байцаалтын ажиллагаад оролцохгүй гэж заасан.

Мөрдөн байцаагч Т.Цэрэгсүрэн нь Г.Одгэрэлд холбогдох 2016 2601 1641 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх явцад хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн тухай өөрт нь холбогдох гэмт хэргийн шинжтэй гомдол холбогдох байгууллагад шалгагдаж байхад, тус хугацаанд 2016 2601 1641 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаас татгалзах үүргээ биелүүлээгүй, мөн хугацаанд мөрдөн байцаалт явуулж хууль зөрчиж дээр нэрлэн дурдсан баримтуудыг тус хэрэгт нотлох баримтаар цуглуулсан байна.

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан ба гэрч А.Эрдэнэсувд, М.Дөлмандах нарын мэдүүлэг, Л.Жаргалсайханы гарын үсгийн үнэн зөвийг шинжлүүлсэн шинжээчийн 2136 тоот дүгнэлт, Л.Жаргалсайханыг сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолууд бусад дурдсан хугацаанд байцаан шийтгэх ажиллагаа явуулсан баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлд заасныг зөрчиж цуглуулсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байна.

Мөн Л.Жаргалсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөөгүй гэж маргасан, тус мэдүүлгийн эх сурвалжийг нотлох ажиллагаа хууль зөрчсөн тул дээрх мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймээс шүүгдэгч Л.Жаргалсайханыг 2002 оны Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримтгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Чулуунбаатараас шүүгдэгч Л.Жаргалсайханыг гэм буруугүй гэсэн дүгнэлт нь хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Одгэрэл, Л.Жаргалсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5, 2.6,  3, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт  Лхагвасүрэнгийн Жаргалсайханд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Одгэрэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.   

3.Шүүгдэгч Тайжууд овогт Ганчимэгийн Одгэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

4.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганчимэгийн Одгэрэлийг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Одгэрэлд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.Одгэрэл, Л.Жаргалсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Угталбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Л.Жаргалсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Одгэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Одгэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.Жаргалсайханд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА

 

 

               ШҮҮГЧИД                                                                   Г.МӨНХЗУЛ

 

 

                                                                                                   Б.БАТАА

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 93-95 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар тал.

[18] 2 дугаар хавтаст хэргийн 07-08 дугаар тал.

[19] 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал.

[20] 2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 59-60 дүгээр тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 127-136 дугаар тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 147, 183, дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[31] 2 дугаар хавтаст хэргийн 44-46 дугаар тал.

[32] 2 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 68-71, 107-108, 109-112, 113-116 дугаар тал.

[36] 2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал.

[37] 2 дугаар хавтаст хэргийн 96 дугаар тал.

[38] 2 дугаар хавтаст хэргийн 98-102 дугаар тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 143-145 дугаар тал.

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 27-29 дүгээр тал.

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[43] 1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дугаар тал.

[44] 1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 153-154 дүгээр тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 33-35 дугаар тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар тал.

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дугаар тал.

[50] 1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар тал.

[51] 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар тал.

[52] 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[53] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар тал.

[55] 2 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[56] 1 дүгээр хавтаст хэргийн 127-136 дугаар тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 07-08 дугаар тал.

[58] 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар тал.

[59] 2 дугаар хавтаст хэргийн 39-43 дугаар тал.

[60] 2 дугаар хавтаст хэргийн 44-49 дугаар тал.

[61] 2 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[62] 2 дугаар хавтаст хэргийн 58-64 дүгээр тал.

[63] 2 дугаар хавтаст хэргийн 82-85 дугаар тал.

[64] 2 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал.

[65] 2 дугаар хавтаст хэргийн 134-135 дугаар тал.