Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1388

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 183/ШШ2019/00940 шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.З, Б.О нарт холбогдох,

 

Хамтран ажиллах эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн тул хариуцагч Б.Згоос 12 290 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.Оээс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой тохиролцоо гэх нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн 210 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Б.Згийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч: Б.Г,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Н, Л.Б,

            Хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.С,

            Хариуцагч Б.О,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бнар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Отэй 2014 оны 06 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 7-р хороо, Сансар хороолол, Баянцээл үйлчилгээний төвд байрлах, гараашийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг түрээслэн орчин үеийн тохижилт, тоног төхөөрөмжтэй, өндөр зэрэглэл бүхий авто угаалгын газар болгон тохижуулж 50 хувийн эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн. 2014 оны 11 дүгээр сараас Б.Оийн найз Б.З харагдах болсон. Б.З нь тухайн авто угаалгын газарт камер суулгаж өгснөөр бидний ажилд тус болсон. Гэхдээ 2015 оны 3 дугаар сарын эхээр ажилдаа ирэхэд Б.О ярилцах хэрэг байна гэж машиндаа дуудаж суулгаад бид ажлынхаа талаар ярилцаж байтал “...хаврын цагт авто угаалга уналтанд ордог, өвлийн улирал болон цагаан сарын өмнө ашигтай байдаг тул өөр хүнд давхар түрээслэх талаар боломжтой...” гэж Б.О хэлж 2-3 сар түрээслээд ашгаа 3 хувааж авья гэсэн саналыг тавихад нь хоёулаа эхэлсэн ажлыг 3 хувааж чадахгүй гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед Б.З хамт байсан. Ингээд намайг угаалгын газарт хэдэн төгрөг зарцуулсан талаар асууж чамд 25 000 000 төгрөг гаргаад өгье, үүнээс хойшхи асуудлыг бид өөрсдөө авч явна гэх зүйлийг яриад салсан. Анх Б.З, Б.О нарыг найзууд гэж байсан боловч үерхэж, хосууд болсон байсан учир би өөрөө явчихья гэж бодоод тэр цагаас хойш оролцоогүй. Энэ яриа болсноос хойш 2 сарын дараа машинаа угаалгах гээд очиход угаалгын газрыг н.Даваасүрэн гэдэг хүнд түрээсэлсэн байсан. Ярилцаж тохиролцсоны дагуу Б.З мөнгөө өгөөгүй тул 8 дугаар сарын эхээр угаалгын газарт очиход н.Ган-Эрдэнэ гэх хүнд түрээслэсэн байсан. Үүнээс хойш 08 дугаар сарын 01-ний өдөр 210 000 төгрөгийг Б.З шилжүүлсэн. Бидний хооронд болсон үйл явдлыг анхнаас нь мэдэж байсан хүн нь Б.О юм. 2015 оны 02 дугаар сараас эхлэн угаалгын газрыг өөр хүмүүст түрээслэж мөнгийг нь авч байсан. Бид тухайн үед гэрээг дүгнэж байсан. Б.Г, Б.О нар хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон адил тэнцүү хөрөнгө оруулсан. 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулснаа 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулсан. Б.Г хамтран ажиллах гэрээнээс гарсан үндэслэл нь оруулсан хөрөнгө 25 000 000 төгрөгийг Б.З 2015 оны наадмаар өгнө гэсэн учраас, Б.З, Б.О нар хамтын амьдралтай болсон тул гэрээний нэг тал болсон. Тиймээс Б.З, Б.О хоёр нь Гийн 50 хувийг шилжүүлж, гэрээнээс гарч байгаа тал мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар зөвшөөрсөн. Хамтран ажиллах гэрээнээс гарснаас хойш бүх үйл ажиллагааг Б.О, Б.З нар хариуцаж байсан тул Г.Энхбаттай түрээсийн гэрээний харилцаатай байсан асуудлаа дуусгаж 2015 оны 2 дугаар сарыг дуустал ямар нэгэн төлбөр тооцоо байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр амаар тохиролцсон, ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй. 2015 оны 4 дүгээр сарын 02-нд Б.Зтой тохиролцоо байгуулсан. Бидний тохиролцоо 3 дугаар сарын 04-нд хийгдсэн байгаад дараа нь бичгээр болгож бичсэн зүйл байгаа. Надад 210 000 төгрөгийг өгч байгаа үйлдэл нь тохиролцоог зөвшөөрсний дагуу л өгч байгаа. Өөрөөр хэлбэл автоугаалгын үйл ажиллагааны 50 хувийг хүлээж авсан гэдгээ нотлож төлсөн. Энэ бол хамтран ажиллах гэрээний 50 хувийг заавал бичгээр, нотариатаар орно гэсэн зүйл байхгүй. Амаар хийсэн хэлцлээ цаасан дээр буулгасан хэлбэр. Хамтран ажиллах гэрээний 50 хувийг эзэмшиж ашиглах, эрх шилжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа Г.Энхбат гэж хүнтэй байгуулсан түрээсийн гэрээтэй хольж хутгаад байна. Хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээний харилцаа тусдаа ойлголт юм. Иймд хариуцагч Б.Згоос 12 290 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.Оээс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж байсан удаа надад байхгүй, мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Бид хамтран ажиллахаар иргэн Д.Энхбатын объектыг түрээслэж гэрээ байгуулсанаар бид гэрээний нэг тал болсон. Уг гэрээг дүгнэж 2014 оны 2 дугаар сарын-20-ны өдөр акт үйлдэж бид гарын үсэг зурсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн түрээс болон ашиглалтын зардлаа төлж барагдуулах гэрээ дуусгавар болох заалтаар гэрээ хүчингүй болсон. Удалгүй тог усаар хангахгүй, түрээсийн хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар хөөж гаргаж, иргэн н.Пүрэвцэрэнд авто угаалгын газрыг түрээслэсэн. Б.Г түрээсийн гэрээг хүчингүй болгосон актыг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад, ямар ч хамаагүй аргаар хохирлоо барагдуулах гэж надад мэдэгдэлгүй ашиг орлого ихтэй гэж худал хэлж Б.Зтой тохиролцсон байсан. Б.Г бид хамтран ажиллах явцдаа гэрээний талаар огт дүгнэж ярилцаж байгаагүй. Одоо санахад “зээл авч аавтайгаа барилга барьж байгаа, байраа барьцаанд тавьж байгаа бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна, туслаач” гэж бичиг баримт бүрдүүлээд ирэхэд нь уншихгүйгээр гарын үсэг зурсан тохиолдол бий. Б.Г хамтран ажиллах гэрээнээс гарсан зүйл байхгүй. Б.З, Б.Г нар хоорондоо хэлцэл хийсэн талаар би мэдээгүй. 2018 онд шүүхээс намайг хамтран хариуцагчаар татах үед мэдсэн. Бид хамтран ажиллаж байсан учир алдагдлаа хуваамаар байна. Би Б.Гоос нэг дахин илүү хөрөнгө оруулсан. Энэ хүн оруулсан хөрөнгөө надаас нэхэх үндэслэлгүй. Яагаад гэвэл бид гэрээний нэг тал. Харин бидний хөрөнгө оруулсан объектын эзэн Г.Энхбат гэж хүн байгаа. Энэ хүнээс хөрөнгө оруулалтаа шаардах эрхтэй байх. Бид тухайн обьектод 2 сар 14 хоног засвар хийж, түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн тохижуулалт, тог усны зардал гээд нийт 154 308 000 төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байдаг. Г.Энхбат нь авто угаалгын газраас хөөж гаргасан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, энэ үед Б.Гийг ирээд өргөдөлд гарын үсэг зураад өг гэж удаа дараа, гуйсан ч ирээгүй. Тухайн үед энэ хүн намайг их өрөнд хаяад явсан атлаа хэдэн жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна. Н.Энхбат гэх хүний объектод засвар хийчихээд тэр оруулсан хөрөнгөө яагаад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. ...Иймд нэхэмжлэлийн шаардлаыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Б.Г, Б.О нарын н.Энхбаттай байгуулсан түрээсийн гэрээнд Б.З гэрээний тал болгоогүй тул Б.Г нь Б.Зтой тохиролцоо хийх байсан бол гэрээний талуудаас зөвшөөрөл авч байж хэлцэл хийх байсан. Хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа тал нөгөө талынхаа эрхийг хөндөхгүйгээр гэрээнээс гарах ёстой. Мөн гэрээнээс гарч байгаа талын хувийг хамтран ажиллаж байгаа буюу Б.О давуу эрхээр авах эрхтэй боловч энэ талаарх баримт байхгүй. Б.Г нь найзууд байсан учир ямар нэгэн бичиг баримт үйлдэх шаардлагагүй байсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод талууд өгсөн авсан зүйлээ буцааж байгаа тул ямар нэгэн байдлаар орлого олоогүй нь н.Даваасүрэн, н.Ган-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Гтой Брилиант авто угаалгын газрын 50 хувийн эрхийг өгч, авалцахаар тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тохиролцоо нэртэй хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх нөхцлийг хангаагүй нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний нэг тал болох Б.Г, Б.О нар байхад Б.Зг түрээсийн гэрээний нэг тал болгоогүй, хэлцэл хийхээс өмнө 2015 оны 3 дугаар сарын 14-нд тухайн авто угаалгын газрыг С.Даваасүрэн гэгчид түрээслэсэн байсан тул Б.Гтой бичгээр хэлцэл хийснээс хойш авто угаалгын газраас нэг ч төгрөгийн ашиг аваагүй тул түрээслэгч, хамтран ажиллах гэрээний нэг талаас зөвшөөрөл аваагүй, бодит байдал дээр биелэх боломжгүй тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 210 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.3, 477.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрэээний эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн үндэслэлээр хариуцагч Б.Згоос 12 290 000 төгрөгийг, хамтран ажиллах гэрээний дагуу олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч Б.Оээс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.Г, Б.З нарын хооронд хийгдсэн тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 210 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гоос гаргуулж хариуцагч Б.Зд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 900 төгрөгийг, хариуцагч Б.Згоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Гоос 282 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Зд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас давж заалдах гомдол гаргасан бөгөөд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Б.О буюу гэрээний хамтран ажиллагч нь Б.Зтой байгуулсан тохиролцоог мэдээгүй, надаас зөвшөөрөл аваагүй гэсэн амаар хэлсэн тайлбарыг үндэслэж шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг няцаасан гэрчийн мэдүүлэг, хариу тайлбар, утсаар явуулсан мессеж, Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай баримтууд авагдсан байхад дүгнэж үзээгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд оруулаагүй байдаг. Хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзсэн. Учир нь нэхэмжлэгч талаас хангалттай баримтуудыг гаргаж өгч байхад үндэслэл бүхий шийдвэрлээгүй. Гэвч энэ талаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн мөртлөө үүнийг дурдаагүй. Гэтэл хянан хэлэлцэгдсэн эсэхийг бид шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлох  ёстой, гэвч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар бичигдээгүй байсан. Үүнийг яаж нотлох вэ гэвэл дуу, дүрсний бичлэг авч байж нотолсон. 3 хоногийн дотор анхан шатны шүүхэд шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаад дутуу бичигдсэн талаар мэдэгдэж, дутуу бичсэн зүйлсийг оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн боловч тэмдэглэлд засвар оруулаагүй байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс дуу, дүрс бичлэгийг авч, нэг бүрчлэн харьцуулан бичиж цаасан дээр буулгасан. Нотлох баримтаар шинжлэн судалсан баримтуудыг огт дурдаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ гэж заасан. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлийг нөхөн бүрдүүлэх боломжгүй. Талуудын мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Б.Г, өмгөөлөгч Б.Н, Л.Б гэж дурдсан байдаг. Гэвч Б.Н өмгөөлөгч гэсэн нэр байгаа боловч шүүх нэг ч үг хэлүүлээгүй. Миний бие үг хэлэх гэхээр шүүгч алх цохиж, анхааруулга өгөөд байсан. Эдгээр зүйлс нь шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгт хангалттай авагдсан байгаа. Энэ асуудлаар давхар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд уг ажиллагаа Цагдаа, Прокурорын байгууллагаар шалгагдаж дуусаагүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар ирсэн шүүх хуралдааны тэмдэглэлд “нотлох баримт шинжлэн судлуулсан баримтуудын талаар огт тусгаагүй, мөн талуудын асуулт хариултыг орхигдуулсан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэг татуулж, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 347 дугаартай шүүхийн тогтоол гаргасан.

 

Шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж шинжлэн судлахад давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй, нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нотлох баримт шинжлэн судлуулсан, талуудын хоорондын асуулт хариулт, гэрч С.Даваасүрэн, Г.Ган-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, сүүлийн нэмэлт тайлбарууд зэргийг орхигдуулсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гар утасны бичлэгт үзлэг хийсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар үзлэг хийх тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, залруулах боломжгүй, маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 183/ШШ2019/00940 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН