Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2023/01470

 

2023 04 11

184/ШШ2023/01470

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***************** тоот хаягт оршин суух, ******* овогт ************* ************ /РД:******************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****************** гудамж, өөрийн байранд байрлах, ************ТӨААТҮГ /РД:************/-т холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/124 дугаартай тушаалыг, сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж шимтгэл, хураамжийг төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, А.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ************и төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтэст Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын байнгын ажлын байранд ажиллахаар томилогдож хөдөлмөрийн гэрээ зохих ёсоор байгуулан ажиллаж эхэлсэн. 2020 оны 10 дугаар сард н.************ захирал буцаж ажилдаа орж ирснээр байгууллагын доторх уур амьсгал эрс өөрчлөгдөж, байгууллагын ажилчид 2 талцаж байсан. н.************ захирал нь намайг анх ажилд авч байсан хүн ба түүнийг захирлыг ажлаас гарснаас хойш н.************ захиралтай хамтарч ажилласан гэх шалтгаанаар маш их хавчиж, шахаж, хэцүү нөхцөлд ажиллуулж байсан. Ажилд орсноос хойш төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гомдлоор жилд нийт 7, 8 удаагийн шалгалтад орсон байдаг. ТӨБЗГазарт энэ талаар мэдэгдэж байсан ба буцаж хариу ирж байсан.

Энэ хүрээнд 2020 оны 07 дугаар сард Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар илт үндэслэлгүйгээр, бодит байдалд нийцэхгүй шийтгэлийг хүчээр хүлээлгэсэн ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргахад Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах шаардлагатай гэсэн. Хөдөлмөрийн маргаан таслах комисстоо гомдлоо өгөөд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг хэлэлцэж дуусаагүй байхад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б/124 дугаартай М.************гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг үйлдвэрийн газрын захирал ************гаргасан.

Хариуцагч талаас сахилгийн шийтгэл ногдуулсан тушаалаа тайлбарлахдаа үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж байна. 07 дугаар сарын 06-ны өдөр Ө.************ захирлын өрөөнд дуудагдаж ороход Авлигатай тэмцэх газраас бичиг ирсэн, чам руу цохогдож орно. Тэгэхээр нь маргааш өглөө гэхэд холбогдох санхүүгийн баримтуудыг Авлигатай тэмцэх газарт гаргаж өг гэх үүрэг даалгавар өгсөн. Тэр өдөр манай хүүхэд ухаан алдаад би дуудагдаж явсан. Би гарч явснаа хэлтэл өглөө гэхэд бэлэн болгоорой гэсэн. Маргааш өглөө 11 цагийн үед бэлдээд тавьсан байсан ба захирал ирээгүй. Авлигатай тэмцэх газраас н.************ гэх хүн залгаж хуулийн заалт уншаад яагаад санхүүгийн баримтуудыг гаргаж өгөхгүй саатуулаад байгаа вэ гэдэг талаар ярьсан. Надад өчигдөр гаргаж өгөөрэй гэсэн албан бичиг нь ирээгүй байна гээд тэр өдөр нь яг одоо авч ирж өг гэх шаардлага тавьсан. Хуулийн заалтыг нь мэдэхгүй байсан учраас лавлаж асуухад эх хувиар нь яг одоо авч ир гэж хэлсэн. Улмаар би өөрөө тэр өдөр нь н.************ гэх хүнд баримтуудыг аваачиж өгсөн ба энэ баримтуудыг аваачиж өгсөн талаараа Ө.************ захиралд хэлсэн. Тэр өдөр Авлигатай тэмцэх газар руу яваад ирэхэд өрөөний хаалга доогуур Авлигатай тэмцэх газар руу санхүүгийн баримт явуул гэх бичгийг шургуулсан байсан. Маргааш нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мөнгийг шилжүүлье гээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар луу төлбөрийн даалгавар бичээд мөнгө шилжүүлсэн ба мөнгө шилжүүлэхээр гарын үсгээ зураад банк явсан хойгуур Захирлын зөвлөлийн хурал зарласан байсан. Авлигатай тэмцэх газар руу бичиг явуулсны маргааш нь буюу 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ногдол ашиг шилжүүл гэх бичиг ирсэн ба төлбөрийг ерөнхий нягтлан болон захирал гарын үсэг зурж байж гүйлгээ хийгддэг. 07 дугаар сарын 09-ний өдөр захирал маань гарын үсэг зурж гүйлгээ хий гээд намайг банк руу явсны хойгуур Захирлын зөвлөлийн хурал зарласан байсан.

Захирлын зөвлөлд өмнөх н.************ захирлын эсрэг явж, хэл ам хийдэг байсан Ө.************ захирал ирж захиргааны хэлтсийн даргаар тавьсан н.************ гэх хүнийг тавьсан. ************гэж ерөнхий инженер байгаа. ************, н.************ нар нь маргаан таслах комиссын гишүүд байдаг. Ингээд ************ямар нэгэн байдлаар хэлмэгдэж, шийтгэл авсан нөхцөлд асуудал нь эергээр шийдэгддэггүй. Учир нь ёс зүйн хорооны дарга нар нь хулгай, зодоон хийдэг хүмүүс байдаг. 12 цаг 53 минутад би банк дээр гүйлгээ хийж байхад Захирлын зөвлөл хуралдаж, М.************ хариуцлага алдсан тул сахилгын шийтгэл оногдуулна гэж шийтгэл оногдуулсан байдаг. Сахилгын шийтгэлд гомдол гаргаад шүүхэд хандсаны дараа маргаан таслах комисст ханд гэж шүүхээс татгалзсан шийдвэрийг 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан ба би маргаан таслах комисст 08 дугаар сарын 11-ний өдөр хандсан байдаг. Маргаан таслах комиссын шийдвэрийг хүргүүлсэн гэж ярьж байгаа боловч хүргүүлээгүй. Намайг хөдөө явж байхад мэйл хаягаар явууллаа гэсэн боловч мэйл хаягаар ирээгүй. 09 дүгээр сарын 22-ны өдөр маргаан таслах комиссын шийдвэрийг би өөрөө Сонгинохайрхан дүүргийн шуудангаас очиж авсан. Хүлээж авсан шуудангийн баримт дардсыг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.

Би 09 дүгээр сарын 22-ны өдөр маргаан таслах комиссын шийдвэрийг гардаж аваад 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Дахин надад энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа өгөхгүйгээр үүний дараагийн шийдвэрийг гаргасан байдаг.

36 сая төгрөгийн зөрчил гаргасан гэдэг. Санхүүгийн албаны холбогдох нярав, нягтлан бодогч нар хуульд заасны дагуу анхан шатны баримтуудыг бүрдүүлэн программд шивдэг, эцэст нь би нягталж дүгнэдэг. Тухай тухайн шат дамжлага хуульд заасны дагуу явагдсан. Тендерийн асуудлыг, худалдан авалтын гэрээний асуудлыг тус тусдаа хариуцдаг, хянадаг алба, ажилтан байгаа. Цаг хугацаандаа үүрэг даалгаварыг биелүүлж байсан, захирлаас өгсөн цохолт бүхий албан бичгийг хаалганы доогуур хийж орхисон, холбогдох баримтыг АТГ-ын мөрдөн байцаагч даруй авчир гэсний дагуу аваачиж өгсөн, цаг хугацаанд нь биелүүлсэн.

Хариуцагч талаас баримтгүй гүйлгээнүүд хийгдэж, алдагдалд оруулсан гэж ярьж байна. ************ийн ерөнхий нягтлан бодогч нь анхан шатны баримтыг бүрдүүлдэггүй ба худалдан авалт хийдэггүй. ************худалдан авалт хийдэг тусдаа хариуцсан хүн байдаг. ************ийн ерөнхий нягтлан бодогч тендерийн хороонд орж ажилладаггүй. Худалдан авалтын ажилтан өөрөө худалдан авалтаа хийдэг, түүнийгээ няравтаа авч ирж, нярав түүнийг бүртгэж авдаг. Нярав бүртгэж авсныг тооцооны нягтлан бодогч хянаж, гүйлгээндээ оруулдаг. Тооцооны нягтлан бодогчийн гүйлгээнд оруулж ирсэн зүйлийг ерөнхий нягтлан бодогч буюу би нэхэмжлэхийн дагуу захиралтайгаа захирлын шийдвэрээр мөнгөний хэмжээг харж байгаад төлдөг. Намайг ажлаас халахдаа ямар нэгэн байдлаар сануулга, үндэслэл, мэдэгдэл хийгээгүй.

Шилэн данс хоцроосны улмаас ажлаас халсан гэдэг тайлбар өгдөг хэдий ч шилэн дансыг зөвхөн би бүртгэж оруулдаггүй ба нийт 9 хүн шилэн дансыг бөглөдөг. Мөн 5,000,000 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээнүүдийг жагсаадаг ба үүнийг 5 дугаар сард хоцроосон байдаг. Учир нь ажил явдал гарч би эзгүй байсан учраас мэдээ хоцорч байршуулсан. Энэ талаар албан бичигтээ хариуцсан ажилтны ар гэрийн гачигдлын улмаас хоцорсон гэх мэдээллийг тусгаж өгсөн байгаа нь хэрэгт авагдсан байгаа. Шилэн данс нь зөвхөн миний хийдэг ажил биш.

Төлөвлөгөөт шалгалтаар их хэмжээний зөрчил илэрсэн. Тус зөрчил нь М.************гийн үеийнх байсан эсэхийг бүгдийг тодотгож, он сартай нь тавьсан байдаг. 20 жил ажилласан нягтлан байдаг ба хэдэн сард нь М.************ ажилласан. Түүнийг нь тайлан дээр нь тусгаад хэдээс хэдэн он, сар хүртэл ямар нягтлан, захирал байсан эсэхийг бүгдийг нэгтгэсэн дүгнэлт гарсан байдаг.

Зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн болох талаар гомдол гаргасан гээд хэлээд байдаг. Авлигатай тэмцэх газраас ямар нэгэн байдлаар яллагдагчаар татаагүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад өнөөдрийг хүртэл ************ийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд намайг жил гаруй хугацаанд Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэмт хэрэгтэн, байгууллагыг хохироож байна гэдэг зүйл ярьж байна. Үүнд маш их гомдолтой байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа зарлагын дүнгүүд нь миний ажил үүрэгтэй ямар ч хамааралгүй гүйлгээнүүд байна. Учир нь би худалдан авалт хийдэггүй. Миний гүйлгээ шилжүүлсэн баримт болгоны ард захирал нь шилжүүл гэсэн шийдвэрээ дарсан, нярав, нягтлангууд нь хүлээж авсан баримт дээр зурдаг. Нярав, нягтлангийн анхан шатны баримтуудыг бүрдүүлдэггүй. Тусдаа ажилтнууд тус тусын ажлаа хийдэг. Программ дээр орж ирсэн, нягтлан нь бүртгэж авсан, падан байгаа баримттай зүйл дээр би гүйлгээ хийдэг. Тэр болгон дээр Бөмбөгөр худалдааны төвийнх, Сутайн буянт ХХК-ийнх эсэхийг мэдэхгүй. Зах замбараагүй худалдан авалттай газар хэн дуртай нь баримтаа барьж орж ирдэг, хэний ч удирдлага дор орж ажилладаггүй, санхүүгийн тасаг хэлтсийн дарга нартай, маш их ашиг сонирхлын зөрчилтэй олон жил ажилласан дарга нартай байгууллагыг авч ажилласан. Миний зүгээс үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан гэж үзэж тус тушаалуудыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, дэмжиж байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа:

...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/124 тоот ************и ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас М.************г чөлөөлсөн. Ерөнхий нягтлан бодогч гэдэг нь ************и ТӨҮГ-ын хувьд нийтийн албан тушаалтан ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалынхаа хүрээнд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээдэг, санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч буюу байгууллагын санхүүг хариуцдаг хүн байгаа.

Түүнийг ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх нэгдүгээр үндэслэл байгаа. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №Б/70 тоот тушаалаар М.************д сахилгын арга хэмжээ авсан. Энэ нь удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэдэг үндэслэлээр үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувь бууруулсан. Энэхүү сахилгын шийтгэл нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг өөрийнх нь мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн боловч буцаагдсан байсан. Албан ёсоор оршин суух хаягаар хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Хууль зөрчсөн үйлдэл гэдэг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 104 тоот шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай тогтоолоор тухайн үед шаматон тегел хүрэлцээтэй байхад Шүрт булаг ХХК-иас 4 удаагийн гүйлгээгээр 36,000,000 төгрөгийн шаматон тегел шууд худалдан авалт хийсэн. Анхан шатны баримт бүрдүүлээгүй, худалдан авалт хийсэн шаматон тегел нийлүүлэгдээгүй байхад ерөнхий нягтлан бодогч нь орлого давсан баталгаажсан гарын үсэггүй, НӨАТ-ын баримт байхгүй, санхүүгийн чадамжгүй, анхан шатны баримтаар худалдан авалт хийж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийг зөрчсөн. Энэхүү хуулиудыг зөрчсөнөөр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.4-т хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсвэл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил үүргийг гүйцэтгэхгүй байх гэж заасан байдаг. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолд дурдсан 36,000,000 төгрөгийн үнэ бүхий шаматон тегелийн асуудал байдаг. Анхан шатны баримт бүрдүүлээгүй 6 удаагийн үйлдэл байгаа.

Тухайлбал ************ийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг шинжилгээний багаж байдаг ба энэ багажийн засварын хөлс 13,752,953 төгрөг зарцуулсан гэх санхүүгийн бүртгэл байгаа. Зөвхөн зарцуулсан гэх санхүүгийн бүртгэл байгаа бөгөөд тухайн багаж дээр нь ямар хүн ямар гэрээгээр засвар хийсэн эсэх талаар анхан шатны бүрдүүлбэр хангаагүй гэдэг үндэслэл байгаа. Тус багаж дээр ажиллаж байсан инженер нь энэ багаж эвдрээгүй ба засварлаагүй, ямар нэгэн засварт ороогүй гэх тайлбар өгдөг. Энэ нь эрүүгийн шинжтэй байх магадлалтай гэж үзэж, Авлигатай тэмцэх газарт хандсан.

Цэлмэг оргил ХХК-д нийт 4 удаагийн гүйлгээгээр 19,200,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 5,000,000 төгрөгөөс дээш гүйлгээг шилэн дансанд мэдээлдэг. Гэвч юу худалдаж авсан эсэх нь тодорхойгүй, баримтын бүрдүүлбэр байхгүй ба 4,900,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийж, Шилэн дансны тухай хуулийг зөрчиж энэ талаар шилэн дансанд мэдээлээгүй. Цэлмэг оргил ХХК-д шилжүүлсэн үндсэн дүн нь 19,200,000 төгрөг байгаа. Мөн санхүүгийн баримт байхгүй, ямар өглөг шилжүүлсэн нь тодорхойгүй. Энэ нь эрүүгийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.

Иргэн Лидад 3 удаагийн гүйлгээгээр 14,250,000 төгрөг шилжүүлсэн байдаг ба 15 см диаметртэй филтерийн цааснаас 500 хайрцгийг худалдан авсан баримт байдаг. Лида гэх тамгатай зөвхөн зарлагын санхүүгийн баримт байгаа ба Лида гэх тамгаар нь хайж утсаар нь асуухад Алтжин бөмбөгөр зах дээр ахуйн хэрэглээний бараа зардаг энгийн иргэн байсан. Филтерийн цаас нь химийн шинжилгээнд хүхэр тодорхойлоход ашигладаг гаалийн тусгай зөвшөөрлөөр нийлүүлэгддэг бодис бөгөөд Алтжин бөмбөгөрийн лангуу дээр зардаг бодис биш байгаа.

Мөн иргэн н.Мягмарсүрэнгээс 4,000,000 төгрөгийн нүүрсэн электрод худалдан авсан гэх санхүүгийн баримт байсан. Ямар нэгэн гэрээ байхгүй ба нүүрсэн электрод нь энгийн иргэнээс худалдаж авах боломжгүй, гаалийн тусгай зөвшөөрлөөр нийлүүлэгддэг бодис байгаа.

Сутай буянт ХХК-ийн барилгын 14 дүгээр павильонд лангуу түрээслэн ажиллуулдаг н.Бямбатогтохын тамга бүхий баримтыг ашиглан Гурвалжин захаас 5,000,150 төгрөгийн шошго хийлгэсэн гэх баримт байдаг. Үүн дээр гэрээ, анхан шатны баримт байхгүй, шилэн дансанд мэдээлээгүй, Шилэн дансны тухай хуулийг зөрчсөн үйлдэл байгаа.

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ерөнхий нягтлан бодогч М.************ өөрийн ЗЮ800332864 гэх регистрийн дугаараараа байгууллагын Худалдаа хөгжлийн банкны данснаас 19,848,605 төгрөгийн өглөг шилжүүлснийг шилэн дансанд мэдээлэхдээ Женерал режент ХХК-д өглөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн ба Женерал режент ХХК нь манай байгууллагатай худалдан авалтаар байнга харьцдаг байгууллагын данстай бөгөөд бэлэн мөнгөөр шилжүүлдэггүй байгууллага байгаа. Сангийн сайдын 2012 оны 276 тоот тушаалаар батлагдсан Мөнгөн кассын үйл ажиллагааны журамд заасан харилцах дансгүй этгээдээс төлбөрийн бусад тохиолдолд мөнгөн гүйлгээг бэлэн мөнгөөр гүйцэтгэх явдлыг зогсоосон. Гэтэл үүнийг зөрчиж, 19,848,605 төгрөгийг М.************ нь өөрийн регистрийн дугаараар бэлэн мөнгөөр авч шилжүүлсэн асуудал гаргасан.

Өгсөн үүрэг даалгаврыг дахин биелүүлээгүй гэх асуудал дээр хамгийн сүүлд томилогдсон дэд захирал н.Содномжамц нь ерөнхий нягтлан санхүүгийн нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх дүгнэлт гаргасан ба баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Иймд М.************ нь ************ийн захирлын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, итгэмжлэл, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон мандал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, М.************д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, ************и ТӨААТҮГ-ын ажилчдын үйлдвэрчдийн эвлэлийн хороонд гаргасан өргөдөл, шуудангийн гардуулалтын мэдээлэл, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, ************ийн захирал Ө.************т гаргасан өргөдөл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл, хариу тайлбар, М.************гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбар,, М.************д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, ажлын байрны тодорхойлолтын хуулбар, хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулбар, төлөвлөгөө батлах тухай тушаалын хуулбар, 2018-2019 оны санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланд дурдсан зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөөний хуулбар, ************и ТӨҮГ-ын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт, сахилга хариуцлагыг сайжруулах төлөвлөгөөний хуулбар, ************и Төрийн өмчит үйлдвэрийн газрын санхүүгийн үйл ажиллагааны тухай товч танилцуулгын хуулбар, нэмэлт мэдээлэл хүргүүлэх тухай баримтын хуулбар, зарлагын баримтын хуулбар, зарлан дуудах мэдэгдэлийн хуулбар, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн харилцагчийн дансны хуулга, төлбөрийн даалгаврын хуулбар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, итгэмжлэл, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, эрх залгамжлах тухай албан бичиг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолын хуулбар.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт.

Авлигатай тэмцэх газрын албан бичиг, ************ийн албан бичиг, Монгол шуудан ХХК-ийн албан бичиг, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын албан бичиг, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг, ************ийн захирлын тушаалын хуулбар, Геологийн төв лаборатри ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлийн хуулбар, ************ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, зарлагын баримт, архиваас баримт түр ашиглуулахаар олгосон болон буцаан авсан тухай тэмдэглэл, Геологийн төв лаборатри ТӨҮГ-ын захиалгын хуудсын хуулбар, ************и ТӨҮГ-ын түр олгосон баримт бүртгэлийн хуулбар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлт ирүүлэх тухай албан бичгийн хуулбар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын санхүүгийн тайлан нэгтгэх тухай албан бичгийн хуулбар, хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ************ийн Үндэсний аудитын газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар, ************ийн зөвлөмжийн биелэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны албан бичиг, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Үндэсний аудитын газрын албан бичиг, Геологийн судалгаа-шинжилгээний төвийн албан бичиг, Нийслэлийн аудитын ХХК-ийн албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.************гээс хариуцагч ************ТӨААТҮГазарт холбогдуулан гаргасан Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/124 дугаартай тушаалыг, сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж шимтгэл, хураамжийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.************гийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол, 128.1.7 Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол гэж заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

 

Нэхэмжлэгч талаас ...Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль бус талаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлээгүй байхад дахин арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн, ямар үндэслэлээр чөлөөлж байгааг дурдаагүй, маргаан үүссэнээс хойш янз бүрээр тайлбарладаг. Гэрээ байгуулах, тендэр шалгаруулах зэргийг холбогдох алба хэлтэс хариуцдаг, үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан тул сахилгын хариуцлага тооцсон 2 тушаал хууль бус гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч ...Ерөнхий нягтлан бодогчийн хувьд хариуцах нягтлан, няравын ажлыг хянах үүргээ биелүүлээгүй, анхан шатны баримт дутуу байхад, гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, тендэр зарлахгүй байхад худалдан авалт хийсэн, мөрдөж ажиллах ёстой холбогдох хууль дүрмийн зөрчсөн тул сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй гэсэн агуулгаар тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Нэхэмжлэгчийн ...2019 оны 5 сарын 07-ны өдрөөс ************и ТӨҮГазрын Захиргаа, санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын байнгы ажлын байранд хугацаагүйгээр ажиллахаар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн гэх тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрдөг. Талуудын тайлбар, ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, бусад баримтуудаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл болно.

 

Харин шүүхээс дээр дурдсан талуудын тайлбар, мэтгэлцэж байгаа үндэслэлийн хувьд хариуцагч талын ажлаас чөлөөлсөн, сахилгын арга хэмжээ авсан тушаалууд хуульд нийцсэн гэх татгалзал үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч талын дээрх тушаалууд хууль бус тул хүчингүй болгуулах гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан доорх бичмэл баримтууд болон үйл баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэлийн ************и ТӨҮГазрын захирлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай М.************д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлагын хувьд

 

4.1. ************и ТӨҮГазрын захирлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай М.************д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1, 9.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.4, 6.2 дахь заалтыг үндэслэн тушаах нь, Санхүү, эдийн засгийн хэлтэст Ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай Мөнхөө овогтой ************ нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаатай өгөгдсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай... /1 хх 20/ гэж тус тус заасан байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэсэн байхад гүйцэтгээгүй гэж гүтгэн ашиг сонирхол нэгтэй хэсэг бүлэг хүмүүс, удирдлагууд миний эзгүйд сахилгын арга хэмжээ авсан гэдэг. Хариуцагч нь Авлигатай тэмцэх газраас шаардсан баримтыг байгууллагын дүрэм журмын дагуу бус ************ өөрөө аваачиж өгсөн, ноогдол ашгийн төлбөрийг хугацаа хэтрүүлж шилжүүлсэн, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тайлбарладаг.

 

4.3. Хэрэгт авагдсан ************ийн захирлын цохолт бүхий албан бичиг, АТГазраас ирүүлсэн нотлох баримт ирүүлэх тухай албан бичиг, АТГ-т хариу хүргүүлсэн ************ийн захирлын албан бичиг, банкны баримт зэргээс үзэхэд 2021 оны 7 сарын 5-нд АТГ-аас ирүүлсэн албан бичигт 2021 оны 7 сарын 8-нд ************и ТӨҮГазрын захирлаас албан тоотод хариу хүргүүлсэн, М.************ нь 2021 оны 7 сарын 7-нд нотлох баримтыг эх хувиар нь аваачиж өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

4.4. ************и ТӨҮГазраас М.************д сахилгын арга хэмжээ авахдаа дээрх үйл баримтыг үндэслэл болгодог бөгөөд М.************ нь Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо өгсөн байдаг.

************и ТӨҮГ-ын Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2 дугаартай шийдвэрт ...Захирлын 2021 оны Б/70 тоот "Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хуульзүйн үндэслэлтэй шийдвэр гэж тогтоон М.************гийн тушаал хүчингүй болгох гомдлыг хэрэгсэхгүй болгож, ерөнхий нягтлан бодогч М.************ нь Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 06/7146 тоот албан бичигт дурьдсан баримтуудыг захирлын гарын үсэгтэй байгууллагын тэмдэгтэй албан ёсны албан бичгээр хандан хүргүүлэх байтал захиралд мэдэгдэлгүй дур мэдэн өөрөө эх хувиар нь хувь хүний зүгээс аваачиж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6-ын 4 дэх хэсэгт заасан Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ гэснийг зөрчсөн болохыг дурдаж, Архивын ажлын үндсэн зааврын 4.5.3 дахь хэсгийг зөрчин акт үйлдэлгүйгээр баримт бичгийг хүргүүлсэн нь М.************гийн алдаа дутагдал гэж дүгнэх /1 хх 72/ гэж шийдвэрлэжээ.

 

Тухайн шийдвэр, түүний үндэслэл нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул ************и ТӨҮГазрын захирлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай М.************д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэлийн ************и ТӨҮГазрын захирлын 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Б/124 дугаартай М.************гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлагын хувьд

 

5.1. ************и ТӨҮГазрын захирлын 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Б/124 дугаартай М.************гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4.18.2, 4.18.14, Хөдөлмөрийн гэрээний 6.4.2, 6.4.14 дэх заалтыг үндэслэн тушаах нь, Санхүү, эдийн засгийн хэлтэст Ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай Мөнхөөгийн ************тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... /1 хх 19/ гэж заажээ.

 

5.2. Нэхэмжлэгч талаас үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн, хариуцагч тал үндэслэлээ янз бүрээр тайлбарладаг, ямар зөрчил гаргасанд арга хэмжээ авснаа тайлбарлаж чадаагүй гэх агуулгаар тайлбар хэлдэг. Хариуцагч талаас Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргасан, тодруулбал хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр буюу Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй, Нягтлан бодох бүртгэлийн, Төсвийн тухай, Шилэн дансны, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэх үндэслэлийг гаргадаг.

 

5.3. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ...эрхлэх ажил албан тушаал Ерөнхий нягтлан бодогч, гэрээний хүчинтэй хугацаа хугацаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ гэж үндсэн нөхцлийг тодорхойлсон /1 хх 21/,

 

Ерөнхий нягтлан бодогч гэх ажлын байрны тодорхойлолтод

...Харьяалагдах нэгж нь Санхүүгийн алба, шууд удирдах албан тушаалтан нь Захирал, ҮЭДЗ, ТХҮЭДЗ, шууд харьяалагдах албан тушаалтанд Тасаг нэгжийн дарга, нягтлан бодогч, нярвууд орно. Албан тушаалын үндсэн ажил үүрэг бол:

         Байгууллагын санхүү нягтлан бодох бүртгэлийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих,

         Хуулинд заагдсан хугацаанд тайлан тэнцэл гарган, байгууллагын удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах;

         Санхүү нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж, бусад актыг байгууллагадаа хэрэгжүүлж, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

         Өмч хөрөнгийн худалдан авалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;

         Өр авлагын тооцоог хөтөлж, цаг тухайд нь барагдуулах;

         Татварын тайланг хугацаанд нь гаргаж тушаах;

         ГТЛ-д уйлдвэрлэсэн, захиалагчийн хүсэлтээр болон хамтран зохион бүтээсэн, бэлгэнд ирсэн, худалдан авсан АСЗ-уудыг анхан шатны бүртгэлийн албан ёсны баримтыг үндэслэн НББ-д тусгуулж бүртгэл хөтлөлтөд хяналт тавих;

         Байгууллагуудтай хийх гэрээнд гарын үсэг зурах, гэрээний биелэлтэд хяналт тавих, төлбөр тооцооны асуудлыг зохицуулах;

         Байгууллагын санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, мөнгөн хөрөнгийн эх уүсвэр, нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

         Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, баримт бичгийн стандартын эмхэтгэл, байгууллагын чанарын гарын авлага болон холбогдох бусад заавар журмуудыг уншижсудлан өдөр тутмын ажилдаа байнга мөрдлөг болгох;

         Хадгаламжийн нэгж бүрдүүлэх журмын дагуу хариуцаж буй ажил, нягтлан бодох бүртгэлтэй холбогдох баримтын үнэ цэнийг нягтлан шалгаж, эмхэлж цэгцэлсэн, үдэж хавтасласан, шаардлага хангасан баримтыг хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтын дагуу байгууллагын архивд шилжүүлэх;

         Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдлыг хангах зорилгоор байгууллагын цахим хуудас болон шилэн дансны цэсийн дагуу дараах материалуудыг хууль журмын дагуу цаг хугацаанд нь бүрдүүлж эрх бүхий алтан тушаалтнаар хянуулан байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулж байх. Үүнд:

Жил тутам байршуулах:

         Аудитын тайлан дүгнэлтэд туссан асуудлаар авсан арга хэмжээ

         Жилийн эцсийн санхүүгийн тайлан

Хагас жил тутамд байршуулах:

         Хагас жилийн санхүүгийн тайлан

Долоо хоног тутамд байршуулах:

         Цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш орлого, зарлагын гүйлгээ,

         Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт, бусад хяналт шалгалтын дүн /1 хх 26-29/ гэж эрхлэх ажил үүргийг заажээ.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод ...нягтлан бодох бүртгэлийн ажилд хяналт тавих, зохион байгуулах, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль, дүрэм журмыг, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт тавих зэрэг ажил, үүргийг Ерөнхий нягтлан бодогч хариуцахаар заасан бөгөөд эдгээр үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй болно.

 

5.4. Дээрх зөрчил нь дор дурдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

5.4.1. Үндэсний аудитын газрын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 400 дугаартай Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн ************ийн 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: Өмнөх оны аудитаар 2004-2010 онуудад үүссэн эзэн холбогдогч нь тодорхой бус нийт 311 харилцагчийн 380.9 сая төгрөгийн хуримтлагдсан авлагыг барагдуулах, тооцоо нийлсэн актаар баталгаажуулах, найдваргүй авлагын нөөц сан байгуулах талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т Санхүүгийн аливаад үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын цагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах; Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ; 20 дугаар зүйлийн 20.2.5-д Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах; 20.2.6-д Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах; 20.2.10-д Ерөнхий нягтлан бодогч нь аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд" тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх; гэсэн заалтуудтай тус тус нийцэхгүй байна.

...Хуримтлагдсан авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжзэ авах, найдваргүй авлагын нөөц сан байгуулаагүй зөрчлииг арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх;

Цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хуупь тогтоомжийг хэрэгжуүлж ажиллахыг ************и ТӨҮГ-ын Захирал Ө.************, ерөнхий нягтлан бодогч М.************ нарт даалгав /1 хх 65/ гэх зөрчил арилгах тухай албан шаардлага,

 

5.4.2. Үндэсний аудитын газрын 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 401 дугаартай Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зуйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийсэн ************ийн 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар дараах зөрчил илэрлээ. Үүнд: ************и ТӨҮГ нь Шилэн дансны цахим хуудсанд нийт 146 мэдээлэл байршуулахаас санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой 24 мэдээллийг хугацаа хоцроож байршуулсан байна.

Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх", 4.1.3-т "тогтоосон хугацаанд, тогтмол, ,шуурхай мэдээлдэг байх гэж заасныг тус тус зөрчсөн байна.

...Шилэн дансны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, мэдээллийн ил тод хангаж, мэдээллийг ил тод хуулийн хугацаанд байршуулж байх, дээрх зөрчлийг арилгаж арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх;

Цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль, тоггоомжийг хэрэгжүүлж ажиллахыг ************и ТӨҮГ-ын Захирал Ө.************, ерөнхий нягтлан бодогч М.************ нарт даалгав гэж /1 хх 66/ гэх зөрчил арилгах тухай албан шаардлага,

 

5.4.3. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 04 сарын 05-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 66 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус үндэслэн ************и Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018-2019 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн баримтын шалгалтаар Санхүүгийн хяналт шалгалтын Улсын ахлах байцаагч нийт 2,823.9 сая төгрөгийн зөрчил, дутагдал илэрснийг тэмдэглээд ТОГТООХ нь:

1.************и Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2018-2019 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2.************и Төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал (Ө.************)-т санхүүгийн сахилга батыг хэвшүүлэн, дотоод хяналтыг сайжруулж дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

2.1.Шалгалтын тайланд дурдсан зөрчил, дутагдлыг арилгах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллах;

2.2.Байгууллагын үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашгийг сайжруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, гүйцэтгэх захиралтай байгуулсан контрактын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулах, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй зардал, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байх;

2.3.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 281 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам-ыг мөрдөн ажиллаж, худалдан авалтын тайланг батлагдсан маягтын дагуу хугацаанд нь гаргаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэх;

2.4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа Төрийн өмчийг бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авч ажиллах;

2.5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн. 20.1.4 дэх заалтыг зөрчин санхүүгийн бүрдэл дутуу баримтаар хийгдсэн ажил гүйлгээний баримтыг нөхөн бүрдүүлэх;

2.6.Мөнгөн кассын үйл ажиллагаанд Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан мөнгөн кассын үйл ажиллагааны журмыг чанд мөрдөж ажиллах, бага хэмжээний үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээний болон банкны харилцах дансгүй этгээдийн төлбөрөөс бусад тохиолдолд мөнгөн гүйлгээг бэлэн мөнгөөр гүйцэтгэх явдлыг таслан зогсоох;

2.7.Шүүрт булаг ХХК-иас авсан 36.0 (гучин зургаан) сая төгрөгийн шаматон тегелийн худалдан авалт нь орлогод авсан гэх баталгаажсан гарын үсэггүй, НӨАТ падангүй зэрэг эрх зүйн чадамжгүй анхан шатны баримтаар хийгдсэн, төлөвлөгөөнд тусгагдаагүй шууд худалдан авалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг санаатай хийсэн зөрчил дутагдлаар харагдаж байгаа тул хууль хяналтын байгууллагаар нягтлан шалгуулах;

2.8.Химийн шинжилгээний болон технологи туршилтын гүйцэтгэх ажлыг аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс дотоод хяналтыг сайжруулж, дээж хүлээн авах, шинжлэх бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах арга хэмжээ авах;

2.9.Байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, сайжруулах;

2.10.Цахим тендерийн үр дүн, гүйцэтгэлийг тухай бүр оруулж хэвшүүлэх;

2.11.Тогтоолын хавсралтад дурдсан үргүй зардал болох 29,400.000 (хорин есөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг буруутай этгээдээр төлүүлж байгууллагыг хохиролгүй болгох;

2.12.Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд хяналт тавьж ажиллах үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан эрх бүхий албан тушаалтан нарт хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах;

З.Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах тогтоол, төлөвлөгөөний биелэлтийг 2021 оны 2 дугаар улиралд багтаан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт ирүүлэх /1 хх 74-76/ гэх 107 дугаартай тогтоол,

 

5.4.4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс ************и ТӨҮГазрын 2018-2019 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн ...Шалгалтад хамрагдах хугацааны санхүүгийн баримтад хөрөнгө зарцуулах эрхийн гарын үсгийн нэгдүгээр, гарын үсгийн 2 дугаарыг дараах хүмүүс зуржээ. Нэгдүгээр гарын үсэг Ө.************, 2 дугаар гарын үсэг Д.Мөнхтуяа, хамрах хугацаа 2000.03.13-2019.05.07, Нэгдүгээр гарын үсэг Э.************, 2 дугаар гарын үсэг М.************, 2019.05.07-ноос одоог хүртэл, худалдан авалттай холбоотой 2,822.8 сая төгрөгийн зөрчил илэрлээ. Үүнд: ...Тухайн жилийн агуулахад шаматон тегелийн нөөц хүрэлцээтэй байхад Шүүрт булаг ХХК-иас 4 удаагийн үйлдлээр 36 сая төгрөгийн 4,000 ширхэгийг авахдаа тендер зарлаагүй шууд худалдан авалт хийж, 2019 оны 11 сараас орлогод авсан гэх баталгаажсан гарын үсэггүй, НӨАТ падангүй зэрэг эрх зүйн чадамжгүй анхан шатны нэхэмжлэх, зарлагын баримтаар худалдан авалт хийсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн нь санаатай хийсэн зөрчил дутагдлаар харагдаж байгаа тул хууль хяналтын байгууллагаар нягтлан шалгуулах шаардлагатай. ...Шалгалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин 2,8 тэр бум төгрөгийн зөрчил дутагдал гарсан байна. Тус үйлдвэрийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны архивын баримтад баталгаажаагүй эрх зүйн чадамжгүй баримт их байгаагийн зэрэгцээ байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа муу, санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд бүртгэлээр тавих дотоод хяналт явагдахгүй байгааг харуулж байна... /1 хх 77-91/ гэх хяналт шалгалтын тайлан зэргээр хөдөлмөрийн гэрээний 6.4.14, хөдөлмөрийн дотоод журмын 4.18.14 /2 хх 50-62/, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил буюу хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна.

 

6. Дээрх дүгнэлтээр М.************г ажлаас чөлөөлсөн тушаал хуулийн үндэслэлтэй байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх гэх шаардлага үндэслэлгүй болно. Түүнчлэн М.************г 2021 оны 10 сарын 01-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн боловч тэрээр хэдний өдөр тушаалыг хүлээж авсан, гардаж авсан асуудал тодорхой бус, энэ үйл баримтыг нэхэмжлэгч тал нотлоогүй, гомдлыг шүүх 2021 оны 11 сарын 08-ны өдөр хүлээн авч бүртгэсэн, энэ талаар талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэх шаардлагын дагуу гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, хэтрүүлээгүй, сэргээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.

 

7. Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨААТҮГазарт холбогдуулан гаргасан Ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/124 дугаартай тушаалыг, сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж шимтгэл, хураамжийг төлүүлэх тухай Мөнхөөгийн ************гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2021 оны Хөдөлмөрийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан зааснаар ************и ТӨҮГазрын захирлын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн Б/70 дугаартай М.************д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 10 сарын 01-ний өдрийн Б/124 дугаартай М.************гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалин хөлс олговор гаргуулах, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэгч М.************гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ