Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Хэргийн индекс: 171/2012/1032/и/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг, ** дугаар байрны ** тоотод оршин суух Ц*** овогт Ж.Б*** /РД: ****/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ** дугаар баг, Дэвшлийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Б*** овогт Б.Г*** /РД: ****/-д холбогдох, 

"2.000.000 төгрөг гаргуулах тухай" шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Б.Г*** нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ж.Б*** надтай зээлийн гэрээ хийж 5.000.000 /таван сая/ төгрөгийг 14 хоногийн хугацаатай хүүтэйгээр зээлдүүлсэн юм. Хугацаа хэтэрвэл өдөр тутам 0.5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн юм. Ганшагай нь 2012 оны 3 сард 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 4 сард 1.000.000 /нэг сая/ төгрөг нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг надад буцааж өгсөн.
 Үлдэх 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өгнө гэсэн боловч сүүлдээ утас нь холбогдохоо болиод надаас илт зугтаах болсон. Би холын хүн болохоор тэр болгон уулзаж учирч чадахгүй байгаа тул Дарханд ирсэн дээрээ шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо. Гэрт яваад очихоор эхнэр нь хөдөө явсан байхгүй байгаа гэх юм. Иймд Б.Г***гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү" гэв. 

Хариуцагч Б.Г*** шүүхэд гаргасан тайлбартаа: "2012 оны 01 дүгээр сарын 17-нд 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийн гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ би бодит байдал дээр Батбуянгаас ямар ч бэлэн мөнгө аваагүй түүний эзэмшлийн УАЗ-Пургон машиныг нь зарж өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд машиныг нь үнэнд тооцсон зээлийн гэрээ хийсэн юм. Дээрх машиныг нь П***гэж Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн хүнд 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр зээлээр өгсөн. Пүрэвсүрэнд машиныг хүлээлгэж өгөхдөө 2.000.000 төгрөг бэлнээр авч авсан мөнгөө Батбуян уруу дансаар шилжүүлсэн, дараа нь П***дахиад 500.000 төгрөг өгөхөөр нь өөрөөсөө 500.000 төгрөг нэмээд Батбуян уруу 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Одоо би Пүрэвсүрэнгээс 2.000.000 төгрөг авах дутуу байгаа юм. П***машин авсаны дараа аавынх нь бие муу байж байгаад саяхан нас бараад дөнгөж 20 хонож байна. 49 хоногийг нь дуусгаад буюу 9 дүгээр сарын дундуур гэхэд машины мөнгийг гүйцээгээд өгчихье гэж надад хэлсэн байгаа тул миний бие Пүрэвсүрэнд тохиолдсон хүндэтгэн үзэх дээрх гачигдлыг мэдэж байгаа тул хэлсэн хугацааг нь болохоор үлдсэн мөнгийг авч Батбуянгийн мөнгийг өгчих юм. Түүнээс биш Б***аас бэлэн мөнгө аваад өөрөө хэрэглэсэн асуудал огт байхгүй" гэжээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б***гийн хариуцагч Б.Г***гаас 2000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Ж.Б***, хариуцагч Б.Г*** нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож  байна.  

Хариуцагч Б.Г*** нь нэхэмжлэгч Ж.Б***гаас бэлэн мөнгө аваагүй, түүний эзэмшлийн УАЗ-Пургон автомашиныг зарж өгөхөөр авсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй болно.  

Нэхэмжлэгч Ж.Б*** нь хариуцагч Б.Г***д зээлүүлсэн 5.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг авсан болох нь нэхэмжлэгчийн “…Б.Г*** нь 2012 оны 3 сард 2.000.000 төгрөг, 4 сард 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг надад буцааж өгсөн” гэсэн тайлбараар тогтоогдож байна. 

Хариуцагч Б.Г*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.000.000 төгрөгийг П***гэх хүнээс гаргуулах талаар тайлбарладаг боловч нэхэмжлэгч Ж.Б***, П***нарын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байна. 

Иймд хариуцагч Б.Г***гаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б***д олгох үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Ж.Б***, хариуцагч Б.Г*** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцохоор заасан боловч нэхэмжлэгч алданги нэхэмжлээгүй болно. 

Хариуцагч Б.Г***д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Г***гаас 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б***д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г***гаас улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б***д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай. 
 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЦОЛМОНБААТАР