| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2023/01594/И |
| Дугаар | 184/ШШ2023/01805 |
| Огноо | 2023-05-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2023/01805
| 2023 05 02 | 184/ШШ2023/01805 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****************** тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******** ************ /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************** тоот хаягт байрлах, ************ХХК /РД:************/-д холбогдох,
4,145,594 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.************, хариуцагчийн төлөөлөгч Д.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Би 2022 оны 04 сарын 05-нд ************ХХК-тай аман тохиролцоо хийж, компанийн барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтын ажлын төсвүүд хийж гүйцэтгэсэн. Барилга норм ба дүрм БНБД 81-16-20-2020 үндэслэн зах зээлийн ханшийг үнэн зөв тогтоодог, хариуцагч талтай харилцан тохиролцохдоо төсвийн үнийн дүнг харгалзан тохиролцсон байгаа. Зах зээлийн үнээс хэт багаар тогтоосон. Талуудын харилцаа олон нийтийн сүлжээ буюу Facebook хаягнаас үзэхэд миний хийж өгсөн ажлыг албан ёсоор хүлээж авч баталгаажуулсан байдаг ба бид хоёрын албан харилцаа Facebook, messengereer явагддаг байсан. Анх бид хоёр тохиролцохдоо багадаа 250,000 төгрөгөөр тохиролцсон. Урьдчилгаа 250,000 төгрөг өгсөн, анхны нэхэмжлэл 1,950,000 төгрөг. Гэвч зах зээлийн ханш нь БНБД үндэслэн 4,145,594 төгрөг болж байна. Зах зээлийн нотлох баримтаараа өөрийхөө хийсэн ажлыг үнэлж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа:
...Манайх 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр М.************өөр сантехникийн угсралтын ажлын төсвийг хийлгэж эхэлсэн. Нийт 5 удаа төсөв хийлгэсэн. Тэгэхдээ 1 төсвөө 250,000 төгрөгөөр хийхээр анх тохиролцсон. Төсвийн ажил хийлгэх үедээ дор дор нь төсвийн үнэ болох 250,000 төгрөгийг шилжүүлэн өгч ажил хийлгэсэн болно. Иймд М.************ гэх хүнд манай компаниас өгөх өр төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 46,150 төгрөг, 50,079 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсийн албан бичиг, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3-р баг, иргэн Н.Баянмөнх үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын халаалт ХАС цэвэр бохир усны ЦБУ ажлын төсөв, Барилга угсралтын ажлын төсөв, дулаан механикийн төсөв, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороолол, Монгол улсын ерөнхий прокурорын газрын орон сууцны цогцолбор барилга угсралтын ажлын төсөв, иргэний үнэмлэхийн лавлагаа, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, төсөл.
3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, ХААН банкны дансны хуулга, төсвийн нүүр хуудас.
3.3 Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт - Үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк мессенжер чатын зураг.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.************өөс хариуцагч ************ХХК-д холбогдуулан гаргасан 4,145,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтын ажлын төсвүүд хийж гүйцэтгэсэн, сүүлд хийсэн ажлын хөлсийг төлөөгүй тул зах зээлийн үнэлгээгээр ажлын хөлсөө шаардаж байгаа гэж нэхэмжлэгч тайлбарладаг, уг шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч нь ...Гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг тохиролцсоны дагуу төлсөн, төлөх төлбөр байхгүй, ажлын хөлсөө дахин тохиролцоогүй, хэрвээ өөр дүнгээр тохиролцоод гэрээ байгуулсан бол шаардах нь зүйн хэрэг гэх татгалзсан тайлбар гарган мэтгэлцдэг.
3. Талуудын шаардлага болон татгалзлаа тайлбарлаж байгаа тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасантай нийцсэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн ажил гүйцэтгүүлэхээр захиалсан, гүйцэтгэсэн ажилд ажлын хөлс төлж байсан, төлөхөөр тохиролцсон нь үйл баримтаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх бөгөөд тухайн хэлцэл хүчин төгөлдөр болно.
4. Дээрх хуулийн зүйл заалтаас үзэхэд нэхэмжлэгч М.************ хариуцагч ************ХХК-иас захиалсан барилга угсралтын ажлын сонгон шалгаруулалтын ажлын төсвүүдийг хийж гүйцэтгэх, хариуцагч нь нэхэмжлэгчид хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх учиртай. Ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчээс захиалсан ажлыг хийж гүйцэтгэсэн, захиалагч буюу хариуцагч гүйцэтгэсэн ажил болох төсвийг хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Тиймээс гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэгч шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ...Архангай аймаг, Эрдэнэбулган сум, иргэн ************ барилгын угсралтын халаалт, цэвэр бохир усны ажлын төсөв үнэ 563,192,209 төгрөг, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, барилга угсралтын дулаан механик, гадна дулааны ажлын төсөв үнэ 1,640,938,363 төгрөг, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, МУ-ын ЕПГазрын орон сууцны цогцолбор барилга угсралтын ажлын төсөв үнэ 3,783,529,716 төгрөг, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, хариуцагчтай харилцаж байсан чат, мессенжер, мэйл, барилгын дүрэм, зураг төслийн ажлын жишиг үнэ зэрэг баримтуудаар нотолно гэдэг.
Харин хариуцагч талаас ...1,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид төсвийн үнэ гэж шилжүүлсэн Хаан банкны дансны хуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа нотолно гэж мэдүүлдэг.
6. Зохигчийн тайлбаруудаас үзэхэд иргэн ********* үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын, *********** ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны барилга угсралтын, иргэн Ялалтын барилга угсралтын, иргэн ********* барилга угсралтын, УЕПрокурорын газрын орон сууцны цогцолбар барилга угсралтын холбогдох ажлуудын төсвийг гүйцэтгүүлэхээр хариуцагч ************ХХК захиалга өгсөн, нэхэмжлэгч М.************ тухайн төсвүүдийг хийж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй.
Харин хариуцагч талаас гүйцэтгэсэн нэг ажлын хөлсийг 250,000 төгрөгөөр тохиролцсон, 5 ажлын хөлсөнд 1,250,000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч эхний жижиг ажлуудыг 250,000 төгрөгөөр тохиролцсон, том ажил буюу өндөр үнийн дүнтэй төсвийг хийж гүйцэтгэхдээ ажлын хөлс 250,000 төгрөг гэж тохиролцоогүй гэж маргана.
7. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар өндөр үнийн дүнтэй төсөв зохиож ажлыг гүйцэтгэхдээ 250,000 төгрөгөөс илүү үнээр ажлын хөлсийг тохиролцсон болох нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасны дагуу талууд ажлын хөлсийг харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн, зүйлийн 344.2-т Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан учир хөлсийг төлөх үүрэгтэй болно.
8. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэн Баянмөнхийн үйлчилгээтэй орон сууцны барилга, ЦБУ болон ХАС ажлын гүйцэтгэсэн төсөв 331,148,567 төгрөг, 232,034,642 төгрөг, барилгын нийт м2 5,124, жишиг үнэ 1 м2 15,987 төгрөг, төсөв хийх дүн 1,048,543 төгрөг, УЕПрокурорын газрын орон сууцны цогцолбор барилга, ЦБУ болон ХАС ажлын гүйцэтгэсэн төсөв 1,287,502,876 төгрөг, 2,496,026,840 төгрөг, барилгын нийт м2 16,100.5, жишиг үнэ 1 м2, 16,241 төгрөг, төсөв хийх дүн 3,347,051 төгрөг, нийт төсөв гүйцэтгэсэн ажлын хөлс 4,395,594 төгрөг, үүнээс урьдчилгаа 250,000 төгрөг хасч 4,145,594 төгрөгийг нэхэмжилж байна гэж дурдсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар иргэн ********** үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлын төсөв гүйцэтгэсэн гэх ЦБУ болон ХАС ажлын хэмжээ 5,124 м2, УЕПрокурорын газрын орон сууцны цогцолбор барилга угсралтын ажлын төсөв гүйцэтгэсэн гэх ЦБУ болон ХАС ажлын хэмжээ 16,100.5 м2 болох нь нотлогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч шаардлага, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу дээрх шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэв.
Тиймээс ямар хэмжээтэй ажилд төсөв зохиосон болох нь баримтаар нотлогдоогүй тул жишиг үнээр ажлын хөлсийг тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
9. Түүнчлэн ************ХХК-д холбогдуулан гаргасан М.************ийн нэхэмжлэлийг шүүх 2023 оны 3 сарын 10-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд мөн өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч ************ХХК-ийн төлөөлөгч болох захирал *********** гардуулан өгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, татгалзаж байгаа бол татгалзлаа нотлох эрх, үүргийн тайлбарлан өгсөн, нэхэмжлэгч М.************өд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагчийн татаглзлыг үгүйсгэх баримтаа гаргаж өгөх эрх үүргийг 2023 оны 3 сарын 28-ны өдөр тайлбарлан өгсөн байна.
2023 оны 3 сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар талууд эвлэрэх, эсхүл шаардлага, татгалзлаа нотлох эрх үүргийг тайлбарлан өгснөөр нэхэмжлэгч болон хариуцагч нараас ...шинээр нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх, эрх зүйн туслалцаа авахыг хүссэн хүсэлтийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
2023 оны 4 сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас ...хэрэгт гаргаж өгсөн мессеж, чатад үзлэг хийлгэх, шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасныг шүүх мөн хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд талуудад шаардлага, татгалзлаа нотлох холбогдох баримтуудаа гаргаж өгөх боломжийг дахин олгосон нь хэргийн оролцогчийн шаардлага, татгалзлаа нотлох эрх, үүргийг хязгаарлаагүй гэж үзнэ.
10. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхийн журмаар гаргуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг судлаад нэхэмжлэгчээс гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 4,145,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96,229 төгрөгийг хуульд заасны дагуу улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дугаар зүйлийн 344.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.************ийн гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,145,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 96,229 улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ