| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 195/2025/2132/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2494 |
| Огноо | 2025-11-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2494
2025 11 04 2025/ШЦТ/2494
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч Э.М********,
хохирогч Ж.Ө******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас О***** овогт Э****-****ын М********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405026210487 дугаартай хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19**** оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт *** дүүргийн ***** дугаар хороо, **** дугаар байрны **** тоот оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О***** овогт Э****-****ын М********. /**************/
Шүүгдэгч Э.М******** нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах И-март худалдааны төвийн авто зогсоол дээр иргэн Ж.Ө********ыг "тээврийн хэрэгсэл рүү өшиглөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, заамдалцан түлхэж унагаасны улмаас Ж.Ө********ын биед ууц ясны S3 дугаар нугалмын их биеийн урд хэсэгт шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, хаван, ууцанд зөөлөн эдийн няцрал " бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М******** мэдүүлэхдээ “Би и-март худалдааны төвд явж байсан бөгөөд энэ руу биш урдуур эрэгтэй хүн орж ирэхээр нь сигнал дарсан.
Тэгтэл тээврийн хэрэгслийн араас нэг эмэгтэй гарч ирээд миний тээврийн хэрэгслийн ар руу хоёр удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслээсээ буугаад тайвшруулах зорилгоор ууж байсан усаа цацсан. Тэгээд энэ хэд бөөнөөрөө ирээд намайг зодоод байсан.
Энэ талаар мэдүүлэгт мөн авагдсан байгаа. Яг энэ үйл явдал болж байхад Алтангэрэл наад хүн чинь хагалгаатай байгаа гэж хэлж холдуулсан. Энэ эмэгтэй намайг маажихаар нь би буцааж түлхсэн. Энэ талаар шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байгаа. Мөн миний хөл гишгэж болохгүй байхаар нь үзүүлэхэд хурууны яс хугарсан байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Ө******** мэдүүлэхдээ “Бид и-мартаас хүнс аваад тээврийн хэрэгслийн арын хэсэгт ачиж байсан. Тэгтэл нэг сигнал маш чанга дуугарсан. Уг зогсоолд байсан бүх хүмүүс цочсон байх. Тэгэхээр нь би ямар чанга сигнал дардаг юм гэж хэлээд тээврийн хэрэгслийн гупер руу нь өшиглөсөн нь үнэн.
Тэгтэл энэ хүн тээврийн хэрэгслээсээ бууж ирээд ууж байсан ус биш ундаагаа цацсан. Би энэ хүний биед халдсан зүйл байхгүй. Би өдий наслахдаа ёс зүйгүй байдлаар хүний биед халдаж байсан зүйл бол байхгүй. Хэн ч хүний өөдөөс ундаа цацахаар уур хүрнэ.
Тэгээд яаж байгаа нь гээд дөхөөд очсон чинь энэ хүн намайг заамдаад доош нь ханарч дарсан. Цементэн шалан дээр унасан учир одоо ч гэмтэл нь арилаагүй байна. Би энэ хүнээс мөнгө нэхэмжлэхгүй. Хэрэг гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд 3-4 удаа бариа засалд явсан. 3-4 имрайд харуулсан. Энэ бүх баримтаа нэхэмжлэхгүй гэдэг утгаараа бүрдүүлээгүй. Энэ хүн сигналдаж, би тээврийн хэрэгсэл руу өшиглөснөөс болоод хаа хамаагүй ууж байсан зүйлээ эмэгтэй хүн руу цацаж болохгүй. Хэрвээ жирэмсэн байсан бол зулбах хэмжээний даралт өгсөн. Тухайн үед тэр хүн надаас уучлалт гуйсан бол би мөн уучлалт гуйж, хохирол учруулсан эд зүйлээ төлөх боломжтой байсан. Би асар гомдолтой байгаа. Мөнгө төгрөг авах сонирхол бол байхгүй. Би орой болгон энэ өвгөнийг хараадаг, одоо ч харахаас уур хүрч байна” гэв.
Иргэн Ж.Ө********аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол "И-март худалдааны төвийн авто зогсоол дээр үл таних хүнтэй маргалдаж араас түлхэж гэмтсэн. /хэргийн 12 дахь тал/
Хохирогч Ж.Ө********ын мөрдөн байцаалтад өгсөн “Миний бие ажлын газрынхаа бид нарын хамт хорооллын И-март худалдааны төв орчихоод грашын хэсгээс гарах гээд өөрийн хар өнгийн **-**УЕВ улсын дугаартай RX450 машинтайгаа явж байсан.
Гэтэл миний араас явж байсан үзмэн ягаан өнгийн машинтай 50-60 орчим насны эрэгтэй машиныхаа сигналыг маш чангаар дарсан. Би их цочсон. Би тухайн хүнийг "сигналаа ямар чанга дардаг юм бэ, гэрлээрээ дохиж болдоггүй юм уу" гэж хэлээд машиных нь урд хэсгийг хөлөөрөө өшиглөсөн.
Гэтэл тухайн эрэгтэй бууж ирээд ууж байсан ундааныхаа үлдэгдлийг над руу цацаад миний өмсөж явсан подволкноос заамдаад намайг газарт ахар сүүлээр минь түлхэж унагаасан. Би газарт унаад босож чадахгүй газарт суугаад уйлсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дахь тал/
Гэрч Ж.Алтангэрэлийн "2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хуурай дүү М********ын хамт И-март худалдааны төвөөр үйлчлүүлчихээд дор байдаг граш хэсгээс гарах гээд машинтайгаа хөдлөөд явж байсан урд нэг машин байхаар нь тойрч гараад явахад хүмүүс хоорондоо юм яриад зогсож байсан.
М******** машиныхаа сигналыг нэг удаа дарсан чинь үл таних эмэгтэй хүн ирээд машины арын гуфер хэсэг рүү өшиглөсөн ... орилоод хашгичаад байхаар нь М******** буугаад тухайн эмэгтэй хүнтэй маргалдаж байсан.
М********тай тухайн үл таних эмэгтэй зууралдаад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд түлхэх үед хоёулаа хамт хогийн сав хэсэг рүү уначихсан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/
Гэрч Ш.Ө****************-Ирээдүйгийн "Захирал Ө********, Н****-***********, Н**************, Оюука нарын хамт хөдөө явах гээд хүнс цуглуулаад захирлын машинд хийж байсан чинь үл таних настай хүн машиныхаа сигналыг дарахад манай захирал Ө******** цочоод нөгөө ахын машины арын гуфер хэсэг рүү өшиглөсөн чинь нөгөө хүн нь бууж ирээд захирлын нүүр рүү ус цацчихсан тэгсэн тэр хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд байхаар нь би захирлыг авч холдуулаад нөгөө эрэгтэйг Н************** салгаж холдуулсан.
Нөгөө эрэгтэй дахиж хүрч ирээд захирлын хоолой хэсгээс боож байгаад түлхээд газар унагаасан унахдаа захирал хогийн саван дээр уначихсан тэгээд нуруу өвдөөд байна гээд уйлаад байхаар нь машинд суулгаад цагдаад дуудлага өгсөн" гэсэн мэдүүлэг. /хэргийн 31 дэх тал/
Гэрч Ч.Н**************ын "Захирал Ө********, Н****-***********, Ө****************-Ирээдүй, Оюука нарын хамт хөдөө явах гээд хүнс цуглуулаад захирлын машинд хийж байсан чинь үл таних настай хүн машиныхаа сигналыг дараад өнгөрөөд явахаар нь манай захирал цочоод машиных нь арын гуфер хэсэг рүү өшиглөхөд нөгөө машин зогсоод хоёр эрэгтэй хүн гарч ирээд жолооч нь захирал руу ууж байсан усаа цацаад савыг нь шидсэн чинь захирал уурлаад ... хэрэлдээд барьцалдаж байснаа нөгөө эрэгтэй захирлын үснээс нь зулгаагаад арагшаа татсан чинь захирал газар унасан унахдаа хойшоо хогийн саван дээр унасан" гэсэн мэдүүлэг. /хэргийн 33-34 дэх тал/
Гэрч Т.Н****-***********гийн " ... нөгөө эрэгтэй ах буцаж ирээд захирлын хоолой хэсгээс заамдаж байгаад түлхсэн чинь захирал баганын хажууд байсан хогийн савтай хавсраад уначихсан ..." гэсэн мэдүүлэг. /хэргийн 36 дахь тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 749 дугаартай:
“1. Ж.Ө********ын биед ууц ясны S3 дугаар нугалмын их биеийн урд хэсэгт шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, хаван, ууцанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй" гэсэн дүгнэлт. /хэргийн 47-49 дэх тал/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ “... хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэсэн дүгнэлт /хэргийн 54-56 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Э.М******** нь автомашинаар зорчиж явахдаа дуут дохио өгсны улмаас Ж.Ө******** нь цочиж Э.М********ын “тээврийн хэрэгсэл рүү өшиглөсөн” бөгөөд уг шалтгааны улмаас Э.М******** нь Ж.Ө********тай маргалдаж, заамдалцан түлхэж унагаасны улмаас Ж.Ө********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.М******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Ж.Ө********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.М********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Хохирогч Ж.Ө********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 749 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.
Хавтаст хэрэгт хохирогч Ж.Ө******** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлын талаарх нотлох баримт авагдаагүй байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцох боломжгүй байна.
Гэхдээ хохирогч Ж.Ө******** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтээр хохирогч Ж.Ө********ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,960,000 төгрөгийг шүүгдэгч Э.М********аас гаргуулж хохирогч Ж.Ө********д олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Э.М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Э.М********аас “торгуулийн арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Хохирогч Ж.Ө******** нь “улсын яллагчтай санал нэг байна” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.М********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчийн автомашиныг өшиглөсөн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.М******** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О***** овогт Э****-****ын М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М********ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М********ын торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М******** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.М******** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар Ж.М********аас 3,960,000 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Ө********д олгож, хохирогч Ж.Ө******** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ