| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2019/0936/и |
| Дугаар | 1389 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 1389
“ЭШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00936 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЭШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЧДЗгын тамгын газарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 936 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бнар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧДЗгын Тамгын газрын дарга Ж.Э нь “ЭШ” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД/16-04 дугаар, 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД/16-29 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нэг бүр нь 16 500 төгрөгийн үнэтэй, 5 187 ширхэг ор хөнжлийн даавууг манай компаниас гэрээнд заасан хугацаанд оёж бэлэн болгон ЧДЗгын Тамгын газраас гаргаж өгсөн хуваариудын дагуу хороонуудад тараан хүлээлгэж өгсөн ба энэ ор хөнжлийн даавууны төлбөрийг манай компанийн Хас банк дах 5001524894 тоот харилцах дансанд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 29 700 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 29 683 500 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 26 202 000 төгрөг, нийт 85 585 500 төгрөг шилжүүлсэн.
Тус Тамгын газрын эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Я 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дэд захирал Н.Этай утсаар холбогдож “танай компаниар 784 ширхэг ор хөнжлийн даавуу нэмж оёулж авмаар байна, энэ даавууг нийлүүлэх ёстой хүн С.Дагмидмаа хүндээр өвчилж ухаан алдаж эмнэлэгт хэвтсэн тул ахмадуудын хүндэтгэлийн бэлэг гардуулах хугацаа өнгөрөх гээд байна. Даавууг нийлүүлсний дараа мөнгийг дансанд чинь шилжүүлэх болно” гэж ярьсаны дагуу 784 ширхэг ор хөнжлийн даавууг оёж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн. Иймд 784 ширхэг даавуу нэг бүрийн үнийг 16 500 төгрөгөөр тооцон 12 936 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧДЗгын Тамгын газрын даргын 2016 оны А/442 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “ЭШ” ХХК-тай 2016 онд ЧД/16-04, ЧД/16-29 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “ЭШ” ХХК нь 85 585 500 төгрөгийг ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэж санхүүжилтийг хүлээн авсан. Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны А/442 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Зөв сэтгэж, зөв амьдарцгаая” ТББ-ын тэргүүн С.Дагмидмаатай 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн ЧД/16-03 дугаар гэрээгээр 99 000 000 төгрөгийн үнийн дүнтэй 6 000 ширхэг ор хөнжлийн даавуу нийлүүлэхээр гэрээ байгуулсан.
Уг гэрээний 60 хувь болох урьдчилгаа 59 400 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн бөгөөд С.Дагмидмаа нь захиалагчийн зөвшөөрөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ “ЭШ” ХХК-д шилжүүлж 784 ор хөнжлийн даавууг оёулж 12 936 000 төгрөгийг шилжүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан байна.
ЧДЗгын Тамгын газар 2016 оны цагаан сараар Чингэлтэй дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд төсөвлөгдсөн мөнгө нь зориулалтын дагуу зарцуулагдаж дууссан, төсөв байхгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн С.Дагмидмаа “ЭШ” ХХК-ийн хоорондын ажил шилжүүлэн гүйцэтгүүлсний улмаас гарсан асуудалд төрийн байгууллага үүрэг хүлээхгүй бөгөөд “ЭШ” ХХК-тай 784 ширхэг ор хөнжлийн даавуу оёулах захиалга өгөөгүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Чингэлтгэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 12 936 000 төгрөгийг гаргуулж “ЭШ" ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 221 926 төгрөгийг гаргуулаг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: ЧДЗгын Тамгын газар болон иргэн С.Дагмидмаа нарын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний асуудал нь С.Дагмидмаа “ЭШ” ХХК-ийн хооронд байгуулсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргасаар байтал шүүх талуудын нэхэмжлэл, тайлбарын харилцан уялдаа холбоог үнэлээгүй.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт тухайн үед Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Я нь захиалга өгөөгүй талаар хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад удаа дараа мэдүүлсэн боловч шүүх илт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн ЧДЗгын Тамгын газар “ЭШ” ХХК-д маргаж буй 784 ширхэг ор хөнжлийн даавууг захиалсан гэж дүгнэж байгаа бол нэхэмжлэлд дурдсан н.Я хэрэгт ямар байдлаар оролцож, захиалгыг өгсөн гэх мэт зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоолгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “ЭШ” ХХК нь хариуцагч ЧДЗгын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12 936 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч ЧДЗгын тамгын газрын эдийн засаг бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Я 784 ширхэг ор хөнжлийн даавуу оёулах” захиалга өгсөний дагуу ор хөнжлийг даавууг оёж 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хүлээлгэж өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон бөгөөд үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Харин “784 ширхэг ор хөнжлийн даавууны мөнгийг иргэн С.Дагмидмаагаас авах ёстой, тамгын газраас Зөв сэтгэж, зөв амьдарцгаая ТББ-д шилжүүлсэн 59 400 000 төгрөгт уг 12 936 000 төгрөг багтсан” гэж маргажээ.
Уг 784 ширхэг ор, хөнжлийн даавууг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зарлагын баримт, гэрч Г.Болдбаатар, Н.Э, В.Пүрэвжаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 89, 120-122 дугаар тал/
Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тус тамгын газар нь ор, хөнжлийн даавуу оёх ажил гүйцэтгэх гэрээг С.Дагмидмаатай байгуулсан тул төлбөрийг С.Дагмидмаа нэхэмжлэгчид шилжлүүлэх ёстой” гэх тайлбар, татгалзал, давж заалдах гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “ЧДЗгын тамгын газрын эдийн засаг бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Ятой амаар тохиролцон ор хөнжлийн даавууг оёж, хүлээлгэж өгсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “С.Дагмидмаатай ор хөнжлийн даавуу нийлүүлэх гэрээ байгуулж, 60 хувь болох 59 400 000 төгрөгийг шилжүүлсэн, “ЭШ” ХХК-д ор хөнжлийн даавуу оёулах захиалга өгөөгүй, гэрээ байгуулаагүй” гэж тус тус тайлбар гаргасан боловч талуудын хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд н.Я, С.Дагмидмаа нарыг оролцуулах хүсэлт гаргаагүй байна.
Хэргийн баримтаас үзвэл, иргэн С.Дагмидмаа болон “ЭШ” ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Хариуцагч байгууллагаас өөрт хохирол учирсан гэж үзэж байгаа бол буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН