Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

  2017           08            04                                         288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Гансүх, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0234/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хад овгийн Баасандоржийн Гансүхэд холбогдох эрүүгийн 2017 2601 0661 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Хад овгийн Баасандоржийн Гансүх Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, “Петро плас” ХХК-д шатах тослох материалын нярав ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4-4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:УП94070633).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Гансүх нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 112-ын автобусны буудлын орчимд хохирогч Б.Болдбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар 45-26 УБЦ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины жолооч талын хажуугийн цонхны шилийг хөлөөрөө өшиглөн хагалах явцдаа түүний бие махбодид уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Шүүгдэгч Б.Гансүх мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Эрүүгийн 2017 2601 0661 дугаартай хэргээс:

Гэмт хэргийг нотолсон баримтууд буюу мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

 

2.Хохирогч Б.Болдбаярын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд таксинд явах гээд гэрээсээ гараад Гандангийн хойд талын автобусны буудлаас Баянхошууны тойрог хүртэл нэг хүний 1,500 төгрөгөөр таксинд явж байсан. Гэтэл 00 цагийн орчим Гандангийн автобусны буудлаас 20 орчим насны намхандуу нуруутай, хар савхин куртиктэй залуу ирээд хаашаа явах юм гэхээр нь Баянхошууны тойрог хүртэл явна гэтэл тэр залуу хэдэн төгрөгөөр явах юм гэхээр нь 1,500 төгрөгөөр явна гэхэд тэр залуу суусан. Тэгээд би тэр залуугаас өмнө дөрвөн хүн авчихсан байсан. Хамгийн сүүлд тэр залууг аваад нийтдээ 5 хүн аваад явсан. Тэгээд явж байгаад хамгийн эхний хүн нь Баянхошууны хөтөл дээр буусан. Баянхошууны хөтлөөс хөдлөөд хойно сууж явж байсан нэг эмэгтэй “энэ хүн чинь халаас ухаад, гуя илээд байна, энэ хүнээ буулгаач, яах гэж согтуу хүн авсан юм бэ” гээд байхаар нь би Баянхошууны 112-ын автобусны буудлын тэр хавьд зогсоод чи буучих, хүн амьтан уурлаад байна, дээр нь чи бөөлжих гээд байна машинаас буу гэж хэлтэл тэр залуу чи манай найзуудад өдөржингөө үйлчилчихээд надад яахаараа үйлчилдэггүй юм бэ, чи мөнгөний төлөө явж байгаа гуйлгачин биз дээ гээд элдэв янзаар хэлээд байхаар нь өмсөж явсан хар өнгийн савхин куртикнээс нь татаад би чамаас унааны хөлс авахгүй, чи зүгээр буу гээд буулгачихаад машиндаа суугаад хөдлөх гэтэл тэр залуу зогсож байснаа хөлөөрөө миний унаж явсан 45-26 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины жолооч талын салхины шилийг хөлөөрөө хагалсан. Мөн хөл нь нүүрэн тус газар онож уруул сэтэлж, шүд хугалчихаар нь би машинаасаа буугаад барьж аваад зогсож байтал хойно сууж явсан хүмүүс цагдаа дуудсан. Намайг харахад тэр залуу гайгүй, бага зэрэг архи үнэртүүлсэн байсан. Миний баруун талын уруулны дээд хэсэг сэтэрч тэр шөнөдөө гэмтлийн эмнэлэгт үзүүлж 4 оёдол тавиулсан. Мөн баруун дээд гуравдугаар шүд хугарсан. Миний машинд учирсан 152,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн “Индранил” эмнэлэгт очиж сувгийн эмчилгээ 100,000 төгрөгөөр хийлгэсэн. Энэ зардлыг Б.Гансүх төлж барагдуулсан. Одоо имплант шүд хийлгэхэд 1,750,000 төгрөг болно гэсэн. Тэр хүмүүс удахгүй төлж эмчилгээ хийлгэж өгнө гэсэн. Эмчилгээ хийлгэчихвэл надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг [1],

-2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн:

“...Уг тээврийн хэрэгсэл манай эхнэр Т.Мөнхцэцэгийн нэр дээр байдаг. Одоогийн байдлаар “Саран Финанс” ББСБ-ын зээлийн барьцаанд 1 жилийн хугацаагаар 2,500,000 төгрөгөөр тавьсан. Гэхдээ уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай эхнэр Т.Мөнхцэцэг хэвээрээ. Харин миний хувьд 45-26 УБЦ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг барьж яван такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч болсон. Гэхдээ жолоодох эрх дээрээ буюу жолоочийн хариуцлагын даатгал миний нэр дээр байдаг. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан. ...” гэх мэдүүлэг [2],

3.Гэрч Э.Пүрэвхишигийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...00 цагийн орчим Гандангаас Баянхошуу чиглэлд “Приус-20” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд зүүн салаа хүртэл 2,000 төгрөг өгөөд хойд талын суудал дээр суусан. Хамгийн сүүлд намхандуу, бага зэргийн махлагдуу, 20 гаруй насны гадуураа хар өнгийн савхин куртик өмссөн, жаахан архи үнэртүүлсэн байсан. Тэгэхдээ тийм ч айхтар согтуу биш байсан. Тэр залуу миний хажуу талаар суусан. Уг таксинд жолоочоос гадна 5 хүн суучихсан явж байсан. Тэр залуу Гандангийн автобусны буудлаас хөдлөөд миний гадуураа өмсөж явсан куртикны халаас руу гараа явуулаад байхаар нь гараа аваачээ гэж хэлээд цааш явж байтал Баянхошууны хөтөлийн орчим ирээд дахин гараа халаас руу явуулаад байхаар нь би таксины жолоочид энэ хүн чинь гараа халаас руу, гуя руу явуулаад байна, яах гэж согтуу хүн авдаг юм, энэ хүнээ буулгаач гэж хэлсэн. Тэгтэл Баянхошууны 112-ын автобусны буудал дээр хоёр хүн буулгачихаад тэр залууг таксины жолооч буучих гэж хэлтэл буухгүй байсан. Таксины жолооч тэр залууг хувцаснаас нь татаж буулгаад машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь тэр залуу замын хажууд зогсож байснаа гүйж ирээд хөлөөрөө жолооч талын салхины шилийг хагалчихаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Б.Гансүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим оюутан ангийн найзууд болох Шаравдорж, Тэмүүжин, Хишигдэлгэр нартай 3,4 дүгээр хорооллын Цэ нэртэй пабд уулзаж, бид дөрөв уг пабаас хүний нэг, нэг шил Сэнгүр нэртэй 0.5 литрийн пиво, мөн 0.5 литрийн Чингис нэртэй архи 2 шилийг авч хувааж ууцгаасан. Бид нар уг пабаас 23 цагийн орчим гарсанаа санаж байгаа. Тэгээд хаанаас хэрхэн яаж таксинд суусан эсэхээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Баянхошууны 112-ын автобусны буудал дээр ирчихсэн, нэг танихгүй таксины жолооч намайг машинаас буу, чи машин дотор бөөлжих гээд байна гээд хувцаснаас татаад буулгасан. Тэгэхээр нь би буучихаад намайг яагаад буулгаж байгаа юм бэ, би Баянхошууны тойрог дээр буух ёстой гэж хэлтэл чамайг суулгахгүй гээд муудалцаад байж байтал тэр жолооч машиндаа суучихаар нь би хөлөөрөө жолооч талын салхины шилийг хагалчихсан. Тэгтэл тэр жолооч бууж ирээд чи машины цонх хагалаад миний шүдийг хугалаад, уруул сэтэлчихлээ гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би бас тэр залууг заамдаад маргалдсан. Төд удалгүй цагдаа ирж намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн таксины жолоочийг огт хараагүй, танихгүй залуу байсан. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тэр таксин дотор машины урд талын суудалд нэг эмэгтэй, хойд талын суудалд эмэгтэй хүн байх шиг байсан. Би нилээн согтуу, өөрийнхөө хийж байгаа үйлдлийг хянах чадваргүй байсан. Машины шилийг хөлөөрөө өшиглөх үед нүүрэн тус газар нь цохисон байж магадгүй. Тэрнээс биш би тэр залуугийн нүүр, ам руу санаатайгаар цохисон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

-яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн:

“...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хэрэг гардаг өдөр Эх нялхасын автобусны буудлаас гар өргөөд таксинд сууж Баянхошууны тойрог орох зорилготой байсан. Явж байх замдаа таксины жолооч залуутай танилцаад нэр усаа мэдэлцсэн. Тэгээд Баянхошууны хөтөл рүү өгсөж байхад миний дотор муухай оргиод бөөлжих гээд байсан. Тэгтэл таксины жолооч залуу надад хандаж машинаас буу гэж хэлээд Баянхошууны 112-ын автобусны буудлын дэргэд машинаа зогсоогоод намайг машинаас татаж чирч буулгахыг оролдсон. Тэр үед би жолооч залуутай заамдалцаад зууралдсан. Тэгсэн чинь жолооч залуу намайг үлдээчихээд машиндаа суучихсан. Тэр үед миний уур хүрээд жолооч талын урд хаалганы жижиг гурвалжин шилийг хөлөөрөө жийж хагалсан. Мөн жийсэн хөлөөрөө жолоочийн уруул орчимд хүрчихсэн. Түүнээс миний хувьд хүний биед гэмтэл учруулж, танхайрах бодол санаа байгаагүй. Би болсон хэргийн талаар сэжигтний мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан байгаа учраас өөр хэлэх зүйлгүй.  Би хохирогчид 2,037,000 төгрөг төлсөн. Миний хувьд бүх хохирлыг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг [5],

-яллагдагчаар урьд сонсгосон ялыг өөрчлөн байцаахад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Би тогтоолтой танилцсан. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн талаар өмнө нь ярьсан болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй, хэргээ хурдан шийдүүлмээр байна. Би хохирогчид 2.020.000 төгрөг өгч, хохирлыг бүрэн барагдуулсан. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг [6],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4405 тоот:

“...1.Б.Болдбаярын биед уруулд шарх, дээд баруун 3-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч М.Золжаргал...” гэсэн дүгнэлт [7],

 

6.Шинжээч М.Золжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

“...Б.Болдбаярт учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цохих, өшиглөх аль алинд нь үүсгэгдэх боломжтой. Хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг [8],

7. 45-56 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [9],

8. Хохирогч Б.Болдбаярын хохирлын нэхэмжилсэн баримтууд [10], “Арвижих-Эстимейт” ХХК-ний авто машин техникийн үнэлгээний тайлан [11], Хохирогч Б.Болдбаярт яллагдагч Б.Гансүхийн ар гэрээс хохирлын төлбөр нөхөн төлсөн тухай баримт [12],

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

9.Гэрч Н.Баасандоржийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Б.Гансүх нь миний төрсөн хүү байгаа юм. 1994 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд төрсөн. Бага насандаа Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгт суралцаж байгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн орж 2012 онд төгсөж тэр жилдээ Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн орсон. 2016 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн. Одоо “Петропласс” ХХК-д няраваар ажиллаж байна. Б.Гансүх нь зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муу зуршилгүй, архи дарс хэрэглэдэггүй, хамт олон дундаа нэр хүндтэй. Архи ууж ийм үйлдэл хийсэнд нь итгэхгүй байна. Тэгэхдээ урьд өмнө огт архи дарс хэрэглэж байгаагүй болохоор өөрийгөө хянаж чадахгүй ийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг [13],

 

10.Гэрч Р.Баатарчулууны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Б.Гансүх нь миний төрсөн хүү байгаа юм. 1994 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд төрсөн. 1998 онд Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгт суралцаж байгаад 2002 онд Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуульд  8 настайдаа элсэн орж 5 анги хүртлээ сураад 2006 онд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр бүрэн дунд сургуульд элсэн орж 2012 онд онц дүнтэй төгсөж тэр жилдээ Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн орсон. 2016 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн. Одоо Петропласс ХХК-д няраваар ажилладаг. Б.Гансүх нь зан байдлын хувьд даруу, үнэнч шударга, хийсэн зүйлдээ маш зүтгэлтэй, эцсийг нь хүртэл явж чаддаг, хүнд их тусархуу, элдэв муу зуршилгүй, архи дарс хэрэглэдэггүй, гадуур их яваад байдаггүй. ...” гэх мэдүүлэг [14],

 

11.Б.Гансүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа [15], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [16], “Петроплас” ХХК-ний тодорхойлолт [17] болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, саналын  хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрллээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Гансүх нь согтуурсан үедээ, санаатай үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 112-ын автобусны буудлын орчимд такси үйлчилгээнд явж байсан иргэн Б.Болдбаяртай “буух газар болоогүй байхад машинаасаа буулгах гэлээ, чи мөнгөний төлөө явж байгаа гуйлгачин биз дээ” гэж маргалдан, улмаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, жолоодон явсан 45-26 УБЦ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины жолооч талын хажуугийн цонхны шилийг хөлөөрөө өшиглөн хагалах явцдаа Б.Болдбаярын бие махбодид уруулд шарх, дээд баруун 3 дугаар шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Б.Болдбаярын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн  “...Би 2017 оны 03 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд таксинд явах гээд гэрээсээ гараад Гандангийн хойд талын автобусны буудлаас Баянхошууны тойрог хүртэл нэг хүний 1,500 төгрөгөөр таксинд явж байсан. 00 цагийн орчим Гандангийн автобусны буудлаас 20 орчим насны намхандуу нуруутай, хар савхин куртиктэй залуу ирээд хаашаа явах юм гэхээр нь Баянхошууны тойрог хүртэл явна гэтэл тэр залуу хэдэн төгрөгөөр явах юм гэхээр нь 1,500 төгрөгөөр явна гэхэд тэр залуу суусан. ...Баянхошууны хөтлөөс хөдлөөд явж байхад машины арын суудалд сууж явсан нэг эмэгтэй “энэ хүн чинь халаас ухаад, гуя илээд байна, энэ хүнээ буулгаач, яах гэж согтуу хүн авсан юм бэ” гээд байхаар нь би Баянхошууны 112-ын автобусны буудлын тэр хавьд зогсоод “чи буучих, хүн амьтан уурлаад байна, дээр нь чи бөөлжих гээд байна машинаас буу” гэж хэлтэл тэр залуу чи манай найзуудад өдөржингөө үйлчилчихээд надад яахаараа үйлчилдэггүй юм бэ, чи мөнгөний төлөө явж байгаа гуйлгачин биз дээ гээд элдэв янзаар хэлээд байхаар нь өмсөж явсан хар өнгийн савхин куртикнээс нь татаад би чамаас унааны хөлс авахгүй, чи зүгээр буу гээд буулгачихаад машиндаа суугаад хөдлөх гэтэл тэр залуу зогсож байснаа хөлөөрөө миний унаж явсан 45-26 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины жолооч талын салхины шилийг хөлөөрөө хагалсан. Мөн хөл нь нүүрэн тус газар онож уруул сэтэлж, шүд хугалчихаар нь би машинаасаа буугаад барьж аваад зогсож байтал хойно сууж явсан хүмүүс цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг [18], түүний 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [19],

-гэрч Э.Пүрэвхишигийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...00 цагийн орчим Гандангаас Баянхошуу чиглэлд “Приус-20” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд хойд талын суудал дээр суусан. Хамгийн сүүлд намхандуу, бага зэргийн махлагдуу, 20 гаруй насны гадуураа хар өнгийн савхин куртик өмссөн, жаахан архи үнэртүүлсэн залуу миний хажуу талаар суусан. ...Тэр залуу Гандангийн автобусны буудлаас хөдлөөд миний гадуураа өмсөж явсан куртикны халаас руу гараа явуулаад байхаар нь гараа аваачээ гэж хэлээд цааш явж байтал Баянхошууны хөтөлийн орчим ирээд дахин гараа халаас руу явуулаад байхаар нь би таксины жолоочид энэ хүн чинь гараа халаас руу, гуя руу явуулаад байна, яах гэж согтуу хүн авдаг юм, энэ хүнээ буулгаач гэж хэлсэн. Тэгтэл Баянхошууны 112-ын автобусны буудал дээр хоёр хүн буулгачихаад тэр залууг таксины жолооч буучих гэж хэлтэл буухгүй байсан. Таксины жолооч тэр залууг хувцаснаас нь татаж буулгаад машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь тэр залуу замын хажууд зогсож байснаа гүйж ирээд хөлөөрөө жолооч талын салхины шилийг хагалчихаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг [20],

-Б.Гансүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Баянхошууны 112-ын автобусны буудал дээр ирчихсэн, нэг танихгүй таксины жолооч намайг машинаас буу, чи машин дотор бөөлжих гээд байна гээд хувцаснаас татаад буулгасан. Тэгэхээр нь би буучихаад намайг яагаад буулгаж байгаа юм бэ, би Баянхошууны тойрог дээр буух ёстой гэж хэлтэл чамайг суулгахгүй гээд муудалцаад байж байтал тэр жолооч машиндаа суучихаар нь би хөлөөрөө жолооч талын салхины шилийг хагалчихсан. Тэгтэл тэр жолооч бууж ирээд чи машины цонх хагалаад миний шүдийг хугалаад, уруул сэтэлчихлээ гэж хэлээд намайг заамдаад авсан. Төд удалгүй цагдаа ирж намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг [21],

-яллагдагчаар 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...таксины жолооч залуу надад хандаж машинаас буу гэж хэлээд Баянхошууны 112-ын автобусны буудлын дэргэд машинаа зогсоогоод намайг машинаас татаж чирч буулгахыг оролдсон, ...жолооч залуу намайг үлдээчихээд машиндаа суучихсан. Тэр үед миний уур хүрээд жолооч талын урд хаалганы жижиг гурвалжин шилийг хөлөөрөө жийж хагалсан. Мөн жийсэн хөлөөрөө жолоочийн уруул орчимд хүрчихсэн. ...” гэх мэдүүлэг [22], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4405 тоот дүгнэлт [23], Шинжээч М.Золжаргалын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.Гансүх нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэж, түүнд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн” гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар тогтоолоор Б.Гансүхэд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт /бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан /заасан зүйл, хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-тэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /1.200.000-4.800.000 төгрөгөөр/, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр, 2015 Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /450.000-1.300.000 төгрөгөөр/, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гансүхэд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч Б.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Болдбаяр нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар “Индранил” эмнэлэгт сувгийн эмчилгээ хийлгэсэн төлбөр 100,000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэсэн төлбөр 1,750,000 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Харин мөрдөн байцаалтын явцад Б.Гансүхэд ял сонсгосон 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээж, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлж, тус зүйл хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрээгүй гэсэн үндэслэлээр уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн прокурор 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хохирогч Б.Болдбаярын жолоодож явсан 45-26 УБЦ улсын дугаартай “Приус-20” маркийн автомашины эвдрэл гэмтлийн хохирлыг талаар хэрэгт 153.200 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Б.Гансүхэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гансүх нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Прокурорын шатанд Б.Гансүх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Б.Гансүх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялыг маргаагүй буюу зөвшөөрсөн ба шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Б.Гансүхэд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Б.Гансүх нь мөрдөн байцаалтад хохирогч Б.Болдбаярт эрүүл мэндэд болон тээврийн хэрэгсэлд учруулсан нийт хохирол, хор уршигт 2,035,000 төгрөгийг нөхөн төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, энэ талаар хохирогчоос бичгээр баримтыг мөн ирүүлсэн. Гэхдээ хохирогчоос ирүүлсэн баримтад 2.100.000 төгрөгийг хүлээн авсан гэж бичсэн байгаа хэдий боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гансүх нь 2.035.000 төгрөг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн тул тус үнийн дүнгээр төлөгдсөн гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Гансүхийг хохирогч Б.Болдбаярт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Б.Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Гансүхийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хад овгийн Баасандоржийн Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гансүхийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гансүх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Болдбаярт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Б.Гансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 109 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 12-14 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 16-20 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 28 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.