Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/920

 

Т.Б, О.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонбаатар,

хохирогч “П” ХХК-ийн төлөөлөгч С.Энхболд,

хохирогч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат,

шүүгдэгч О.Ө, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Нинжбат, шүүгдэгч О.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн О.Ө, Т.Б нарт холбогдох 1810 02707 0748 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Т-ын Б, 1984 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “А” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б овгийн О-ийн Ө, 1984 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “М” ХХК-д сантехникийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

Т.Б, О.Ө нар нь бүлэглэн “М” ХХК-ийн сантехникийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын бохир усны даацын ф-200 загварын 112 метр урттай бохир усны даацын шугам хоолойн 1 метрийн үнийг 126.000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас 6 дахин өндөр үнэлж буюу “Б” ХХК-аас худалдан авсан гэх хуурамч төлбөрийн баримт бүрдүүлж 82 метр хоолойг нийлүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юнион биюлдинг барилгын ... тоотод “П” ХХК-ийн захирал Ж.Б-тай авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх тухай 18/74 дугаартай гэрээг байгуулж, 55.000.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 27.500.000 төгрөгөөр тус тус 2 хувааж шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу төлбөрийн баримт гэх бичиг хуурамч бичилт хийж ашиглан итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Э-д нийт 55 сая төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 70.540.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-г журамлан прокуророос шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б овогт О-ийн Ө-ыг бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овогт Т-ы Б-ыг бүлэглэн болон үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих, Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Т.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг барилгын хуванцар хоолойг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /М ХХК/-д олгохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-аас 64.309.520 төгрөгийг гаргуулан хохирогч С.Э-д 55.000.000 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /М ХХК/-д 9.309.520 төгрөг тус тус олгож, О.Ө нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар иргэний хариуцагч Э.О-ээс 1.620.880 төгрөгийг гаргуулан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /М ХХК/-д олгохоор,

Т.Б-ын цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, О.Ө нь цагдан хоригдоогүйг дурдаж, Т.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, О.Ө-д авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдолдоо: “...Хоёр компани хоорондын санхүүгийн тооцоог үнэн зөв тогтоогоогүй. “А” ХХК-ийн “П” ХХК-аас нийт 3 гэрээний өглөг, авлагыг тооцоход барилга угсралтын ажлын гэрээнээс 50 сая төгрөг, гадна зам талбайн гэрээнээс 6 сая төгрөг, машин механизмын зардал 27.5 сая төгрөг, нийт 83.5 сая төгрөгийн авлагатай. Гэтэл энэ асуудлыг огт авч хэлэлцээгүй, хэрэгт авагдаагүй. “П” ХХК-ийн төлөөлөгч С.Э, М.А, гэрч Н.У нарын мэдүүлснээр БНХАУ-д материалын урьдчилгаа төлсөн байсан нь нотлогдож байхад “П” ХХК-д төлсөн хохирлоос хасаж тооцоогүй. “А” ХХК-ийн Н.У-д дамжуулан БНХАУ-д материал захиалж урьдчилгааг Н.У төлсөн боловч яг хэдэн төгрөг төлснийг тогтоогоогүй. “А” ХХК-ийн дотоод төсөв ёсоор бол уг дам нуруу бэлтгэн нийлүүлэх гэрээний задаргаа нь БНХАУ-д 101.000 юань буюу тухайн үеийн ханшаар 36 сая төгрөг, гаалийн татвар 15 хувь буюу 5.4 сая төгрөг, тээврийн зардал 6 сая төгрөг, “А” ХХК-ийн ашиг 18 хувь буюу 7.6 сая төгрөг байсан. Гэвч хохирлоос “А” ХХК-ийн ашиг болох 7.6 сая төгрөгийг хасаж тооцоогүй. О.Ө-ыг мөнгө аваагүйг нотлох дансны хуулга огт байхгүй, хэрэгт хавсаргаагүй. Иргэний хариуцагч Э.О анхны мэдүүлгээс өөр мэдүүлэг өгөх болсон нь О.Ө гэрчид нөлөөлсөн, ямар нэг байдлаар урьд нь холбоотой байсан нь гэрчид нөлөөлсөн. Мөрдөгч нар хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт цуглуулсан, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хүлээж аваагүй зэрэг нь ноцтой зөрчил. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М” ХХК-аас 14,854,400 төгрөг залилсан гэм буруутай гэх үйлдлийн тухайд.

Шүүхийн дүгнэлтээс харахад Т.Б нь “М” ХХК-ийн гүйдэг нярав Д.Т-ийн өгсөн мөнгөөр хуванцар хоолой худалдан авсан байна. Тэрээр хуванцар хоолой авах ёстой мөнгөөр зориулалтын дагуу хуванцар хоолойг худалдан авсан болохыг шүүх тогтоожээ. Т.Б хуванцар хоолой худалдан авахдаа харин үнийн зөрүү гаргаж үл ойлголцол үүсгэснээс түүнийг залилах гэмт хэргийн субъект гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүх энэ алдааг залруулаагүй шийдвэрлэсэн байна.

Т.Б-ын хуванцар хоолой өндөр үнээр худалдан авсан гэх үйлдэл бол залилах гэмт хэрэг биш юм. Учир нь, залилах гэмт хэргийн гол шинж болох субъектив санаа зорилго нь гэм буруутай этгээд бусдаас өөрийн эзэмшилд шилжүүлсэн хөрөнгийг анхнаасаа буцаан өгөх, эсвэл тухайн зориулалтаар зарцуулах санаа сэдэлгүйгээр шууд өөрийн өмчлөлд шилжүүлэн ашиглах байдлаар төлөвлөсөн байдаг.

Хэрэв үнэхээр залилах зорилготой байсан бол миний үйлчлүүлэгч Т.Б “М” ХХК-д нийт шаардлагатай 112 ширхэг хуванцар хоолойг худалдан авахгүй байх байсан. Гэтэл Т.Б хуванцар хоолойнуудыг худалдан аваад зогсохгүй үүрэгт ажлын хүрээнд барилгын сантехникийн ажлыг гүйцэтгэж хоолойнуудыг барилгад суулгаж угсарсан байна. Тиймээс Т.Б-ын үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзнэ.

Хууль зүйн талаас нь үзвэл Т.Б-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байж болох юм. “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь албан тушаалын давуу байдлаа ашиглах, хуурамч гүйлгээ хийх, хуурамч санхүүгийн анхан шатны баримт үйлдэх, засварлах зэргээр дангаар болон бүлэглэх хэлбэрээр үйлдэгддэг. “Хөрөнгө завших” гэмт хэргийн үед хуулийн этгээдийн болон иргэдийн өмчийг, итгэмжлэн хариуцсан этгээд нь хууль, гэрээ, албан тушаалын үндсэн дээр олгогдсон итгэмжлэл, албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар хуулийн этгээд, иргэдийн” өмчийг авах үйлдлийн шинж байдлаар хуульд тусгагджээ.

“Завших” гэдгийг “Гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байх” гэсэн ойлголтоор хуульд зааж өгсөн байна. Улсын Дээд шүүх “Хөрөнгө завших” үйлдлийн аргыг “Бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх” гэсэн байдлаар тайлбарласан нь Т.Б-ын үйлдлийг тодорхойлж байна. Субъектийн хувьд Т.Б нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд” мөн үү гэсэн эргэлзээ байдаг.

Тэгвэл “М” ХХК-ийн захирал В.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт "... Манай компанид цэвэр, бохир усны инженер хийдэг Б гэх хүнийг материал буюу хуванцар хоолойг худалдан авахаар хангамжийн менежер Т-ийн хамтаар үнэ ханш болон бусад байдлыг судлуулахаар явуулсан...” гэж, мөн "... манай компанийн кассаас бэлэн мөнгө авсан байсан Т нь мөнгө аваад Б-т бэлнээр өгсөн байсан...” гэж тус тус мэдүүлжээ. /1хх 53/

Гэрч Д.Т “... БИГ худалдааны төвийн гадаа ирээд би Б-т мөнгө өгсөн...” гэж мэдүүлжээ. /1 хх 59/

“М” ХХК-д хуванцар хоолой худалдан авах ажиллагааны хувьд компанийн удирдлага буюу захирал В.Г-аас өгсөн үүрэг даалгавар, нярав Д.Т-өөс хоолойны мөнгийг бэлнээр Т.Б-т өгсөн үйлдэл зэргээс үзэхэд Т.Б байгууллагын хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж үзэхээр байна. Зүйлчлэл алдаатай хийгдсэнээс шийтгэх тогтоолын 20 дугаар талд ”... шүүгдэгч Т.Б-ыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэжээ. Зүйлчлэл өөрчлөгдвөл үргэлжилсэн үйлдэл гэж үзэхгүй.

“М” ХХК-д хуванцар хоолой үнийн зөрүүтэй худалдан авсан гэх үйлдлийг “Хөрөнгө завших” буюу Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлээр зүйлчилсэн бол Т.Б-ын үйлдэл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч өршөөгдөх боломжтой байсан боловч зүйлчлэлийн алдаанаас болж Т.Б-ын эрх зүйн байдал нэн дордсон байгааг шүүх анхаарч зүйлчлэлийг зөвтгөж өгөхийг хүсэж байна. Зүйлчлэлийг зөвтгөснөөр түүнд хохирлоо нөхөн төлөх, өршөөлд хамрагдах боломж бололцоог олгох шаардлагатай байгааг зориуд тэмдэглэж байна.

Хуванцар хоолой худалдан үйлдэлд хамтран оролцсон О.Ө-ын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн гүйцэд шалгаж тогтоож чадаагүй байна. Т.Б-ын зүгээс гаргасан олон удаагийн гомдол, хүсэлтийг мөрдөгч, прокурорууд огт авч хэлэлцээгүй нь гайхал төрүүлж байна.

“М” ХХК-ийн барилга угсралтын ажилд оролцохоор гэрээ байгуулсан “М” ХХК-ийн захирал О.Ө хуванцар хоолойн худалдан авалтаар хувьдаа ашиг гаргахаар анхнаасаа төлөвлөсөн, хоолой худалдагч “Ю” XXК, НӨАТ-ын баримт үйлдэгч “Б” ХХК зэргийг бүгдийг өөрөө олж маш идэвхтэй оролцсон байдаг. Түүгээр үл барам Т.Б-аас өгсөн хуванцар хоолойны мөнгийг аваад “BIG” худалдааны төвийн үүдэнд байрлах банкны АТМ ашиглаж дансандаа хийсэн үйлдлийг ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзнэ.

Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагчийн мэдүүлгийг, тодруулбал, зөвхөн О.Ө-ын мэдүүлгийг Т.Б-ын эсрэг яллах нотлох баримт болгож өөр гуравдагч нотлох баримтын эх сурвалжгүйгээр ашиглах нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй гэдгийг анхаарахыг хүсэж байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 22 дугаар талд “...Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгалтын явцад удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь түүний гэм буруутайг нотолж байгаа...” гэсэн шүүхийн дүгнэлтийг бүрэн эсэргүүцэж байна. Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад янз бүрийн шалтгаанаар олон өмгөөлөгч сольжээ. Өмгөөлөгч бүр түүнд өөр өөр хууль зүйн зөвлөгөө өгч байснаас түүний мэдүүлэг өөр болсон байх талтай. Гэхдээ хэргийн үйл баримтыг өөрөөр мэдүүлсэн нь түүнийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж зааж яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хамгаалсан байна.

“П” ХХК-аас 55 сая төгрөг залилсан гэх үйлдлийн тухайд.

Хохирогч гэгдэх “П” ХХК болон Т.Б-ын “А” ХХК нарын компаниуд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 18/74 дугаартай “Авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх гэрээ”/цаашид “гэрээ” гэх/-г байгуулсан байна. Гэрээний 1.1.-д “Бэлтгэн нийлүүлэгч нь Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт баригдаж буй “П” ХХК-ийн 30м х 24м хэмжээтэй авто гражийн барилгын металл дам нурууг БНХАУ-аас захиалан, худалдан авч Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж захиалагчийн өмчлөлд шилжүүлэн, худалдан авагч уг барааг бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүлээн авч, гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түүний үнийг төлнө” гэж заасан байна. /2хх 33-34/

Гэрээний 2.1 дүгээр заалтад “П” ХХК нь барааны үнэ болох 42.240.000 төгрөгийг гэрээ батлагдсан өдрөөс хойш 2 хоногийн дотор шилжүүлэх үүрэг хүлээжээ. Дам нурууны төлбөрийн эхний хэсэг буюу 27.500.000 төгрөгийг “П” ХХК хоцроож 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, хоёр дахь хэсэг буюу 27.500.000 төгрөгийг 2018 онд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог бөгөөд энэ үйл баримтыг хэргийн оролцогчид маргадаггүй юм билээ. Яагаад ийнхүү төлбөр хоцроож хийсэн тухай хохирогчоос асуухад “П” ХХК-ийн захирал С.Э “Тухайн үеийн санхүүгийн байдлаас болж хоцорч хийгдсэн” гэсэн мэдүүлэг өгчээ. /1хх 49/

Гэрээний 4.3 дахь хэсэгт “Худалдан авагч энэ гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрүүдийг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд дүнгийн 0,1 хувийн хэмжээгээр нөгөө талд торгууль төлнө” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл “П” ХХК нь “А” ХХК-д төлбөр хоцроож шилжүүлсэн тул торгууль төлөхөөр байна.

Улсын Дээд шүүхийн 2006 оны “Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийг иргэний эрх зүйн гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгаж, зөв шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар" нэртэй 51 дүгээр тогтоолын 10 дахь заалтад “Залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж тодорхойлжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд “П” ХХК болон “А” ХХК компаниудын хооронд байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 18/74 дугаартай “Авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г нотлох баримтын түвшинд огт хууль зүйн дүгнэлт өгөлгүй орхисон байна. Энэ гэрээг дүгнэхгүйгээр Т.Б-ын гэм буруугийн асуудлыг авч үзэх ямар ч боломжгүй юм. Энэ гэрээгээр залилах үйлдлээ халхавчилсан гэж үзэж байгаа бол тэр дүгнэлт шүүхийн тогтоолд заавал тусгагдсан байх ёстой. Бидний зүгээс “П” ХХК болон “А” ХХК нарын компаниудын хооронд үүссэн дам нуруу нийлүүлэх тухай маргааныг иргэний хэрэг үзэж байгаа юм.

“А” ХХК-ийн захирал Т.Б-т анхнаасаа бусдыг, түүний дотор “П” ХХК-ийг залилах санаа сэдэл огт байгаагүй. Тийм субъектив санаа зорилго байсныг нотолсон нотлох баримт энэ хэрэгт байдаггүй.

Мөн дээр дурдсан Дээд шүүхийн 51 дугаар тогтоолд заагдсан залилах гэмт хэргийн үндсэн шинж, нөхцөлүүд байхгүй байгаа юм. Тухайлбал, “Авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилготой, анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй гэрээ гэж үзэхгүй. Энэ гэрээ бодитоор байгуулагдаж бодитоор хэрэгжиж явсан байдал нь дараах үйл баримтуудаар тогтоогддог:

  1. “А” ХХК-ийн захирал Т.Б тухайн үед БНХАУ-ын Эрээн хотод ажлаар явсан өөрийн найз Н.У-д авто гражийн дам нуруу захиж, түүний эхнэр Ц.Т-ийн Хаан банкин дахь 27 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнийг Н.У мөрдөн шалгалтын явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотолдог. Гагцхүү Т.Б, Н.У нар өгсөн мөнгөний хэмжээг зөрүүтэй мэдүүлдэг. /Зхх 244-245/
  2. Гэрч М.А-ын “...Э захирал намайг лавлаад ирээч гэсэн. Тэгээд гэрээнийх нь зургийг авч яваад захиалга өгсөн газарт нь очиж лавлахад “Дам нуруу захиалаад захиалга нь бэлэн болчихсон. Гэтэл урьдчилгаа 23.400 юанийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй” гээд Монгол Улс руу ачуулаагүй үйлдвэр дээрээ байсан” гэсэн мэдүүлгээр гэрээний хэрэгжилт бодит байдлаар хэрэгжиж байсан болох нь тогтоогддог. /2хх 52/
  3. Гэрээний хэрэгжилтийн талаар “П” ХХК болон “А” ХХК нарын санал, байр сууриа солилцож байсан албан бичгүүдээр тогтоогддог.
  4. Шүүх хуралдаанд гаргаж өгсөн БНХАУ-ын “Б” ХХК болон Н.У нарын хооронд байгуулагдсан дам нуруу захиалсан 78 мянган юанийн Худалдааны гэрээгээр мөнгө тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд “А” ХХК буюу түүний захирал Т.Б авто гражийн дам нуруу биелүүлэх гэрээ байгуулж түүнийгээ хэрэгжүүлээд явж байсан нь тогтоогдож байна. Магадгүй гэрээний хугацаа, барааг нийлүүлэх гэрээний үүргийн биелэлтийг зохих ёсоор гүйцэтгээгүй байж болно. Тэгвэл энэ нь гэрээний зөрчил бөгөөд гэрээний 6.1. дэх заалтад “Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ” гэж маш тодорхой зааж өгсөн заалтын дагуу Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр талууд тохиролцсон байна. Ийм тодорхой иргэний, арбитрын маргааныг ямар учраас, хэн гэдэг ямар албан тушаалтны шахалтаар эрүүгийн хэрэг болгож шалгаад, яллах дүгнэлт үйлдээд шүүх түүнийг нь шийдвэрлэв гэдэг одоо хүртэл огт ойлгомжгүй байхын зэрэгцээ хардлага, сэрдлэг төрүүлж байна.

Хэрэв иргэний эрх зүйн харилцаанд байнга, тогтмол хэрэглэгддэг энгийн бэлтгэн нийлүүлэх, ажил гүйцэтгэх, зээлийн гэрээнүүдийн талууд үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүйг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх юм бол Монгол Улсын бизнес эрхлэгчдийн тэн хагасаас илүү нь шоронд хоригдох эрсдэл үүсэж байна.

Үнэхээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог ийм жишиг тогтоох гэж байгаа бол энэ шүүхийн тогтоол, шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болгож, цаашид хуулийг ингэж ойлгож хэрэглэх жишиг тогтож байгааг бизнес эрхлэгчид, худалдаачдадаа анхааруулж, эрүүгийн хариуцлагаас сэргийлэх сурталчилгааны арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хуульчид бид орж байна. Энэ бол буруу хийгээд нийгэмд хор уршигтай жишиг.

Хэрэв шүүхийн тогтоол шийдвэрт бичигдсэн дүгнэлт болон бидний гаргаж буй давж заалдах гомдлын үндэслэл хоорондоо эргэлзээ төрүүлж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж миний үйлчлүүлэгч Т.Б-т ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг 55 сая төгрөгийн хохирол учруулан залилсан мэтээр дүгнэсэн атлаа гэрчүүд, хятадын компанийн тайлбараар 23.400 буюу 10 сая төгрөг төлөгдөөд гэрээ хэрэгжиж явсныг огт дурдаагүй байна.

Иймд миний үйлчлүүлэгч Т.Б-ын “П” ХХК-ийг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Энэ тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг зөрчиж гарсан ба тус тогтоол гарах хугацаанд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд шүүх хэдийгээр өршөөлд хамруулсан хэдий ч Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Ө-ын өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр. Үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн. Иймд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналаа дэмжиж  байна. Шүүгдэгч Т.Б-ын мэдүүлгүүд удаа дараа өөрчлөгддөг. Мөнгө авсан болох нь нотлогддоггүй. Дансаар авсан зүйл байдаггүй. О.Ө-ын буруутай үйлдэл нь НӨАТ-ын баримт бичих талаар О-д зуучилж өгсөн үйлдэлд буруутай. Зүйлчлэл зөв, нотолбол зохих зүйлүүдийг бүгдийг нь нотолсон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Өөрчлөлт оруулах зүйл нь О.Ө-ын хувьд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. ...Гурван гэрээ гэж яриад байна тийм зүйл байхгүй, үндсэн хоёр гэрээ л байгаа. Шүүгдэгч Т.Б нь олдохгүй байсан. Аргаа бараад эцсийн шат буюу шүүх, цагдаа дээр ирж байна. Тухайн үед акт үйлдэх боломж их байсан. ...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Б-аас 9.309.520 төгрөг, иргэний хариуцагч Э.О-ээс 1.620.880 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн өмгөөлөгч Ц.Сайнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Нинжбатаас зүйлчлэл өөрчилж өгнө үү гэсэнтэй санал нийлэхгүй байна. Анхан шатны шүүх зөв зүйлчилж шийдвэрлэсэн. Учир нь, анхнаасаа Т.Б-т эд хөрөнгө хариуцуулсан зүйл байхгүй. Сантехникийн инженерийн хувиар мэргэжлийн талын зөвлөгөө өгөөд “Чанартай хоолой авъя, барилгын ажлыг чанартай гүйцэтгүүлье” гэж үүрэг өгсөн. Уг ажиллагааг Т.Б нь анхнаасаа гардаж зохион байгуулсан. Хаанаас бараа авах уу, хэнээс НӨАТ-ын баримт гаргах уу гэдэг бүх ажиллагааг гардаж зохион байгуулсан. О-тэй 2-3 удаа очиж уулзсан байдаг. Ингээд “120 метр хоолой авахаар боллоо. 1 метрийнх нь 126 юм байна” гэж итгүүлсэн. Энэ нь зохиомол байдлыг зориудаар бий болгож “М” ХХК-ийн удирдлагуудыг зориуд хуурч мэхэлж, итгэл эвдэх аргаар эд хөрөнгө залилсан. Яагаад 120 метр хоолой авахаар болсон гэхээр барилгын ажлын зураг гараагүй байсан. Төлөвлөгдөөгүй ажил гэнэт гарч ирээд уг ажил дээр Т.Б-ыг оролцуулахаар зураг нь гараагүй байсан учир “120 метр нийлүүллээ” гэж хэлээд бодит байдал дээр 80 метр хоолойг “Ю” XXК-аас худалдаж авсан байдаг. Иймд залилах гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн нь зөв юм. Хохирлын хувьд манай компанийн касснаас 14.854.400 төгрөг гарсан боловч бодит хохирол нь 10.930.400 гэдэг дээр тогтсон. 14.854.400 төгрөгөөс 2.574.000 төгрөгийн барааг худалдаад авсан байдаг. Уг барааг бид өөрсдөө аваад барилгын ажилдаа ашигласан. Үүнийг хасаж байгаа. Мөн О-ээс НӨАТ-ын хуурамч баримт гаргаж өгсөн гэх асуудал яригддаг. Уг НӨАТ-ын баримтыг бид хүлээж аваад мөн компанийнхаа нэр дээр шивээд татварын хөнгөлөлтөөс 1.350.000 төгрөгийг эдэлсэн байгаа. Эдгээрийг хасаад үлдэж байгаа бодит хохирол нь 10.930.400 төгрөг болж байгаа Энэ хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар Т.Б, О.Ө нар нь хуванцар хоолой суурилуулах ажлыг хийж гүйцэтгэхдээ 1 метрийн үнийг 6 дахин өсгөж, улмаар “М” ХХК-д 10 сая төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Энэ үйлдэл залилах гэмт хэрэг буюу бодит байдлыг нуух замаар хуурч бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл. “М” ХХК-аас Т.Б-т тухайн эд хөрөнгийг хариуцуулсан, хүлээлгэн өгсөн нөхцөл байдал байхгүй. Т.Б тухайн ажлыг гүйцэтгэхдээ метр.кв нь 20.000 төгрөгийн үнэтэй хуванцар хоолойг 126 мянган төгрөгийн үнэтэй гэж хуурч улмаар тухайн байгууллагаас 14 сая төгрөгийг гаргуулж аваад өөрийн үйлдлээ хууль ёсны болгохын тулд баримт хуурамчаар үйлдэж “М” ХХК-д баримтыг өгсөн байдаг. Эд хөрөнгийг хариуцуулсан үйл баримт байхгүй. Анхан шатны шүүх бодит үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Т.Б-ын хоёр дахь үйлдлийн хувьд “П” ХХК-д барилгын дээвэр төмөр нийлүүлэхдээ гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, 55 сая төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон. Гэрээ байгуулах үед Т.Б “Хятад улсаас арматур төмөр хямд оруулж ирнэ” гэдэг байдлаар 55 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авсан ба хэрхэн яаж зарцуулсан талаар баримт хавтас хэрэгт авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Б-ын хувьд “У-ийн Хятад улсад байгуулсан гэрээ” гэх зүйлийг гаргаж ирсэн. Хятад улстай байгуулсан гэрээ нь тухайн барилгын дээвэр, төмөр нийлүүлэх гэрээ байгуулагдахаас өмнө байгуулсан гэрээ байдаг. У гэх хүн бараагаа нийлүүлээгүй байдаг. У нь Т.Б-ын гуйлтын дагуу өөрөөсөө мөнгө гаргаад 10.000 юанийн гүйлгээг хийсэн болох нь тогтоогдсон. Т.Б мэдүүлэхдээ “... Арматур төмөр Монгол Улсад ороод ирсэн байна. Хүлээлгэж өгөх гэж байна. Одоо ирж ав. ...” гэсэн байдаг. Хэрвээ иргэний маргаан гэж үзэж байсан бол “...Бараа Хятад улсад байгаа” гээд У гэх хүний асуудлыг нөгөө талдаа хэлэх боломж байсан. Хятад улсын гэрээ гэх зүйлийг сүүлд гаргаж ирсэн бөгөөд У анхан шатны шүүх хуралдаанд оролцоод уг гэрээг мэдэхгүй гэсэн. Анхны гэрээг Т.Б өөрөө байгуулсан болохоо хэлсэн. Завших гэмт хэрэг нь хууль болон гэрээгээр эд хөрөнгө хариуцуулсан этгээд тухайн эд хөрөнгийг завшсан ойлголт. Т.Б-т тухайн эд хөрөнгийг хариуцуулсан зүйл байхгүй. Хуванцар хоолойг 6 дахин үнэ нэмэгдүүлж мөнгийг нь авч өөртөө ашиг олж байгаа нь залилах гэмт хэргийн шинжтэй. “Хуванцар хоолой ямар үнэтэй байгаа талаар судлаад ир” гэж Т.Б-т үүрэг болгосон. Т.Б үнийг судлаад ирэхдээ 6 дахин үнийг нэмж түүнээсээ ашиг олохын тулд тухайн байгууллагаас мөнгө гаргаж авсан Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Т.Б, О.Ө нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ, шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас “Т.Б, О.Ө нар нь бүлэглэн “М” ХХК-ийн сантехникийн инженерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын бохир усны даацын ф-200 загварын 112 метр урттай бохир усны даацын шугам хоолойн 1 метрийн үнийг 126.000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас 6 дахин өндөр үнэлж буюу “Б” ХХК-аас худалдан авсан гэх хуурамч төлбөрийн баримт бүрдүүлж 82 метр хоолойг нийлүүлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-д 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Юнион бюлдинг барилгын ... тоотод “П” ХХК-ийн захирал Ж.Б-тай авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх тухай 18/74 дугаартай гэрээг байгуулж, 55.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу төлбөрийн баримт гэх бичиг хуурамч бичилт хийж ашиглан итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Э-д нийт 55 сая төгрөгийн хохирол учруулан бусдад нийт 70.540.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэж,

О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Ө, Т.Б нарын гэм бурууг хэлэлцэж, О.Ө-ыг бусадтай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Б-ыг бүлэглэн болон үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан анхан шатны шүүхийн тогтоолыг өөрчлөх үндэслэлд хамаарна гэж үзэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараах дүгнэлтүүдийг хийв.

Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа “П” ХХК-тай авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 55.000.000 төгрөг залилсан гэх хэргийн тухайд:

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр, эсхүл дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон байх явдал юм.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хохирогч С.Э-ын: “...Т.Б нь “БНХАУ-ын Эрээн хотод таньдаг хүн байгаа. Би металл дам нурууг чинь 55 сая төгрөгөөр яг барилгын талбай дээр авчиръя” гэж санал тавьсан. Энэ үнэ нэлээд хямд байсан учраас Т.Б-т итгэж металл дам нурууг нийлүүлэхээр болж, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. ...Тухайн үеийн санхүүгийн байдлаас болж хоцорч хийгдсэн. Сүүлийн 27.500.000 төгрөг бас л тухайн үеийн санхүүгийн байдлаас л болсон. ...” /2хх 48/,

гэрч М.А-ын: “...Би Өмнөговь аймагт баригдаж байгаа авто гражийн материалыг захиалах ажлаар 2018 оны 12 сарын 11-ний өдөр БНХАУ руу явсан. Гэтэл Э захирал “Налайхад баригдаж байгаа авто гражийн металл дам нурууны захиалгыг Т.Б өгчихсөн гээд надад гэрээ үзүүлээд байгаа юм. Энийг лавлаад ирээч” гэсэн. Тэгээд гэрээнийх нь зургийг авч яваад захиалга өгсөн газарт нь очиж лавлахад “Дам нуруу захиалаад захиалга нь бэлэн болчихсон. Гэтэл урьдчилгаа 23.400 юанийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй” гээд Монгол Улс руу ачуулаагүй үйлдвэр дээрээ байсан. “Үлдэгдэл мөнгөө төлбөл дам нуруугаа авч болно гэж тэнд байсан хүмүүс хэлж байсан. Тэгээд би тэндээс захиалгад өгсөн урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийн тодорхойлолтыг гаргуулан авч ирээд Э захиралд өгсөн. ...” /2хх 52/,

гэрч Б.Э-ийн: “...Би өөрийн найз буюу энэ хэрэгт холбогдоод байгаа Т.Б-тай анх уулзаж улмаар граж барих ажилд зуучлан өгсөн. Улмаар Т.Б болон манай захирал хоёр хоорондоо гэрээ байгуулсан. Дараа нь Т.Б өөрийнхөө “А” ХХК-аар төлөөлүүлэн дам нуруу барих ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байсан. Энэ ажлын хөлс гэж манай компанийн зүгээс Т.Б-т 55.000.000 төгрөгийг өгсөн. ...” /2хх 56-57/,

гэрч  Н.У-ийн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 09-өөс 10-ны хугацаанд “В” ХХК-ийн захиалгын дагуу БНХАУ-ын Эрээн хот руу явсан юм. Тэнд байх үед Т.Б нь над руу Ви чат”-аар холбоо барьсан бөгөөд “П ХХК-ийн авто гражийн дам нуруу төмрийн захиалга хийх хэрэгтэй байна. Чи наанаа байгаа юм чинь харилцдаг хүнтэйгээ захиалчихгэж хэлсэн. Тэгээд Т.Б хэлэхдээ “П ХХК-тай гэрээгээ хийсэн. Удахгүй мөнгө ороод ирнэ. Тийм учраас чи өөрөөсөө захиалгын урьдчилгаа мөнгийг өгчих” гэж хэлсэн юм. Ингээд би үүний дагуу дам нурууны захиалга өгсөн. ...Тэр баримтаа Т.Б-т өгсөн. ...” /3хх 240-241/,

шүүгдэгч Т.Ба-ын: “...Би У-аас БНХАУ-д дам нуруу ямар үнэтэй байна. Хямдхан захиалах боломж байна уу” гэж асуусан. Тэгтэл У судлан үзээд надад “78.000 юань гээд дам нуруу захиалан хийлгэх боломжтой байна” гэж үнийн санал явуулсан. ...Авто гражийн дам нуруу бэлтгэл нийлүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хийсэн бөгөөд 2 хоногийн дотор урьдчилгаа 44 сая төгрөг шилжүүлэх ёстой байсан. Энэ мөнгөөр би БНХАУ руу захиалга өгч дам нуруу хийлгэж эхлэх байсан. Гэтэл гэрээний дагуу мөнгө орж ирээгүй бөгөөд би тухайн үед холбоо барихад “Би нэгэнт энд байгаа учраас наад дам нуруу захиалах ажлыг хийгээд нэг мөр буцмаар байна” гэж хэлсэн. Тэр үед “П” ХХК-аас мөнгө орж ирээгүй байсан. Э-д “Мөнгөө яасан бэ. Урд манай хүн дам нуруугаа захиалмаар байна” гэсэн. Тэгтэл “Байж бай” гэж хүлээлгээд байсан юм. Энэ талаар У-д “Мөнгө нь орж ирэхгүй байна” гэтэл “Тийм бол надад мөнгө байна. Би “В” ХХК-ийн материал бэлдээд явж байна. Энд байгаа мөнгөнөөс дам нуруу бэлтгэх урьдчилгааны захиалга өглөө шүү” гэж хэлсэн. Ингээд бид хоёр тохироод, Ундрахзаяа дам нуруу хийлгэх захиалгын худалдааны гэрээ байгуулж өгсөн. ...Урьдчилгаа мөнгө өгөөд захиалга өгсөн талаар “П” ХХК-ийн ажилтан өөрийн биеэр очин шалгаж үзэж байсан. ...Дам нуруу бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу “П” ХХК-аас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эхний 27.500.000 төгрөг орж ирснийг би байгууллагын данснаас авч Ундрахзаяад бэлнээр өгсөн. ...Үлдэгдэл 27.500.000 төгрөг нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр орж ирсэн. ...” /1хх 217-218/,

“П” ХХК-аас “АЗО” ХХК-ийн данс руу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 27.500.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 27.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт /2хх 29-30/, авто гражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /2хх 22-24/, авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ /2хх 33-34/, Н.У-ийн БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-тай байгуулсан худалдааны гэрээ /5хх 131-134/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:

Т.Б нь “Б” ХХК-ийн нэрээр 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “П” ХХК-тай Авто гражийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын угсралтын ажлыг хариуцан эхлүүлсэн ба ажлын явцад тухайн авто гражийн металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх ажлыг гүйцэтгэхээр 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн “А” ХХК-иар “П” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Б-тай харилцан тохиролцож “Авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх  гэрээ”-г байгуулж, улмаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж байсан найз Н.У-аар дамжуулан дам нуруу худалдаж авахаар захиалга хийлгүүлсэн болох нь нотлогджээ /5хх 131-134/.

Энэ үйл баримтын талаар хэргийн оролцогч талууд маргаагүй бөгөөд сүүлд “П” ХХК-ийн ажилтан М.А нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-руу явж, дам нурууг бэлтгэн үйлдвэрлэсэн БНХАУ-ын Эрээн хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” компани дээр очиход Н.У-ийн захиалгын дагуу урьдчилгаа мөнгө төлөгдсөн, захиалга бэлэн болсон боловч үлдэгдэл мөнгөө төлөөгүйн улмаас тухайн компани дээрээ хүлээгдэж байгаа нь тогтоогдож байна.

“А” ХХК болон “П” ХХК-ийн хооронд байгуулсан “Авто гражийн металл дам нуруу бэлтгэн нийлүүлэх” тухай 18/74 дугаартай гэрээнд заасан эрх зүйн харилцаа үүссэний дагуу Т.Б нь дам нурууг зураг хийцийн дагуу Эрээн хотоос захиалах, урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх зэргээр гэрээний үүргийн дагуу тодорхой үйлдлүүдийг хийсэн боловч, “П” ХХК нь гэрээний 2.1-д “Худалдан авагч нь барааны үнэ, тээврийн зардал болон гаалийн татварт 55.000.000 /тавин таван сая/ төгрөгийг хоёр хуваан гэрээ батлагдсан өдрөөс хойш 2 хоногийн дотор буюу 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр барааны үнэ 42.240.000 төгрөгийг шилжүүлэх” үүргээ зөрчин хугацаа алдаж, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 27.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ны өдөр 27.500.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээний үүргийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн /2хх 48/ байна.

Мөн шүүгдэгч Т.Б болон “П”, “Б”, “А” ХХК-уудын хэн аль нь 2018 онд байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх” болон “Дам нуруу бэлтгэн нийлүүлэх” гэрээг дүгнэж, тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрээний үүргээ харилцан дүгнэж, тооцоо нийлээгүй нөхцөлд гэрээний нэг талыг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, бусдыг залилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч “П” ХХК-аас авто гражийн дам нуруу бэлтгэн нийлүүлэхээр байгуулсан гэрээгээр халхавчилж, анхнаасаа барааг бэлтгэн нийлүүлэхгүй байх, мөнгийг шунахайн сэдэлтээр авч, ашиглан шамшигдуулах санаа, зорилготой байсныг нотолсон баримт хэрэгт цуглараагүй, түүнээс хамаарахгүй захиалагч талын мөнгө санхүүгийн нөхцөл байдал буюу “П” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчиж хугацаа хожимдуулж барааны үнийг шилжүүлсэн зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Ийнхүү шүүгдэгч Т.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдсан хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэх шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу түүнд холбогдох “С.Э-д 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан” хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Т.Б нь “М” ХХК-д усны инженерээр ажиллаж байхдаа  албан тушаалын байдлаа ашиглаж, О.Ө-тай бүлэглэн компанийг залилж хохирол учруулсан гэх хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах, хөрөнгө завших гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжээр ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд хөрөнгө, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлөөс хэнд шилжсэн зэргээрээ ялгагддаг.

Тухайлбал, хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмшил, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой юм.

Хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны эрх мэдэл, тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг ашиглан өөрт нь хариуцуулан өгөөгүй бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б-ийн: “...Т.Б нь зориудаар зах зээлийн үнээс 6 дахин өндөр үнээр компанийн хөрөнгөөр 112м хуванцар хоолой худалдан авсан гэж 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан. Нийт 82м урттай хоолой тавьж, 4м хоолой үлдсэн байгаа. Хоолойг худалдаж авах мөнгийг Т.Б бэлнээр Д.Т-өөс авч, өөрөө худалдан авалт хийгээд эмнэлгийн хашаанд буулгасан. Барилга хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлтээр 78м хэрэглэгдсэн нь тогтоогдсон. ...” /1хх 51-52/,

гэрч В.Г-ын: “...Манай компанид цэвэр бохир усны инженер хийдэг Т.Б-ыг хуванцар хоолойг худалдан авахаар хангамжийн менежер Т-ийн хамтаар үнэ ханш болон бусад байдлыг судлуулахаар явуулсан. Тэгээд 2-3 хоногийн дараа Т.Б, Т нар 112м урттай 200 диаметртэй хуванцар хоолой суулгаад үйл ажиллагаа явуулаад дууссан. Бодит гүйцэтгэл дээр 78м урттай гүйцэтгэл хийгдсэнийг сүүлд нь мэдсэн. 82м урттай хуванцар хоолойг зах зээлийн дундаж үнэ буюу 1м нь 20.000 төгрөгөөр тооцсон. Нийтдээ 1.640.000 төгрөг болсон ба Т.Б-ын авсан мөнгө нь 14.854.400 төгрөг болно. ...” /1хх 53/,

гэрч Д.Т-ийн: “...Т.Б үлдээд би 100 айл руу салаад явсан. Тухайн үед Т.Б нь 2 төрлийн нэхэмжлэх авчихсан байсан. Тэр оройдоо Т.Б бараа материалаа аваад ажил дээр аваачсан байсан. Яг хэдэн тооны ямар зүйл авсан болон авч ирснийг нь хараагүй. ...” /1хх 59-60/,

гэрч Б.П-ын: “...Компанийн хашаанд цэвэр бохир усны инженер Т.Б хуванцар хоолой буулгасан.  Хэд хоногийн дараа ажил дууссан. Зураг төлөвлөгөөний дагуу нийт 78 м урт хоолой шаардлагатай болсон ба манайд 4 м хоолой үлдсэн. ...” /1хх 61/,

гэрч М.М-ийн: “...Ажлаа дуусгаад зураг төсөл болон төсвийг Барилга хөгжлийн төвөөр баталгаажуулах гэж өгтөл эксперт Ж шалгаад манай тавьсан бохирын хоолойн үнийг 1м нь 6 метрийн үнээр тавьсан байна гээд надад барилгын бараа материалын каталогийг харуулсан. Каталоги дээр 1м нь 126.000 төгрөг биш 6м нь 126.000 төгрөгийн үнэтэй байсан. Манайх Т.Б-аар дамжуулан худалдан авсан байсан...” /1хх 62/,

гэрч Э.О-ийн: “...Ө-өөс 2.970.880 төгрөг авсан. НӨАТ-ын 10 хувийн татвар, ААН-ийн 10 хувийн татвар авсан гэсэн үг. Мөнгөө аваад би Ө-д 1.485.400 төгрөгийн худалдан авалт хийсэн гэсэн баримт өгсөн. ...Ө-тэй хамт Т.Б гэх хүн явж байсан. ...” /1хх 63/,

гэрч Д.Ж-ийн: “...Төсвийн суурь үнэлгээнд бохирын угсрах үнэлгээг “М” ХХК-ийн төсвийн материалын тооцоонд 1м урттай бохирын хоолойн үнийг 6м урттай хоолойн үнээр тавьсан байсан. Зах зээлийн үнэлгээгээр PVC-200 хоолой нь 1м нь 2018 оны 5 дугаар сарын байдлаар 24.500 буюу 6м урттай 1 ширхэг нь 147.000 төгрөг байсан. ...” /1хх 85-86/,

шүүгдэгч Т.Б-ын: “...О.Ө “Би өөрөө зохицуулна. Хоёулаа илүү гарсан мөнгийг нь хуваан авъя гэж хэлээд надад мөнгө өгсөн. Тэгэхээр нь би өгсөн мөнгийг нь аваагүй. “Чи наад асуудлаа өөрөө шийд. Надад харин баримтыг нь өгчих гэж хэлсэн. ...” /4хх 6/ гэсэн мэдүүлгүүд,

“Б” ХХК-ийн 14.854.400 төгрөгийн төлбөрийн баримт /1хх 15-17/, Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт /1хх 75-80/, Жишиг эмнэлгийн барилгын гадна ариутгах татуургын шугамыг зөөх ажлын төсөв /1хх 128-149/, ф-200 хоолойг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 185/, Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн “Ердийн хатуулагтай PVC-U MNS 5544:2005 загварын ф200 хуванцар хоолой 2017 оны 9 дүгээр сард манай улсын зах зээлд худалдаалагдсан үнийн мэдээлэл /1хх 206-209/ зэрэг бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд:

“М” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, бохирын шугам шилжүүлэхэд шаардагдах хуванцар хоолойг худалдан авахаар тус компанийн гүйцэтгэх захирал В.Г-ын өгсөн “Сантехникийн шугам хоолой худалдан авах” үүрэг, даалгавар дагуу уг компанийн усны инженер Т.Б, барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “М” ХХК-ийн инженер О.Ө нар нь бүлэглэн Ф-200 загварын 112 метр урттай бохир усны даацын хоолойг нийт 82 метрийг, зах зээлийн ханш нь 20.000 төгрөгөөр өөр газраас худалдан авсан атлаа “Нэг метрийн урттай хоолойг 126.000 төгрөгөөр, нийт 14.112.000 төгрөгөөр “Б” ХХК-аас худалдан авсан” мэтээр НӨАТ-ын баримтыг тус компанийн захирал Э.О-ээс авч, зөрүү 12.472.000 төгрөгийг хувьдаа авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг бусдыг залилан хууран мэхэлсэн шинжтэй гэж үзэж, хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч Т.Б нь  итгэмжлэн хариуцуулж өгсөн “М” ХХК-ийн барилгын ажилд бараа материал авах мөнгөнөөс хууль бусаар хувьдаа авсан буюу итгэмжлэлээр олгогдсон албаны эрхээ урвуулан ашиглаж, 2.574.000 төгрөгийн бараа материалыг “14.112.000 төгрөгөөр худалдан авсан” мэтээр баримт бүрдүүлж, зөрүү 12.472.000 төгрөгийг хувьдаа авч, ашиглан шамшигдуулсан үйлдэл нь өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх санаа зорилгоо, шунахайн сэдэлтээр хэрэгжүүлсэн тул албан тушаалын байдлаа ашиглаж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь хуульд нийцнэ.

Мөн “Завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэдэгт албан тушаалтан нь албаны эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулах болон албаны нэр хүндээ ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан үйлдлийг ойлгох бөгөөд Т.Б нь “М” ХХК-д усны инженерийн албан тушаалд ажилладаггүй байсан бол эдгээр үйлдлийг гүйцэтгэх боломжгүй байснаар илэрнэ. Т.Б-ын энэхүү үйлдэлд шүүгдэгч О.Ө нь үйлдлээрээ бүлэглэн хамтран оролцсон болох нь тогтоогджээ.

Иймд прокуророос “М” ХХК-ийг залилж 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутган ялласан шүүгдэгч Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч О.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр өөрчлөн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч О.Ө-ыг “Т.Б-тай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр  хуурамч төлбөрийн баримт бүрдүүлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, “М” ХХК-д хохирол учруулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /4хх 172-176/ байна.

Энэхүү магадлалд дурдсан үндэслэлээр шүүгдэгч О.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гурван жил байх ба уг хугацаа өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон өөрчлөлтийг оруулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Прокуророос шүүгдэгч Т.Б-ыг “О.Ө-тай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хуурамч баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж “М” ХХК-д 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” болгон өөрчлөн зүйлчлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Б-ыг “...Үргэлжилсэн үйлдлээр ганцаараа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу төлбөрийн баримт гэх бичиг хуурамч бичилт хийж, ашиглан итгүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Э-д 55 сая төгрөгийн хохирол учруулсан...” гэж ялласан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б-ын бусадтай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглан “М” ХХК-аас 12.472.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 118 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч О.Ө-ын гаргасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан “...“М” ХХК-ийг залилсан гэх хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...“П” ХХК-ийг залилсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, “...хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/540 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Т.Б-т холбогдох “П” ХХК-ийг залилж 55 сая төгрөгийн хохирол учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

прокуророос Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, О.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.” гэж,

2 дахь заалтыг “Шүүгдэгч А овгийн Т-ы Б-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн О-ийн Ө-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.Ө-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дэх заалтыг “Т-ы Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-ыт оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж,

8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Б-аас 9.309.520 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Л.Нинжбат, шүүгдэгч О.Ө нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Б-ыг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ