Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 289

 

 

 

 

 

 

  2017           08            07                                        289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Мөнхцэцэг,

шүүгдэгч Р.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугч овгийн Рэнцэнгийн Батхуягт холбогдох эрүүгийн 2017 2601 1157 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Тугч овгийн Рэнцэнгийн Батхуяг Монгол Улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижирийн 2-18б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. /РД:СФ61011419/.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Р.Батхуяг нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн 2-18б тоотод эхнэр У.Алтанчимэгийг хүрз, модоор зодож эрүүл мэндэд нь их бие мөчдийн цус хуралтууд, зүүн сарвуун 4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Р.Батхуяг мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Эрүүгийн 2017 2601 1157 дугаартай хэргээс гэмт хэргийг нотолсон талаарх нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

 

1.Хохирогч У.Алтанчимэгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Би тэр өдөр 18 цагийн үед нөхөр Батхуягын хамт хашаанд байх мод үржүүлгийн талбай дээрээ мод тарьж байсан. Үүнээс 4 ширхэг суулгац үлдсэн байсан. Батхуяг тэр өдөр юунаас болсон нь мэдэгдэхгүй уурлаж, бухимдаад байсан. Тэгээд Батхуягт одоо дөрвөн мод үлдчихсэн байна, тэрийгээ тарьчих гэсэн. Тэгсэн чинь Батхуяг жаахан амаръя гээд байсан. Тэгэхээр нь би чи өөрөө мөнгөө зарж энэ модыг тарьдаггүй болохоор хойрго хандаад байна гэж хэлсэн. Тэгтэл Батхуяг мод суулгаж байсан хүрзээ барьж ирээд “чи ер нь юу гээд байгаа юм бэ” гээд намайг хүрзээрээ зодсон. Энэ үед ойр орчим хүн байгаагүй, бид хоёр хоёулахнаа байсан. Тэгээд Батхуяг хүрзнийхээ ишээр миний зүүн талын хөл, гар гэдэс рүү цохиод, намайг унахад өшиглөөд байсан. Тэр үед Батхуяг нилээн ууралчихсан тайвширч чадахгүй байсан. Тэгэхээр нь зугтаад хашаанаас гараад зам дээр гараа өргөсөн чинь машин зогсоогүй. Тэгтэл Батхуяг хашаанаас гарч ирээд чи миний нэр хүндийг шившиг болгож хүмүүст мэдэгдлээ гээд намайг чирээд хашаа руугаа орсон. Тэгээд гэртээ оруулж байгаад гурилын элдүүрээр цохиод зодоод байсан. Би утсаар хүүхдүүд рүүгээ яриад тусламж дуудсан. Манай дунд охин Хос-Од ирж намайг авч явж гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн чинь зүүн гарын долоовор хурууны шөрмөс гэмтсэн байна гэсэн. Тэгээд би 3 хоног дунд охин Хос-Одынд эмчилгээ хийлгэж байсан. Тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгөөд гэртээ харьсан. Намайг очингуут манай нөхөр Батхуяг зөрж ирж охин Мөнх-Одын гэрт ирсэн. Манай хүүхдүүд бид хоёрыг уулзуулахгүй гээд хоёр тусад нь байлгаад байгаа. Бид хоёр анх 1979 онд танилцаад 1980 оноос нэг гэрт орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй, гэрлэлтээ 1982 онд батлуулж байсан. Бид хоёрт хэрэлдэх үе байсан. Манай нөхөр Батхуяг өмнө нь зодож цохиж байгаагүй. Батхуяг тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ер нь залуудаа архи уудаг байсан. Сүүлийн 20 гаруй жил архи ерөөсөө уугаагүй. Хааяа нэг баяр ёслолоор ганц нэг татдаг. Тухайн үед миний зүүн талын хөл гар хөхөрч хавдсан байсан. Мөн зүүн гарын 4 дэх хуруу хөдлөхгүй байсан. Үүнээс өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би гэмтлийн эмнэлэгт үзүүлэх үедээ толгойн зураг авахуулсан. Ямар нэгэн гэмтэлгүй байна гэсэн. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Б.Хос-Одын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 05 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим гэртээ байхад ээж Алтанчимэг утсаар яриад аав чинь намайг зодчихлоо, би эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй байна, чи ирээд намайг аваадах гэхээр нь би 23 цаг өнгөрөөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижир гэх газар аав Батхуягынд ирэхэд ээж гэрээсээ гарчихсан зам дээр зогсож байсан. Би гэрээр нь оролгүй ээжийг шууд замаас нь суулгаад гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тэгэхэд ээж Алтанчимэгийн зүүн гарын 4-р хуруу нь хөдлөхгүй, хавдсан байсан. Эмнэлэгт үзүүлчихээд би ээжийг гэртээ аваачиж 2 хонуулаад явуулахад аав Батхуяг зөрөөд манайд ирээд 7 хоноод гэр рүүгээ буцсан. Аав Батхуяг, ээж Алтанчимэг хоёр хааяа гэр бүлийн хоорондын маргааны улмаас хэрэлдэж муудалцах асуудал гардаг байсан ч зодож цохиод гэмтэл учруулж байгаагүй. Ер нь гэр бүлийн хэрүүл нь ээжээс ихэвчлэн гардаг. Учир нь ээж байнга л үглэж, загнаж, аавын хийсэн үйлдлийг тэр бүр ойлгож хүлээж авдаггүй хүн байгаа юм. Гэхдээ буруу, зөв аль аль нь байдаг байх гэж бодож байна. Аав Батхуяг их үг дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч, хүүхдүүддээ хайртай, хүүхдүүдээ загнаж хараагаад байдаггүй, томоотой хүн байгаа юм. Харин ээж Алтанчимэгийн хувьд түргэн ширүүн зантай, хурц хэлэмгий үгтэй, гэхдээ энэ байдлаа хүүхдүүддээ гаргаад байдаггүй, ихэвчлэн аавд уурлаж, загнаж аашаа гаргаж байдагаас өөр илүү дутуу зангүй хүн байгаа юм. ...” гэх мэдүүлэг [2],

 

3.Р.Батхуягийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн“...2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчим би эхнэр Алтанчимэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар Шижирийн 2-18б тоотод байрлах өөрийн хашаандаа эхнэр Алтанчимэгийн хашаандаа суулгахаар авчирсан шар хуйлс модыг суулгахаар хашаан дахь чацарганы моднуудын захын 4 модыг сугалж аваад оронд нь шар хуйлс модыг суулгачихаад сугалж авсан чацарганы модоо хашааны гол хэсгээр чацарганы моднуудын голоор суулгах санаатай барьж явтал эхнэр Алтанчимэг харчихаад чи шар хуйлс моднуудыг чацарганы моднуудын голоор суулгахгүй яасан юм гэхээр нь би энэ шар хуйлс модыг чинь гадна талаар нь хашаалж тарьдаг юм, харин чацарганы моднууд дотор талаар нь байвал зүгээр гэснээс болж хоорондоо маргалдсан. Алтанчимэг намайг “чи ер нь юу хийж чаддаг юм, танайхан удмаараа юу ч хийж чаддаггүй, арчаагүй юмнууд, эцэг нь архичин хүний хүүхэд адилхан байна” гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь барьж явсан модоо хаячихаад гэртээ орох санаатай алхаж явтал араас гүйж ирээд гартаа барьж байсан хүрзээр толгойны баруун дээд хэсэгт 1 удаа цохичихоор нь эргээд харахад Алтанчимэг буцаад зугтсан. Тэгэхээр нь гүйж очоод хүрзийг нь булааж аваад хөл, нуруу, гуя орчимд нь хэд хэдэн удаа цохиод газарт байсан жижиг дранк модыг аваад цохитол зүүн гарын 4-р хурууг нь оночихсон. Тэгтэл эхнэр Алтанчимэг хуруугаа бариад хашаанаас гараад гүйхээр нь араас нь гүйж очиж барьж аваад хашаа руу чирч оруулаад гэртээ оруулахад Алтанчимэг буцаад гараад явсан. Алтанчимэг ер нь байнга үглэж яншиж байдаг болохоор аль болох үгээр нь байдаг байсан. Тиймээс би өмнө нь Алтанчимэгийн үгээр байдаг байснаас биш зодож цохиж гэмтэл учруулж байгаагүй. Тухайн үед Алтанчимэг бид хоёроос өөр хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7136 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: зүүн дал дор 6х8 см, 7х8 см, зүүн шуунд 5х5 см, 4х3 см, 3х5 см улаан ягаан өнгийн, зүүн ташаа бүсэлхийд 9х8 см, зүүн баруун өгзөгт 20х8 см, 10х5см, зүүн баруун гуяны ар хажуу дунд хэсэгт 21х9 см, 18х18 см, 2 өвдөгний доод хэсэгт 7х6 см, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 4х3 см, хөх ягаан өнгийн цус хуралтуудтай. Зүүн гарын 4-р хуруу тэнийх, хөдөлгөөн хязгаарлагдсан.

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зүүн сарвуу, гавлын эгц хажуу рентген зураг ясанд гэмтэлгүй.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэг оношид: Цээж, гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуун 4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний гэмтэл гэжээ.

Дүгнэлт:

“...1.Алтанчимэгийн биед их бие мөчдийн цус хуралтууд, зүүн сарвуун 4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /Шинжээч Б.Ариунзул...” гэсэн дүгнэлт [4],

 

5.Эд мөрийн баримтаар хүрз, дранк зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг [5], Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [6], Хүрз, дранк зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол [7], хохирогч У.Алтанчимэгийн хүсэлт [8],

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд

6.Р.Батхуягийн иргэний үнэмлэхийн лавлагаа [9], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [10], Р.Батхуягийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд [11] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс үзэж, нотлох баримтаар үнэллээ.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Р.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, саналын хамт ирүүлснийг үндэслэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрллээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

Нэг: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Р.Батхуяг нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний орой Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижирийн 2-18б тоотод эхнэр У.Алтанчимэгтэйгээ “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдан, тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсч, улмаар иргэн У.Алтанчимэгийг хүрз, модоор зодож түүний эрүүл мэндэд нь их бие мөчдийн цус хуралтууд, зүүн сарвуун 4-р хурууны тэнийлгэгч шөрмөсний гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч У.Алтанчимэгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...талбай дээрээ мод тарьж байсан. Үүнээс 4 ширхэг суулгац үлдсэн байсан. ...Батхуягт одоо дөрвөн мод үлдчихсэн байна, тэрийгээ тарьчих гэсэн. Тэгсэн чинь Батхуяг жаахан амаръя гээд байсан. Тэгэхээр нь би чи өөрөө мөнгөө зарж энэ модыг тарьдаггүй болохоор хойрго хандаад байна гэж хэлсэн. Тэгтэл Батхуяг мод суулгаж байсан хүрзээ барьж ирээд “чи ер нь юу гээд байгаа юм бэ” гээд намайг хүрзээрээ зодсон. ...Тэгээд Батхуяг хүрзнийхээ ишээр миний зүүн талын хөл, гар гэдэс рүү цохиод, намайг унахад өшиглөөд байсан. ...Тэгээд гэртээ оруулж байгаад гурилын элдүүрээр цохиод зодоод байсан. Би утсаар хүүхдүүд рүүгээ яриад тусламж дуудсан. ...” гэх мэдүүлэг [12],

-гэрч Б.Хос-Одын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн:  “...2017 оны 05 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим гэртээ байхад ээж Алтанчимэг утсаар яриад аав чинь намайг зодчихлоо, би эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй байна, чи ирээд намайг аваадах гэхээр нь би 23 цаг өнгөрөөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижир гэх газар аав Батхуягынд ирэхэд ээж гэрээсээ гарчихсан зам дээр зогсож байсан. Би гэрээр нь оролгүй ээжийг шууд замаас нь суулгаад гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Тэгэхэд ээж Алтанчимэгийн зүүн гарын 4-р хуруу нь хөдлөхгүй, хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг [13],

-Р.Батхуягийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...эхнэр Алтанчимэгийн хашаандаа суулгахаар авчирсан шар хуйлс модыг суулгахаар хашаан дахь чацарганы моднуудын захын 4 модыг сугалж аваад оронд нь шар хуйлс модыг суулгачихаад сугалж авсан чацарганы модоо хашааны гол хэсгээр чацарганы моднуудын голоор суулгах санаатай барьж явтал эхнэр Алтанчимэг харчихаад чи шар хуйлс моднуудыг чацарганы моднуудын голоор суулгахгүй яасан юм гэхээр нь би энэ шар хуйлс модыг чинь гадна талаар нь хашаалж тарьдаг юм, харин чацарганы моднууд дотор талаар нь байвал зүгээр гэснээс болж хоорондоо маргалдсан. Алтанчимэг намайг “чи ер нь юу хийж чаддаг юм, танайхан удмаараа юу ч хийж чаддаггүй, арчаагүй юмнууд, эцэг нь архичин хүний хүүхэд адилхан байна” гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь барьж явсан модоо хаячихаад гэртээ орох санаатай алхаж явтал араас гүйж ирээд гартаа барьж байсан хүрзээр толгойны баруун дээд хэсэгт 1 удаа цохичихоор нь эргээд харахад Алтанчимэг буцаад зугтсан. Тэгэхээр нь гүйж очоод хүрзийг нь булааж аваад хөл, нуруу, гуя орчимд нь хэд хэдэн удаа цохиод газарт байсан жижиг дранк модыг аваад цохитол зүүн гарын 4-р хурууг нь оночихсон. Тэгтэл эхнэр Алтанчимэг хуруугаа бариад хашаанаас гараад гүйхээр нь араас нь гүйж очиж барьж аваад хашаа руу чирч оруулаад гэртээ оруулахад Алтанчимэг буцаад гараад явсан. ...” гэх мэдүүлэг [14], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7136 тоот дүгнэлт [15], Эд мөрийн баримтаар хүрз, дранк зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг [16], Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [17], Хүрз, дранк зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол [18] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч У.Алтанчимэг, шүүгдэгч Р.Батхуяг нар нь 1980 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаа эхнэр, нөхөр байх бөгөөд, тэд гэмт хэрэг гарсан өдөр хашаандаа суулгаж байсан жимсний модны тарьцны талаар маргаж, хохирогчоос хэрүүл маргаан эхэлж үүсгэсэн, улмаар хохирогч нь шүүгдэгч Р.Батхуягийг “чи ер нь юу хийж чаддаг юм, танайхан удмаараа юу ч хийж чаддаггүй, арчаагүй юмнууд, эцэг нь архичин хүний хүүхэд адилхан байна” гэж доромжилсноос тус гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Батхуяг нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эхнэр У.Алтанчимэгийг зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Батхуягаас өмгөөлөгч сонгож авсан боловч оролцуулахгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэж хүсэлт гаргасан ба гэм буруугийн талаар өмгөөллийн тодорхой санал, дүгнэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Р.Батхуяг нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” зүйл, хэсэгт хамаарахаар байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурор 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Батхуягийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, тус зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлджээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 /бусдын бие махбодид санаатай хүндэвтэр гэмтэл учруулах/ дэх хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/-тэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь хоёр зуун тавин нэгжээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч Р.Батхуягийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзэж, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч У.Алтанчимэгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байх боловч хохирогч У.Алтанчимэг нь хохирол, хор уршигийн талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

      

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Шүүх шүүгдэгч Р.Батхуягт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Батхуяг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт Р.Батхуяг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Р.Батхуяг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялыг маргаагүй буюу зөвшөөрсөн ба шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Б.Гансүхэд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Хохирогч У.Алтанчимэг нь Сонгинохайрхан дүүргийн прокурорт 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “...Р.Батхуягтай эвлэрсэн, гомдол саналгүй, хохиролгүй...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 48 дугаар талд ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Р.Батхуягийг хохирогч У.Алтанчимэгт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Р.Батхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр хийцийн хүрз 1 ширхэг, нэг талын үзүүр нь тэгш, нөгөө талын үзүүр нь хугаралтай дранк мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, Р.Батхуягийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тугч овгийн Рэнцэнгийн Батхуягийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батхуягийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Р.Батхуяг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Р.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч У.Алтанчимэгт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй төмөр хийцийн хүрз 1 ширхэг, нэг талын үзүүр нь тэгш, нөгөө талын үзүүр нь хугаралтай дранк мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Р.Батхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[7] Хавтаст хэргийн 15 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 48 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 37-40 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 30-32 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 15 дугаар тал.