Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1416

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01496 дугаар шийдвэртэй, Л.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ДМ” ХХК-д холбогдох, 50 856 939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Снар оролцов.

Нэхэмжлэгчийн тайлбарт:  Нэхэмжлэгч Л.Г 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч “ДМ” ХХК-тай 804-606 дугаар орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристал таун хотхоны 804 дүгээр байрны 4 дүгээр орцны 606 тоотын 175.48 м.кв буюу хананаас хананы хооронд 175.48 мкв талбай бүхий орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн тул нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 523 479 000 төгрөгийг бүрэн төлсөн ба 2013 оны 3 дугаар сард тус байранд нүүн орсноос хойш орон сууцны халаалтын төлбөр 175.48 м.кв-аар тооцогддог байсан бол 2015 оны 01 дүгээр сараас халаалт тооцох талбай гэнэт өөрчлөгдөн 165.53 м.кв-аар тооцож халаалтын төлбөр бодогдох болсноос хойш үүдэн эргэлзээ төрж хэмжилт хийлгэсэн. Хэмжилтийг 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “ГМ” ХХК-аар гүйцэтгүүлэн шалгахад хананаас хананы хоорондох талбай 165.53 м.кв байгаа нь орон сууцны захиалан бариулах гэрээнд зааж үнийг төлсөн талбайн хэмжээнээс 9.95 м.кв талбай дутуу байгааг мэдсэн. Тус хэмжилт ажлын хөлс 330 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болно.

Ийнхүү хэмжилт хийлгэн 9.95 м.кв дутуу байгааг мэдээд хариуцагчид энэ талаар очиж уулзахад хариуцагчийн ажилтан Орон сууцны 9.95 м.кв дутуу талбайг хүлээн зөвшөөрөхгүй, 5 000 000 төгрөг ав, борлуулалт хариуцсан захирал гадаад явсан, ирэхээр хариу өгнө гэсээр өдий хүрсэн. Энэ бүхнээс харахад тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж 175.48 м.кв биш 165.53 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэн өгч 9.95 м.кв талбай дутуу гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан тул нэхэмжлэгч энэ дутуу м.кв-ын талбайн үнэд 29.682.104 төгрөгийг илүү төлсөн байна. Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор 2013 оны 03 дугаар 29-ний өдөр “Хас банк” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулж жилийн 14,04 хувийн хүүтэй 224 000 ам.доллар буюу Монгол банкны тус өдрийн зарласан ханшийн лавлагаагаар 1 ам.доллар нь 1 410 32 төгрөг буюу 315 911 680 төгрөгийн зээл авсан болно. Гэрээний хавсралтад зааснаар 1 м.кв-ын үнэ 2 983 126 төгрөг бөгөөд хэмжилтийн зөрүү болох 9 95 м.кв талбайд ногдох 29 682 104 төгрөгийг зээлийг илүү авсан ба тус зээлд ногдох жилийн 4 167 367 төгрөгийн зээлийн хүүг хариуцагчийн хууран мэхэлсэн үйлдлээс болж 2013-2018 онуудад нийт 20 836 835 төгрөгийг төлсөн байна.

Иймд 9.95 м.кв дутуу талбайн үнэд илүү төлсөн 29 682 104 төгрөг, 2013-2018 онуудад зээлийн хүүд төлсөн нийт 20 836 835 төгрөг хэмжилтийн ажлын хөлс 330 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг бүгд 50 856 939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч талын худалдаж авсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 804 дүгээр байрны 606 тоотод байрлах орон сууц нь 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 01/97/2012 дугаартай улсын комиссын актаар ашиглалтад орсон юм. Дээрх орон сууцыг ашиглалтад орсноос хойш буюу 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч тал 804-606 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний загвараар 804 дүгээр байрны 6 давхрын606 тоот хаягт байрлах хананаас хана хүртэлх 175.48 м.кв талбайтай хананы тэнхлэгээс тэнхлэг хүртэл 180.51 м.кв талбайтай орон сууцны нийт үнэ 523,479,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг төлсөн болно. Энэхүү үнээр орон сууцыг худалдахад манай компаниас шкафнууд, тв-тэй жакузи, душны хаалт, уурын саун, шүүгээтэй угаалтуур, галын өрөөний тавилга, агаар шүүгч, керамик плитка, дуковка зэргийг үнэгүй өгсөн болно.

Тиймээс бидний хооронд ажил гүйцэтгэх буюу орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ биш худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан юм. Нэхэмжлэгч тал орон сууцыг 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан бөгөөд тухайн үед талбайн хэмжээг мэдэж байсан, талбайн хэмжээг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Бидний байгуулсан гэрээнд орон сууцны талбайг 1 м.кв талбайн үнээр биш хананаас хана хүртэлх 175.48 м.кв талбайтай ханын тэнхлэгээс тэнхлэг хүртэл 180.51 м.кв талбайтай 6 өрөө орон сууц гэж тохирсон бөгөөд MNS6058:2009 аргачлалаар талбайн хэмжээг тооцоогүй болно. Түүнчлэн манай компани нь орон сууцаа хананаас хана хүртэл талбай, ханын тэнхлэгээс тэнхлэг хүртэлх талбайгаар тооцдог бөгөөд энэхүү тооцооллын талаар иргэн О.Оюунгэрэл нэхэмжлэл гаргаж байсан боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/02987 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2016/00872 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул түүний орон сууцны талбайн зөрүү болох 29 682 104 төгрөг банкны зээлийн хүү 20 836 835 төгрөг, хэмжилт хийлгэсэн 330 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг нь хариуцагч талд хамааралгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Г нэхэмжлэлтэй, хариуцагч ДМ ХХК-иас 50,856,939 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан Л.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01496 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт маргаан бүхий орон сууцанд хэмжилт хийсэн “Голден морган” ХХК-ийн дүгнэлтээр гаргаж өгсөн план зураг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн орон сууцны анхны зураг, улсын төв архиваас авсан орон сууцны план зураг гэх 3 зураг хэрэгт авагдсан байдаг. Уг зургууд нь хоорондоо харилцан адилгүй зөрүүтэй тул нэхэмжлэгчээс аль зураг төслийн дагуу баригдсан эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхээс уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх орон сууц аль зураг төслийн дагуу баригдсан эсэхийг тодруулж дүгнэлт гаргахад шаардлага хангасан шинжээч, шинжилгээний байгууллага олдохгүй байна гэх ойлгомжгүй шалтгаанаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох боломжийг хягзаарласан.

 

Шүүхийн шийдвэрт “ ... Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ” гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан орон сууц захиалах, захиалан гүйцэтгүүлэх тухай гэрээнээс учирсан гэм хорын хохирол төлбөрт 50 856 939 төгрөгийг шаардсан. Хариуцагч гэрээний хавсралт 1-д авагдсан зургийн дагуу Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 804 дүгээр байрны 606 тоот 175.48 м.кв орон сууцыг худалдсан боловч талбайн хэмжээндээ хүрэхгүй 9.95 м.кв орон сууцыг шилжүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Хариуцагчийн зүгээс анхны албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй, эрх бүхий этгээдээр батлуулсан зургийн дагуу орон сууц баригдсан гэж тайлбарлаж, уг зургийг талуудын байгуулсан гэрээнд хавсаргасан гэх боловч гэрээнд хавсаргасан зураг нь улсын төв архиваас ирүүлсэн мөн хариуцагчийн гаргаж өгсөн зурагтай таардаггүй. Хариуцагч компани гэрээнд хавсаргасан зураг улсын төв архивт хадгалагдаж буй зурагтай таардаггүй, орон сууц анхны зургийн дагуу баригдаагүй, баригдах явцдаа хэд хэдэн удаа өөрчлөгдсөн тул талбайн хэмжээнүүд өөр буюу дутуу гэдгийг мэдэж байсан байна. Гэтэл дээрх нөхцөл байдлыг мэдэж байсан боловч нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдээгүй. Нуун дарагдуулж гэрээ байгуулан 175.48 м.кв орон сууцыг шилжүүлэх ёстой байсан боловч гэрээнд заагдсан талбайн хэмжээ бүхий орон сууцыг шилжүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Иймээс хариуцагч нь орон сууц албан ёсны зөвшөөрөлтэй зургийн дагуу баригдаагүй, талбайн хэмжээ дутуу зэрэг доголдлын талаар мэдэж байсан, мэдэж байснаа нуун дарагдуулсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д хамаарахгүй учир нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж,  зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч “ДМ” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 29 682 104 төгрөг, банкны зээлийн хүү 20 836 835 төгрөг, хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 330 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 50 856 939 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Г 2013 оны 01 дүгээр сарын 21-ний хариуцагч “ДМ” ХХК-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч тал буюу хариуцагч нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Кристал Таун хотхоны орон сууцны цогцолбор барилгын 804 дүгээр байрны 606 тоотын 175,48 м.кв 6 өрөө орон сууцыг батлагдсан зураг төсөл, стандарт, техникийн нөхцөл, нормын дагуу тохиролцсон хугацаанд чанартай барьж хүлээлгэх өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч нь зохих төлбөрийг хугацаанд нь саадгүй төлөхөөр харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг хүлээн авч, гэрээнд заасан орон сууцны төлбөр болох 523 479 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. /хх4-7, 37, 216/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Голден морген” ХХК 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий орон сууцны талбайг хэмжиж нийт талбайн хэмжээг 165,53 м.кв гэж тодорхойлсон боловч талууд гэрээний 1.2-т нийт дотор талбай 175.48 м.кв, тэнхлэгээс тэнхлэг 180.51 м.кв байна гэж тохиролцсон нь хууль зөрчөөгүй байна. Шүүх талуудын тохиролцоог үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. /хх4, 11/

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгч “ ... орон сууцыг хүлээж авах үед талбайн хэмжээ дутуу гэдгийг мэдэх боломжгүй, хариуцагч компанид итгээд байрандаа шууд орсон ..,” гэж тайлбарлах боловч баримтаар үгүйсгээгүй.  Талууд гэрээндээ орон сууцны 1 м.кв талбайн хэмжээ хэдэн төгрөг байх талаар тохиролцоогүй байхад 1 м.кв талбайн үнээр тооцох нь үндэслэлгүй болно. /хх220/

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 17028 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун хотхоны 804-606 тоот 175.48 м.кв орон сууц гэрээнд хавсаргасан зураг эсвэл 2008 оны анхны план зургийн дагуу баригдсан эсэхэд шинжээч томилохоор шийдвэрлэсэн байх ба 2019 оны 6094 дүгээр шүүгчийн захирамжаар “ ... нэхэмжлэгч талбайн зөрүү үнийг нэхэмжилсэн тул орон сууцны барилга нь зураг төслийн дагуу баригдсан эсэх нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй бөгөөд нотолгооны ач холбогдолгүй” гэж үзэж 17028 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

Шүүх үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон нотариатын зардал 8 000 төгрөг гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг баримтлаагүй нь буруу байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 255 дугаар зүйлийн 255.1.1” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412 235 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                            Д.ЦОГТСАЙХАН