Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
Хэргийн индекс | 184/2023/00016/И |
Дугаар | 184/ШШ2023/01912 |
Огноо | 2023-05-11 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2023/01912
2023 05 11 | 184/ШШ2023/01912 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *************** тоот хаягт оршин суух, ************* овогт ********** ************ /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************* тоот хаягт оршин суух ************* овогт ************** /РД:***************/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******************, өөрийн байранд байрлах, *********** ХХК /РД:************/-ийг оролцуулан
Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулахад шаардлагатай тодорхой ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, хариуцагч ************, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ:
...Нэхэмжлэлийн үндэслэл нь талууд болон гуравдагч этгээдүүдийн хооронд 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу 95,000,000 төгрөгийг хариуцагч Хаан банкнаас зээлж авсан. Тухайн гэрээгээр нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 2013 онд зээл авах үед талууд гэр бүл байсан. Үүнээс хойш хамтран амьдарч байгаад 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт болон хүүхдийн асрамж тэтгэлгийн асуудлыг талууд харилцан хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэр гарсан.
Харин гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцны маргааны талаар талууд харилцан тохиролцсон. Хариуцагч тухайн хэрэг маргаанд нэхэмжлэгчээр оролцсон ба тухайн орон сууцын өр төлбөрийг цааш нь төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Одоо болтол төлж дуусгаагүй ба эд хөрөнгийг 2020 онд шийдвэрлэж байсан. Талууд хамтран үүрэг гүйцэтгэгч болсон шалтгаан нь гэр бүл байсан учраас. Харин одоо гэр бүлийн харилцаа дууссан. Эд хөрөнгөтэй холбоотой асуудалд талууд зөвшилцсөн байх тул нэхэмжлэгч тухайн зээлийн гэрээнээс хасуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч үүнээс болж зээл авах, ипотекийн зээл авах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс зохигчид, гуравдагч этгээдийн дунд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц, ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулахад шаардлагатай тодорхой ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа:
...2020 онд гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан. Хүүхдийн мөнгө гэж сард 200,000 төгрөг өгөх ёстой. Түүнээс 1,600,000 төгрөг одоогийн байдлаар өгсөн. Нэхэмжлэгч миний нөхөр байх үед түүнд машин авч өгсөн. Машиныг буцаагаад авъя гэхээр буцааж өгдөггүй. Тэр мөнгөө банкиндаа өгье, зээлээ төлье гэхээр өгдөггүй. Биднийг ямар нэгэн тэжээн тэтгэх зүйл байдаггүй. Нэг хүүхэнтэй суугаад явсан. Банкинд зээлийн асуудлаар хандаж үзсэн, хамтран үүрэг гүйцэтгэгч хэрэгтэй гэсэн, миний хувьд хамтран зээлийн үүрэг хүлээх хүн байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбартаа:
...Гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл банкны буюу гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй гэж харагдаж байгаа. Зөвхөн хариуцагчид банканд очиж хүсэлт бичиж өгөхийг даалгахаас өөр банкны зээлийн гэрээнээс хасуулах боломжгүй. Энэ нь дан ганц хариуцагч болон нэхэмжлэгч нарын шийдэх асуудал биш. Гэрээний дагуу шийдвэрлэх зүйл. Даалгаснаар бол шууд хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасна гэж байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн хариуцагчид даалгах тухай асуудал байгаа. Харин агуулгаараа зээлийн гэрээнээс хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах тухай үр дагавар үүснэ. Агуулгаар нь ойлговол талуудын хүрээнд байгуулагдсан гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчтэй нэгэн адил үүрэг гүйцэтгэнэ гэж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд адил үүрэг үүснэ. Мөн үүрэг дуусгавар болгох боломжгүй учраас хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:
4.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар, зээл буцаан төлөх хуваарийн хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Д.************ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, итгэмжлэл.
4.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Хариу тайлбар.
4.3. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар.
4.4. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2022/01656 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.************аас хариуцагч ************холбогдуулан гаргасан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулахад шаардлагатай тодорхой ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч талаас ...2022 оны 5 сард гэрлэлтээ цуцлуулахдаа бид 2 гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцны асуудлыг зөвшилцөөд хариуцагч ипотекийн зээлийн үүргийг хариуцахаар болсон. Зээл хариуцах үүргээ биелүүлээгүйгээс миний эрх ашиг зөрчигдөж байх тул гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулах ажиллагааг хийлгэхийг даалгуулах хүсэлттэй гэх шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчаас ...Тэтгэлэг төлөх үүргээ биелүүлэхгүй, автомашиныг буцаан өгөхгүй байгаа, зээл төлөх боломжгүй байгаа, зээлийг дангаараа төлөх гэсэн боловч банк өөр хамтран үүрэг гүйцэтгэгч шаардлагатай гэсэн шаардлага тавьсан, тэр хүн нь байхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж, гуравдагч этгээдээс ...Нэхэмжлэлийн агуулга нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийг гэрээнээс хасуулах агуулгатай байна. Гэр бүл цуцлагдсанаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдөх боломжгүй, манай эрх ашиг хөндөгдөж байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж тус тус маргасан.
3. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасан Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл-ээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх-ээр иргэнийг хамгаалж болно гэсэн зүйл, заалтын дагуу нэхэмжлэгч талаас Гэр бүлийн маргаан шийдвэрлэх үед дундын эд хөрөнгийн оногдох хэсгийг хуваарилах талаар маргахдаа хүүхдийн тэтгэлгийг орон сууцны оногдох хэсгээр хааж, хариуцагч зээлийн гэрээний үүргийг дангаар хариуцахаар, нэхэмжлэгчийг зээлээс чөлөөлөхөөр харилцан тохиролцсон, зээлээс чөлөөлөх үүргээ биелүүлээгүй тул биелүүлэхийг даалгах гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарладаг. Хариуцагчийн хувьд тодорхой үйлдэл хийх үүрэг хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгчээс тухайн үйлдлийг хийлгүүлэхийг даалгах шаардлага гаргах эрхтэй хэдий ч тухайн шаардлага гуравдагч этгээдийн эрх, ашгийг зөрчих, хөндөх үр дагаварт хүргэх учиргүй.
4. Хэрэгт авагдсан баримт, зээлийн гэрээ байгуулсан, зээлдэгч, зээлдүүлэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг, гэрлэлт цуцалсан, хүүхдийн тэтгэлэг, асрамж, дундын эд хөрөнгийн асуудал, маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар талууд маргадаггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу зохигчоос гаргасан тайлбар, үйл баримтуудыг үнэн зөв бодитой гэж үзэв.
5. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд ...орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч байснаар дахин зээл авах боломжгүй нөхцөл байдалд эдийн засгийн хувьд хохирч эрх ашиг хөндөгдөж байна, гэрээнээс хасуулснаар зөрчигдөж байгаа эрх сэргээгдэнэ гэх агуулга бүхий байх бөгөөд 2013 оны 10 сарын 09-ний өдрийн ипотекийн зээлийн гэрээний хувьд хариуцагч буюу зээлдэгч ************дээрх зээлийн гэрээнээс нэхэмжлэгч буюу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.************ыг чөлөөлүүлэхийг даалгуулснаар гуравдагч этгээд буюу зээлдүүлэгч Хаан банк ХХК-ийн эрх зөрчигдөхөөр байна.
6. Тухайн зээлийн гэрээний зээлдэгч Хаан банк ХХК-иас зээлдэгч ************, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.************ нарт 95,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн адил зээлийн үүргийг хариуцахаар, зээлдүүлэгч хэнээс нь ч үүргийг шаардах эрхтэйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, талууд маргаагүй. Энэ үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан Дан ганц хариуцагч болон нэхэмжлэгч нарын шийдэх асуудал биш. Гэрээний дагуу шийдвэрлэх зүйл. Хариуцагчид даалгаснаар шууд хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасна гэж байхгүй гэх тайлбар үндэслэл бүхий байна.
7. Дээрх үндэслэл, үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Д.************ зөвхөн хариуцагч ************холбогдуулан шаардах эрхээ тодорхойлсон нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан тайлбар, холбогдох нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд 2013 оны 10 сарын 09-ны өдрийн Хаан банктай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс Д.************ыг хасуулахад шаардлагатай тодорхой ажиллагаа хийхийг ************даалгуулах гэх нэхэмжлэгч Д.************ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар ************холбогдуулан гаргасан Д.************ын Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээс хасуулахад шаардлагатай тодорхой ажиллагаа хийхийг ************даалгуулах гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ