Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2012 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 863

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2012/1086/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **  дугаар баг, Малчны ** тоотод оршин суух С*** овгийн Т.М*** / РД:****, утас:****/-ын  нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **  дугаар баг, Баяндавааны ** тоотод оршин суух Б*** овгийн Д.Ш*** / РД:****, утас:****/-т  холбогдох

 2011 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу 7 803 500  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М***, хариуцагч Д.Ш***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн  нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. 5 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Гэтэл Д.Ш*** мөнгөө төлөлгүй одоог хүртэл хохироож байна. Энэ хугацаанд олон удаа уулзсан. Өгнө л гэдэг. Иймд зээлийн гэрээний дагуу анх зээлсэн 5 000 000 төгрөг 7 хоногийн хүү 119 000 төгрөг, алданги 5 369 000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ хуулинд алданги анх өгсөн мөнгөний 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтын дагуу надад  үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, алданги 2 684 500 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Д.Ш***ийн тайлбарыг сонслоо. Итгэж нэхэмжлэлийнхээ хувийг багасгаж 7 000 000 төгрөг нэхэмжилж байна. Уг нь ч хасаж байгаа 684 500 төгрөг бол их мөнгө шүү дээ гэжээ.

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
2011 оны 12 дугаар сарын 18-нд 2 000 000 төгрөг, дараа нь 3 000 000 төгрөг авсан. Гэхдээ би хүү төлж байсан. Энэ талаар баримтгүй тул ярих боломжгүй. Энэ мөнгийг хугацаандаа төлж чадаагүй учир уучлалт гуйж байна. Эргэн төлөх эх үүсвэргүй, нөхөртэйгээ захын узель дээр ажилладаг, орлого хүрэлцэхгүй, өөрийн гэсэн орон байргүй болохоор зээл авч чадахгүй байна. Иймд энэ байдлыг харгалзан үндсэн зээлээ төлмөөр байна гэжээ. 
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
                                        
                                ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Т.М*** нь хариуцагч Д.Ш***т холбогдуулан зээлийн төлбөр  5 000 000  төгрөг, хүү 119 000  төгрөг,  алданги 2684 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 119 000 төгрөг нийт 7 803 500  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 


D:\documents\HIIDBER\314 Altaihvv-Pagamdulam.doc
Зохигчид 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийг 7 хоногийн  хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр хариуцагчид зээлдүүлсэн нь хэргийн материалд авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.  
Талд дээрхи гэрээгээр болон Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хүү, эргэн төлөх хугацаа, алданги зэргийг бичгээр тохиролцсон тул Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар зээлдэгч Д.Ш*** зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь бодитойгоор биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч Т.М*** зээлийг буцаан шаардах эрхтэй байна.  
 Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн ... гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ хүүгийн хамт төлөх, хугацаа хэтэрсэн хоног туамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг зээл өгөгчид төлөх үүргээ биелүүлээгүй байна. 
Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас  үндсэн зээл 5 000 000 төгрөг хүү алданги 2 684 500 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Гэхдээ шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.М*** алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсэг болох  684 500 төгрөг гаргуулахаас татгалзсан тул Д.Ш***ээс үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, хүү, алданги 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг гаргуулан Т.М***т олгож,  нэхэмжлэлээс  684 500  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
  
            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Ш***ээс 7 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.М***т  олгож, нэхэмжлэлээс  684 500  төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж  хэрэгсэхгүй болгосугай. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Худалдаа хөгжлийн банк 190 000941 тоот дансанд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тушаасан 139 806 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,   хариуцагчаас улсын тэмдэгтийн 69 903 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
    
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг  хариуцагч Д.Ш*** сайн дураар биелүүлээгүй  тохиолдолд албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй 

    3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ОЮУНДАРЬ