Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1262

 

 

                 

 

                                   

 

      

 

 

 

  2025          12           10                                         2025/ШЦТ/1262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч И.Мөнхцэцэг /цахим/,

шүүгдэгч Ө.О /биечлэн/, түүний өмгөөлөгч О.Даваажаргал ҮД:2726 /биечлэн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.О-т холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506005451945 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, эдийн засгийн менежмент мэргэжилтэй, “Д б” ХХК-д мужаанаар ажилладаг, ам бүл-2, 8 настай хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00/0 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ө-ын О /РД:УД00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.О нь Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэр Жамсранжавын гудамжны 0/0 дугаар байрны 00 тоотод байхдаа 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд цахим орчинд хохирогч С.Н-ийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт хүссэн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр сайн дураараа санал гаргасан гэв.

 

2. Хохирогч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хуучин хамтран амьдрагч Ө.О 2020 онд салсанаас хойш удаа дараа залгаж (өдөрт 30-40) байнга янз бүрээр хэлж доромжлон сүрдүүлж, мөнгө нэхдэг байсан. Мөн ажлын байраа солиод өөр газар ажилд орох үед ажлын утас руу залгаж янз бүрийн зүйл зохиож хэлдэг байсан. Тухайн хэлдэг зүйлс нь “хотод биеэ үнэлдэг, мөнгө луйвардаж зугтаасан” гэх мэт зүйл ажлын хүмүүс хэлдэг байсан. Мөн ажлын байран дээр ирж “чи надаас сална гэж бодож байна, чамайг жаргалтай амьдруулахгүй, чамайг хаанаас ч олж ирээд алж чадна, чи хашаа ч зугтааж чадахгүй, янхан байсан биз дээ, биеэ үнэлдэг байсан биз дээ, хүнтэй явалдаж байдаг, даргатай унтаад шагнуулсан гэж байна” гэх зэргээр хэлж доромжилдог байсан. Тухайн үед би Дорноговь аймгийн 33 дугаар зөрлөг дээр ажилдаг байсан хуучин амьдарч байсан Ө.О нь ажил дээр хэд хэдэн удаа ирээд доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагатай газар очно гээд 2022 оны 03 дугаар сард Дорноговь аймгийн Өргөн сумын Өргөн өртөө рүү шилжиж ажилласан. Тэгсэн ч хуучин амьдарч байсан Ө.О намайг олоод араас ирж амьдарч байсан гэр рүү дайрч орж ирээд доромжлоод “би чамайг хөдөө хээр алаад булсан байх үед танайхан яаж ч чадахгүй” гэж хэлээд заналхийлж айлган сүрдүүлж байсан. Энэ үед аав Ц.С  ээж Ш.Ц хоёр хэлээд Улаанбаатар хот руу 2022 оны 06 дугаар сараас ирж ээж Ш.Ц-ийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Монел 00 дугаар
гудамж 00 тоотод аав Ц.С, ээж Ш.Ц, дүү С.Т нартай хамтран одоог хүртэл амьдарч байгаа. Харин Улаанбаатар хотод 2022 оны 06 дугаар сард шилжиж ирснээс хойш гэрт хамтран амьдрагч Ө.О нэг удаа ирж байсан.

Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Ө.О зугтааж явж байсан. Үүнээс хойш гэрт ирээгүй байнгын утсаар залгаж доромжлон мөн гэр бүлийн гишүүд болох аав Ц.С, ээж Ш.Ц нар руу залгаж "танай янхан охин чинь энэ тэнд янхандаад явж байдаг, танайхан ядуу болохоор ингэж амьдарч байгаа" гэх зэргээр хэлдэг. Мөн намайг гар утсаа унтраах юм уу, дугаараа солих үед аав, ээж рүү залгаж янз бүрээр доромжилдог. Бас би шинэ гар утасны дугаар авах үед сарын дараа олж мэдээд залгаж "чи яасан дугаараа солиод баригдахгүй гэж бодоо юу, чамайг хаанаас бол хаанаас олно, ажлаар дүүрэн найзууд байгаа" гэх зэргээр сүрдүүлж байдаг. Хуучин хамтран амьдрагч Ө.О намайг ажлын өрөөнд ямар хувцастай сууж байгааг хэлж дарамталж, манай газрын ажлын хуваарь, автобусны зогсоол, хэдэн цагт хотод ирдэг талаар бүх зүйлийг хэлж чамайг автобуснаас буух үед ална гэж сүрдүүлдэг. Манай аав Ц.С, ээж Ш.Ц нар аргаа бараад хуучин хамтран амьдрагч Ө.О-с асуух үед "манай хүү О.М байгаа учраас танай охиныг хянадаг" гэж хэлж байсан. Ингээд 2024 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж асрамж тогтоохоор нэхэмжлэл өгөөд хүү О.М нь хуучин хамтран амьдрагч Ө.О-ын асрамжид 2024 оны 12 дугаар сараас шилжих шүүхийн шийдвэр гарсан. Ийм учир 2024 оны 12 дугаар сараас шүүхийн шийдвэр гарсан боловч хуучин хамтран амьдрагч Ө.О нь өмнөх үйлдлээ хийж байгаа нь хэвээр байгаа. Мөн 2024 оны 06 дугаар сард өөр хүнтэй танилцаад үерхэх үөд тэр хүн рүү хуучин хамтран амьдрагч Ө.О залгаад байгаа газар чинь очоод ална гэж мессеж бичиж ар гэрийнхэн рүү мессеж бичиж сүрдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46, 85, 112-113 дугаар хуудас/,

 

3. Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...С.Н надаас салаад өөр эр хүнтэй хамт хүүхэд бид 2-ыг хаяад явсан болохоор гомдсондоо тухайн постуудыг оруулсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

4. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

5. Эд зүйл бичиг баримт бусад баримтыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл /хх-ийн 12-19 дүгээр хуудас/,

6. Эрх бүхий албан тушаалтын 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Гар утсанд үзлэг хийсэн тухай” тэмдэглэл /хх-ийн 24-28 дугаар тал/,

 

7. 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн эрх бүхий албан тушаалтаны “Тавантолгой өртөө ТТЗ” гэх цахим хуудсыг орж харахад олон нийтэд хаалттай хуудас байх ба нийт 758 гишүүнтэй байсныг тэмдэглэв" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-41 дүгээр хуудас/,

 

8. Ө.О-ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 75-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ө.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ө.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Хохирогч С.Н нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоолыг мэдэгдэхэд татгалзаагүй байх тул шүүгдэгч Ө.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэгт 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ө-ын О /РД:УД000000000/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.О-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.МӨНХБАЯР