Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2020/03564

 

2020 12 17 184/ШШ2020/03564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Амартүвшин даргалж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 25 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Зээрднүүд овогт Ядамсүрэнгийн Эрдэнэсайхан /РД: ЛМ76051014/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС 5 дугаар байр, 33 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Гончигдоржийн Энхбаяр /РД:УХ 89030852/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэтолгой 33 дугаар гудамж, 866 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бэх-Очирын Болормаа /РД: ЧБ 69050928/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 35,046,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 08р сарын 06ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар 2020 оны 12-р сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Я.Эрдэнэсайхан нь Г.Энхбаяр болон Б.Болормаа нартай 2016 оны 01 сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг нэг сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 04-р сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлж хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон ч зээлдүүлэгчээс зээлдэгч Б.Болормаагийн дансанд 19,800,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан.

Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Б.Болормаа, Г.Энхбаяр нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй, үндсэн зээл 19,800,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсоны дагуу нэг сарын хүү 1,188,000 төгрөг /19,800,000x6^-100=1,188,000/ бөгөөд 2016.01.28 - 2016.04.28-ны өдрийг хүртэл буюу 3 сарын хүү 3,564,000 төгрөг /1,188,000x3=3,564,000/ төлөх үүрэгтэй байна.

Мөн зээлийн гэрээний 2 дахь хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн гэрээний үүргийг огт биелүүлээгүй. Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 23,364,000 төгрөгөөс 0,5 хувиар алданги тооцоход нэг өдрийн алданги нь 116,820 төгрөг /23,364,000*0,5-400=116,820/ болно.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй." гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгэх сүүлийн хугацаа буюу 2016.04.28-ны өдрөөс хойш 2016.08.06-ны өдөр гэхэд алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд /116,820x100=11,682,000/ хүрч байгаа тул алданги 11,682,000 төгрөг шаардаж байна.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээл 19,800,000 төгрөг, түүний хүү 3,564,000 төгрөг, алданги 11,682,000 төгрөг нийт 35,046,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний барьцаанд зээлдэгч Г.Энхбаяр болон бусад 3 хүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201006659 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, ЦС-ын 5 дугаар байр 33 тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж барьцааны гэрээг нотариатчаар гэрчлүүлснээс гадна улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул дээрх барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2015-2016 оны хооронд 6 удаагийн зээл олгосон, бусад зээлийн эргэн төлөлтүүд, тооцоо дууссан, сүүлийн 19,800,000 төгрөгийн зээлийн төлөлт хийгээгүй тул нэхэмжилж гаргасан, өөр ярих зүйлгүй гэв. /хх-1-2/

Хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс 2020 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр шүүхэд болон 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс би Я.Эрдэнэсайхны тус шүүхэд хандан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,046,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Я.Эрдэнэсайхан нь хариуцагчид 2015-2016 оны хооронд 5-6 удаагийн зээл олгосон байдаг ба тухай бүр зээлийн эргэн төлөлтүүдийг авдаг байсан ба түүний хамгийн сүүлд олгосон зээл нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19,800,000 төгрөгний зээл юм. Я.Эрдэнэсайхан нь төрийн байгууллагад тэр дундаа төрийн тусгай албанд ажилладаг учир өөрөө зээлийн гэрээгээ байгуулж зээлийн эргэн төлөлтүүдийг өөрийн ажилтан болох М.Мөнхтуулын Хаан Банкны 500646254 тоот дансаар дамжуулан авдаг байсан боловч шүүхийн байгууллагад хүү болоод үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй хэмээн үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж түүнчлэн алданги тооцсон байна.

...нэхэмжлэгч нь ... авсан төлбөрөө аваагүй мэт дахин төлбөр авах зорилгоор шүүхийн байгууллагад хандсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч болоод түүний төлөөлөгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн төлбөрийг шүүхийн байгууллагад өмнөх зээлийн гэрээний төлбөр үндэслэлгүй худал хуурмаг тайлбар гаргаж авсан төлбөрөө дахин авах, түүнээс алданги тооцох цаашлаад амар хялбар аргаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж оролдож байх тул тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус ба энэхүү гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх-16 / Шүүх хуралдаанд өөр тайлбаргүй гэв.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Эрдэнэсайхан нь хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нарт холбогдуулж, /үндсэн үүрэг буюу зээл 19,800,000 төгрөг, хүү 3,564,000 төгрөг, алданги 11,682,000 төгрөг/, нийт зээлийн гэрээний үүрэгт 35,046,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэсэн гэж тайлбарласныг,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс эс зөвшөөрч хэлцэл нь хүчин төгөлдөр бус ба энэхүү гэрээний дагуу хүү, алданги шаардах эрхгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. /хх-16/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэл, хууль ёсоор хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зохигч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС-5 дугаар байр, 33 тоот, 2 өрөө орон сууц зориулалт /32 мкв/-тай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-5-8/

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Я.Эрдэнэсайхан нь 19,800,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэгч Б.Болормаа, Г.Энхбаяр нарт зээлдүүлсэн, хугацааг сунгаагүй, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх, гэрээг нотариатч бичиж өгсөн ба уншуулж танилцуулж гарын үсэг зуруулсан байх ба зээлийг үл маргах журмаар төлөх, Хаан банкны 5753796133 тоот данснаас зээлдэгчийн 5028594905 тоот дансанд шилжүүлсэн, мөнгө хүлээн авсан үйл баримт зохигчийн тайлбар, дээрх гэрээнүүд, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. /хх-5, 6/

Барьцаалуулагч Г.Отгонтуяа, Г.Энхтуяа, Г.Оюунтуяа нар нь 2016 оны 01-р сарын 27-ны өдрийн итгэмжлэл /хх-26-27/-ээр Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 1-р хороолол, ЦС 5-р байрны 33 тоот, 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих, барьцааны болон зээлийн гэрээнд төлөөлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, тэдгээртэй холбоотой баримтанд гарын үсэг зурах эрхийг Г.Энхбаярт олгосон байна. Энэхүү итгэмжлэлийг үндэслэн барьцаалагч Я.Эрдэнэсайхан барьцааны гэрээг Г.Энхбаяртай байгуулж, мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19,800,000 төгрөгийг хариуцагч Б.Болормаагийн Хаан банк дахь 5028594905 тоот дансанд мөнгө шилжүүлж, үүргээ биелүүлсэн байна.

Зээлдэгч нар 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх 3 сарын хугацааны хүү, үндсэн зээлийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, үүнээс хойших хугацаанд алданги тооцсон гэж гэрээний 2-т заасныг үндэслэж нэхэмжлэгч, түүний төлөөлөгч тайлбарласан ба хариуцагч нар үндсэн үүрэг буюу зээл, хариу үүрэг буюу зээлийн хүү, гэрээний хариуцлага болох алданги төлөхөөр тохиролцоогүй, энэ гэрээний үүргийг зохих хэмжээгээр төлсөн, давхардуулж нэхэж байна гэж эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүү, алданги шаардах эрхгүй гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, бодитойгоор биелүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсөд эрх, үүрэг тайлбарласан, шүүх хуралдаан хүртэлх хугацаанд тэрээр эрхээ эдлэх боломжтой байсан бөгөөд энэ хугацаанд гэрч асуулгах, шинжээч томилуулах хүсэлтийг гаргаагүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д ... Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгсөн байхаар журамласан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул ийнхүү шийдвэрлэв.

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатарын шүүх хуралдаанд гаргасан ...шүүхийн журмаар бүрдүүлсэн бусад гэрээ, баримтууд нь зохигч нарыг 2016 оны 01-р сарын 28-ны өдрийн гэрээнээс гадна 6 зээлийн гэрээний харилцаанд орсныг нотлох бөгөөд эдгээр гэрээнүүдийн төлбөр тооцоо хийгдсэн, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа Мөнхтуул руу шилжүүлсэн, төлсөн гээд байгаа мөнгөнүүд тэдгээр 6 гэрээний төлбөрт төлөгдсөн, 6 гэрээний харилцаа дуусгавар болсон, одоо ганцхан сүүлийн энэхүү гэрээний төлбөр тооцоо огт төлөгдөөгүй, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, зохигч нийт 7 зээлийн гэрээний харилцаанд орсны 1-рт: 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр лангууны бараа барьцаалсан зээл 2,000,000 төгрөг, хүү 400,000 төлөх, 2-рт: 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2,000,000 төгрөгийн /Хөх тэнгэрийн заяа ХХК-Эрдэнэсайхан/, 3-рт: 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зээл 2,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг төлөх, 4,5-рт: 2016 оны 5-р сарн 27, 2016 оны 7-р сарын 06-ны өдөр тус бүр 2,000,000 төгрөг, 2 гэрээний хүү 700,000 төгрөг, 6-рт: 2016 оны 8-р сарын 23-ны өдөр зээл 3,000,000 төгрөг+хүү 300,000 төгрөг буюу нийт 13,000,000 төгрөг, хүүнд 1,800,000 төгрөг төлөхөөр хариуцагч тал үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан бөгөөд 7-рт: төлбөр тооцоо хийгдээгүй, гэрээ дуусгавар болоогүй 2016 оны 01-р сарын 28-ны өдрийн зээлийн, барьцааны гэрээ тус тус байна.

Хариуцагч, төлөөлөгчийн зүгээс хариу тайлбараас гадна зээлийн төлбөр, тооцоо, мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгсөн талаарх аливаа баримтыг ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ үндсэн зээлд 19,800,000 төгрөг, сарын 6 хувийн хүү /1,188,000 төгрөг/, 3 сарын хүү /1,188,000х3=3,564,000 төгрөг/ гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт ... Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж заасан байх тул нэхэмжлэгч Я.Эрдэнэсайхан зээл, зээлийн гэрээнд заасан хугацааны хүүг шаардах эрхтэй.

Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан ... Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол хариуцагч, төлөөлөгч нарын хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болох бөгөөд ийнхүү тайлбар, хүсэлт, баримт гаргаагүй тул хүүгийн хэмжээг гэрээнийн 1-д заасан ёсоор багасгах боломжгүй гэж шүүх үзэв.

Зээлдэгчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 19,800,000 төгрөг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч үндсэн үүргийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон байх тул хариуцагч нар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 23,364,000 төгрөг төлөхөөр үүрэгтэй.

Эдгээр үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд заасан анзын аргаар хангадаг бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар ...Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Тодруулбал, зээл, хүүгийн үүрэг 23,364,000 төгрөгийг төлөх үүрэг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн буюу шаардах эрх энэ үеэс үүссэн, эдгээр үүргээс 0,5 хувиар алданги тооцоход 1 хоногийн 116,820 төгрөг байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа /1550 хоног/-ны алдангийн хэмжээ, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь хүртэл байхаар зохицуулсан тул энэ хэмжээгээр тооцоход 11,682,000 төгрөгөөс хэтэрч болохгүй юм.

Иймд зээл, хүү зэрэг үндсэн болон хариу үүрэг дээр үүргийн гүйцэтгэлийг хангах арга анз буюу гэрээний хариуцлага, мөнгөн төлбөр 11,682,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Мөн хуульп /158.1/. Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана. /158.2/.Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ. /158.3/.Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй. /160.1.1/.барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болно.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.

Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/05057 дугаар захирамжтай иргэний хэргээс ирсэн баримтаас үзэхэд нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргасан, шаардсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилийн дотор шаардсан байх бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс нь ... зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хэлцэл гэж тайлбарлах ба Барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус тооцдог бөгөөд хуульд өөрөөр заасан, хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нараас 35,046,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.Эрдэнэсайханд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, ЦС 5 дугаар байр, 33 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201006659 дугаарт бүртгэлтэй, 000166193 дугаар гэрчилгээ бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,380 төгрөгийг үлдээж, хариуцагч Б.Болормаа, Г.Энхбаяр нараас 403,380 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Эрдэнэсайханд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН