Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/961

 

 

 

 

           2021           11           11                                    2021/ДШМ/961

 

Э.Өод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор  Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Л.Ган-Очир,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Өод холбогдох 2011017980048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэний илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Ө нь “Голомт банк” ХХК-ний Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард” салбарын харилцааны менежерээр ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг болон цахим хэрэгсэл ашиглан Голомт банкыг төөрөгдөлд оруулан өөрийн танил болох Б.Бийн нэр дээр 2019 оны 2 дугаар сард 5.000.000 төгрөг, 50 долларын зээлийн эрхтэй Алтан Амекс карт, Я.Сийн нэр дээр 2019 оны 3 дугаар сард 25.000.000 төгрөг, 1500 долларын эрхтэй Алтан Амекс карт, Я.Эын нэр дээр 2019 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 20 долларын зээлийн эрхтэй Алтан Амекс картыг тэдэнд мэдэгдэлгүйгээр өөрөө банкинд хүсэлт гаргаж нээлгэсэн ба Голомт банкны холбогдох журам, зааврыг зөрчин ямар ч судалгаа, шийдвэргүйгээр иргэн Г.Бын 3.000.000 төгрөгийн эрхтэй Ган картны зээлийн эрхийг 10.000.000 хүртэл, иргэн Б.Б, Я.С, Я.Э нарын нэр дээр нээсэн зээлийн эрхтэй кредит картын зээлийн эрхийг 75.000.000-90.000.000 сая төгрөг хүртэл өөрөө дур мэдэн нэмэгдүүлэн нийт 266.353.808.51 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Э.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Э.Өод 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өод оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Г.Баас /РД:УК91110813/ 10.411.170 төгрөгийг, шүүгдэгч Э.Өоос 256.103.308.51 төгрөгийг тус тус гаргуулж “Голомт банк” ХХК-д олгож, Э.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            1 . Боржигон овогтой Эрдэнэчулууны Э.Ө /РД:ЕП93020111/ миний бие 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Голомт банкны Ард салбарт харилцагчийн үйлчилгээний ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуу томилогдсон. Эрүүгийн хэрэгт холбогдох хүртэл тухайн банкинд тасралтгүй 5 жилийн турш ажиллахдаа харилцагчийн үйлчилгээний ажилтан, харилцааны менежер, бизнесийн зээл хариуцсан харилцааны менежерийн албан тушаалд тус тус шат дараатай ахин ажиллаж байгаад 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр албан тушаалаасаа халагдаж хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтаар яллаж шийдвэрлэн миний эрх зүйн байдлыг дордуулж, хийсэн үйлдэлд минь хамааралгүй зүйл ангиар ял оноосонд гомдолтой байна.

            2 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд: Нотолбол зохих байдал гэж заасан. Тус зүйл ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ гэж заасан байдаг. Гэтэл Э.Ө миний бие нь тухайн гэмт хэрэгт холбогдоход Голомт банкинд яг хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь тодорхой бус байна.

            Учир нь, Э.Ө миний бие тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ хохирогч байгууллагад ажиллаж байсан бөгөөд дээрх гурван картыг захиалан гарган авч бэлэн болон бэлэн бусаар захиран зарцуулахдаа зөвхөн карт хоорондын хүү, алданги, үндсэн мөнгөний эргэн төлөлт хийж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс Голомт банкинд төлөх ёстой гэж 256.103.808.51 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл дийлэнх мөнгө гурван картын зээл рүү солигдож орсон байдаг.

            Э.Ө миний бие нь 2019 оны хэд хэдэн сард Б.Б, Г.Б, Я.Э, Я.С нарын нэр дээр авсан зээлийн картаас тус бүр дээр нь бэлэн хэдэн төгрөг аваад буцаагаад бэлнээр хэдэн төгрөг, хэний зээлийн карт руу төлсөн, бэлэн бусаар хэдэн төгрөг, ямар картаас шилжүүлэг хийж, ямар данс руу шилжүүлсэн нь тодорхой бус байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл нарийн санхүүгийн дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна.

            3 . Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг хохирогчид ашигтайгаар үнэлсэн.

            Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт: “Шинжилгээ хийлгэх” мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйл: “Шинжилгээний объект, түүнд тавих шаардлага” гэсэн заалтыг зөрчсөн. Голомт банкны дотоод аудитын дүгнэлтэд үндэслэж гаргасан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 259 дугаартай дүгнэлтийг үндэслэж хохирол тогтоосон байдаг.

            Дээрх дүгнэлтийн үндэслэл нь хохирогчоор тогтоогдсон Голомт банкны хамаарал бүхий дотоод аудитын дүгнэлт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтийг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар томилон гаргуулах гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байхад шүүх тухайн хууль бус шинжээчийн дүгнэлтийг үнэлж хэт нэг талыг баримтлан гаргасанд гомдолтой байна.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэж Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж дараахь үйл баримтыг тогтоолгох хүсэлтэй байна.

            Үүнд: Санхүүгийн дүгнэлтийг дахин гаргуулахдаа хөндлөнгийн хараат бус байгууллагаар бодит хохирлыг нэг мөр тогтоолгох, мөн өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн гэмт хэрэгт холбогдсон зэргийг тус тус тогтоолгох чин хүсэлтэй байна. ...” гэв.

             Шүүгдэгч Э.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

            Шүүгдэгч Э.Өын өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд албан тушаалын байдал нөлөөлсөн гэдгийг анхаарч үзнэ үү. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар талд байгаа шинжээчийн дүгнэлтийн асуулт хоёрын хариултыг анхаарч үзнэ үү. Уг хариултад “Голомт банкны дотоод аудитын дүгнэлтээр дээрх дөрвөн кредит картын нийт өртгийн үлдэгдэл 387.400.000 төгрөг байна” гэжээ. Үүнийг тооцохдоо “ашигласан дүн 266.000.000 төгрөг гэж дүгнэсэн” гэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Голомт банкны дотоод аудитын дүгнэлт болсон. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-т “Шүүх шинжилгээний объект дараах шаардлагыг хангасан байх ёстой. Эдийн засгийн холбогдолтой шинжилгээний материалын хувьд эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан байх” гэж заасан байдаг. Сүүлийн үед эдийн засагтай холбоотой шинжээчийн дүгнэлт эрх бүхий байгууллагын аудитын дүгнэлт, үнэлгээнд суурилж явж байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 119-123 дугаар талд авагдсан дотоод аудитын дүгнэлт авагдсан. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7 дугаар зүйлд банкны дотоод аудитын нэгж нь ямар ямар үйл ажиллагаа эрхлэх вэ гэдгийг зааж өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс банкны дотоод аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон мэтээр дүгнэсэн. Гэмт хэргийг бүх талаас нь бүрэн, бодитой тогтоох, хохирлын хэмжээг тогтооход дүгнэлт чухал ач холбогдолтой. Шүүгдэгч нь эдийн засагч мэргэжилтэй. Банкны зээлийн карт нь маш өндөр хүүтэй. Карт аваад картынхаа хүүг төлсөөр байгаад авсан дүн, хүүний хэмжээ их болсон. Үүнийг нарийвчлан тооцоогүй. Иймд энэ хэргийг прокурорт буцааж, шинжээчийн дүгнэлтээр хохирлыг нарийн тогтоохгүй бол өмнөх дүгнэлт нь асуудалтай дүгнэлт гарсан. 1 дугаар хавтасны 19-23 дугаар талд байгаа аудитын дүгнэлт нь бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийн болон нотлох баримтын шаардлага хангадаггүй. Хуулийн хэлтсийн дарга Ганбат гэдэг хүний албан тоотод байгууллагын тамга биш, байгууллагын тэмдэг дарагдсан байдаг.Голомт банктай холбоотой бүх асуудал нь байгууллагын албан ёсны байр суурь биш. Компанийн тухай хуулиар компанийг гүйцэтгэх удирдлага төлөөлөх ёстой. Шүүгдэгч 40.000.000-50.000.000 төгрөг авсан гэдэг тооцооллыг дахин нягталж үзнэ үү. Гэмт хэргийг бодитой, тал бүрээс нь тогтоох ёстой. Шүүгдэгч нь хоёр нялх хүүхэдтэй, залуу хүн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж гэмт хэргийг тал бүрээс нь зөв тогтоох нь зүйтэй. ...” гэв.

            Прокурор Б.Сод-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Өод итгэмжлэн хариуцуулсан, шууд захиран зарцуулах эд хөрөнгийн эрх, эд хөрөнгө байхгүй. Голомт банкны албан тушаалтнууд, салбарын захирлыг буруу мэдээллээр хангаж, цахим хэрэгсэл ашигласан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан буюу цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Гэмт хэргийн нотолгооны хувьд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад санхүүгийн баримтыг хүргүүлсэн байдаг. Хэргийн үйл баримтаас харахад Голомт банкны дотоод аудитын газрын шалгалтаар Э.Өын дээрх үйлдлүүд илэрсэн. Үүний дагуу банкны дотоод аудитын газар дүгнэлт гаргасан. Уг баримт нь мөрдөн байцаагчаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэгдсэн анхан шатны санхүүгийн баримтуудын нэг хэсэг юм. Үүнд үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн харьцуулсан дүгнэлт гаргасан. Голомт банк аудитын дүгнэлтэд үндэслээд өр, авлага, шимтгэл, хүү нийлээд нийт 399.718.396 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрх үнийн дүнг мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн санхүүгийн шинжээч Бадамсүрэн хүү бусад шимтгэлийг оруулж тооцоогүй. Дээрх 4 харилцагч авлагын хүүг барагдуулахгүй тохиолдолд энэ дүнгээр банканд хохирол үүснэ. Э.Өын зээлийн эрх нэмэгдүүлсэн шийдвэрээс үүдэн дээрх 4 харилцагчаас 266.356.808 төгрөгийн авлага, хүү үүссэн гэдгийг анхан шатны санхүүгийн баримтууд дээр тулгуурлаад дүгнэлтээ гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд учирсан буюу бодит хохирлыг хохирол” гэж заасан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хүү, алданги тооцохгүйгээр 266.353.808 төгрөгийн хохирол учирсан гэдгийг хуулийн хүрээнд тогтоосон. Уг дүгнэлтэд тулгуурлаж прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд Я.Э, Я.С нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон. 2021 оны 3 дугаар сард хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш удаа дараа хойшилж 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр шүүх хуралдаан болсон. Уг шүүх хуралдаанд шүүгдэгч нь Цэнгэлмаа өмгөөлөгчийн хамтаар оролцсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгч нь 250.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Э.Ө нь “Голомт банк” ХХК-ний Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард” салбарын харилцааны менежерээр ажиллаж байхдаа хуурамч баримт бичиг болон цахим хэрэгсэл ашиглан Голомт банкыг төөрөгдөлд оруулан өөрийн танил болох Б.Бийн нэр дээр 2019 оны 2 дугаар сард 5.000.000 төгрөг, 50 долларын зээлийн эрхтэй Алтан Амекс карт, Я.Сийн нэр дээр 2019 оны 3 дугаар сард 25.000.000 төгрөг, 1500 долларын эрхтэй Алтан Амекс карт, Я.Эын нэр дээр 2019 оны 6 дугаар сард 30.000.000 төгрөг, 20 долларын зээлийн эрхтэй Алтан Амекс картыг тэдэнд мэдэгдэлгүйгээр өөрөө банкинд хүсэлт гаргаж нээлгэсэн ба Голомт банкны холбогдох журам, зааврыг зөрчин ямар ч судалгаа, шийдвэргүйгээр иргэн Г.Бын 3.000.000 төгрөгийн эрхтэй Ган картны зээлийн эрхийг 10.000.000 хүртэл, иргэн Б.Б, Я.С, Я.Э нарын нэр дээр нээсэн зээлийн эрхтэй кредит картын зээлийн эрхийг 75.000.0000-90.000.000 төгрөг хүртэл өөрөө дур мэдэн нэмэгдүүлэн нийт 266.353.808.51 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Голомт банкны дотоод аудитын дүгнэлт /1хх 119-123/, Голомт банкны харилцааны менежер гэх албан тушаалыг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт /1хх 130/, “...Би Голомт банкны Ард салбараас ямар нэгэн карт захиалж байгаагүй, данс эзэмшдэггүй бөгөөд миний нэр дээр авсан зээлийн картын талаар би огт мэдэхгүй. Миний зүгээс гомдол санал байхгүй тул миний оролцоогүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий Я.Эын гаргасан хүсэлт /1хх 109/, “...Намайг Монгол улсад байхгүй байх хооронд найз Э.Ө нь миний нэр дээр Голомт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэг гарсан байна. Би Голомт банкинд ямар нэгэн харилцах дансгүй, зээлийн картын үйлчилгээ огт авч байгаагүй. Миний бие Монгол улсад очих болоогүй бөгөөд уг хэргийг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий Я.Сийн гаргасан хүсэлт /1хх 110/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Жгийн “...Голомт банкны Ард салбарын ажилтан байсан Э.Ө нь манай банкны харилцагч болох өөрийн хамаатан гэх Г.Б Я.Э, Б.Б, Я.С нарын зээлийн эрхтэй кредит картын мөнгөн дүнг үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар банкинд 375.946.332 төгрөгийн хохирол учруулсан. ...Дээрх харилцааны менежер гэх албан тушаал удирдах, гүйцэтгэх албан тушаалдаа ордоггүй бөгөөд шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Өөрөөр хэлбэл, зээлийн эрхийг нэмэх эрх бүхий субъект биш бөгөөд Ард салбарын зээл судалж олгох дээд хэмжээ нь 400.000.000 төгрөг, үүнээс 20.000.000 төгрөг хүртэлх хэмжээтэй кредит картыг ахлах ажилтнууд олгох эрхтэй байдаг. Түүнээс дээшхи мөнгөн дүнтэй асуудлыг салбарын захирал өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэдэг. Харин харилцааны менежерт ямар нэгэн шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй, түүний гол чиг үүрэг бол холбогдох албан тушаалтны гаргасан шийдвэрийн хүрээнд зээлийн эрхийг нэмэх, хасах, өөрчлөх, программ дээр өөрчлөлтийг оруулах юм. ...” /1хх 13, 17-23, 24/,

иргэний хариуцагч, гэрч Г.Бын “...Би Голомт банкнаас 2019 онд 3.000.000 төгрөгийн эрхтэй Ган карт захиалан авч, тухайн үед эхнэрээ эмчлүүлэх зорилгоор тухайн картны эрхийг 10.000.000 төгрөг хүртэл нэмэгдүүлэх хүсэлтийг банкинд гаргасан. Банк миний хүсэлтээр зээлийн эрхийг 10.000.000 төгрөг болгон нэмэгдүүлж өгсөн. Тэгээд энэ зээлээ төлөлгүй 2 жил болж байна. Би тухайн 10.000.000 төгрөгөө эхнэрийнхээ эмчилгээний зардалд бүрэн зарцуулсан. ...Би 10.000.000 төгрөгийг Голомт банкинд төлөөгүй байгаа. ...Би Ган картны зээлийн эрхийг нэмэгдүүлэхдээ өөрийн танил болох Э.Өтой утсаар ярьж “эхнэрийн бие өвдөөд байна. Мөнгөний хэрэг гараад байгаа тул картныхаа эрхийг нэмэгдүүлж болох уу” гэж асуухад Э.Ө “хэд болж нэмэгдүүлэх гээд байгаа юм, хэзээ эргэн төлөлтийг нь хийх юм бэ” гэхээр нь “10.000.000 болгоод 7.000.000 төгрөг нэмж авах гэсэн юм. Харин эргэн төлөлтийг оны дараа хийе” гэсэн. Харин материал бүрдүүлж өгсөн эсэхээ санахгүй байна. Тэгээд тухайн яриа болсноос хойш 3-4 хоногийн дараа Э.Ө над руу яриад “7.000.000 төгрөг нэмэгдсэн шүү, оны дараа яаралтай хаагаарай, итгэл алдваа” гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгөний боломж олдоогүй тул зээлээ хааж чадалгүй өдийг хүрсэн. ...” /1хх 15-16, 25/,

гэрч Б.Бийн “...Би огт тийм карт захиалаагүй. Нөхөр бид хоёр байрны зээлтэй, би ажилгүй, ганцхан нөхрийнхөө цалингаар амьдардаг болохоор тийм боломж байхгүй. ...Надад Э.Өтой хамтарч зээлийн карт авсан зүйл байхгүй. Голомт банкны Ард салбар руу очиж байгаагүй, хаана байдгийг нь мэдэхгүй. ...” /1хх 30-31/,

гэрч Т.Цгийн “...Э.Ө нь бүртгэлийн ажилтан байж байгаад 2017 онд зээлийн ажилтан болоод, 2018 онд харилцааны менежер болсон. Дээрх хугацаанд энэ хэргийг үйлдсэн байсан. ...2020 оны 1 дүгээр сард ахлан болох захирал тайлан болон програмаас мэдсэн. 2019 оны 2 дугаар сараас эхэлсэн байсан. ...” /1хх 32/,

яллагдагч Э.Өын “...Бизнесийн зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа бусдаад зээлсэн мөнгөө төлөх зорилгоор 2019 оны 2 дугаар сард ээжийн төрсөн эгч Янжинцоогийн хүүхэд болох Б.Бийн нэрийн өмнөөс Голомт банкинд 5.000.000 төгрөг, 50 ам.долларын зээлийн эрхтэй “Алтан Амекс” захиалан, захирлаар гарын үсэг зуруулан, дараа нь банкны удирдлагад мэдэгдэхгүй шат дараатай зээлийн эрхийг нэмсээр нийт 88.000.000 төгрөг болгон нэмэгдүүлж, энэ мөнгөнийхөө нэг хэсгийг нь дээрх 3 картын эргэн төлөлтөд, нөгөө хэсгийг нь хувьдаа зарцуулаад дуусгасан. Дараа нь буюу 2019 оны 3 дугаар сард 10 жилдээ нэг ангид сурч байсан найз болох Я.Сийн нэрийн өмнөөс өөрт нь мэдэгдэлгүй 25.000.000 төгрөг, 1.500 ам.долларын эрхтэй “Алтан Амекс” карт захиалан мөн дээрхийн адил зээлийн эрхийг 90.000.000 төгрөг болгон шат дараатай нэмэгдүүлж, дээрх мөнгөний нэг хэсгийг картын эргэн төлөлтөд зарцуулсан, нөгөө хэсгийг өдөр тутамдаа зарцуулж дуусгасан. Үүний дараа 2019 оны 6 дугаар сард манай ээжийн төрсөн эгч болох Я.Эын нэр дээр өөрийнх нь зөвшөөрөлгүй 30.000.000 төгрөг, 20 ам.долларын эрхтэй “Алтан Амекс” карт захиалан үүнийгээ захирлаар гарын үсэг зуруулан авч, үүний дараагаар үе шаттайгаар зээлийн эрхийг 88.000.000 төгрөг болгон өсгөж, дээрх мөнгөний зарим хэсгийг картны эргэн төлөлтөд хийн, үлдсэн хэсгийг хувьдаа зарцуулсан. Харин Г.Б гэх танил залууд 3.000.000 төгрөгийн зээлийн эрхтэй “Ган” карт захиалж өгсөн бөгөөд Г.Б “гэр бүлийнх нь нэг хүн эмчлүүлэх гэж байгаа, яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Миний зээлийн эрхийг нэмэгдүүлээд өгөөч” гэхээр нь ямар нэгэн судалгаа, шийдвэргүйгээр зээлийн эрхийг нь 10.000.000 болгон 7.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, үүнийхээ хариуд ямар нэгэн хариу төлбөр аваагүй. Ингээд нийт 263 орчим сая төгрөгийн хохирлыг Голомт банкинд учруулаад байна. ...Дээрхи дөрвөн хүнээс Г.Б л өөрийн биеэр ирж карт захиалсан. Харин Я.Э, Я.С, Б.Б нарын картыг тэр хүмүүсийн нэрийн өмнөөс би өөрөө материалыг нь хуурамчаар бүрдүүлж карт захиалсан. ...266.000.000 төгрөгийн хохирол хүүгүйгээр учруулаад байгаа. ...Би ямар нэгэн байдлаар үнэтэй эд хөрөнгө аваагүй, ойр зууртаа л зарцуулсан байсан. Одоо миний нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. ...” /1хх 46-47/ гэсэн мэдүүлгүүд,

“...Г.Бт анхны шийдсэн зээлийн эрхийн дүн 3.000.000 төгрөг, зээлийн шийдвэргүйгээр эрх нэмэгдүүлсэн дүн 7.000.000 төгрөг, нийт үүссэн зээлийн эрх 10.000.000 төгрөг болсон. 2020 оны 11 дүгээр сарын 2-ны байдлаар Зээлийн эрхээс ашигласан дүн 10.411.170 төгрөг байна.

...Б.Бт анхны шийдсэн зээлийн эрхийн дүн 5.000.000 төгрөг, 50 ам.доллар, зээлийн шийдвэргүйгээр эрх нэмэгдүүлсэн дүн 83.000.000 төгрөг, нийт үүссэн зээлийн эрх 88.000.000 төгрөг, 50 ам.доллар болсон. 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Зээлийн эрхээс ашигласан дүн 91.503.322.31 төгрөг байна.

...Я.Эт анхны шийдсэн зээлийн эрхийн дүн 30.000.000 төгрөг, 20 ам.доллар, зээлийн шийдвэргүйгээр эрх нэмэгдүүлсэн дүн нь 45.000.000 төгрөг, 80 ам.доллар, нийт үүссэн зээлийн эрх 75.000.000 төгрөг, 100 ам.доллар болсон. 2020 оны 11 дүгээр сарын 2-ны байдлаар Зээлийн эрхээс ашигласан дүн 72.661.342.35 төгрөг байна.

...Я.Ст анхны шийдсэн зээлийн эрхийн дүн 25.000.000 төгрөг, 1.500 ам.доллар, зээлийн шийдвэргүйгээр эрх нэмэгдүүлсэн дүн 65.000.000 төгрөг, -1.450 ам.доллар, нийт үүссэн зээлийн эрх 90.000.000 төгрөг, 50 ам.доллар болсон. 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Зээлийн эрхээс ашигласан дүн 91.777.973.85 төгрөг байна.

Дээрхи харилцагчид 2020 оны 11 дүгээр сарын 2-ны байдаар 266.353.808.51 төгрөгийн өглөгтэй байна. “Голомт банк” ХХК дээрх харилцагчдаас 2020 оны 11 дүгээр сарын 2-ны байдлаар 266.353.808.51 төгрөгийн авлагатай байна. ...” гэх 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 34-38/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нараас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй, ...нарийвчлан санхүүгийн дүгнэлт гаргаагүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Өыг баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны мэт харагдуулж, өмчлөгчийг төөрөгдүүлж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

          Гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг.

          Харин завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

          Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.

          Өөрөөр хэлбэл, Голомт банк нь Э.Өод өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, итгэлцлийн үндсэн дээр өмчийг итгэмжлэн хариуцуулсан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул түүний үйлдлийг завших гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Харин прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ “...Э.Ө нь албан тушаалын байдлаа ашиглаж...” гэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлээгүй алдааг гаргасан байна. Иймд цаашид энэ талаар анхаарч ажиллахыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Э.Өод 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хавтас хэрэгт санхүүгийн анхан шатны баримт болох Г.Б, Б.Б, Я.С, Я.Эын нэр дээр захиалсан картын орлого, зарлагын дэлгэрэнгүй хуулга авагджээ. Эдгээр нотлох баримтууд болон аудитын дүгнэлтийг үндэслэн шинжээчийн дүгнэлт гарсан байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/512 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ