Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

2017           08            14                                             298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч О.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бааж овгийн Оршихоогийн Загдсүрэнд холбогдох эрүүгийн 1708004150011 дугаар хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бааж овгийн Оршихоогийн Загдсүрэн Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мянгат суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:ПЗ74050816/.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч О.Загдсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2 дугаар гудамжны 19 тоот хашаанд байрлах нийтийн байранд иргэн Б.Сэлэнгэмөрөнтэй маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Загдсүрэн мэдүүлэхдээ: Манай байрыг хөлсөлж байсан иргэн Сэлэнгэмөрөн урьд нь танай байрнаас гарлаа, мөнгөө авъя гэж хэлж байсан. Тэгээд Би 2017 оны 7 дугаар сарын 03-нд гаднаас архи уугаад гэртээ орж ирсэн. Тэгтэл Сэлэнгэмөрөн орж ирээд мөнгөө авъя гэж надтай маргалдаж, гутлаа тайлаад миний дээр сууж байгаад толгой руу цохьсон. Тэгэхээр нь би Сэлэнгэмөрөнгийн үснээс нь зулгааж, түүнийг цааш нь түлхсэн, тэр үед гэмтэл учирсан байх. Сэлэнгэмөрөн цагдаа дуудна гэсэн, цагдаагаа дууд гэсэн. Цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Хохирогч Сэлэнгэмөрөнд эмчилгээний зардалд нь 120,000 төгрөг төлсөн. Мөн байрны түрээсийн төлбөрт өгсөн мөнгөнөөс нь 180,000 төгрөгийг нь буцааж төлсөн гэв.

 

Эрүүгийн 1708004150011 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд:

 

1.Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сэлэнгэмөрөнгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “... Би 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-19 тоот нийтийн байр түрээслэнэ гэх зарын дагуу очиж 1 сарын 100,000 төгрөгөөр тохироод 2 сарын мөнгө болох 200,000 төгрөгийг байрны эзний данс руу шилжүүлсэн. Тухайн байранд амьдарч байхад архичид их цуглараад байхаар нь би байрнаас чинь гармаар байна гэхэд тэгээрэй гэж хэлчихээд 7 хоносон.  7 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ ажлынхаа хүнтэй байж байхад байрны эзний ах нь гэх Загдсүрэн согтуу орж ирчихээд “дүү рүү яах гэж яриад байгаа юм гичий минь” гэж хэл амаар доромжилж байгаад гараад явсан. Орой 23 цагийн орчим Загдсүрэн согтуу ирчихээд “хаалгаа тайл, 2 хүүхдээ дагуулчихаад иймэрхүү газраар ямар олигтойдоо явдаг юм, чи биеэ үнэлдэг янхан” гээд хэл амаар доромжилоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дараа нь цагдаа ирээд Загдсүрэнг аваад явсан. Маргааш нь 13 цагийн орчим Загдсүрэнгээс “мөнгөө авъя” гэсэн чинь намайг “солонгосуудтай явдаг” гээд хэл амаар доромжлоод байхаар нь цагдаад дуудлага өгчихөөд цагдааг хүлээж байхад Загдсүрэн явах гээд байхаар нь би явуулахгүй гээд хаалгыг нь гаднаас нь дараад байж байтал дотроос түлхэж гарч ирээд миний толгой руу 2-3 удаа цохиод намайг үсдээд доош нь дарахаар нь аавыг дуудаад салгуулсан юм. Мөнгөө авмаар байна гэсэн чинь баруун хөлөөрөө мөр рүү өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирээд Загдсүрэнг барьж авч явсан. Миний толгой их өвдөж, дотор муухайрч байна. Миний өгсөн мөнгийг өгөхгүй дүүгийнхээ дугаарыг өгөхгүй байж намайг зайлцгаа гээд элдвээр хэл амаар доромжлоод байгаа юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “... Би Загдсүрэнгээс 120,000 төгрөг нэхэмжилсэн. Учир нь толгойны зураг 120,000 төгрөгөөр авахуулсан. Уг мөнгийг Загдсүрэнгээс хүлээн авсан учир надад гомдол санал байхгүй. Байрны төлбөр мөнгөний асуудлаас болж маргалдсан. Гаднаас хүмүүс цуглуулдаг, архидаад байдаг болохоор нь танай байрнаас гаръя гэсэн чинь мөнгийг чинь өгөхгүй, харин манай байрнаас зайл гичий банзал гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгээд хэрүүл үүссэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

 

2.Мөрдөн байцаалтад гэрч Б.Жаргалдэмбэрэлийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “... Би охин Сэлэнгэмөрөн, 3-5 насны 2 зээгийн хамт хөлсний байр хайж яваад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2-19 тоотод байрлах нийтийн байранд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өрөө хөлсөлсөн. Байрны эзний ах гэх Загдсүрэнд 200,000 төгрөг төлсөн. Уг байрны эзэн гэх Загдсүрэн өөрөө архи уудаг, шөнө орой унтуулж амраахгүй гаднаас хүн ихээр цуглуулж архидан согтуурч бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. 2017 оны 7 дугаар сарын 02-ны орой Загдсүрэн манай гэрт орж ирээд охиныг маань хэл амаар доромжилоод та нар муусайн юмнууд байрыг маань суллаж өг, зайл гэх мэтээр доромжлоод хэл ам хийгээд байхаар нь охин цагдаа дуудаж өгсөн. Тэгсэн чинь орой нь 23 цагт ирчихээд хэрүүл маргаан хийгээд байсан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 03-ны 14 цагийн орчим байх, Сэлэнгэмөрөн ажлаасаа ирсний дараа Загдсүрэн хашаан дотроосоо амьдарч байсан өрөөний цонхны харалдаа ирээд та нар муусайн юмнууд байрнаас гар, зайл, гэх мэтээр доромжлоод байхаар нь Сэлэнгэмөрөн эхлээд байрны урьдчилгаа мөнгөө авъя гэхэд Загдсүрэн улам согтуурхаад хэрүүл маргаан хийгээд байсан. Зээгээ тэврээд зогсож байтал манай охин Сэлэнгэмөрөн ааваа зодоод байна гээд орилохоор нь 2 зээгээ үлдээгээд Загдсүрэнгийн амьдардаг өрөө рүү ороход манай охин Сэлэнгэмөрөнг үсдчихсэн, толгой руу нь гараараа цохиж байсан. ...Охиныг маань үсдчихсэн, толгой руу нь гараараа цохиж байхаар нь би шууд салгаад охиноо аваад гарсан. Загдсүрэн миний охины үснээс зулгааж, толгой руу нь 2-3 удаа цохиж байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

 

3.О.Загдсүрэнгийн яллагдагчаар 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... Зар мэдээ сонинд өрөө түрээслэнэ гэсэн зар тавьсан. 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 40-50 орчим насны хүн сул байсан өрөөг үзээд 2 сарын хугацаатай 200,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Уг хүмүүс тухайн өрөөг хөлслөөд хэд хонож байсан чинь хохирогч Сэлэнгэмөрөн “нийтийн байрнаас чинь гармаар байна, урьдчилж өгсөн түрээсийн мөнгөө авъя “ гэхээр нь би байрыг султгаад өг, дараа нь мөнгийг нь өгье” гэсэн. 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байх, ... 1 шил архи уугаад үдээс хойш гэртээ ирээд байж байсан чинь Сэлэнгэмөрөн орж ирээд би мөнгөө авъя гэхээр нь өөр хүн оруулаад мөнгийг чинь өгье гэхэд хэл амаар доромжлоод над руу дайрахаар нь Сэлэнгмөрөнг үсдээд газар руу түлхсэн чинь газар унасан. Сэлэнгэмөрөн босч ирээд намайг үүдэнд шалан дээр байсан гутал аваад миний толгой руу цохиход аав нь гаднаас орж ирээд салгасан. Сэлэнгэмөрөнгийн толгой руу гараараа цохиогүй. Түлхэж газар унагаасан. Үснээс нь зулгааж байгаад түлхэхэд газар унахдаа гэмтэл авсан байх гэж бодож байна. Гэхдээ хохирогчид учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Би Сэлэнгэмөрөнд 120,000 төгрөг төлсөн ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8768 дугаартай дүгнэлтэд:

-Сэлэнгэмөрөнгийн биед тархи доргилт, зүүн бугалга, цээжний баруун дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар тал/ ,

 

5.Мөрдөн байцаалтад шинжээч Ч.Эрдэмболорын 2017 оны 7 дугаар сарын 31, 8 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн “... Хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд юм. Тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл. Үснээс зулгааж байгаад толгой руу нь гараараа цохиход хохирогчийн биед учирсан тархи доргилт гэмтэл үүснэ. Зүүн бугалга, цээжний баруун дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт гэмтэл газар унахад үүсэх боломжгүй ...” гэх мэдүүлэг /хавтатс хэргийн 27-30 дугаар тал/,

 

6.Дуудлага мэдээллийн жагсаалт /Согтуу хүн агсам согтуу тавиад байна гэх 2017 оны 7 дугаар сарын 03 ны өдрийн 12 цаг 57 минут 30 сек, 14 цаг 51 минут 05 сек, 14 цаг 51 минут 24 секундэд тус тус мэдээлсэн тухай/ баримт/ хавтаст хэргийн 16 дугаар тал/,

 

7.Хохирогч Б.Сэлэнгэмөрөнгийн толгойн компьютер томографийн зураг авахуулахад 120,000 төгрөг төлсөн тухай баримт /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

 

8.Шүүгдэгч О.Загдсүрэнгээс хохирогч Б.Сэлэнгэмөрөнд хохирлын төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 90,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, мөн хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хавтаст хэргийн 42 дугаар тал/, Б.Сэлэнгэмөрөнгийн О.Загдсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай хүсэлт /хавтаст хэргийн 62 дугаар тал/,

 

/Шүүгдэгчийн хувийн байдлын талаар баримтууд/.

9.Мөрдөн байцаалтад гэрч Л.Отгонбаярын 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Загдсүрэн бид хоёр нэг нутгийн ах дүүс юм. Загдаа хөдөөнөөс ирээд 3-4 сар болж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 19-2 тоотод байдаг нийтийн байрны эзнийх нь ах нь юм. Загдсүрэн Ховд аймагт байхдаа мал маллаж, аймгийн төв дээр түүхий эд авдаг цэг ажиллуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

 

10.Мөрдөн байцаалтад гэрч А.Очирдорж 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэхдээ “... Загдсүрэн ахыг мэддэг болоод нэг жил болж байна. Загдсүрэн ах нийтийн байранд өрөө хөлслөн амьдардаг. Би Загдсүрэн ахыг ганц нэг удаа согтуу явж байхыг нь харсан. Загдаа ах одоогоор нийтийн байраа сахиад ганцаараа амьдардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

 

11.Шүүгдэгч О.Загдсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

 

12.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай О.Загдсүрэнгийн хүсэлт /хавтаст хэргийн 64 дүгээр тал/ , прокуророын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүх нотлох баримтаар үнэллээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Загдсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналыг, яллагдагчид оногдуулах ялын төрөл, саналын  хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрллээ.

 

Гэм буруугийн асуудлаар.

1.Шүүгдэгч О.Загдсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 2 дугаар гудамжны 19 тоот хашаанд байрлах нийтийн байранд иргэн Б.Сэлэнгэмөрөнтэй “байр хөлсөлсөн мөнгийг чинь өгөхгүй” гэж маргалдан түүний үснээс зулгааж толгой руу нь гараараа удаа дараа цохиж зодон, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх шүүх хуралдаанаар хэлэлцсэн хохирогч Б.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Жаргалдэмбэрэлийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8768 дугаар дүгнэлт, шинжээч Ч.Эрдэмболорын мэдүүлэг,  О.Загдсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, дуудлага мэдээллийн бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Загдсүрэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Загдсүрэнг  2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сэлэнгэмөрөн компьютер томографийн зураг авахуулахад 120,000 төгрөг төлсөн тухай баримтыг хэрэгт ирүүлсэн, шүүгдэгч О.Загдсүрэнгээс хохирогч Б.Сэлэнгэмөрөнд хохирлын төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 90,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг хэрэгт авагдсан, мөн хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт авагдсан ба хохирогчид нийт 120.000 төгрөгийг нөхөн төлсөн талаар шүүгдэгчээс мэдүүлж, хохирогч Б.Сэлэнгэмөрөн нь шүүгдэгч О.Загдсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай хүсэлт /хавтаст хэргийн 62 дугаар тал/-ийг хэрэгт ирүүлжээ. Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч О.Загдсүрэнг хохирогч Б.Сэлэнгэмөрөнд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч О.Загдсүрэнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  О.Загдсүрэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Прокурорын шатанд О.Загдсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан.

Иймд шүүгдэгч О.Загдсүрэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялыг маргаагүй буюу зөвшөөрсөн ба шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч О.Загдсүрэнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч О.Загдсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, О.Загдсүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бааж овгийн Оршихоогийн Загдсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Загдсүрэнг 450 /дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Загдсүрэн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Загдсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Сэлэнгэмөрөнд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч О.Загдсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Загдсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА