Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1417

 

                                               

 

 

 

 

 

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/01752 дугаар шийдвэртэй, 

 

            Нэхэмжлэгч: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “В” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 195 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Снар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани хариуцагч компанитай 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүтээгдэхүүнийг удаан хугацаанд аж ахуйн харилцааны дагуу бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр 82.7 тонн бетон зуурмагийн нэмэлт бодисыг нэг тонныг 2 380 000 төгрөгөөр тооцож, нийт 196 826 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Манай талаас бүтээгдэхүүн худалдаж авах, нөгөө тал бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэг хүлээсэн. Дээрх гэрээний төлбөрт Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороололд 101 дүгээр байрны 9 тоот хаяг бүхий 3 өрөө орон сууцыг, гараашийн хамт 196 810 000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Үүний дараа 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Инэл зайсан виллаж 79 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг, гараашийн хамт 319 000 000 төгрөгт тооцон “В” ХХК-д шилжүүлсэн. “В” ХХК нь өнөөдрийн байдлаар манайд бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээс 55 тонн хэмжээний 130 040 000 төгрөгийн нэмэлт бодис нийлүүлээгүй. Хариуцагч “В” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтдээ үлдэгдэл 55 тонн нэмэлт бодисыг 2017 оны 04 дүгээр сараас эхлүүлэн нийлүүлэхээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгээгүй. Иймд “В” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 130 040 000 төгрөг, алдангид 65 020 000 төгрөг, нийт 195 060 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “В” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “Р” ХХК-ийн нэхэмжлэл Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хянагдаж байх үед Зомпаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбар илэрхий алдаатай болсон байна. Тухайлбал, гэрээгээр тохирсон бүтээгдэхүүний үлдэгдэл 121 722 460 төгрөг байгаа болно гэсэн санхүүгийн тооцооны тайланг 121 722 460 төгрөг төлөх тул хэмээн буруу бичсэн байна. Манай компани 82.7 тонн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үнэд 126 000 000 төгрөгийн үнэлгээгээр тохирч 3 өрөө орон сууц авсан. 31 тонн бүтээгдэхүүн буюу 73 780 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн одоо 52 220 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх тооцоотой. Энэ мөнгөний үний дүнд алданги төлөхгүй учир хэлцэлд төлөөлөх эрх бүхий этгээдүүд оролцоогүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм” гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 195 060 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 808 150 төгрөг, 483 050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 808 150 төгрөг, 483 050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. “Р” ХХК нь 82.7 тонн бүтээгдэхүүн захиалж гэрээ байгуулсан. Бүтээгдэхүүний үнийг 196 000 000 төгрөгөөр тохирч, 319 000 000 төгрөгийн үнэ бүхий 4 өрөө орон сууц, 196 000 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг “В” ХХК-д шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Уг 2 орон сууцны үнийг нэгтгэн тооцоход 196 000 000 төгрөг биш, 515 910 000 төгрөгөөр тооцогдож байгаа. Нэхэмжлэгч тал 3 өрөө орон сууцыг 196 000 000 төгрөгөөр тооцож “В” ХХК-д шилжүүлсэн гэх боловч түүнийгээ баримтаар нотлоогүй. “В” ХХК нь 3 өрөө орон сууцыг 196 000 000 төгрөгөөр бус 126 000 000 төгрөгөөр тооцож авсан гэж маргасан. Орон сууцыг шилжүүлсэн талаар холбогдох баримт бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах талаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан. Нэхэмжлэгч тал орон сууцны үнийн дүн яагаад 515 910 000 төгрөг болсон талаар тайлбар гаргаагүй. Шүүх энэ зөрүүтэй байдлыг шийдвэрлээгүй. “В” ХХК “Р” ХХК-д 52 220 000 төгрөгийн өглөгтэй. Энэ үнийн дүн дээр алданги тооцоход 72 540 000 төгрөг болж байгаа. 196 060 000 төгрөгөөс 72 540 000 төгрөгийг  хасч 122 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 72 540 000 төгрөгөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Р” ХК нь хариуцагч “В” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 040 000 төгрөг, алданги 65 020 000 төгрөг, нийт 195 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Бүтээгдэхүүнийг удаан хугацаанд аж ахуйн харилцааны дагуу бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”-ний төлбөрт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол 101 байрны 9 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг гараашийн хамт 196 810 000 төгрөгт тооцон, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Инэл зайсан виллаж 79 байрны 3 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг гараашийн хамтаар 319 000 000 төгрөгөөр тооцон хариуцагч компанид тус тус шилжүүлсэн, “В” ХХК нь 55 тонн хэмжээний 130 040 000 төгрөгийн бетон зуурмагийн нэмэлт бодисыг нийлүүлээгүй гэж тодорхойлсон байна.

            Нэхэмжлэгч “Р” ХК нь гэрээний төлбөрт шилжүүлсэн гэх 2 орон сууцыг хариуцагчид хэзээ, ямар нөхцөлөөр тохирч хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөр өөр агуулгатай тайлбар /хх 21, 60/-ыг гаргаж, уг 2 орон сууцыг шилжүүлсэн, худалдсан хэлцлийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ./хх 51/

            Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч “Р” ХК-ийн төлбөр төлсөн байдлыг нотлуулах зорилгоор хариуцагчийн гаргасан дээрх хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байхад шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ. 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/01752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “В” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 770 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ

                       

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН