Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2022/03564

 

2022 11 11 184/ШШ2022/03564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, баруун сэлбийн 39-51 тоотод оршин суух, Шадав овогтой Сүхээгийн Батзаяа /РД:ЧК75030871/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Оргил стадион 22, Моннис бюлдинг 8 дугаар давхарт байрлах Саусгоби Сэндс ХХК /рд:5084555/,

 Саусгоби Сэндс ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаал, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

-хариуцагчийн Dell компьютерийг түүн доторх компанийн мэдээлэлтэй файлын хамт болон гар утасны үлдэгдэл лизингийн төлбөр 596 214 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгч С.Батзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг /0526/, хариуцагчийн өмгөөлөгч И.Учралбаяр, гэрчээр Д.Нэмэхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тайван шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд түүний хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Батзаяа нь Саусгоби Сэндс ХХК-д холбогдуулан Саусгоби Сэндс ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаал, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие С.Батзаяа нь 2015 оноос эхлэн Саусгоби Сэндс ХХК-д нягтлан бодох ерөнхий менежер буюу ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаар 2021 оны 08-р сарын 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ээлжийн амралтаасаа орж ирээд ажлаа хийх гэтэл гүйцэтгэх захирал солигдсон байсан.

Үүнтэй холбогдуулан 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалаар миний албан тушаал дээр Нацагдорж гэх хүнийг шинээр ажилд томилсон байсан. Миний хийдэг ажил үүрэг хумигдсан байсан.

Энэ нь манай хэлтсийн харьяаны ажилтнууд надтай уулзаж, санхүүгийн зөвшөөрөл авах, компанийн хурал уулзалтад намайг оролцуулахыг хориглосон.

Надад 2021 оны 8-р сарын 30-ны мэдэгдлийг танилцуулж, миний орон тоо байхгүй болсон, хасагдсан гэж танилцуулсан. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, энэ хугацаанд санхүү бүртгэлийн зөвлөх гэх утга агуулгатай мэдэгдэх хуудсыг өгсөн. Мэдэгдэх хуудас дээр ажил үүргийн тодорхойлолт, цалин хөлс, ажлын байр зэргийг надад танилцуулаагүй. Зөвхөн мэдэгдэх хуудсыг танилцуулсан. Би хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гаргаагүй, ямар нэгэн ажлаас халах үндэслэл байхгүй болно.

Мөн надад санал болгож буй Санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх албан тушаалыг бий болгосон байгаа нь бүтцийн өөрчлөлт хийгдээгүй болохыг нотлох ба ажил албан тушаалыг өөрчлөх санал хүргүүлж байгаа бол холбогдох хөдөлмөрийн нөхцлийг ч надад танилцуулах үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Ингээд надад 2021 оны 9-р сарын 30-ны өдрийн 01/183 тоот тушаалаар миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, гардуулсан. Би үүнийг эсэргүүцэж 09-р сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Тийм учраас нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан, дундаж цалин хөлсийг тооцох, 2005 оны 55-р дугаарын хавсралтыг үндэслээд 3 сарын дундаж цалингаар тооцоход 18,613,207 төгрөг болж байна. Өнөөдрийг хүртэл бодоход нийт 251,278,294 төгрөг болж байна. Үүнээс 2 сарын цалин болох 33 сая төгрөгийг хасаад 218,278,290 төгрөгийг ажилгүй байх хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилд эгүүлэн тогтоох, Нацагдоржийг ажилд авсан, гарсан тушаал, Батзаяаг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч Саусгоби Сэндс ХХК хариу тайлбартаа болон өмгөөлөгч И.Учралбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн тушаалаар Нацагдоржийг дотоод аудитораар ажиллуулсан. Нацагдоржийг эхлээд ерөнхий нягтлангаар томилж дараа нь түүнийгээ хүчингүй болгосны дараагаар дотоод аудитораар томилсон. Тэгэхээр 2021 оны 08-р сарын 18-ний өдрийн 01/123 тоот тушаалаар Нацагдоржийг ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаалыг хүчингүй болгосон. Байгууллагын дотоод ажилчдын буруу ойлголт, орчуулгын алдаанаас болж ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон байдаг.

Дотоод аудитораар Нацагдорж томилогдон ажиллаж эхэлснээс хойш 2021 оны 08-р сарын 27-ны өдөр Саусгоби Сэндс ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хуралдаж шийдвэр гаргасан. Үүнд хувьцаа эзэмшигч Эс Жи Кү Кол инвестментс ХХК-ийн шийдвэр юм. Шийдвэр нь Сингапур улсад мөрдөгдөж, Монгол улсад хүргүүлсэн. Тус шийдвэрээр санхүү нягтлан бодох ерөнхий менежерийн орон тоог хасахыг зөвшөөрсөн юм.

Хуульд заасны дагуу мэдэгдлийг Батзаяад хүргүүлэхийг даалгасан. Мөн санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх ажлын байрыг шинээр гаргахыг даалгасан. Үүний зорилго нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь ажилтанд өөр ажлын байрыг санал болгохыг даалгадаг. Энэ үүргийн биелүүлсэн. Мөн санхүү хариуцсан ахлах нягтланд санхүү бодох ахлах бүртгэлийн ерөнхий менежерийн тодорхой ажил чиг үүргийг шилжүүлэхийг даалгасан. Мөн нягтлан бодох бүртгэл татвар хариуцсан ахлах нягтланд санхүүгийн тайланд гарын үсэг зурж, баталгаажуулах чиг үүргийг даалгасан. Бусад зарим ажлын байрны чиг үүргийг өөрчилж хэвтээ менежменттэй болохыг мөн даалгасан. Энэхүү шийдвэр гаргах болсон үндэслэл нь компанийн босоо менежментийг хэвтээ менежментээр солих чиг үүргийг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр шийдсэн.

Энэ шийдвэрийг шүүхэд өгсөн. 2021 оны 08-р сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр компанийн зохион байгуулалт, бүтэц, орон тоог шинэчлэн байгуулах 2021 оны 08-р сарын 30-ны өдөр гаргасан. Гүйцэтгэх захирлын тушаалаар байгууллагын зохион байгуулалтыг шинэчлэн батлахаар болсон. Үүнд ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан гэх орон тоон хассан. Харин түүний оронд зөвлөх гэх орон тоог нэмсэн.

Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр 08-р сарын 30-ны өдөр өнөөдөр нэхэмжлэл гаргасан Батзаяагийн ажлын байр хасагдсан. Ажлын байр хасагдсан талаар Батдорж нь Батзаяад өөрийн ажлын байр хасагдсан тухай мөн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09-р сарын 30-ны өдрөөр дуусгавар болохыг мэдэгдсэн.Энэ нь хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх үүргийг биелүүлсэн.

Батзаяад санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх шинэ ажлын байрыг санал болгосон. Энэхүү саналд Батзаяаг 7 хоногийн дотор хариуг өгөх, 7 долоон хоног дуусахад энэ санал хүчингүй болно гэдгийг хэлсэн. 08-р сарын 31-ны өдөр мэдэгдлийг Батзаяад танилцуулсан. Танилцуулахдаа өнөөдөр гэрчээр оролцох Нэмэхбаяр танилцуулсан байдаг.

Тушаалыг Батзаяад мэдэгдэхэд уурлаж бухимдан гарч явсан байдаг. Мэдэгдлийн дараа Батзаяад зөвлөхийн орон тоо байгааг, түүний ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг, цалин хөлс гэх зэргийг тайлбарлаж өгсөн.

Банкны гүйлгээний хувьд С.Батзаяагийн хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод банкны гүйлгээ хийх, банкны гүйний баримтад гарын үсэг зуаг чиг үүрэг байдаггүй.

2021 оны 09-р сарын 30-р өдөр хүртэл Батзаяа нь ажлын байран дээрээ ажил үүргээ чөлөөтэй гүйцэтгэж байсан. Нотлох баримтууд хэрэгт авагдсан. 8-9 саруудад Батзаяа ажилдаа тогтмол ирж байсан, хэвийн байдлаар ажлаа үргэлжлүүлж байсан. Мөн ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргээ ч гүйцэтгэж байсан.

Эдгээр саруудад түүнд олгосон цалин хөлсний лавлагаанд цалин хөлсөө бүрэн бүтэн авч байсныг гэрчилнэ. Эдгээрээс харахад Батзаяа 08 сарын 30-ны өдрөөс 09-р сарын 30-ны өдөр хүртэл хуульд заасны дагуу ажил үүргээ биелүүлж байсан.

Ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.2, 40.1.1, 40.5, 42.1-т заасны дагуу хангаж гарсан хууль ёсны тушаал гэж үзэж байна. 2021 оны 10-р сарын 01-ний өдөр ажил үүргээ хүлээлцэх ёстой байсан боловч хүлээлцээгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ажлаа хүлээлцэхээр ирээгүй.

Ерөнхий нягтлан бодогчийн орон тоог хассан биш, эрх бүхий албанд тушаалтад ерөнхий нягтлан бодогч байх шаардлагагүй гэдгийг илэрхийлсэн байна. Дүрмийг мөн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Ажлын байрны орон тоог цомхотгох болсон үндэслэл нь босоо менежментийг хэвтээ менежментээр солигдсон. Үүнийг үр дагаврыг гэрчийн мэдүүлгээр харж болно. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан учраас хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. /хх-31-33/

 

Хариуцагч Саусгоби Сэндс ХХК-аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.Батзаяа нь Саусгоби сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 тоот тушаалын дагцц ажлаас чөлөөлсөн, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцэх, компанийн эд хөрөнгийг буцаан шилжүүлж тооцоо хийлгүйгээр явсан тул хариуцагчийн эд хөрөнгө болох Dell компьютерийг, мөн доторх компанийн мэдээлэлтэй файлыг, гар утасны үлдэгдэл лизингийн төлбөр 596 214 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгч С.Батзаяа шүүхэд өгсөн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хатанзориг нараас шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдвол тухайн эд хөрөнгийг ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ба хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуульд заагдснаар ажлаа хүлээлцэх учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн ажлын файл надад байдаггүй, байхгүй гэв.

Гэрч Д.Нэмэхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Батзаяад мэдэгдэл танилцуулсан, тэмдэглэл хөтлөсөн. Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрыг хүлээлгэн өгөх талаар ярьж хэлсэн, тэрээр мэдэгдэл дээр гарын үсэг зураад хүлээж авсан. Энд нягтлан бодох бүртгэлийн зөвлөх гэх ажлын байрны тухай ярилцаагүй, танилцуулаагүй, дотоод аудитор ажлын байрын албан тушаалыг үүсгэсэн байх гэж бодож байна. Энэ зөвлөхийн орон тоонд С:Батзаяад санал тавьсан. Өөр хүн байхгүй, ажлаагүй. Тухайн үед зөвлөхийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг нь боловсруулагдаагүй, бэлэн байгаагүй, мэдэгдэлтэй хамт танилцуулаагүй. Нацагдоржийг анхнаасаа аудитороор аваагүй, боломжгүй байсан гэв.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: /хх-1-2 нэхэмжлэл, хх-3 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-4 С.Батзаяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, хх-5 2021 оны 08-р сарын 30-ны өдрийн 06/237 дугаартай мэдэгдэл, хх-6-9 хөдөлмөрийн гэрээ, хх-10-12 нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, хх-13 Саусгоби Сэнд ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хх-14-15 депозит дансны хуулга, хх-16 Капитрон банкны гарын үсгийн баталгааны маягт, хх-24 Саусгоби Сэндс ХХК-ийн итгэмжлэл, хх-27 2021 оны 09-р сарын 30-ны өдрийн 01-183 дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай, хх-34 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн 01/123А дугаартай Саусгоби Сэнд ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал хүчингүй болгох тушаал, хх-35 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн 01/123 дугаартай Саусгоби Сэнд ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилох тушаал, хх-36-37 Саусгоби Сэнд ХХК-ийн ажилчдын цагийн бүртгэл, хх-38 Саусгоби Сэнд ХХК-ийн цалингийн тооцооны хүснэгт, хх-39-41 Саусгоби Сэнд ХХК-ийн ажилчдын 2021 оны 09-р сарын цалин, хх-42-44 Саусгоби Сэнд ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, хх-45-70 урьдчилгаа төлбөрийн, арилжааны нэхэмжлэл, хх-77-80 2021 оны 08-р сарын 30-ны өдрийн 01/143 дугаартай Саусгоби Сэнд ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хх-81-83 2021 оны 07-р сарын 28-ны өдрийн 01/115 дугаартай Ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай, хх-84 депозит дансны хуулга, хх-85-86 Саусгоби Сэнд ХХК ажлын байрны тодорхойлолт, хх-87 цалингийн сүлжээ, хх-103-104 Саусгоби Сэнд ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөл, хх-105-117 Саусгоби Сэнд ХХК шинэчилсэн дүрэм, хх-120 гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдах авах гэрээ, хх-121 Ай ти зон ХХК-ийн тодорхойлолт, хх-132 улсын бүртгэлийн гэрчилгээ, хх-135 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн 01/123 дугаартай ажилд томилох тушаал, хх-149-175 улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 10/1846 дугаартай албан бичиг, түүний хавсралт, хх-197-211 Улсын бүртгэлийн ерөнхий бүртгэлийн 2022 оны 04-р сарын 07-ны өдрийн 10/2987 дугаартай албан бичиг, хавсралт, хх-227-228 итгэмжлэл, хх-234-236 СГС ажлын байр, хх-250 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хоёрдугаар хавтас хх-1-3 эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Батзаяагийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх Саусгоби сэндс ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаартай тушаал, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч Саусгоби сэндс ХХК-ийн нэхэмжлэгч С.Батзаяагаас 596,214 төгрөг гаргуулах, Дэлл компюьтерийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс үлдэх файл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажлын байрны орон тоо хасагдаагүй, хууль дүрмийг зөрчиж 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалаар Д.Нацагдоржийг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр томилсон, энэ тушаалыг хүчингүй болгосон гэж байгаа боловч миний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийг гүйцэтгүүлээгүй,гэсэн агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаал нь алдаатай байсан, ... хүчингүй болгосон, С.Батзаяа ажил үүргээ гүйцэтгэж, цалин хөлсөө авсан, банкны гүйлгээ хийх, түүнд гарын үсэг зурах чиг үүрэггүй, компани өөрөө банкны гүйлгээний хуудаст гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтныг томилох эрх нь нээлттэй байдаг. гэж тайлбарлажээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...ажил хүлээлцээгүй, эд хөрөнгийг компанид буцаан өгөөгүй, холбогдох тооцоог хийгээгүй гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...ажлаас үндэслэлгүй халсан, ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй нөхцөлд өгнө үндэслэлээр няцаасан. Сөрөг нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох нэхэмжлэл байх тул хамт шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.Батзаяа нь ... 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаал, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг хүлээн авч., ...шүүхэд 2021 оны 9-р сарын 02-ний өдөр гомдлоо гаргасан байх тул гомдлыг хуульд заасан хугацаанд гаргасан байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйлийн 4-т ... Монгол Улсын иргэн ... ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, .... хөдөлмөрлөх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр гэж заасан

Гомдол гаргагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Шүүх Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан ...ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол-оор хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ойлголтууд нь хөдөлмөрийн гэрээний талуудын санаа зоригоос хамааралтай, үйл ажиллагаанд үндэслэж ажилтанг ажлаас чөлөөлж үл болох журам хэрэгждэг. Ажил олгогч нь гэрээний бүрэн эрх бүхий талын хувьд өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заажээ. 

Ажил олгогч Саусгоби сэндс ХХК-ийн санаачлагаар гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 тоот тушаалаар ажилтан С.Батзаяаг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр буюу ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-27/

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.С.Батзаяа нь Саусгоби сэндс ХХК-д 2015 оны 8-р сараас нягтлан бодогчоор, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажилласан,

2.Д.Нацагдоржийг Саусгоби сэндс ХХК гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалаар Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр давхардуулан томилсон,

3.С.Батзаяа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ээлжийн амралт эдлэсэн,

4.Энэ хугацаанд гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Далангурав томилогдсон байх бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 тоот тушаалаар С.Батзаяаг ажлаас чөлөөлсөн,

5.С.Батзаяад 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 06/237 тоот ...орон тоо хасагдсан, ... тухай мэдэгдэл өгсөн,

6.Гүйцэтгэх захирлын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/115 тоот тушаал болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/143 тоот тушаалаар Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батласан,

7.2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн санхүүгийн болон цалингийн гүйлгээ хийсэн,

8.2021 оны 8 дугаар сарын 18-наас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Саусгоби сэндс ХХК-ийн дансаас 3,025,640,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн,

9.С.Батзаяагийн албан хэрэгцээнд Саусгоби сэндс ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашигах хугацаатай гэрээ байгуулж 3,669,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, үйлчилгээг авахаар Мобиком корпорацитай байгуулсан, төлбөрийн 596,214 төгрөгийн үлдэгдэлтэй, Айт ти зон ХХК-ээс 3,918,499 төгрөгийн үнэ бүхий нөүтбуук нийлүүлсэн,

10.Ажил олгогчийн гүйцэтгэх удирдлагаар Ч.Мөнхбат 2015 оны 5 дугаар сараас, Х.Далангурав 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс бүртгэгдсэн зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

Талуудын маргааны зүйл нь Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн орон тоо хасагдсан эсэх талаар байна. Харин талууд ...хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, албан хэрэгцээнд гар утас, нөүтбуук, үйлчилгээ ашигласан талаар маргаагүй байна.

Ажил олгогч ажилтан нарын хооронд С.Батзаяаг Саусгоби сэндс ХХК-д 2015 оны 8-р сараас нягтлан бодогчоор, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллуулсан байх ба тэдний хооронд Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 21 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

Энэхүү хөдөлмөрийн гэрээг тус албан тушаалд С.Батзаяаг хугацаагүйгээр, байнгын ажлын байранд томилсон, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Батзаяаг Саусгоби сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9-р сарын 30-ны өдрийн 01/183 тоот ...Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажлаас чөлөөлж /хх-27/, тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт, ... гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 01/143 тоот тушаалд заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ... нийтлэг үндэслэлүүд, эсхүл хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд зааснаар тус тус хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж дуусгавар болгодог. Энэ үндэслэлээр цуцлахаар хуульд тусгагджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ..аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар С.Батзаяаг орон тоо хасагдсан буюу энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр халсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, ажил олгогч Саусгоби сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9-р сарын 30-ны өдрийн 01/183 тоот ...Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай С.Батзаяаг Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарчээ.

Тодруулбал, Саусгоби сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалаар Д.Нацагдоржийг томилсон, улмаас тушаалыг А дугаараар мөн өдөр хүчингүй болгосон нь дотооддоо чиглэсэн үйл ажиллагааг зохицуулсан мэт харагдах боловч гадагш чиглэсэн буюу эрх бүхий байгууллагуудтай харилцсан тушаал шийдвэрээ засаагүй, хүргүүлээгүйгээс төлбөр тооцоо хийх, хуулийн этгээдийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаанд эрх зүйн үр дагаврыг үүсгэж байх тул шүүхээс хүчингүй болгох нь зүйтэй байна. Иймд 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Орон тоо хасагдсан гэдэгт тухай хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг олйгох ба энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлана.

Түүнчлэн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэлд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т заасан үүргийн дагуу Таныг Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн зөвлөх-ийн ажлын байранд томилж ажиллуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Энэхүү саналын хариуг 7 /долоо/ хоногийн дотор өгнө үү. Дурдсан хугацаанд хариуг өгөөгүй тохиолдолд ажил олгогч уг саналыг хүчингүйд тооцох эрхтэй болно гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй гэж үзнэ.

Хэргийн 135, 136, 137 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд Д.Нацагдоржийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд томилсон 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 тоот тушаалыг... 01/123А тоот тушаалаар хүчингүй болгож Дотоод аудиторын ажил албан тушаалд томилохдоо мөн хууль зүйн үндэслэлгүй томилсон байна. Учир нь ажил олгогчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/115 тоот ...зохион байгуулалт бүтэц, орон тоо батлах тушаал, хавсаралтанд Дотоод аудиторын албан тушаал байгаагүй байсан байна. Иймээс өмнө тушаалыг хүчингүй болгож 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/132 тоот тушаалаар Д.Нацагдоржийг додоот аудитороор томилсон нь хууль зөрчсөн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

Ажил олгогчоос ажлаас халсан үндэслэл болох орон тоо хасагдсан үндэслэл, тайлбараа хэргийн баримтаар нотлоогүй, хууль бус тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж зохион байгуулалт бүтэц орон тооны өөрчлөлтөөр орон тоо хасагдсан гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан шийдвэр гаргана. Ажил олгогчийн дээрх тушаалууд нь Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай /1999 он/ хууль, Улсын бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

Компаний тухай хуульд зааснаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулж болох бөгөөд Компанийн дүрмийн 14.3-т зааснаар ...нэмэлт өөрчлөлтүүд эсхүл дүрмийн шинэ хувилбарыг хувьцаа эзэмшигч батлана. Шинэчилсэн дүрэм эсхүл дүрмийн шин хувилбар нь түүнийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. гэж заасан атлаа дүрэмд өөрчлөлт оруулахаас өмнө ажилтныг ажлаас чөлөөлсөн, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй нь үндэслэлгүй болжээ.

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн улсын бүртгэл, компанийн дүрэмд заасныг үндэслэн Д.Нацагдоржийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон нягтлан бодох бүртгэл, татвар хариуцсан орлогч менежерийн ажлаас чөлөөлж, дотоод аудитороор томилсон, 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ хугацаанд С.Батзаяаг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэж үзэхээр байна.

Хариуцагчийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/162 тоот тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/13 тоот тушаалууд эх хувиараа байхгүй, олдохгүй байна гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүхээс шаардан авах боломжгүй баримт байна.

Дотоод аудитор Д.Нацагдоржийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс А.Дүнжигаравыг ажилдаа эргэн орох хүртэл хугацаанд Нягтлан бодох бүртгэл, татвар хариуцсан орлогч менежерийн албан тушаалд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн түр томилсон гэж үзвэл энэ хугацаад санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажил, албан тушаал хасагдаагүй байжээ. Ажлаас халсан тушаалаас хойш компанийн дүрэмд өөрчлөлт орох хүртэл хугацаанд С.Батзаяаг ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж үзнэ.

Саусгоби сэндс ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигч ЭСЖИКҮ КӨҮЛ ИНВЕСТМЭНТ ПТИ ЛИМИТЕД компани нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр, хавсралтыг үндэслэсэн гүйцэтгэх удирдлага холбогдох тушаал шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан атлаа ЭСЖИКҮ КӨҮЛ ИНВЕСТМЭНТ ПТИ ЛИМИТЕД компанийн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр компанийн дүрмийн 9,10 дугаар заалтанд буюу ерөнхий нягтланг хасах, ... дотоод аудитор, ... санхүүгийн зөвлөхийн орон тоо батлажээ. Ажил олгогч байгууллагын бүтэц, орон тоо, нэхэмжлэгчийн ажлын байрны талаар хуульд заасан бүрэн эрхийнхээ хэмжээнд компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан, шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, Гэхдээ энэ бүхэн хуульд заасан үндэслэл журмын дагуу, дэс дараалалтай, харилцан уялдаатай хийгдэх байжээ.

Үүнээс үзэхэд Саусгоби сэндс ХХК-ийн 2021 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 А тушаал, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай 01/143 тоот тушаал, шийдвэр, холбогдох тушаал итгэл үнэмшилгүй, хууль зүйн үндэслэлгүй, хууль, дүрэмд нийцээгүй байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас компанийн 2 дүрмийг ирүүлсэн байх бөгөөд дүрмийн 9.1-д зааснаар ерөнхий нягтлан бодогчийн орон тоо хасагдаагүй буюу хэвээр байна.

Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 36 дугаар зүйлд ...Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. гэж заасан. Компанийн дүрэмд өөрчлөлт орсноос хойш Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажил албан тушаал хасагдсан гэж үзвэл ажил олгогч дээрх хуулийн дагуу С.Батзаяатай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй, өнөөдрийг хүртэл адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулаагүй нь ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаар С.Батзаяаг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн, энэ хугацааны цалин хөлсийг олгосон, энэхүү тушаал хууль зүйн факт буюу үр дагаврыг шүүх шийдвэрлэх тул 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдэл, тушаал хоёрыг хүчингүй болгох шаардлагагүй. Ажил олгогчийн энэхүү мэдэгдэл, тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг захирамжийг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв. 

Ажилтны уг ажил албан тушаал, орон тоо хасагдсан, цомхотгосон гэж үзвэл адил чанарын өөр, ажил, албан тушаалд ажиллуулах үүргээ биелүүлэх шаардлагатай. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр ажил олгогчийг энэ үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.

Хуулийн энэ зохицуулалтаар ажилтанд санал болгосон санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөхийн орон тоог ажлаас халахаас өмнө бий болгосон байхыг олгоно.

Иймд С.Батзаяаг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэл өгсөн атлаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж үзэж Саусгоби сэндс ХХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоов.

Ажлаас халсан тухай шийдвэр гараагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бол тухай үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтанд олгох ёстой ба ажил олгогчоос 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалинг олгосон байна.

Нөгөөтэйгүүр ажилтан Н.Дүнжигарав нь хүүхэд асрах чөлөөтэй байгаад буцан ажилдаа орох хүртэл түүний ажил үүргийг Д.Нацагдоржоор түр, түүний сул орон тоонд ажиллуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч байгууллагад санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөхийн сул орон тоо байгаа, уг сул орон тоонд ажилтан аваагүй, ажил олгогчийн зүгээс авах өөр арга хэмжээ байхгүй гэснийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Мөн тус байгууллагад энэ орон тоог батласан байх ба ажилтанг шинэ бүтэц, орон тоонд томилогдох хүртэлх буюу компанийн дүрмээ бүргүүлэх, шинэчлэх замаар өөрчлөлт оруулах хүртэл хугацаанд ажлуулах боломжтой байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 5-р сарын 05-ны өдрийн 55-р тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д ажлаас буруу халсан үеийн олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасныг тус тус үндэслэн, ажилтны ажилгүй байсан /2021 оны 10-р сарын 01-нээс 2022 оны 11-р сарын 11-ний өдрийг хүртэлх/ хугацааны цалин олговорт түүний авч байсан сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 18,613,207 төгрөг, нэг өдрийн 865,730 төгрөг байна. Үүнийг ажилгүй байсан ажлын нийт хоногт үржүүлэхэд 243,270,286 төгрөг, үүнээс тэтгэмжээр авсан 31,394,586 төгрөгийг хасахад 211,875,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар ажилтан С.Батзаяагийн Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Саусгоби сэндс ХХКомпанид даалгах нь зүйтэй байна.

Иймд дээрх хууль заасан үндэслэл, хэрэгт авагдсан баримтыг үндэслэж нэхэмжлэгч С.Батзаяаг Саусгоби сэндс ХХК-ийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

-Саусгоби сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар Д.Нацагдоржийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож,

-Саусгоби сэндс ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаартай тушаал болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Нэхэмжлэл, гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 48,871 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 1,414,166 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 88,736 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож хариуцуулав.

 

Хариуцагч Саусгоби сэндс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 596,214 төгрөг гаргуулах болон Делл брендийн компюьтерийг гаргуулах шаардлагыг нэхэмжлэгч хариуцагчийн эд хөрөнгө мөн, буцаан өгөх, төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд ажлын файл гаргуулах шаардлага хариуцагч нотлоогүй, баримт хэрэгт авагдаагүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Саусгоби сэндс ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/183 дугаартай тушаал болон 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06/237 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Саусгоби сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/123 дугаар Д.Нацагдоржийг Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Батзаяаг Саусгоби сэндс ХХК-ийн Санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Саусгоби сэндс ХХК-аас нэхэмжлэгч С.Батзаяагийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор /243,270,286-31,394,586/-т 211,875,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

 

3.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч С.Батзаяагаас 596,214 төгрөг, Дэлл компюьтерийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх файл гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 48,871 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 1,414,166 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 88,736 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН