Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2015/00064/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг ...-р хороо, ...р хороолол, ... байр ... тоотод оршин суух .... овогт Ц.Т /регистрийн дугаар.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ...р баг Ширээ нуруу ... тоотод оршин суух .... овогт С.Д /регистрийн дцгаар .../-т холбогдох

6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Ц.Т нь Улаанбаатар хотоос С.Д-т хүнсний ногоо явуулж, С.Д нь Дархан-Уул аймагт зарж борлуулдаг байсан. Д-тай танилцаад 2012 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анх ногоо явуулж эхэлсэн ба мөн оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бид дахин хамтарч ажиллаагүй. Гэрээ цуцлах үед С.Д нь надад шилжүүлсэн ногооны үнэ 7.868.700 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гарсан. 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 600.000 төгрөг надруу шилжүүлсэн. 6.668.700 төгрөг үлдсэнээс нотариат дээр ирж төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа С.Д би танд 6.000.000 төгрөг өгье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд 6.000.000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийсэн. 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэхэд 6.000.000 төгрөгийг төлж барагдуулах гэрээ хийсэн юм. Энэ гэрээг дарамталж хийсэн гэдэг нь худлаа, тухайн үед эгч Д нь бид хоёртой цуг байж энэ гэрээг нотариатын газар хийж байсан, дарамтлах ямарч үндэсгүй. Би эгчтэй нь хамтарч ажилладаг байсан. Эгч Д нь мөн барааны мөнгөө шүүхийн журмаар гаргуулж авч байсан.  Д нь төлбөр барагдуулах хугацаа дууссан боловч төлөх ямар нэг оролдлого хийгээгүй холбоо барихгүй алга болсон тул хариуцагч С.Д-аас миний авах ёстой 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч С.Д шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “ ... Ц.Т нь өмнө нь манай эгчтэй хамтарч ажилладаг байсан. Бид 2012 онд ажил хэргийн шугмаар танилцаад би энэ хүний ногоог Дархан-уул аймагт зарж, борлуулж өгч байхаар ярилцаж, тохирсон. Надад ногоо, жимс зэрэг бараа явуулж би явуулсан барааг нь Дархан-Уул аймгийн үйлчилгээний төв дэх лангуун дээр зарж өгдөг байсан. Энэ хүнд би нийт 17 сая орчим төгрөгийн ногоо, жимсийг нь зарж өгсөн байдаг. Би энэ хүний гуйлтын үндсэн дээр хүнсийг нь нь борлуулж өгч байснаас түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй. Зарагдсан ногооных нь үнийг би тухай бүрт нь явуулдаг байсан юм. Ногоо, жимс зарах үед жин дутуу юм уу муудсан ногоо, жимс маш их ирдэг байсан. Өмнө нь Т эгчтэй яриад 3.726.000 төгрөгийн тооцоо үлдсэн гэж тохирсон байсан. Ц.Т намайг хотод цагдаад өгч, элдвээр дарамтлуулан нотариат дээр очиж албан хүчээр 6.000.000 төлнө гэж гэрээ хийлгүүлж авсан. Би 3.726.000 төгрөгийг бол төлөхийг зөвшөөрч байна. Харин 6.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Ц.Т-тай хийсэн гэрээ бол дүр эсгэж хийсэн дарамтан доор хийсэн гэрээ учир хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Т-ын нэхэмжлэлтэй, С.Д холбогдох “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг, маргааны бодит үйл баримтыг тодорхойлвол нэхэмжлэгч Ц.Т нь Улаанбаатар хотоос хүнсний ногоо, жимс зэрэг барааг С.Д шилжүүлж, С.Д шилжүүлсэн барааг хүлээн авч Дархан-Уул аймагт зарж борлуулж, барааны үнэ буюу олсон орлогыг нэхэмжлэгчид шилжүүлж байхаар харилцан тохиролцжээ. Уг гэрээний дагуу Ц.Т нь хүнсний ногоо, жимсийг худалдан борлуулуулахаар шилжүүлж, С.Д шилжүүлсэн барааг Дархан-Уул аймаг дахь худалдааны төвийн өөрийн лангуугаар зарж, борлуулан олсон орлого, үр шимийг Ц.Тд шилжүүлж байснаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.2. дахь хэсэгт хөрөнгө итгэмжлэх гэрээг бичгээр хийхээр заасан боловч энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заагаагүй болно.

Талууд 2012 оны 03 дугаар сараас мөн оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч хариуцагч нь шилжүүлсэн барааны үнэ, орлогоо нэхэмжлэгчид өгөлгүй хугацаа алдах байдлаас барааны үлдэгдэл, үнийн талаар маргаан гарч хөрөнгө итгэмжлэгч талаас гэрээг цуцалж, итгэмжлэгдсэн өмчлөгч С.Д-аас шилжүүлсэн барааны үнэ 6.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.     

Нэхэмжлэгч талаас “ ... гэрээ цуцлах үед С.Д 7.868.700 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гарсан. 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 600.000 төгрөг надруу шилжүүлсэн. 6.668.700 төгрөг үлдсэнээс нотариат дээр ирж төлбөр барагдуулах гэрээ байгуулахдаа С.Д би танд 6.000.000 төгрөг өгье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд 6.000.000 төгрөгийн төлбөр барагдуулах гэрээ хийсэн ... “ хэмээн мэдүүлж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-г нэхэмжлэлдээ хавсаргажээ.

Төлбөр барагдуулах тухай 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн уг гэрээнд хариуцагч С.Д барааны үлдэгдэл болох 6.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Т-д 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор бэлнээр төлж барагдуулахаар зөвшөөрч талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3. дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах шаардлагатай. Хариуцагч С.Д “ ... Би 3.726.000 төгрөгийг бол төлөхийг зөвшөөрч байна, харин 6.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. ... Ц.Т-тай хийсэн төлбөр барагдуулах тухай гэрээ нь намайг дарамталж, дүр үзүүлэн хийсэн гэрээ учир хүчингүйд тооцож өгнө үү ... ” гэж маргасан боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын мэдүүлэгт дурдсанаар төлбөр барагдуулах гэрээ байгуулах үед хариуцагчийн эгч Д хамт байсан, гэрээг нотариатын газар орж байгуулсан зэргээс үзэхэд хариуцагчийг ямар нэгэн дарамтанд байхдаа эсвэл дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.    

 Иймд хариуцагч нэгэнт үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээгээр тохирсон 6.000.000 төгрөгийг буцаан авахыг шаардсан нь хууль ёсны бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1., 406.6. дахь хэсэгт зааснаар итгэмжилсэн хөрөнгөөс олсон орлого, үр шимийг итгэмжлэгч өмчлөх бөгөөд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1. дэх хэсэгт “ ... өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим ... “ нь буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсд хамаарна гэснийг үндэслэн шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.Д-аас 6.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-д олгохоор шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Д-аас 110.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 406 дугаар зүйлийн 406.1., 406.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Д-аас 6.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-аас 110.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-д олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ж.ЛХАГВАСҮРЭН