Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 935

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2015/00579

 

 

**** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сум, ** дугаар баг, * дүгээр хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Т**** овогт А****ийн Г**** /регистрийн дугаар ****, утас ****4/- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймаг, **** сум, ** дугаар багт байрлах **** аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид холбогдох,

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх  тухай нэхэмжлэлтэй,

Давхардуулан олгосон 1,219,644 төгрөгийг суутган тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г**** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд шат шатны шүүхийн шийдвэрээр намайг **** аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехник колллежийн дотуур байрны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд **** аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тушаалаар ажилд эргүүлэн авч ажиллаж байна. Би өмнө нь ажилгүй байсан хугацааны цалингаа 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл авсан.

Миний сарын цалин 539,547 төгрөг бөгөөд одоо 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны буюу 5 сар 3 хоногийн цалин нийт 2,774,085 төгрөгийг **** аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежиос гаргуулж энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 44 дугаартай шийдвэрээр А.Г****д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин тодорхойлох журам-ын дагуу сүүлийн  6 сарын цалингийн дунджаас ажлын 21,5 өдөрт хуваан нэг өдрийн цалинг тооцон 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 146 өдрөөр тооцон А.Г****д 570,039/21,5=26.514*146=3,871,044 төгрөгийг тооцон олгосон.

2014 оны 06 сард А.Г**** ажлын 9 өдрийн цалин ээлжийн амралтын 30 хоногийн цалин нийт 1,091,256 төгрөгийн цалин авсан.  2014 оны 06 дугаар сарын 12-ныг дуустал тушаал гарснаас хойш ажил хүлээлцэх 3 хоногийн цалинг тооцож олгосон.

Мөн боловсролын байгууллагын онцлогоор төсөвт 7,8 дугаар сарыг амралтын хугацаанд тооцон цалингийн санг төсөвлөдөг. Манай байгууллагын багш ажилчид 8 дугаар сарын 18-аас ажилдаа орсон. Иймээс А.Г**** 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 15 хүртэлх хугацааны 13 хоногийн цалинг олгох боломжгүй юм. А.Г**** нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 44 дугаартай шийдвэрээр А.Г****гаас 3+13+30=46 хоногийн цалин 45*26,514=1.219.644 төгрөгийг давхардуулан олгосон цалинг суутган тооцохыг хүсч байна.

Иймээс А.Г****гийн нэхэмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 07-оос 2015 оны 06 дугаар сарын 10 хүртэлх цалин болох 2,774,085 төгрөгнөөс  1,219,644 төгрөгийг хасч тооцон 1,524,441 төгрөгийн цалинг олгох боломжтой байгаа тул манай байгууллагаас гаргаж байгаа тайлбарыг хүлээн авна уу” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Г**** нь **** аймаг, **** сум, ** дугаар багт байрлах **** аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежид холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх  тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан баримтаар Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийдвэрээр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар А****ийн Г****г “Уул уурхайн, эрчим хүчний политехник коллеж”-ийн дотуур байрны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч А.Г****д олгохоор....” шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 284 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар хариуцагч **** аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 44 дугаартай шийдвэрийг биелүүлж, тус коллежийн захирлын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тушаалаар А.Г****г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь авсан байна.

Нэхэмжлэгч А.Г**** нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш, урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан  “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 6 сарын цалингийн дунджаас ажлын 21,5 өдөрт хуваан нэг өдрийн цалинг тооцон 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 109 өдрөөр тооцоход А.Г****д 570,039/21,5= 26,514*109 = 2,890,026 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** нь нэхэмжлэгч А.Г****д холбогдуулан давхардуулан олгосон цалин 1,219,644 төгрөгийг суутган тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч **** аймаг дахь Уул уурхайн эрчим хүчний политехник коллежоос 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэлд “итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****д сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх олгоогүй” байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч **** аймаг дахь Уул уурхайн эрчим хүчний политехник коллеж нь дээрх шаардлагыг шүүхэд жич гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасны тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар 2015 оны 01 дүгээр

 сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт  2,890,086  төгрөгийг “Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж”-оос гаргуулж нэхэмжлэгч А.Г****д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 10-ны хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж”-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33,821 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****д олгож, нэхэмжлэгч А.Г****гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,940 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** аймгийн “Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж”-оос улсын тэмдэгтийн хураамж  59,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г****д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн ****, **** аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА