| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2011008270588 |
| Дугаар | 2021/ДШМ/962 |
| Огноо | 2021-11-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2021/ДШМ/962
2021 11 11 2021/ДШМ/962
О.Год холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
хохирогч Г.Ж
шүүгдэгч О.Г,
нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Жгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Год холбогдох 2011008270588 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О.Г нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Г.Жд “автомашин худалдана, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, төлбөрийг нь удахгүй төлж дуусгаад нэрийг нь шилжүүлж өгье” гэж хуурч 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа Г.Жгийн дансаар шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032188035 дугаарын дансаар авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Гоос нийт 6.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Жд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолд О.Гыг “2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэн Г.Жг автомашин худалдана, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, төлбөрийг нь удахгүй төлж дуусгаад нэрийг нь шилжүүлж өгье гэж хуурч Г.Жгийн 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байхдаа дансаар шилжүүлсэн 9.000.000 төгрөгийг өөрийн нэр дээрх Хаан банкны 5032188035 дугаарын дансаар авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Гоос нийт 6.000.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ж надад олгуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийг 2 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор О.Гыг гэм буруутайд тооцсон, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгүүдийг буруутгахгүй ба ийнхүү шийдсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, үндэслэлтэй шийдвэр боллоо гэж үзэж байна.
Харин шүүгдэгч О.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг сайтар харгалзаж ял халдаахыг шүүхэд заасан байна.
Шүүгдэгч О.Г нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдоно.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Г нь залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал тун тааруу байсаар байтал шүүхээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, ял хөнгөдсөн гэж үзэж байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг хуульчилсан байдаг.
Иймд шүүгдэгч О.Гын хохирогч Г.Ж намайг залилсан үйлдэлд нь хохирол төлбөр барагдуулаагүй, залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэнтэй уялдуулан хорих ял оногдуулах нь зүйтэй юм.
2. Шүүгдэгч О.Г хохирогч Г.Ж миний хохирол болох 6.000.000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сараас хойш 2021 оны 10 дугаар сар хүртэлх 2 жил 5 сарын хугацаанд огт барагдуулаагүй, хохирол төлөх талаар санал, санаачлага гаргаагүй, хохирол төлбөрөө нэхэхээр алга болж зугтаадаг, хэргээ шийдүүлэхгүй, арга саам зохиож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулдаг, шүүх хуралдаан дээр хохирол төлөх завсарлага авсан боловч санаатайгаар хохирлоо төлөлгүй хий хоосон хугацаа авч, цаг хождог зэрэг башир арга хэрэглэж байна.
Эцэс сүүлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхээр орсон төдий болж торгох болон нийтэд тустай ажил хийх зэрэг ялын хөнгөн төрлүүдээс ял шийтгэл хүлээсэн мэтээр хохирогч миний хөрөнгийн эрхийг сэргээхгүйгээр ял завшиж байна гэж үзэж түүний үйлдэлд нь хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд бүрнээ нийцнэ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “... дүгнэлт нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн” гэж заасныг үндэслэн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч О.Гэрэл-Од тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
О.Г нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Г.Жд “автомашин худалдана, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа, төлбөрийг нь удахгүй төлж дуусгаад нэрийг нь шилжүүлж өгье” гэж хуурч, 9.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
О.Гын Хаан банкны 5032188035 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-55/, О.Гын Хаан банкны 5032188035 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 56-58/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч Г.Жгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр О.Г гэж найзаасаа автомашин худалдаж авах зорилгоор 9.000.000 төгрөгийг Тэнгис кино театрын хажууд өөрийн Хаан банкны 5003515557 дугаартай данснаас шилжүүлсэн юм. Тэр машин нь авто ломбардны газар барьцаатай байсан. ...Би О.Год 9.000.000 төгрөгийг өгөхдөө 503218835 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...” /хх 25-27, 28-30/,
гэрч М.Тын “...О.Гтой 96696556 дугаарын утсаар холбогдоод “машиныг чинь хурааж авсан, одоо асуудлаа шийдье” гэж хэлэхэд “тэгье” гэж ирээд “зээлийн гэрээ дээрх үндсэн зээл болох 4.500.000 төгрөг болон түүний хүү болох 2.145.000 төгрөг, нийт 6.654.000 төгрөгийг төлж чадахгүй юм байна. Харин дээр нь нэмж 1.000.000 төгрөгийг аваад танай компанид машинаа заръя” гэхээр нь тохиролцоод 1.000.000 төгрөгийг 417034722 дугаарын Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж, манайд өөрийн гараараа хүсэлт бичиж өгсөн. Үүнээс хойш О.Гтой дахин холбоо бариагүй. ...” /хх 39-40/,
яллагдагч О.Гын “...Г.Ж өөрт нь 9.000.000 төгрөг байгаа гэхээр нь “тэгвэл 9.000.000 төгрөгт ав ав. Харин миний машин банк бус санхүүгийн байгууллага дээр 3.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа хоёулаа үлдэгдлийг нь авто кузов засварын олсон орлогоос төлөөд явчихъя” гэсэн. Г.Жгаас 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банкны 5032188035 дугаарын дансаар 9.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш 6 сарын дараа “үлдэгдэл мөнгөө төлөөгүй, эргэн төлөлт хийгээгүй” гэх шалтгаанаар банк бус санхүүгийн байгууллагаас миний зарсан машиныг хурааж авсан байсан. ...” /хх 124-126/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Гыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч О.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч Г.Жгаас “...О.Гын хохирогч Г.Ж намайг залилсан үйлдэлд нь хохирол төлбөр барагдуулаагүй, залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Гыг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүхээс хуульд заасан ялыг эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулж шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/723 дугаартай албан тоотоор 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 607 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240.000 төгрөгийн торгох ялыг бүрэн биелүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 21/98 дугаар тогтоолоор дуусгавар болсныг тодорхойлсон байна /хх 123/.
Иймд хохирогч Г.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/514 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Жгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ