Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

     2017          08           21                                         303      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч А.Ганзориг,

хохирогч М.Оюун,

шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овгийн Дүгэрийн Пүрэвсүрэн, Их Буудай овгийн Ган-Очирын Сайнхүү нарт холбогдох эрүүгийн 2017 2601 0565 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Их Монгол овгийн Дүгэрийн Пүрэвсүрэн Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хоёр охин, хоёр зээгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31 дүгээр гудамжны 609 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. (РД:ОЭ64012303).

 

2.Шүүгдэгч: Их Буудай овгийн Ган-Очирын Сайнхүү Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эх, хоёр дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 31 дүгээр гудамжны 609 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. (РД:ОЭ90112684).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Г.Сайнхүүтэй бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 53 тоотод худ М.Оюун, бэр Д.Энхцэцэг хоёртой “хүү Даваажаргалынхаа тавилга, эд хогшлыг авна” гэж маргалдаж, улмаар М.Оюун, Д.Энхцэцэг хоёрын толгой, нүүрэн тус газар нь цохиж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Сайнхүү нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д.Пүрэвсүрэнтэй бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 53 тоотод худ М.Оюунтай “ахынхаа эд хогшлыг авна” гэж маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, М.Оюуны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нараас: шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

 

2.Хохирогч М.Оюун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай охин Энхцэцэг Даваажаргалтай гэр бүл болоод Япон Улсад байж байгаад ирсэн юм. Пүрэвсүрэн бол хүргэн Даваажаргалын ээж, манай худ байгаа юм.

2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 11.00 цагийн үед хүргэн Даваажаргал охин руу яриад “манай ээж очиж миний хувцасыг авна” гэж хэлсэн байсан. Бид ч тийм хурдан ирнэ гэж бодоогүй. Тэгтэл 12.00 цагийн үед хаалга цохисон. Манай зээ очоод хаалга тайлчихсан.  Тэгтэл Пүрэвсүрэн, Сайнхүү нар орж ирж хашгираад танай гурав Японоос ирсэн гэл үү, би хүүгийнхээ эд хөрөнгийг авах гэж ирлээ гэсэн. Тэгээд буйдан зөөгөөд би боль гэтэл болихгүй байсан. Пүрэвсүрэн, Сайнхүү хоёр намайг коридорт хоёр талаас толгой руу цохиж, хана руу толгойгоор савсан. Тэгээд үснээс зулгаахаар нь би адилхан Пүрэвсүрэнгийн үснээс зулгаагаад, үснээс зулгаахаа боль гэж хэлж болиулсан. Тэгтэл Пүрэвсүрэн том өрөөнд орж эд зүйл нурааж буулгаад дахиад намайг нэг удаа цохисон. Сайнхүү манай зурагтыг авна гэхээр нь би өгөхгүй гэж зурагтаа булаацалдсан. Тэгтэл охин Энхцэцэг ээжээ зурагтаа өг өг гэхээр нь больсон. Пүрэвсүрэн, Сайнхүү хоёр нийлж том өрөөний буйдан креслийг зөөж үүдэнд коридорт овоолсон байсан дээр би бүдэрч унахад дахиад Пүрэвсүрэн намайг толгой руу цохиж, хамар руу гараа зангидаж байгаад цохисон. Тэр үед Сайнхүү миний хоёр гарыг барьж хана руу булан руу шахаад би гараа өгөхгүй гэхэд Сайнхүү намайг самардаж, Пүрэвсүрэн нилээн олон удаа намайг цохисон. Сүүлдээ Сайнхүү нь “ээжээ одоо болно” гэж хэлээд Пүрэвсүрэн цохихоо больсон. Энэ хэргийн улмаас зурагтаа 80.000 төгрөгөөр засварт өгч засуулсан. Шүүх эмнэлэгт 3000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн толгойны компьютер томографик хийлгэсэн. Нүдний эмчид 60.000 төгрөгөөр үзүүлсэн. Хамраа тэгшлүүлсэн зардал, эм тарианы мөнгө 143.000 төгрөгийн баримтаа урчихсан учраас нэхэмжлээгүй. Хохиролд нийт 231.000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Энхцэцэгийн хувьд эмчилгээний зардлаа нэхэмжлэх сонирхол байхгүй байсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2017 2601 0565 дугаартай хэргээс:

 

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд:

 

3.Хохирогч Д.Энхцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “…Би нөхөр Даваажаргалтай 2012 онд гэр бүл болоод дундаасаа 2-3 насны хоёр хүүхэдтэй болсон. Нөхөр Даваажаргал надтай хамт амьдарч байхдаа бизнесийнхээ орлогоор гэртээ буйдан, ханын стенк, унтлагын өрөөний ком тавилга, гал тогооны өрөөний ком тавилга, хөргөгч болон плитка зэргийг худалдаж авсан. Эдгээр тавилга эд зүйлс тухайн үед манай гэрт байсан бөгөөд одоо ч гэсэн гэрт маань байгаа. Даваажаргал 2015 оны 08 сард Япон улс руу сурах зорилгоор явсан. Би араас нь 2015 оны 12 сарын 09-ний өдөр хоёр хүүхэдтэйгээ хамт явсан. Японд байхад Даваажаргал бид хоёр янз бүрийн жижиг сажиг зүйлээс болж олон удаа маргалдаж байсан. Сүүлдээ би тэвчихээ байгаад Монгол руу явмаар санагдаж байсан. 2017 оны 02 сард миний төрсөн дүү Энхчимэг Японд ирэхээр нь дүүтэйгээ хамт Монгол руу буцсан. 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед ээж Оюун, 2-3 насны 2 хүүхдийн хамт гэртээ байж байсан. Би бага бандийгаа хөхүүлээд том өрөөндөө байж байсан чинь манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Гэтэл ээж Оюун хаалгаа тайлах гээд очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй том өрөөнд буцаж орж ирээд “танай хадам ээж, дүү хоёр ирчихсэн байна” гэж хэлэх хооронд манай 3 настай Түвшинбаяр хаалганы рүүчиг төмөр дараад хаалга түрүүлээд тайлаад өгчихсөн байсан. Ингээд хадам ээж Пүрэвсүрэн орилж хашгичин “энэ гурав ирсэн гэл үү, би хүүгээсээ бүгдийг сонссон, хүүгийнхээ юмыг авах гэж ирлээ” гэхээр нь ээж маань “та нар болиочээ, яах гэж айл амьтны гэр рүү дайрч орж ирж байгаа юм бэ? Гарцгаа гэхэд ээжийг коридорт “энэ чавганцаа аваач гээд манай ээжийг гараараа үснээс нь зулгаагаад коридорын хананд толгойгоор нь мөргүүлсэн. Тэгээд том өрөө рүү орж ирээд “ханын стенкэн дотор байсан манай мөнгөн аягыг “миний хүүгийн аяга байна” гээд авах гэхээр би “наадах чинь манай аавын аяга байгаа юм, танай хүүгийнх чинь биш” гэж хэлсэн. Тэгсэн чинь үйлдлээ үргэлжлүүлээд том өрөөн дотор байсан жижиг сажиг эд зүйлсийг газраар гаргаж хаяад хүүгийнхээ хөдөлмөрөөр олсон юмсыг авна гээд орилж хашгичаад байсан. Ээж, бид хоёр “та нар гэрт дураараа орж ирээд хэрүүл маргаан хийгээд одоо гарцгаа гээд хэлэхэд бид хоёрын үгэнд орохгүй улам хашгичиж гуагчаад “та нарт хамаагүй, би хүүгийнхээ юмыг авна” гэж орилж хашгичаад байсан. Тэгсэн чинь ээж Оюун том өрөөнөөс гараад явсан. Удаагүй хадам ээж Пүрэвсүрэн том өрөөнөөс гараад жижиг өрөө рүү орсон. Араас нь хадам дүү Сайнхүү гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад жижиг өрөөнд ороход жижиг өрөөний хувцасны шүүгээн дотор байсан хувцас хунарыг Сайнхүү, Пүрэвсүрэн хоёр нийлж гаргаж шидлээд байхаар нь манай ээж Оюун “та нар болиочээ гэхэд бид нар хүүгийнхээ юмнуудыг авна гээд хадам ээж Пүрэвсүрэн манай ээжийн толгой руу гараараа цохиод авахаар нь би “та одоо болиоч” гэсэн чинь Сайнхүү над руу хүрч ирээд бид нар ахынхаа юмсыг авах гэж байна, чамд хамаагүй гэж хэлээд орилж хашгичаад миний зүүн хацран тус газар гараараа алгадсан. Алгадалт нь хүч муутай, миний хацрыг хальт шүргэх төдий алгадалт байсан.

Гэтэл манай бага хүү тэр хэрүүл маргаан дунд айгаад уйлаад намайг том өрөөнөөс гарч ирээд миний хөлнөөс бариад авахаар нь би хүүхдээ нэг гартаа аваад өөрийнхөө гар утсаар тэр хоёрын балмад танхай үйлдлийг баримтжуулах гээд бичлэг хийсэн. Би хүүхдээ нэг гартаа барьчихсан байсан болохоор олигтой бичиж чадаагүй. Тэгсэн чинь Сайнхүү, Пүрэвсүрэн хоёр жижиг өрөөний хамаг эд зүйлсийг буулгаж, онгичиж байгаад энэ ч манай юм байна, тэр ч миний хүүгийн эд хогшил байна гээд орилж хашгичаад байсан. Энэ үед манай 3 настай том хүү Түвшинбаяр гартаа хайч бариад ангалзуулаад явж байхаар нь өөрийгөө гэмтээчиж магадгүй гэж бодоод хүүгээсээ хайчыг нь аваад Сайнхүүг том өрөөнөөс нэг юм аваад гаргах гэж байхаар нь айлгах гээд гартаа барьсан хайчаараа далайсан чинь хадам ээж Пүрэвсүрэн цаад өрөөнөөс гарч хүрч ирээд “хүүш яаж байнаа” гээд надаас хайч булааж авах гээд надтай хайч булаацалдсан. Цаанаас жижиг өрөөнөөс ээж маань гарч ирээд миний гартаа барьсан хайчыг тавиулах гээд хайчны ирэн талаас нь гараараа бариад өөрийнхөө гарыг хайчны ирэнд исгэчихсэн. Би тэр үеэр мөн адил хадам ээж Пүрэвсүрэн, хадам дүү Сайнхүү нартай хайч буцаацалдах явцдаа би өөрийнхөө цээжийг өөрөө зүсчихсэн. Би тухайн үед өөрийгөө хайчаар зүссэнээ мэдээгүй. Нэг мэдэхэд цээжин хэсэг нойт оргиод байхаар нь доошоо харсан чинь бага зэрэг цус гоожиж байсан. Тэгсэн чинь Сайнхүү, Пүрэвсүрэн хоёр том өрөөнөөс ширээ авч гараад буцаж орж ирээд буйданг нэг нэгээр нь зөөгөөд гарахаар нь би утсаараа бичлэг хийсэн. Тэгсэн чинь хадам ээж намайг элдвээр хэлж үг хэлээр доромжлоод байхаар нь би тэсэлгүй 2 удаа салаавчаа гаргасан чинь “хадам ээж” чи над руу салаавч гаргалаа” гээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд би уур хүрээд наад хүүгийнхээ юмнуудыг аваад хурдан зайл гэж хэлсэн. Сайнхүү, Пүрэвсүрэн хоёр балмад танхай үйлдлээ үргэлжлүүлээд юм, хум зөөж коридорт тавиад байхаар нь би гар утсаараа бичлэг хийж байсан чинь хадам ээж бичлэг хийж байсныг минь болиулах гээд надаас утас булааж аваад өгөхгүй байсан чинь манай ээж хүрч ирээд хадам ээжээс миний утсыг нь аваад өгсөн. Тэгээд хадам ээж том өрөөнөөс гараад унтлагын өрөөнөөс жижиг бор түмпүүшгийг аваад гадаа коридор руу гаргаж харагдсан. Ээж маань тухайн түмпүүшгийг өгөхгүй гээд булаацалдсан чинь хадам ээж Пүрэвсүрэн коридорт жижиг түмпүүшгийг гаргаж тавьж буцаж орж ирээд манай ээжийн толгой руу цохиод авсан. Цаанаас нь Сайнхүү хүрч ирээд ээжийн хоёр талд гарчихаад нийлээд толгой руу цохиод байхаар нь би ээжийгээ өмөөрөөд Сайнхүүг очоод толгойных ар руу нь хоёр удаа цохитол Сайнхүү болиод наашаа хүрч ирээд хэрүүл хийсэн. Тэр хооронд хадам ээж, манай ээж хоёр бие биенээ үсдэлцчихсэн байж байгаад тавилцсан. Тэгсэн чинь хадам ээж хүрч ирээд “чи яагаад байгаа юм бэ” гээд миний уруул руу гараараа цохиод авахад миний уруул язраад цус гарсан. Тэгээд дахиж нэг хэсэг хэрэлдэхэд Сайнхүү том өрөө рүү ороод зурагтын тавиур дээр байсан манай зурагтыг харчихаад “энэ манай ахын зурагт байна” гээд авсан. Ээж маань ч гэсэн зурагтаа өгөхгүй гээд “наадах чинь манай зурагт, бид нар мөнгөөрөө авсан юм, баримт падаан байгаа гэсэн чинь Сайнхүү ээжээс зурагт авах гээд булаацалдаад байхаар нь би наад зурагт чинь танай ахын чинь зурагт бишээ, ахын чинь зурагт жижиг өрөөнд байгаа зурагт гэсэн чинь улам буцаацалдаад авах гээд байхаар нь би өөрийнхөө ээжид “за за наад зурагтаа өгчих, өгчих, битгий булаацалд гэсэн чинь ээж маань Сайнхүүтэй булаацалдахаа болиод тавьсан. Би тэр хооронд ард уйлж байсан хүүхэд рүүгээ хальт хараад сатаарч байх хооронд газар “пис” гээд дуугархаар нь хартал Сайнхүү манай зурагтыг газар унагаачихсан байсан. Ээж тэр үед “чи яагаад манай зурагтыг унагааж байгаа юм бэ” гээд асуусан чинь Сайнхүү “хохь чинь” гэж хэлсэн. Би тэр үед хүүхдээ тэвэрчихсэн, нэг гартаа утсаараа бичлэг хийж байсан боловч гар утасныхаа бичдэг хэсгийн товчлуурыг буруу дараад яг тэр агшиныг нь бичиж чадаагүй байна лээ. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд болсон асуудлыг бид нарын аль алинаас нь сонсоод хадам ээж, дүү хоёрыг айлын хөрөнгө, юмыг ингэж хамаагүй дураараа авч болохгүй буцааж оруулж тавьцгаа гээд олон удаа шаардлага тавьж байж буцааж зөөж оруулуулсан. Цагдаа нар ирсэн байх үед цагдаа нарын хажууд хадам ээж миний толгой руу малгайгаар нэг шахуурдаж цохисон.    Цагдаа нар таныг шаардлага биелүүлэхгүй бол “гавлана” шүү гэсэн чинь дахиж намайг цохиогүй. Цагдаа нар тэгээд манай ээжийг, хадам ээжтэй хамт аваад явсан. Намайг Сайнхүү гараараа нэг удаа зүүн хацар руу алгадаж цохисон. Тэр алгадалт нь хүч муутай байсан. Харин хадам ээж том өрөөн дотор намайг бичлэг хийж байгаад өөдөөс нь салаавч гаргасан чинь намайг салаавч гаргалаа гээд толгой уу нэг удаа гараараа цохисон. Дараа нь уруул руу нэг удаа гараараа хүчтэй цохисон. Хадам ээж намайг нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохисон. Намайг хүүхдээ газраас авах үеэр газар пис гээд дуугарах чимээ гарахаар нь харсан чинь Сайнхүү манай зурагтыг газар унагаачихсан байдалтай харагдсан. Тэгэхээр нь би “ чи яаж байгаа юм” гэхэд Сайнхүү “ “хохь чинь” гэж хэлсэн. Би Сайнхүүг яг бол зурагт унагааж байхыг хараагүй. 40 инчийн “Самсунг” маркийн хар өнгийн лед зурагт байсан юм. Уг зурагтыг дүү Энхчимэг бид хоёр ээжийн өгсөн мөнгөөр хороололын некст электрониксоос 969.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Хадам ээжтэй хайч булаацалдаж байхдаа би өөрийнхөө цээжин хэсгийг зүсээд гэмтээчихсэн. Хадам ээж миний цээжин хэсгийг хайчаар зүсээгүй. Одоо Японд байгаа манай нөхөр болох Даваажаргалын эд зүйлс байсан юм. …” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

 

Хохирогч Д.Энхцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн: “…Тархи доргилт, дээд, доод уруулны зөөлөн эдийн няцрал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг хадам ээж Пүрэвсүрэн намайг гараараа толгой, нүүрэн тус газар цохисноос болж үүссэн байх, харин өвчүүний дээд хэсэгт үүссэн шарх болон гаранд үүссэн шархыг би хайч булаацалдах явцдаа өөрийгөө зүсэж гэмтээсэн. Гар болон өвчүүний дээд хэсэгт цээжинд үүссэн шархыг Сайнхүү, Пүрэвсүрэн хоёр учруулаагүй. Зүүн өвдөгөнд үүссэн зулгаралт гэмтлийг би өөрөө хайч булаацалдах явцад газар өвдөглөж суугаад үүссэн байх. Хайчийг тухайн үед манай том 3 настай Түвшинбаяр маань хайч ангалзуулаад явж байхаар нь өөрийгөө бэртээчиж магадгүй гэж бодоод авсан бөгөөд тэр үед том өрөөнд Сайнхүү байхаар нь зүгээр айлгах гээд далайсан юм. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж, шийдэж өгөөчээ гэж хүсэж байна. Би хадам дүү Сайнхүү, хадам ээж Пүрэвсүрэн нараас мөнгө төгрөг юу ч нэхэмжлэхгүй. Эмчилгээ эм тарианд би мөнгө төгрөг гаргаагүй. Харин эвдэрсэн зурагтны талаар манай ээж Оюун мэдүүлэг өгсөн байх. Ээж өөрийнхөө мөнгөөр авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйлийнхээ талаар хэлэх байх. Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Япон улс руу ажил хийхээр явна. Тэгээд 2017 оны 08 сарын сүүлээр ирэх байх гэж төлөвлөж байгаа учраас хэргийн материалтай танилцаж чадахгүй, шүүх хуралдаанд суух боломжгүй байна. …” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

 

4.Хохирогч М.Оюуны 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн:

 “…Би охин Энхцэцэг, Энхчимэг болон 2 зээгийн хамт 2012 оноос хойш одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 26-53 тоотод амьдарч байна. Том охин Энхцэцэг Даваажаргал гэж залуутай 2013 онд гэр бүл болсон. Энэ хугацаанаас хойш манайд амьдарч байсан. Энхцэцэг, Даваажаргал хоёр маань дундаасаа 2-3 насны хоёр хүүхэдтэй. Хүргэн Даваажаргал 2015 оны 08 сарын 23-ны өдөр Япон улс руу сургуульд сурах гээд явсан. Харин охин маань нөхрийнхөө араас 2015 оны 12 дугаар сарын 10 дээр хоёр хүүхдээ дагуулаад явсан. Энхцэцэг, Даваажаргал хоёр 2015 оны 08 дугаар сарын 10 дээр хуримаа хийж байсан. Охин маань энэ жилийн цагаан сарын өмнөхөн буюу 2017 оны 2 дугаар сарын 10-ны үеэр Японоос хоёр хүүхдээ дагуулаад ирсэн. Ирэх болсон шалтгаан нь гэвэл хүргэн Даваажаргалтай муудалцаад Монголд гэртээ ирсэн.

2017 оны 03 дугаар сарын 08-ны 13 цагийн үед санагдаж байна. Охин Энхцэцэг, 2-3 насны хоёр зээ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 26-р байрны 53 тоот гэртээ байж байсан чинь гэрийн хаалгыг хүн нүдсэн. Тэгээд би хэн бэ гээд хаалганыхаа дурангаар харсан чинь Энхцэцэгийн хадам ээж Пүрэвсүрэн, хадам дүү Сайнхүү нар ирчихсэн байсан. Тэгээд би хаалгаа тайлж өгөлгүйгээр том өрөө рүүгээ ороод охиндоо “хадам ээж, дүү хоёр чинь гадаа ирчихсэн байна, яах гэж байгаа юм бол” гэж хэлээд буцаад хаалга руу очих үед манай 3 настай зээ Түвшинбаяр надаас түрүүлж очоод хаалганы бариул төмрийг доош нь дараад хаалга онгойлгоод өгчихсөн. Тэгсэн чинь Пүрэвсүрэн, Сайнхүү хоёр орж ирээд Пүрэвсүрэн “энэ 3 ирсэн гэл үү, хүүгийнхээ тавилга юмсыг авч явна гэхээр нь би “та нар чинь яагаад гэр орон руу дайрч орж ирж байгаа юм бэ” гээд замд нь хашаад зогстол Пүрэвсүрэн миний үснээс зулгаагаад коридорын хана мөргүүлээд, том өрөө рүү дайрч ороод стенкэн дотор мөнгөн аягыг миний хүүгийн аяга байна гэж хэлээд авна гэхээр нь Энхцэцэг наанаас нь наадах чинь танай хүүгийнх чинь биш, манай аавын аяга гэж хэлсэн чинь стенкэн дотор байсан жижиг, сажиг ном, дэвтэр эд зүйлсийг гаргаж шалаар чулуудаад стенк, буйдан, ханын жижиг хивс, шалны дэвсгэрийг миний хүүгийн юмс гээд энийгээ авна, энэ ч миний хүүгийн юм, тэр ч миний хүүгийн юм байна гээд орилж хашгичсан. Тэгэхээр нь би энэ хоёр хамаг юмс чулуудаад шидэх юм байна гэж бодоод том өрөөний жижиг стенкэн дээр байсан охин Энхцэцэгийн ээмэг, бөгж хийдэг савыг тэр чигт нь аваад том өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ороод хаалганы хажуу талын ширээн дээр тавьж нуугаад буцаад том өрөө рүү орсон чинь Пүрэвсүрэн жижиг өрөө рүү яваад орохоор нь би араас нь дагаж орсон чинь Пүрэвсүрэн жижиг өрөөнд ороод орны бадуушкыг сөхөөд доогуур нь байсан юмнуудыг харчихаад энийг авна, тэрийг нь авна гээд шүүгээн доторх эд зүйлсийг гаргаж газраар шидлээд байхаар нь би наанаас нь болиулах гээд болиочээ, та нар гараачээ гээд Пүрэвсүрэн дээр яваад очсон чинь Пүрэвсүрэн намайг гараа зангидаж байгаад толгой руу нэг удаа хүчтэй цохичихоод жижиг өрөөнөөс чемодан аваад гарах гэж байхаар нь би наадах чинь манай охины чемодан, наадахаа өг гээд татаж чангааж аваад оронд нь хүүгийнх нь боодолтой хувцасыг нь өгсөн. Ингээд Пүрэвсүрэн гаргаж юмаа тавиад буцаж жижиг өрөөнд орж ирээд буйдан, стенкээ авна гэхээр нь би “ наадах чинь манай гэрийн тавилга би мөнгөөрөө авсан юм, танай хүүгийн чинь юмыг хаячихсан гэсэн чинь “ чи яахлаараа манай хүүгийн юмыг хаядаг юм” гээд Сайнхүү миний гарнаас бариад хана руу шахаж зогсоогоод Пүрэвсүрэн хажуунаас миний нүүр, толгой, нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд Сайнхүү миний гарыг тавиад түрүүлээд жижиг өрөөнөөс гараад явсан, араас нь удалгүй Пүрэвсүрэн жижиг өрөөнөөс гараад явахаар нь би тэр хоёрын араас жижиг өрөөнөөс гараад том өрөө рүү харахад том өрөөний хаалганы хажууд байдаг хөргөгчний урд талд Энхцэцэг хүүхдээ зүүн гартаа тэврээд баруун гартаа хайч барьчихсан сууж байсан. Гарт нь байсан хайчыг нь Пүрэвсүрэн булаацалдаж байсан. Би наанаас нь очоод хайчыг нь булааж авсан. Хайч булаацалдах явцдаа би баруун гарныхаа хурууг хайчны ирэнд исгэчихсэн. Тэгээд тэр хоёр том өрөө рүү ороод буйдангын бадуушкыг зөөгөөд гарах гэхээр нь манай охин гар утсаараа бичлэг хийсэн чинь тэр хоёрын аль нэг нь миний охины утсаараа бичлэг хийж байгааг нь болиулах гээд гарнаас нь утсыг нь булааж авахаар нь би охиныхоо гар утсыг нь тэр хоёрын нэгнээс нь булааж авсан. Одоо яг хэнээс нь булааж авсанаа сайн санахгүй байна. Тэгээд охиныхоо утсыг нь охиндоо буцааж өгсөн чинь тэр хоёр жижиг өрөө рүү ороод Пүрэвсүрэн жижиг өрөөнд байсан түмпүүшгийг аваад гарах гэхээр нь би наадах чинь манай юм гээд булаацалдахад үүдний хаалга давуулж коридорт тавиад буцаж орж ирээд намайг охинтойгоо нийлээд толгой тархи руу хэд хэдэн удаа нийлж цохиж зодсон. Тэр үед Энхцэцэг тэр хоёрыг болиулах гээд том өрөөнөөс хүрч ирээд тэр хоёртой маргалдсан чинь Сайнхүү цаашаа холдоод Энхцэцэгтэй маргалдаад байсан. Пүрэвсүрэн намайг үсдээд барьчихаар нь би адилхан түүнийг үснээс нь хэсэг зулгаалцаж байгаад тавилцсан.  Пүрэвсүрэн хаалганы хажууд очоод буцаж дахиж наашаа нэг алхаад миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгж цохиулахад миний аманд цус амтагтаад хэсэг манарсан. Тэгсэн чинь Пүрэвсүрэн надаас салаад Энхцэцэгийг очоод уруул руу нь гараараа цохиод авахаар нь би охиныгоо өмөөрөөд Пүрэвсүрэнг “ чи хүүхэд тэвэрч байгаа хүүхдийг зодоод байхдаа яадаг юм бэ” гээд Пүрэвсүрэнг гараараа гар руу нь нэг удаа цохиж авсан. Тэгээд буцаж том өрөө рүү ороод тэр хоёрыг стенкний зарим хэсгийг зөөж гаргах үед нь би цагдаад дахиад дуудлага өгсөн. Ингээд тэр хоёр том өрөөнд байсан тавилга юмсыг бүгдийг нь зөөж коридорт гаргасан. Тэгсэн чинь Сайнхүү буцаж орж ирээд том өрөөний тавиур дээр байсан манай 40 инчийн хар өнгийн самсунг маркийн зурагтыг харчихаад “миний ахын зурагт байна” гээд авах гэхээр нь би “зурагтаа өгөхгүй, энэ зурагт чинь манай зурагт” гэсэн чинь тавиур дээрээс аваад том өрөөний буйдан байсан хэсэг дээр очихоор нь би Сайнхүүгээс зурагтаа авна гээд булаацалдсан чинь хажуунаас охин Энхцэцэг маань “ээжээ хэрэггүй хэрэггүй, өгчих” гэхээр нь би зурагтаа тавьсан. Тэр үед Сайнхүү манай зурагтыг барьж үлдсэн. Тэгээд Сайнхүүгээс 2-3 алхам буюу хоолны түмпүүшигний хажууд очоод Сайнхүү рүү эргээд харсан чинь Сайнхүү гартаа барьсан манай зурагтыг газар унагаачихаар нь чи яагаад манай зурагтыг унагааж байгаа юм бэ гэсэн чинь хохь чинь гэж хэлсэн. Үүнийг Энхцэцэг харсан байх гэж бодож байна. Тэгээд хэсэг хэрүүл маргаан хийсэн. Тэр хооронд цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд болсон асуудлын талаар бид нараас сонсоод Пүрэвсүрэнд “та авч гаргасан зүйлүүдээ буцааж оруулж тавь гээд тавьсан. Цагдаа нар байх үед Пүрэвсүрэн жижиг өрөө рүү ороод хувцасны шүүгээн дотор байсан хувцасыг нь миний хүүгийн хөдөлмөрөөр авсан хувцас хунар гээд хувцасны шүүгээн дотор байсан лоовуузан малгайг авахаар нь би наад малгай чинь танай хүүгийн малгай биш, Энхцэцэгийн малгай гэсэн чинь тэр малгайгаар цагдаа нарын хажууд Энхцэцэгийн толгой руу шавхуурдаад авсан. Тэр малгай нь арьсан болохоор нээх хүчтэй цохиогүй, шахуурдах төдий цохисон. Тэгсэн чинь дуудлагаар ирсэн цагдаа нар Пүрэвсүрэнг “та ийм үйлдэл дахиад хийх юм бол гавлана шүү” гэсэн чинь дахиж хэрүүл, маргаан хийгээгүй больсон. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр хамт ирсэн.

-Хамгийн эхлээд Пүрэвсүрэн үүдээр орж ирэхдээ миний үснээс зулгааж байгаад хана руу мөргүүлсэн. Дараа нь жижиг өрөөнд Пүрэвсүрэн гараа зангидаж байгаад толгой руу нэг удаа цохисон. Мөн дахиад жижиг өрөөнд Сайнхүү миний хоёр гарнаас барьж хана руу шахахад хажуунаас Пүрэвсүрэн миний нүүр, баруун нүд рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Дараа нь Пүрэвсүрэн жижиг өрөөнөөс түмпүүшиг аваад гарахаар нь би өгөхгүй гээд булаацалдсан чинь хаалга давуулж коридорт тавиад буцаж орж ирэх үед нь би гэрийн коридорт шалан дээр хөглөрсөн байсан юманд тээглээд уначихсан байсан чинь Пүрэвсүрэн миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Хажуугаар нь Сайнхүү миний толгой руу ээжтэйгээ нийлээд гараараа цохисон. Гэхдээ Сайнхүү миний толгой руу хүч муутай цохисон. Үүний дараа Пүрэвсүрэн гаднаас орж ирдэг хаалганы хажууд очоод буцаж дахиж наашаа нэг алхаад миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Тухайн хэрүүл маргааны үед миний охины толгой руу Пүрэвсүрэн том өрөөн дотор нэг удаа, үүний дараа нь охиныг маань Пүрэвсүрэн элдвээр хэлж хараагаад байхаар нь охин маань уур нь хүрсэн юм уу бүү мэд уурандаа л байх гэж бодож байна Пүрэвсүрэн рүү салаавч гаргасан чинь толгой руу нь гараараа нэг удаа цохисон. Миний харсанаар Пүрэвсүрэн миний охин Энхцэцэгийн толгой руу 2 удаа гараараа цохисон. Харин Сайнхүү Энхцэцэгийг цохиж, балбаж байсан үйлдлийг нь хараагүй. Охиныг загнаж зандраад хэрүүл хийхээр нь би охиныгоо өмөөрөөд хэрэлдэж байсан.  Манай охин Энхцэцэг тухайн үед Сайнхүү, Пүрэвсүрэн хоёрыг гэрт орж ирээд танхай балмад үйлдэл хийгээд байхаар нь гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд уг бичлэгээ флаш диск дээр хуулбарлаж авсан. Хуулийн дагуу шалгаж шийдэж өгөөчээ гэж хүсэж байна. …” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар тал/,

 

Хохирогч М.Оюуны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин мэдүүлсэн: “…Би зодуулж цохиулсаны улмаас нүд өвдөөд байхаар нь улсын нэгдсэн 3-р эмнэлэгт очоод үзүүлсэн чинь нүдний нарийн шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай байна. Та Орбита нүдний эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би Орбита нүдний эмнэлэгт 60,000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн шүүх эмнэлэг дээр 85,000 төгрөгөөр толгойны компьютер томографийны зураг авахуулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3,000 төгрөгөөр үзүүлсэн. Зурагтаа “Некст” электроникс засварын төв дээр 80,000 төгрөгөөр янзлуулж засуулсан. Өөрөөсөө баримтаар гаргаж өгсөн мөнгөө нэхэмжилнэ. Энхцэцэг Япон улс руу ажил хийх зорилготой 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр явсан. Энэ жилийн намар буцаж ирж магадгүй. Охин маань явахаасаа өмнө гомдол саналынхаа талаар тодорхой мэдүүлэг өгөөд явсан байх. …” гэх мэдүүлэг /хх-ийн 44р дүгээр тал/,

 

-Хохирогч М.Оюуны 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дахин мэдүүлсэн: “…Энхцэцэг Японоос ирээгүй байгаа. Энэ оны 09 дүгээр сарын сүүлээр ирж магадгүй. Яг хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Би эмчилгээндээ зарцуулсан 148,000 төгрөгийг Пүрэвсүрэн, Сайнхүү нараас хүлээж авсан. Гэхдээ баримт байхгүй эмчилгээнд зарцуулсан хохирол байгаа. Баримт байхгүй учраас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болчихоод байна. Одоо надад тэр хоёрт гомдол санал, байхгүй. Пүрэвсүрэн, Сайнхүү хоёртой эвлэрсэн. Энхцэцэгийн гомдол саналын талаар мэдэхгүй байна. …” гэх мэдүүлэг /хх-ийн 208-209 дүгээр тал/,

 

5.Гэрч Д.Энхчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “…Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад сургууль дээрээ очиж сургалтандаа суугаад 17 цагт тараад 18 цагийн үед өөрийнхөө гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 26-р байрны 53 тоот гэрийнхээ хаалгыг тогшсон чинь хүн онгойлгож өгөхгүй байгаад байсан. Би бараг 1 орчим минут нүдсэн боловч онгойлгож өгөхгүй, гэрт маань хүн байх дуу чимээ гарахгүй байхаар нь гэрийнхэн маань гараад явчихсан юм болов уу гээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгох гэхэд ээж Оюун хаалгаа тайлж өгсөн. Ээж маань нилээн айчихсан, сандарсан байдалтай байсан. Тэгээд би үүдээр ороод харсан чинь гэрийн хамаг эд зүйлс, дэвтэр ном, хувцас хунар зэрэг зүйлс маань газраар хөглөрчихсөн байхаар нь том өрөө рүү ороод харсан чинь том өрөөний хамаг эд зүйлс дэвтэр, ном, жижиг сажиг зүйлс, буйдангын падуушиг энэ тэр хэсэг, хэсгээрээ салчихсан байдалтай байхаар нь “юу болсон юм бэ” гэсэн чинь эгч маань “хадмын талын хүмүүс ирээд хэрүүл маргаан хийгээд бусниулаад явчихлаа, гэрт байсан хамаг тавилга эд зүйлсийг маань авна гэж дайраад авч гараад цагдаа нар ирж шаардлага тавьсаны дараа буцааж оруулж тавьлаа гэж хэлэхээр нь би хувцасаа тайлаад ээж, эгч хоёртоо хамт гэрийнхээ буулгасан юмнуудыг хамт янзлалцсан. Тэгсэн чинь намайг толгой үзээдэх, миний толгой өвдөөд байна гэхээр нь би ээжийнхээ толгойг гараараа тэмтэрч үзэхэд толгой хэсэгт нь 2 том булдруу гарт мэдрэгдэж байсан. Нүүр рүү нь харсан чинь баруун нүднийх нь доод хэсэгт хөх дүү маягын өнгө тогтчихсон, хамар нь үл ялих муруйчихсан байдалтай байсан. Ингээд би хэн зодсон юм бэ гэсэн чинь Энхцэцэг эгчийн хадам ээж Пүрэвсүрэн, хадам дүү Сайнхүү нар нийлж зодсон гэж хэлсэн. Энхцэцэг эгчийн цээжний дээд хэсэгт нь зүсэгдээд шалбарчихсан байхаар нь асуухад “хайч булаацалдах явцдаа зүсчихсэн юмаа гэж хэлсэн. Мөн ээжийн зүүн гарын хурууны хэсэгт зүсэгдчихсэн байсан. Тэрийгээ болохоор хайч булаацалдах явцдаа зүсэгдсэн гэж хэлсэн. Гэрийн хамаг эд юмс эмх цэгцгүй болчихсон, мөн том өрөөний тавиур дээр байсан Самсунг маркийн лсд зурагтны доод талын хүрээ нь салчихсан, доод талын мэдрэгчтэй кноп нь эвдэрчихсэн, дэлгэц нь зураас үүсээд харлачихсан байдалтай байсан. Ээж, эгч хоёр зурагтны талаар хэлэхдээ Сайнхүү “манай зурагт гэж булаацалдаж байгаад булааж аваад газар унагаачихсан гэж хэлсэн. Уг зурагт болохоор манай өөрийн зурагт юм. Уг зурагтыг эгч Энхцэцэг бид хоёр 2012 онд Баруун 4 замын “Некст” электроникс төвөөс ээжийн өгсөн мөнгөөр худалдаж авч байсан. Гэрт анх худалдаж авсан баримт нь байгаа. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсанаа сайн санахгүй байна. Эгч, ээж хоёр мэдэж байгаа байх. Намайг байхгүй хойгуур Энхцэцэг эгчийн хадам ээж, дүү хоёр нь Даваажаргал ахын эд зүйлс тавилгыг авна гээд ээж, эгч хоёртой маргалдаж улмаар булаацалдаж, ээж, эгч хоёрыг хүч хэрэглэн зодож танхайрсан юм байна лээ. Эгч, ээж хоёрын ярианаас бол би тэгж ойлгосон. Гэхдээ Даваажаргал ахын тавилга эд юмс нь манай гэрт байсан. Тэрийгээ авах гэж тийм үйлдэл хийсэн байх. Эгч Энхцэцэгийн нөхөр Даваажаргал Япон улсад сурдаг бөгөөд одоо ч гэсэн сурч байгаа. Эгч маань нөхрийнхөө араас 2015 оны 11 сард Япон улс руу явсан. Харамсалтай нь Даваажаргал ах Энхцэцэг эгчийг Японд байхад зодож, дарамталдаг байсан болохоор нь би Япон руу элсэлтийн шалгалт өгөх далимаараа 2017 оны 01 сарын 30-ны өдөр яваад 2 сарын 13-ны өдөр ирэхдээ эгчийгээ Японоос авчирсан. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 2-3 насны хоёр хүүхэдтэй. …” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал/,

 

6.Гэрч Ш.Шандансүрэнгийн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “…Би  тухайн өдөр жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Уртнасангийн хамт Бүргэд-113 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр 13 цагийн орчим Бүргэд 10-аас ирсэн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо 26-р байрны 53 тоот хаяган дээр очсон. Уг хаяган дээр очиход 4 эмэгтэй хүн хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Тэр 4 эмэгтэйгээс гадна бага насны 2 хүүхэд байсан. Гэрийнх нь зарим тавилга эд хогшилыг коридорт гаргаад тавьчихсан байдалтай байсан. Ингээд ямар асуудал болсон юм бэ гээд гэрт байсан хүмүүсээс асуусан чинь ахимаг насны нэг эгч “манай хүүхэд Солонгос гэл үү, Японд гэл үү байдаг юмаа, хүүгийнхээ тавилга эд зүйлсийг эдний гэрээс авах гэж ирсэн юм гэж тайлбарласан. Тэгэхээр нь би хууль ёсны шаардлага тавьж эд хөрөнгийн асуудалтай холбоотой асуудал болохоор шүүхийн байгууллагаар шийдүүл гэж зөвлөөд, коридорт гаргаж тавьсан тавилга эд хогшлийг гэрт нь буцааж оруулж тавь гэж тэнд байсан 2 эмэгтэйд шаардлага тавьж хэлсэн. Тэгээд уг хүмүүс коридорт гаргаж тавьсан тавилгануудыг буцааж гэрт нь зөөж оруулж тавьсан. Тэр 4 эмэгтэйгээс гадна ачаа зөөж байсан дунд эргэм насны хоёр эрэгтэй хүн байсан. Тэр хоёр хүнээс та хоёр ямар учиртай хүмүүс юм бэ гэхэд “энэ хоёр эмэгтэй хүн бид хоёрыг хөлсөлсөн юм гэж хэлсэн. Энэ хооронд хэрүүл маргаан хийж байсан ахимаг насны эгч гэрийн эзнийг бололтой эгчтэй маргалдаад байхаар нь шаардлага тавьж одоо хэрүүл маргаанаа хийхээ боль гэхэд шаардлага биелүүлэхгүй байхаар нь шаардлага биелүүлэхгүй бол гавлана шүү гэж тэр эмэгтэйд хэлсэн. Тэгээд Уртнасан бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн 4 эмэгтэйгийн ахимаг насны 2 эмэгтэйг хэлтэс дээр авчирч жижүүрт хүлээлгэж өгсөн. Миний нүдэн дээр хоорондоо зодоон цохион хийж харагдаагүй. Харин бие биенийгээ энэ ч намайг ингэж зодсон, тэгж зодсон гээд хэрэлдээд маргалдаад байсан. Уртнасан бид хоёрыг ирэхээс өмнө хоорондоо зодолдсон байх гэж бодож байна. Гэрийнх нь хамаг эд хогшил эмх цэгцгүй газраар хөглөрсөн байдалтай байсан. Мөн зарим тавилга эд хогшилийг нь коридорт зөөгөөд гаргачихсан байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

 

7.Гэрч Ж.Уртнасангийн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

 “...Би тухайн үед офицер Шандсүрэн ахмадтай хамт Бүргэд 113-р чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. 13 цагийн үед Бүргэд 10-с “хадамууд гэрт ирээд хэрүүл маргаан хийгээд зодоод байна” гэж дуудлага ирсэний дагуу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-р байрны 53 тоот хаяган дээр очсон. Шандансүрэн ахмад бид хоёрыг уг хаяган дээр лифтээр дээшээ гарахад давхарын коридорт дунд эргэм насны 2 эрэгтэй хүн тавилга эд хогшил зөөгөөд доош буулгаж байсан. Давхарын коридорт айлын тавилга эд зүйлс хөглөрсөн байдалтай шалан дээгүүр байсан. Тэгэхээр нь Шандансүрэн ахмад бид хоёрыг дуудлага өгсөн гэрт явж ороход 4 эмэгтэй, бага насны 2 жаахан хүүхэд байсан. Гэрт байсан 4 эмэгтэй хүн хоорондоо хэрүүл маргаан хийж байсан. Ямар учраас хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэхэд ахимаг насны нэг эмэгтэй нь “би эдний гэрээс хүүгийнхээ тавилга, юмыг авч байна гээд гэрийн эзэн гэх эгч рүү үг хэлээр доромжлоод дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь Шандансүрэн ахмад бид хоёр дайрч давшлаад байсан эмэгтэйд шаардлага тавьж хэлж болиулаад “та нар эд хөрөнгийн холбоотой асуудлынхаа талаар иргэний журмаар шүүхэд хандах талаар хэлж зөвлөгөө өгсөн. Мөн тэр хүмүүс хоорондоо хэрэлдэж байхдаа ахынхаа тавилгыг авна гээд байсан охин “наад зурагтыг чинь манай ах аваа биз дээ” гээд гэрийн эзэн гэх эмэгтэйтэй маргалдаад байсан. Би ямар зурагт яасан талаар ойлгоогүй. Тэгсэн чинь хүүгийнхээ тавилга эд хогшлийг авна гээд байсан ахимаг насны эмэгтэй гэрийн эзэн гэх эмэгтэй рүү хэрүүл маргаанаа дахиж үргэлжлүүлээд улайраад дайраад байхаар нь Шандансүрэн ахмад бид хоёр уг эмэгтэйг “та шаардалага биелүүлэхгүй бол гавлана шүү” гэж хэлсэн чинь тухайн балмад үйлдлээ больсон. Тэгээд тэр хүмүүс хэрүүл маргаан хийхээ болиод хэсэг тайвширхаар нь гэрээс нь гаргасан тавилга эд хогшлийг буцааж гэрт оруулж тавих талаар хэлж ярьж тавилга эд хогшлийг нь зөөлгөж оруулсан. Тэгээд хоёр ээжийг нь цагдаагийн хэлтэс дээр авчирч жижүүрт хүлээлгэн өгсөн. Тухайн гэрт бага насны хоёр жаахан хүүхэд байсан. Хүүхдүүд нь уйлалдаад, хажуугаар гэрт байсан 4 эмэгтэй хоорондоо хэрэлдэж маргалдаад чимээ шуугиан ихтэй байсан. Тавилга эд хогшлийг авах гэж ирсэн гэх 2 эмэгтэй гэрийн эзэн гэх хоёр эмэгтэйг хэл амаар доромжлоод улайраад дайраад байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Ер нь цохисон байхыг үгүйсгэх аргагүй. Гэрийн хамаг эд зүйлс, тавилга нь эмх цэгцгүй хөглөрсөн байдалтай байсан. Намайг эргэж өөр зүйл рүү харах хооронд цохисон байж магадгүй. Тэр хоёр эрэгтэй гадаа коридорт байсан тавилга эд хогшлийг доошоо буулгаж харагдсан. Гэрт ороогүй. Энэ хоёр эмэгтэй бид хоёрыг хөлсөлсөн юмаа гэж хэлж байсан. Бид хоёрыг дуудлаганд очиход гэрийнх нь зарим эд хогшил нь давхарын коридорт газраар хөглөрчихсөн, дотогшоо гэрт нь ороход зарим тавилга эд зүйлс нь шалан дээгүүр хөглөрсөн, нилээн эмх замбараагүй байдалтай байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр тал/,

 

8.Гэрч М.Сэнгээдоржийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “…Би Нэкст электроникс засвар үйлчилгээний төвд зурагт засварын инженерийн ажилтай. Оюун гэх хүн манай засварын төвд Самсунг маркийн 40 инчийн зурагтаа засуулна гээд өгсөн. Манай засварын төв тухайн иргэний өгсөн зурагтыг янзалсан. Тухайн иргэний засуулах гэж өгсөн зурагтын дэлгэцний уян нь эвдэрсэн. Дэлгэцийн доод талын хүрээ нь сэтэрсэн байсан. Эдвэрсэн уяныг шинээр сольж, сэтэрсэн хүрээг буцааж хэвэнд нь оруулж наасан байгаа. Мөн дэлгэцний гол хэсгээр харлаж, хар зураас үүссэн байсан. Энэ нь уян гэмтэхээр харлаж харагддаг. Тиймээс уяныг нь солиход хэвийн болж янзлагдсан. Уг зурагтанд нийт 80,000 төгрөгийн засвар үйлчилгээ орсон. Одоо энэ зурагтанд нэмж янзлагдах зүйл байхгүй. Эвдэрсэн гэмтлүүдийг бүрэн янзалсан учраас хэвийн ажиллагаатай болсон. Уг зурагтанд учирсан гэмтэл нь доргилт болон газар унагаах, цохигдох үед үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл гадны хүчин зүйлс буюу механик гэмтэл юм. …” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/,

 

9.Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “…Би 4 хүүхэдтэй. Даваажаргал, Сайнхүү, Цэцэгсүрэн, Отгонзаяа. Даваажаргал болохоор айлын ууган хүүхэд юм.  Япон улсад магистрт сурч байгаа бөгөөд Энхцэцэг гэж эмэгтэйтэй гэр бүл болсон. Энэ хоёр дундаасаа 2-3 насны 2 хүүхэдтэй. Даваажаргал 2015 оны 8 дугаар сарын сүүлээр дөнгөж хуримаа хийгээд Япон улс руу сурах зорилгоор явсан. Бэр Энхцэцэг 2 хүүхдээ аваад тухайн оны 12 дугаар сард нөхрийнхөө араас явсан. Энхцэцэг 2017 оны 01 дүгээр сарын дундуур Японоос ирсэн. Ирэх болсон шалтгааныг нь манай гэр бүлийн зүгээс юу ч мэдээгүй. Бэр, хүү хоёр Японд байхдаа хувийн харьцаанаас болж маргалдсан юм байна лээ. Би дараа нь хүүгээсээ сонссон. Даваажаргал цагаан сарын өмнө над руу утсаар яриад “ээж би Энхцэцэгтэй маргалдчихлаа, тэрнээс болж би Энхцэцэгт гар хүрчихсэн, надад уурлаад Монгол руу явчихлаа” гэж хэлсэн. Хүүгээ тэгж хэлэхээр нь би бэрийг Монголд ирчихсэн юм байна гэж бодсон. ...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 2 ачийгаа харая, бэрээсээ болсон асуудлынх нь талаар очиж уулзъя гэж бодоод дунд охин Сайнхүүг дагуулаад бэрийнхээ гэрт нь очих замдаа худын байрны гадаа зогсож байсан портерын жолоочтой уулзаад “та ачаа зөөх үү, хэрэг болбол утсаар дуудна шүү” гээд портерын жолоочийн дугаарыг авсан. Тэгээд цаашаа худын гэр рүү явсан. Тэгээд давхарт нь гараад би эхлээд хаалгыг нь нүдэхэд худ Оюун эхэлж хаалгаа тайлсан. Тэгээд дотогшоо яваад ороход миний хүүгийн хамаг хувцас хунарыг торонд хийгээд хаалганы хажуу талд шидчихсэн байсан. Тэгээд тавьчихсан байхаар нь би “та нар чинь яаж байгаа юм бэ? миний хүүгийн хувцас хунарыг яаж байгаа юм бэ гээд хэлсэн чинь бэр Энхцэцэг “наад хүүхдийнхээ хувцасыг аваад зайл гэж хэлсэн. Тэгэнгүүт нь миний дургүй гэнэт хүрээд би тэгвэл хүүхдийнхээ тавилга, эд хогшлийг бүгдийг аваад явна гээд том өрөө рүү нь ороод буйданг авах гээд татаад гаргасан чинь хажуунаас худ Оюун хүрч ирээд намайг миний хувцаснаас татаад гар гэсэн. Миний ч гэсэн уур хүрээд Оюун бид хоёр барьцалдаж авсан. Оюун намайг үсдээд авсан. Би ч гэсэн Оюуныг барьж аваад үсдэж аваад зууралцсан. Тэгж байтал бэр Энхцэцэг хайч гартаа барьчихсан далайж байхаар би наанаас нь очоод гарнаас нь булааж авах гээд зууралдсан. Тэгтэл хажуунаас худ Оюунаа хүрч ирээд хайчыг нь авах гээд бас булаацалдсан. Тэр үед Энхцэцэг хайч булаацалдах явцдаа цээжин хэсгээ хайчаар зүсчихсэн. Сайнхүү ч гэсэн “та нараас төрсөн ахынхаа тавилга эд хогшлыг авна гээд буйдан, ханын жижиг тавилгыг зөөж коридорт гаргасан. Сайнхүү бид хоёр хүүгийнхээ тавилга эд хогшлийг зөөж коридорт гаргасан. Тэгтэл удаагүй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээд буцааж наад юмнуудаа оруул гэхээр нь буцааж Энхцэцэгийн гэрт нь оруулсан. Би эхний ээлжинд бэртэйгээ уулзаж Даваажаргалаас яагаад салсан талаар нь уулзъя, 2 жил орчим хараагүй хоёр ачынхаа бараа, царайг нь харах санаатай гэрт нь очсон. Гэр рүү явах замдаа ямар нэгэн хэрүүл, уруул үүсвэл хүүгийнхээ тавилга, эд хогшлыг авчихъя гэж бодсон. Тэгээд замаасаа байрных нь гадаа байсан портерын жолоочийн утсыг аваад хэрэг гарвал ярина шүү гээд утсыг нь авсан. Оюун, Энхцэцэг хоёр ч гэсэн намайг гараараа цохисон. Би ч гэсэн гараараа Оюун, Энхцэцэг хоёрыг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэр хэрүүл маргааны үеэр Сайнхүү, Энхцэцэг маргалдаад хоёр биенийхээ үсийг зулгаалцаад зогсож харагдсан. Нэг харсан чинь Энхцэцэг гартаа хайч барьчихсан байсан. Би охинтойгоо нийлж тэр хоёрыг бүлэглэж зодоогүй. Аль аль нь харилцан зодолдсон Энхцэцэг өөрөө хайч аваад Сайнхүү рүү далайсан. Тэгэхээр би наанаас нь очиж хайчыг нь авах гээд булаацалдсан. Би худ Оюуныг дуудаад танай охин чинь хайч бариад дайраад байна салгаачээ гэсэн чинь Оюун хажуунаас хүрч ирээд салгах гээд охинтойгоо хайчыг нь булаацалдах явцад Оюун өөрийнхөө цээжийг хайчаар өөрөө зүсэж гэмтээсэн. Миний хүү Даваажаргалын эд хогшил байсан. Би эхэлж том өрөөнд байсан буйдангаа авч гадаа коридорт тавиад дараа нь буцаж том өрөө рүү орж зурагтын тавиураа авах гэхэд дээр нь хар өнгийн лсд зурагт байсан. Тэгэхээр нь би тавиур дээрээс зурагтыг нь авч газар тавиад тавиураа өргөх явцдаа ирмэгээр нь зурагтыг нь санамсаргүй цохичихсон. Тэгсэн чинь нүүрэн хэсгээрээ газар уначихсан. Тухайн үед зүрх чичирч өвдөөд, тархи толгой бамбалзаж өвдөж байсан. Мөн даралт ихсээд уначих гээд байсан. Дараа нь учраа олчих юм болов уу гэж бодоод шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэглээ ч мартын 8-ны өдөр байсан учир сүйд болоогүй. Портерын жолооч өөрөөсөө гадна нэг эрэгтэй хүнтэй хамт байсан. Тэр хоёр хүнийг би танихгүй. Хөлсний машины жолооч байсан. Утасны дугаарыг нь сайн санахгүй байна. Сайнхүү утсаар залгаж дуудсан. Сайнхүүгийн утсан дээр байж магадгүй. …” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/

Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 05 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн: Тэр өдөр буюу 3 дугаар сарын 08-ны өдөр Сайнхүү бид хоёр Хархорингын автобусны буудал дээр буугаад хойшоогоо бэр Энхцэцэгийн гэр рүү алхаад явж байсан чинь зам дагуу нэгэн байрны хажууд цэнхэр өнгийн портер автомашин байсан. Жолооч нь хажуудаа нэг залуутай хамт сууж байсан. Тэгэхээр нь би бэрийн гэрт ороод юу ч болоо бил ээ, хүүгийнхээ тавилга эд зүйлсийг авч явах шаардлага гарвал машин хөлслөөд ачаад аваад явъя гэж бодоод тэр портерын жолоочтой уулзаад “ачаа тээвэрлэх үү гэсэн чинь жолооч залуу 40-45 мянган төгрөгөөр явна гэхээр нь юу ч гэсэн та утсаа өгчих гэж хэлээд тэр портерын жолоочийн утсыг авсан. Тэр жолоочийг дахиж харвал танихгүй байх, ямар ч байсан цэнхэр өнгийн портертой байсан. Тухайн үед номер дугаарыг анзаарч амжаагүй. Би Оюуныг үсдсэн, Оюун ч гэсэн намайг үсдэж хэсэг зууралдсанаа санаж байна. Нэг, нэгнийхээ үснээс адилхан зууралцсан. Энхцэцэг хайч авчихсан манай охин Сайнхүү рүү далайхаар нь хайчийг нь салгаж авах гээд булаацалдсан. Би Энхцэцэгийг цохиж зодсон зүйл байхгүй. Оюун, Энхцэцэг хоёр хэрэг гарсаны дараа буюу 03 дугаар сарын 18 бил үү, 19-ний өдөр манай гэрийн гадаа миний хүү Даваажаргалын хувцасыг тараагаад хаячихсан байсан. Үүнд гомдож байна, хүү маань Япон улсаас ирээгүй байгаа. …” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр тал/, ы

Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 05 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн: “…Сайнхүү Хөвсгөл аймаг руу ажлынхаа шугамаар явсан. Охин маань бөмбөгөр худалдааны төв дээр гоо сайханы хувийн компанид ажил хийдэг. Хөдөө орон нутгаар явж гоо сайханыхаа бараануудыг борлуулдаг.  Яг ямар нэртэй байгууллага гэдгийг нь мэдэхгүй байна. Сайнхүү 5 дугаар сарын 10-ны үеэр Дорнод, Сүхбаатар аймаг явж ажиллаж байгаад 5 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр дахин Хөвсгөл аймаг руу явсан. 4-5 хоног ажиллаж байгаад ирсэн гэсэн.  Манай гэрт Сайнхүүгээс өөр ажил төрөл хийх хүн байхгүй учраас ажлаа тасалж, орхиж болохгүй учир хөдөө явсан байгаа. Охин бид хоёрыг батлан дааж авах хүн байхгүй. Манай төрсөн ах Д.Гэндэн Увс аймгийн төв дээр амьдардаг. Мөн ах Д.Сүрэнжав Говь-Алтай аймагт амьдардаг. Төрсөн эгч Д.Цэвээн Говь-Алтай аймагт амьдардаг. Харин Улаанбаатар хотод ах, дүү нар байхгүй. Би 4 хүүхэдтэй. Том хүү Даваажаргал маань Япон улсад байгаа. Удаах  Цэцэгсүрэн гэх охин Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд амьдардаг. Түүний удаах нь Сайнхүү, бага хүүхэд Отгонзаяа маань надтай хамт амьдардаг. …” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр тал/,

10.Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “…Би Оюуныг үсдээд толгойгоор нь хана руу мөргүүлсэн нь үнэн. Оюун ч гэсэн намайг үсдэж цохисон..... Би бэр Энхцэцэгийг гараараа толгой нүүр рүү нь цохиж, нүдсэн нь үнэн. Энхцэцэг ч гэсэн зүгээр байгаагүй, намайг үсдээд авч байсан. Би Энхцэцэгийн толгой тархи руу нь цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бид хэд бие биетэйгээ харилцан цохилцож, зодолдсон болохоор нээх их тоогоогүй, шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Сайнхүү бид хоёр буудал дээр буугаад Энхцэцэгийн гэр рүү нь алхаж явж байхад байрны голд ачааны портер машин байсан. Цонхон дээр ачаа ачна гээд наачихсан байхаар нь дугаарыг нь аваад цаашаа явсан. Тэгээд тэдний гэрт очоод байдал хүндрэхээр нь би жолоочийн дугаар руу утасдаад ачаа ачих уу гээд байгаа газраа дуудсан. Удаагүй хүрээд ирлээ гэхээр нь орцыг нь зааж өгөөд дээшээ гараад хүрээд ир гэсэн. Тэр хооронд Сайнхүү бид хоёр Энхцэцэгийн гэрээс хүүгийнхээ тавилга эд хогшлийг аваад коридорт гаргаж тавьж байсан. Тэгээд портерын жолоочийг ирэхээр нь зөөж гаргасан юмнуудаа гадаа гаргуулсан. Гэхдээ портерын жолооч Энхцэцэгийн гэрт ороогүй, гадаа коридороос зөөгөөд лифт рүү оруулсан. Портерын жолооч тухайн үед нэг залуутай хамт байсан. Тэр залуу ч гэсэн дотогшоо ороогүй. Гадаа коридороос юмнуудыг зөөж доош буулгасан. Гэрт болсон хэрүүл маргааныг тэр хоёр хүн хараагүй. Тухайн үедээ залгаж дуудаж байсан болохоор одоо утсан дээр байхгүй. Намайг тухайн үед гэрээс юм хум зөөж гадаа коридорт гаргаж тавьж байхдаа том өрөө рүү ороод харахад хар өнгийн зурагт нь газар унаад, хажуу талын рам нь салаад хөндийрчихсөн харагдсан. Ямар учраас рам нь салаад, сэртийгээд хөндийрсөнийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Сайнхүү ахынхаа зурагтыг том өрөөнд нь байсан хар өнгийн зурагттай андуураад авах гэж Оюунтай булаацалдсан юм байна лээ. Манай хүү Даваажаргал Энхцэцэгтэй гэр бүл болохдоо өөрийнхөө цалин хөлсөөр тэдгээр тавилга эд зүйлсийг худалдаж авсан. Миний хүүгийн эд хогшил байсан болохоор хүүгийнхээ эд зүйлсийг авах санаатай Энхцэцэг, Оюун нарын гэрт нь очсон. Худ урагтайгаа муудалцаж, зодоон нүдээн хийсэндээ гэмшиж байна. Охин бид хоёрын буруу, худ ургаасаа уучлал гуйж байна. …” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дугаар тал/,

11.Г.Сайнхүүгийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “…Ах Даваажаргал маань Энхцэцэг гэх хүүхэнтэй гэр бүл болоод дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. Даваажаргал ах 2015 онд Япон руу сурах зорилгоор явсан. Ахын араас бэр эгч Энхцэцэг 2016 оны 11 дүгээр сарын үеэр Түвшинбаяр, Тэгшбаяр нар хоёр хүүхдээ дагуулаад явсан. Даваажаргал ах 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр утсаар яриад “Энхцэцэг Монгол руу буцчихлаа, ээж та хоёр Энхцэцэгийн гэрт очоод миний хувцас болон тавилга, буйдан зэргийг авчих” гэсэн. Тэгэхээр нь ээж бид хоёр бэр Энхцэцэгийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26-р байранд байдаг гэр рүү нь явсан. Тэгээд ээж бид хоёр Энхцэцэгийн байрных нь хажуугаар явж байсан чинь байрны голд портер машин байсан. Ээж очиж дугаарыг нь авсан. Тэгээд орц руу нь ороод хаалгыг нь тогшсон чинь 4 настай Түвшинбаяр хаалга тайлж өгсөн. Ингээд ээж бид хоёр яваад ортол Энхцэцэгийн ээж Оюун манай ээжийг гар гээд үүднээсээ хөөсөн. Ээж Оюун эгчийг цаашаа түлхээд орсон. Би араас нь ороход том өрөөн дотор Энхцэцэг эгч багыгаа тэврээд сууж байснаа “та нар яах гэж ирсэн юм бэ? гэхэд манай ээж “та нар яагаад манай хүүхдийн хувцас хунарыг коридорт хог шиг тавьсан юм бэ гэтэл Энхцэцэг “би та нарт албаар ингэж харуулах гээд тавьсан юм” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд ахынхаа юмнуудыг авна гээд том өрөө рүү нь ороод буйданг нь салгаад коридор руу гаргаж тавьсан. Ээж бид хоёр ахын юмнуудыг том өрөөнөөс нь нэг нэгээр зөөж гаргаж тавьсан. Энэ хооронд Энхцэцэг, Оюун хоёр ээж, бид хоёрын өөдөөс хэрэлдээд юмаа өгөхгүй гээд байсан. Тухайн тавилга, эд зүйлс болохоор манай ахын өмч байсан болохоор ээж бид хоёр бүгдийг зөөж гаргаж тавьсан. Буйданг том өрөөнөөс зөөж байхад Энхцэцэг ардаа хайч бариад хайчаа над руу далайхад манай ээж цаанаас “хүүе чи хүн аллаа шүү дээ, Оюунаа энэ охиныгоо аваач гэхэд цаанаас Оюун эгч гарч ирээд манай ээж, Оюун эгч хоёр Энхцэцэгийн гарнаас хайчыг нь булааж авсан. Энхцэцэг өөрийнхөө цээжийг өөрөө зүсчихсэн. Ямар учраас зүссэнийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор Энхцэцэг ээж бид хоёрыг зүсүүлсэн болгож тийм үйлдэл гаргасан байх. Ээж тэр хооронд портерын жолоочийг утсаар дуудсан. Удаагүй портерын жолооч, өөрөөсөө гадна нэг ахтай хамт орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхээр нь коридорт гаргасан буйдангын падуушкыг гаргаад тавьчих гэхэд тэр хоёр өргөөд доош буулгасан. Энэ хооронд цагдаа нар ирсэн. Нийлж зодоогүй. Харин манай ээж, Оюунтай бие биенийгээ үсдчихсэн байхаар нь би очиж салгасан. Тэр үед Энхцэцэг салгахгүй харин ч гар утсаараа бичлэг хийгээд байгаад байсан. Энхцэцэг тухайн үед өөрийнхөө жавьжыг өөрөө хазаад цус гаргаад над руу цустай шүлсээрээ хэд хэдэн удаа нулимаад байсан. Манай ээж Энхцэцэгт гар хүрээгүй, цохиж зодсон зүйл байхгүй. Харин Оюун эгчтэй үсдэлцээд барьцалдаад байхаар нь би очиж салгасан. Гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь би Энхцэцэгийг “наад утсыг чинь миний ах авч өгөө биз дээ гээд булааж аваад ор руу нь шидсэн. Утас нь эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Манай ахын зурагт болохоор нь авах гэхэд Оюун эгч өгөхгүй байсан. Оюун эгч манай зурагт гээд зурагтын нөгөө талаас, би нэг талаас нь барьчихсан байсан чинь Оюун эгч “наад зурагт чинь манай зурагт, чи андуураад байна” гэхээр нь би зурагтыг газарт тавьсан. Булаацалдах явцдаа би барьж байсан хэсгээ тавьчихсан. Тэр үед нөгөө талаас нь Оюун эгч барьчихсан байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 х/,

12.Г.Сайнхүүгийн  2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “…Тухайн үед бэр Энхцэцэг над руу цустай шүлсээ тургихаар нь би хацар руу нь хальт алгадсан. Харин зурагтыг нь булаацалдаж барьж аваад газар унагааж гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бэр Энхцэцэг над руу цустай шүлсээрээ тургихаар нь уур хүрээд гараараа хацар руу нь нэг удаа алгадсан. Гэхдээ нэг их хүчтэй алгадаагүй. Учир нь Энхцэцэгийг алгадах үед Энхцэцэг хойшлоход хацрыг нь хальт шүргээд өнгөрсөн. Би Оюун эгчид ахынхаа зурагтыг авна гэхэд “наадах чинь манай зурагт гээд өгөхгүй” байхаар нь ахын зурагт яг ийм хар өнгийн Лед зурагт байсан болохоор андуурч булаацалдсан. Тэгтэл Оюун эгч надтай булаацалдаж байхдаа тавьчихсан чинь зурагт нь миний гараас газарт унасан. Энхцэцэг намайг “наад зурагт чинь танай ахын зурагт биш, манай зурагт, ахын чинь зурагт жижиг өрөөнд байгаа” гэхээр нь би биш юм байна гэж бодоод зурагтыг нь газар тавих гэж байгаад алдаад газар унагаачихсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар тал/,

13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3592  тоот:

1.М.Оюуны биед тархи доргилт, хамар, баруун нүдний доод хэсэгт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний алимны доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зүүн гарын алга, 2,3-р хуруунд өнгөц шарх, хамар дээд уруул, зүүн гарын бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Ч.Эрдэмболор/ гэсэн дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3592  тоот:

1.Д.Энхцэцэгийн биед тархи доргилт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруул, зүүн өвдөгт цус хуралт, өвчүүний дээд хэсэгт шарх, зулгаралт, баруун зүүн эгэмний хэсэг, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын алга, хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүдээс өвчүүний дээд хэсэг дэх шарх, зулгаралт, баруун, зүүн эгэмний хэсэг, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын алга, хуруун дах зулгаралт нь ир үзүүр бүхий зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Ч.Эрдэмболор/ гэсэн дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/ ,

 

15.Шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн: “…Уг гэмтлүүдээс тархи доргилт, хамар, баруун нүдний доод хэсэгт цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, нүдний алимны доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэнд өнгөц шарх, хамар, дээд доод уруулд үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин зүүн гарын бугуй, зүүн алга, 2,3-р хуруунд өнгөц шарх нь хурц ирмэгтэй зүйлийн улмаас үүсэх боломжтой гэмтэл юм. 2,3-р хуруунд учирсан өнгөц шарх, зүүн гарын алга, зүүн гарын бугуйнд учирсан шарх гэмтэл нь хэмжээ нь жижиг байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн толгойн тус газар нь хэд хэдэн удаа цохисон тохиолдолд тархи доргилт бүхий гэмтэл үүсэх боломжтой. Харин Сайнхүү, Пүрэвсүрэн хоёрын яг хэнийх нь цохилтоос үүссэн эсэхийг ялгах боломжгүй.

-Тархи доргилт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд доод уруул, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин өвчүүний дээд хэсэгт шарх зулгаралт, баруун зүүн эгэмний хэсэг, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын алга, хуруунд зулгаралт бүхий гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн улмаас үүсэх боломжтой. Ир үзүүртэй зүйлд хутга, заазуур, шил, хайч зэрэг зүйл багтана. Хүч султай алгадахад үүссэх боломжгүй. Тархи доргилт бүхий гэмтэл нь алгадах төдий, хүч муу, сул үйлчлэлээс хэр барагтай учрах боломжгүй. Цээжинд учирсан гэмтлүүдээс зах ирмэгт тэгш шарх гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Толгой нүүр хэсэгт учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсэгт буюу баруун гарын алга, зүүн гарын алга хуруунд учирсан гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. …” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67, 75-76 дугаар тал/,

 

16.Хохирогч М.Оюунаас хураан авсан флаш дискэн доторх бичлэгт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

 “…Хохирогч М.Оюунаас хураан авсан флаш дискийг албаны “Dell” маркийн суурин компьютерт хийн уншуулж үзэхэд “2017 оны 03 дугаар сарын 08”-ны өдөр гэсэн файл байлаа. Уг файл руу орж үзэхэд нийт 5 хэсэг бичлэг байх ба эхний бичлэг рүү ороход “ “хүүе энэ манай аавын аяга гэж хохирогч Энхцэцэг сэжигтэн Пүрэвсүрэнд хэлж байх ба хоорондоо хэрүүл маргаан хийж маргалдсан байдалтай байна.

 Сэжигтэн Сайнхүү дээгүүрээ саарал өнгийн урт куртиктэй, хөх өнгийн өмдтэй байх ба “энийгээ ч гэсэн авна" гэж хэлэн буйдангийн бадуушкыг авна, бүх юмаа авна гэж хэлж байна. Харин сэжигтэн Пүрэвсүрэн “чи юутай ирсэн юм бэ? гэж орилж хашгичсан байдалтай бичлэг байлаа.

Үзлэгийг 2 дахь хэсэгт хийв. Үзлэгээр хохирогч Энхцэцэг хувцасны шүүгээний хажууд гар утсаа Пүрэвсүрэн лүү чиглүүлэн бичлэг хийсэн байх ба Пүрэвсүрэнгийн наагуур нь Сайнхүү орж ирэн хажууд нь зогсов. Пүрэвсүрэн бичлэг хийж байгаа Энхцэцэгийн хажууд байгаа хүн лүү “чи юутай ирсэн юм бэ?, чи хүүхэддээ юу өгсөн юм гэх зэргээр орилж хашгичсан байх ба хажуугаар нь Сайнхүү “ та нар ямар инээдтэй юм бэ, та нар бүгдийг нь бич, бич, танай аав чинь байраа авсан, ахынхаа бүх тавилгыг авах гэж ирлээ, одоо яах уу, тэнэг хүүхэн минь ээ” гэж хэлэх  үед Пүрэвсүрэн одоо цагдаа ирж байгаа байх, телевизороо авъя гэж хэлж байх ба хүүхдийн уйлах дуу чимээ болон хэрүүл маргааны дуу чимээ сонсогдож байлаа. Үүгээр 2 дахь хэсэг дууссан.

Үзлэгийг үргэлжлүүлэн 3 дахь хэсэгт хийхэд үзлэгээр “...Сайнхүү бичлэг хийж байгаа хүний гар утас руу цохин бичлэгийг эмх замбаараагүй болгож, байх ба миний ах авч өгөө биз дээ гэж орилж хашгичаж байна. Энэ хооронд бичлэг харагдахгүй байна. Удалгүй хохирогч Энхцэцэг гар утсаа авч өөр лүүгээ чиглүүлэн барьж “ энэ хараа сая над руу цохичихлоо гэж уруул руугаа зааж буй бичлэг байна. Жижиг өрөөнөөс Пүрэвсүрэн, Сайнхүү нар гараад том өрөө лүү орж том өрөөнд байх буйдангийн бадуушкыг зөөж гаргаж буйг бичсэн байх ба, Пүрэвсүрэн, Сайнхүү нар тавилга эд хогшлын талаар хохирогч нартай маргалдаж хэрүүл хийнэ. Пүрэвсүрэн “ чамд юу ч байхгүй, энийг бүгдийг нь гарга гэж, мөн Сайнхүү миний ах аваа биз дээ, танайх байраа авсан бол манайх тавилгаа авна, Пүрэвсүрэн “ миний эгч 300 мянгаар авсан авжуур байна, Сайнхүү “ ямар инээдтэй юм бэ” гэж хэлэн том өрөөнөөс гарч жижиг өрөө лүү орж байгаа бичлэг байна. Бичлэг хийж буй хохирогч Энхцэцэг Сайнхүү, Пүрэвсүрэн нарын араас дагаж ороход Пүрэвсүрэн “ орон дээр байх чемодантай хувцасыг уудалж, онгичсон байдалтай харагдаж байгаагаар 3 дахь хэсгийн бичлэг дууссан.

Үзлэгийг 4 дэх хэсэгт хийхэд үзлэгээр “...Сайнхүү, Пүрэвсүрэн нар хэрүүл маргаан хийж байгаад жижиг өрөөнөөс гарч том өрөө лүү орж байгаа бичлэг байх ба том өрөөнд дэвссэн байх хивсийг “ хивсээ авна” гэж хуулах гэж оролдох боловч наанаас нь хохирогч Оюун “наадах чинь манай хивс” гэхэд Пүрэвсүрэн “ танайх юмтай байсан түүх байхгүй” гэж хэлэн газар дэвссэн байсан улаан цоохор хивсийг хуулж хумьж байгаа бичлэг байна. Үргэлжлүүлээд том өрөөний стенкэн дотор байх эд зүйлсийг гаргаж газар тавьж байгаа, ингэж байх хоорондоо тавилга, эд зүйлсийн талаар маргалдаж байгаа бичлэг, дүрс харагдахаа больж хүмүүс орилолдож байгаа бичлэг, дундуур нь хүүхэд уйлж байгаа бичлэг, Сайнхүү “чи сая өөрийгөө бичихгүй яасан бэ” гэж хэлж байгаа бичлэг, Пүрэвсүрэн, Сайнхүү нар бичлэг хийж байгаа хүнийг “ чи өөрөө тэгээ биз дээ, чи өөрөө тэгсэн” гэж хэлж байгаа бичлэг, гарын хуруу зүсэгдэж цус гарч байгаа бичлэг, үүдний коридорт газраар хөглөрсөн эд зүйлс, Пүрэвсүрэн хаалга онгойлгон гарах үед хохирогч М.Оюун араас нь очино. Энэ үед Пүрэвсүрэн буцаж орж ирэн Оюунтай маргалдана. Оюун газраас босч ирж байгаа бичлэг, энэ үед хохирогч Энхцэцэг өөрийнхөө зүсэгдэж цус гарсан цээжин хэсгийг утсаараа бичиж харуулж байгаа бичлэг байна. Пүрэвсүрэн хаалгаар хивс гаргаад коридорт тавьж байх ба дараагаар нь өөр бусад эд зүйлсийг Сайнхүүтэй хамт үүдээр гаргаж байгаа бичлэг байна. ... Үүдний коридор хэсэгт бичлэг үргэлжилж байх бөгөөд хүүхэд уйлах дуу чимээ болон хэрүүл маргаан орилж хашгичсан дуу чимээ тод сонсогдож байна. Бичлэг хийгдэж байх ба жижиг өрөөнд дүрс орж ирэхэд Сайнхүү, Пүрэвсүрэн нар уг өрөөнд байх тавилгыг зөөж гаргах гэж байгаа, чемондантай хувцас хунарыг гаргаж тавьж хохирогч нартай хэрүүл маргаан хийж байгаа бичлэг байна. Пүрэвсүрэн хэрүүл хийж байгаад ямар нэгэн зүйл аваад жижиг өрөөнөөс гарч үүд рүү чиглэн явж хаалгаар гарах үед араас нь хохирогч Энхцэцэг бичлэг хийгээд дагаад явж байгаа бичлэг байна. Энэ үед Пүрэвсүрэн хаалгаар гарахад гадаа коридорт бараан хувцастай хоёр эрэгтэй хүн зогсож байгааг хохирогч Энхцэцэг гар утсан дээрээ бичиж авсан байх ба Энхцэцэг тэдгээр хоёр хүнээс “ та нар юун хүмүүс вэ? гэж асуухад “ энэ хүмүүс юм зөө л гэсэн шүү дээ” гэж хариулж байх ба хажуугаар нь Пүрэвсүрэн, Сайнхүү хоёрын хэн нэг нь тэдгээр хоёр хүнийг “ зөө, зөө” гэж шаардан хэлж байлаа. Энэ үед гадаа коридорт Сайнхүү гарч ирчихсэн хохирогч Энхцэцэгтэй маргалдаж байх ба зарим эд хогшлийг газраас аван цаашлуулж байгаа бичлэг байна. Хохирогч Энхцэцэг гадаа коридороос буцаад гэр лүүгээ орж ирэн том өрөө лүү орж ирж байх ба Пүрэвсүрэн том өрөөнд байх буйдангын салдаг хэсгийг авч том өрөөнөөс гарган коридорт тавьж байгаа бичлэг, дараагаар нь буцаж том өрөө лүү орж ирэн буйдангын том урт хэсгийн нэг талын үзүүрээс өргөхөд нөгөө талын үзүүрээс Сайнхүү дамжилдан хамт өргөлцөөд үүдээр гарч байгаа бичлэг, дараа нь Пүрэвсүрэн том өрөө лүү дахиж орж ирэн буйдангын салдаг хэсгийг өргөн газраар өнхрүүлэн үүд рүү дөхүүлж байх ба энэ хоорондоо хохирогч Энхцэцэгтэй маргалдана. Пүрэвсүрэн хохирогч Энхцэцэгийг “ энэ хараа салаавч гаргаж байхгүй юу” гэж хэлэхэд хохирогчийн гартаа барьсан утсаа өөр тийш чиглүүлэх хооронд “ хохирогчийн нүүр лүү алгадаж байгаа бололтой “ час” гэх чимээ гарна. Хажууд нь зогсож байсан хохирогч М.Оюун Пүрэвсүрэнг “чи миний охиныг зоддог юу юм бэ” гэхэд танай охин чинь салаавч гаргадаг юу юм бэ гэж Пүрэвсүрэн хэлж байгаа бичлэг байна. Ингээд Пүрэвсүрэн том өрөөнөөс буйданг коридорт гаргаж тавиад буцаж орж ирэн том өрөөний хана дагуу байх зурагтын тавиурын хажуу талын стенкэн доторх эд зүйлсийг гаргаж газар тавьж байгаа бичлэг байх ба хажуугаар нь Сайнхүү зурагтаа хүртэл авна, манай ахын зурагт мөн биздээ, гэхэд Энхцэцэг “ наадах чинь манай зурагт гэж хэлэхэд Сайнхүү манай зурагт хаана байна” гэж Энхцэцэгтэй маргалдаж байгаад зурагтын тавиур дээр байх хар өнгийн лсд зурагтыг манай ахын зурагт байна гэж хэлээд зурагтын залгуураар нь салгах үед хохирогч Оюун манай зурагт гэж маргалдан булаацалдаж байхад нь Сайнхүү “ энэ манай зурагт мөн” манай ахын зурагт байна "гэж хохирогч Оюунтай маргалдаж байхад хажуунаас нь хохирогч Энхцэцэг бичиг баримт нь хүртэл байгаа гэхэд Сайнхүү тэгвэл тэр зурагтаа авъя гээд том ерөөнөөс гарч байгаа бичлэг байна. Үүгээр 4 дэх хэсэг дуусна.

Үзлэгийг үргэлжлүүлж 5 дахь хэсэгт хийхэд үзлэгээр гар утсаар бичигдсэн орчин нөхцөл харанхуй байх ба үүдний коридор талаас бичлэг хийсэн байна. Сайнхүү том өрөө лүү орж ирэн зурагтын тавиур дээр байх зурагтны залгуур зэргийг салган авах гэж байгаа бичлэг байх ба хохирогч Энхцэцэг жижиг өрөө лүү орж хөргөгчнөөс юм хайж байгаа бололтой ухаж онгочиж байгаа бичлэг байна. Үүний дараа жижиг өрөөнөөс гарч жижиг өрөө лүү орж байх ба Сайнхүү, Пүрэвсүрэн нар жижиг өрөөнөөс эд зүйлс зөөгөөд үүдний коридор уу зөөж гаргаж байгаа бичлэг, Пүрэвсүрэн буцаж орж ирэн хохирогч Оюун луу дайрч байгаа бичлэг бичигдэж уг бичлэг дууссан. Хөндлөнгийн гэрч нараас ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно. Үүгээр үзлэгийг дуусгав. …” гэсэн тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар тал/,

17.Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар тал/,

18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-24 дүгээр тал/,

19.Бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-27 дугаар тал/,

20. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар тал/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31 дүгээр тал/,

 

21.Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 139-142  дугаар тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 156 дугаар тал/, хохирогч М.Оюуны эмчилгээ, эм тариа болон бусад зардлын талаарх хохирлын тооцоо /хх-ийн 158 дугаар тал/, хохирогч Д.Энхцэцэгийн эмчилгээ, эм тарианы зардлын тооцоо /хх-ийн 159 дүгээр тал/, хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 210 дугаар тал/, хохирогч М.Оюуны эвлэрсэн тухай баталгаа гаргасан баримт /хх-ийн 216 дугаар тал/

 

/Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд/

22.Гэрч О.Долгорсүрэнгийн 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “…Би Сайнхүүтэй 2012 оноос хойш одоог хүртэл найзалж байгаа. Анх 2012 онд Улаанбаатар их сургуульд оюутан болж ороод нэгдүгээр курсээсээ хойш түүнтэй найзалж байна. Сайнхүү хичээл номондоо дундаж, хичээл сургуулиа тасалж багшийн хараанд өртөж байсан удаа байхгүй. Зан харьцааны хувьд шударга шулуун зантай, ямар нэгэн зүйлийг нууж хаалгүй шууд хэлдэг, ямар нэгэн юманд тайван хүлээцтэй ханддаг, анги хамт олон дундаа нийтэч, сагсан бөмбөг сайн тоглодог, сургуулиасаа зохион байгуулж байсан арга хэмжээнд идэвхтэй сайн оролцдог, спорт талдаа сайн охин. Сайнхүүгийн гэр нь Яармагт байдаг бөгөөд ээж болон эгчийнхээ хоёр хүүхдийн хамт амьдардаг, ар гэрийн амьдрал нь энгийн амьдралтай, хувийн зохион байгуулалт сайтай, ажилд дайчин ханддаг, өөрийнхөө гэр бүлийг ганцаараа авч явдаг. Сайнхүү сургуулиа төгссөний дараа гоо сайхны бараа бүтээгдэхүүн зардаг байж байгаад одоо хүний доор цалинжиж ажиллаж байгаа гэж дуулсан. Хөндлөнгөөс хараад байхад миний найз ажилдаа дайчин ханддаг юм шиг анзаарагддаг тал байдаг. Сайнхүү одоогоор нөхөр, хүүхэд байхгүй. Одоо тэрээр хөдөө орон нутгаар гоо сайхны бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулаад яваад байгаа. Би Сайнхүүтэй 5 жил найзалж байгаагын хувьд шоудаж архи дарс ууж үзээгүй. Ер нь Сайнхүү зугаа цэнгэлд явах дургүй. Ажил, амьдралынхаа төлөө л явдаг. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/,

23.Гэрч Ө.Эрдэнэчимэгийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр мэдүүлсэн

Д.Пүрэвсүрэн бид хоёр Хан-Уул дүүргийн 6 хорооны оршин суугчид. Бид хоёр найзлаад 6 жил болж байна. Пүрэвсүрэн хүнтэй нөхөрсөг харьцдаг, ямар нэгэн зүйлд шударга шулуун ханддаг, дайчин, эрэмгий зоригтой, хүнд маш их тусархаг зантай. Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд 30 гаруй жил амьдарч байна.  Пүрэвсүрэн хорооны олон нийтийн ажилд санаачлага гаргаад сайн явдаг. Хороондоо нэр хүндтэй, миний мэдэхээр Пүрэвсүрэн  6-р хороонд олон жил амьдарч байна. Гэртээ хоёр зээгээ хардаг. Нэг охин нь миний мэдэхээр Сэлэнгэд амьдардаг гэж сонссон. Харин дунд охин болох Сайнхүү нь гоо сайханы бараа бүтээгдэхүүн орон нутгаар зарж борлуулдаг. …” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,

24.Гэрч Д.Цэвээний 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “…Пүрэвсүрэнг танина, манай төрсөн дүү бөгөөд айлын отгон эмэгтэй хүүхэд, 1964 онд төрсөн. Завханы худалдааны техникум төгссөн. Худалдагч мэргэжилтэй, одоо Улаанбаатарт хотод охин Сайнхүү болон 2-4 насны 2 зээгийн хамт амьдардаг. Сайнхүү нь Пүрэвсүрэнгийн төрсөн охин. Д.Пүрэвсүрэн нь байгаагаараа хүнийг дайлж цайлж байдаг. Xүнд их тусархуу, өрөвч, ах дүү, найз нөхдийн хүрээнд нэр хүнд сайтай эмэгтэй. Хороо, нам, Улаан загалмайгаас зохион байгуулсан ажлуудад идэвхтэй санаачлагатай оролцдог, мөрөөрөө амьдардаг, сайн хүмүүсийн нэг. Хороо дүүргээсээ байнга янз бүрийн шагнал авч байдаг. Түүний охин Сайнхүүгийн хувьд шударга үнэнч, шударга бус зүйлд их дургүй. Д.Пүрэвсүрэнгийн төрсөн ах Д.Сүрэнжав нь Говь-Алтай аймагт оршин сууж байгаа. Увс аймагт байнга амьдардаг. Одоогоор Увс аймагт байгаа. Мөн ах Дүгэрийн Гэндэн нь Увс аймгийн төвийн ойролцоо мал маллаж амьдардаг. …” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/,

25.Д.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 х/, Д.Пүрэвсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 х/, Г.Сайнхүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 х/, Г.Сайнхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас нотлох баримтын талаар шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Г.Сайнхүүтэй бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 53 тоотод худ М.Оюун, бэр Д.Энхцэцэг хоёртой “хүү Даваажаргалынхаа тавилга, эд хогшлыг авна” гэж маргалдаж, улмаар М.Оюун, Д.Энхцэцэг хоёрын толгой, нүүрэн тус газар нь цохиж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Г.Сайнхүү нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Д.Пүрэвсүрэнтэй бүлэглэж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 53 тоотод худ М.Оюунтай “ахынхаа эд хогшлыг авна” гэж маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь цохиж, М.Оюуны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд болох:

 -хохирогч М.Оюуны 2017 оны 3 дугаар сарын 23, 29-ны өдөр мөрдөн байцаалтад, мөн өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад 2017 оны 3 дугаар сарын 23, 29-ний өдөр өгсөн мэдүүлэг, гэрч Д.Энхчимэгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ш.Шандансүрэн, Ж.Уртнасан нарын 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Сэнгээдоржийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 9, 16-ны өдрийн 3593, 3592 тоот акт дүгнэлтүүд, шинжээч Ч.Эрдэмболорын 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэг, Д.Пүрэвсүрэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 05, 5 дугаар сарын 20, 6 дугаар сарын 07-ны өдөр сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Г.Сайнхүүгийн 2017 оны 4 дүгээр сарын 17, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр  сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хураан авсан тэмдэглэл,  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч М.Оюунаас хураан авсан флаш дискэн доторх бичлэгт 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, дуудлага хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нар нь хохирогч М.Оюун, Д.Энхцэцэг нарын гэрт очиж “хүүгийнхээ, ахынхаа эд хөрөнгийг авна” гэх шалтгаанаар бүдүүлэг, догшин зан авир гаргаж, бүдүүлэг үйлдлээ удтал үргэлжлүүлж, тухайн айлын эд хөрөнгийг бусниулж, зөөж гадагш нь коридорт гаргаж, улмаар гэрийн эздийг толгой руу нь цохих, хохирогч М.Оюуны гарыг Г.Энхцэцэг барьж, Д.Пүрэвсүрэн нь толгойг нь хананд савах, хамар руу нь цохих зэргээр тэднийг бүлэглэн зодож, хоёр хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нар нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр  дээрх гэмт хэргийг үйлдсэн байх ба тэдэнд бүлэглэсэн, давтан үйлдлээр буюу хоёр хүнийг зодсон үйлдэлд нь тухай үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж, давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэгт, мөн Г.Сайнхүүд дээрх хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн” гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, яллагдагчаар байцаасан байх боловч тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, тус хуульд нийцүүлэн прокурор 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба тус зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин Г.Сайнхүүд 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1дэх хэсэгт зааснаар ял сонсгосон гэмт хэргийн хохирлын хэмжээ нь хүрээгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт /давтан буюу бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан/  заасан зүйл, хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-тэй нийцэж байх ба 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар оногдуулах ял нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /12.240.000-24.000.000/ хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр, 2015 Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох /450.000-2.700.000 төгрөгөөр/, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус хуульчилсан байх ба дээрх зүйл хэсэг тус бүрт оногдуулах ялын төрөл, хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг нь оногдуулах ял нь хөнгөрсөн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөв гэж дүгнэсэн ба шүүхээс шүүгдэгч Д.Пүрэвсүрэнг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Сайнхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв. 

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхцэцэг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин хохирогч М.Оюун нь “Натур эмнэлэгт” толгойн компьютер томографик хийлгэсэн төлбөр төлсөн 85,000 төгрөгийн, “Орбита” эмнэлэгт нүдээ үзүүлсэн үзлэгийн төлбөр 60,000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт төлсөн 3000 төгрөгийн, “Нэкст” засварын төвд эвдэрсэн зурагтаа засварлуулсаны төлбөр төлсөн 80,000 төгрөгийн баримтыг тус тус хэрэгт ирүүлсэн байх ба мөрдөн байцаалтын явцад дээрх төлбөрийг  буюу 231,000 төгрөгийг шүүгдэгч нараас хохирогч М.Оюунд нөхөн төлсөн байна. Шүүх хуралдаанд хохирогч М.Оюун нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч М.Оюунд хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж шүүгдэгч Д.Пүрэвсүрэнд 260 цагийн,  Г.Сайнхүүд 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрллээ. 

 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн картан хэлбэртэй флаш дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Их Монгол овгийн Дүгэрийн Пүрэвсүрэнг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Их Буудай овгийн Ган-Очирын Сайнхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Д.Пүрэвсүрэнг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч Г.Сайнхүүг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн картан хэлбэртэй флаш дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч М.Оюун, Д.Энхцэцэг нарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвсүрэн, Г.Сайнхүү нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА